surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

УИХ-ын дарга М.Энхболдын олгосон томоохон газрууд хэний өмч болов

УИХ-ын дарга М.Энхболдын олгосон томоохон газрууд хэний өмч болов

Засгийн газраас "Шилэн" ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын 36985 захирамжийг  тавдугаар сарын 15-ны өдөр ил болгов. Гэтэл УИХ-ын дарга асан М.Энхболд Хотын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байх үедээ олгосон газрын захирамжаар бусад дарга нараасаа илт илүүрхэн тэргүүлжээ. Тодруулбал, тэрбээр 1999-2005 онд зургаан жилийн турш уг албан тушаалыг хашихдаа нийт 7374 захирамж гаргажээ. Энэ хугацаанд нийт олгосон газрын хэмжээ нь 163 сая 398 мянган ам.дөрвөлжин талбай юм. Хэдийгээр албан тушаалаа 1999 онд авсан хэдий ч шилэн сайтад 2000 оноос эхлэлтэй шийдвэрүүдийг багцалсан. Тэгвэл М.Энхболд уг албыг хашиж байх үедээ 2004 онд хамгийн олон буюу 2048 захирамжийг гаргаж байсан байна.


2000 он - 698
2001 он - 1179
2002 он - 1561
2003 он - 1295
2004 он - 2048
2005 онд 593 захирамжийг тус тус гаргасан байна.

 

Ингээд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа ашиглан дараах нэр бүхий компанид олгосон газар, тэдгээрийн хань хамаарлын талаар нэхэн судаллаа. 
  2000 онд олгосон хамгийн том хэмжээтэй газар нь 12 сая метр квадрат хэмжээтэй    
М.Энхболд УИХ-ын даргын албыг хашиж байх хугацаандаа 10 саяаас дээш ам.дөрвөлжин талбайг хоёр компанид өгчээ. Тухайлбал  "Ксения" ХХК компанид 12 сая ам.дөрвөлжин талбай бүхий газрыг өгчээ. Тухайн газрыг Чингэлтэй дүүрэгт үйлчилгээний барилга чиглэлээр өгсөн байдаг. Сонирхуулахад тухайн компанийн гүйцэтгэх захирлаар Т.Жигмэддагва гэх хүн ажиллаж байв. Тус компани нь хүнсний дэлгүүр, аялал жуулчлал болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Түүнчлэн Дурвалиг ББН-д 10.8 сая ам.дөрвөлжин газрыг олгожээ. Гэвч цахим орчинд эл нэрээр ямар ч нөхөрлөлийн илэрц гарсангүй.
    2001 онд олгосон газрын захирамжийн тоо 1179     
Тухайн жилд хамгийн их талбайг хамарсан газрыг Уламжлалт анагаах ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацад өгчээ. Нийт 5.25 сая ам.дөрвөлжин талбай юм. Энэ нь төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын харьяа байгууллага билээ.
Хамгийн сонирхолтой нь түүнээс даруй "Оюуны ундраа" ХХК-д 4.5 сая ам.дөрвөлжин талбай өгсөн нь тухайн жилийн хамгийн том газрын хэмжээээр хоёрдугаарт жагсаж байгаа юм. Тус группийн хувьд БНСУ-ын санхүүжилттэй групп бөгөөд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг . Эцсийнх өмчлөгч нь Сайнбуянгийн Ганбат. Компанийн хамтран эзэмшигчээр "Samsung Logix Corporation" болон "Юлрим метал" компани бүртгэлтэй байна. Толгой компани нь "Молитекс" ХХК ажээ. Захирлаар нь Сэнгээгийн Даваадорж ажилладаг ажээ. 

Эл жилийн хамгийн их газар олгосон аж ахуйн нэгж, өмчлөгчийн гуравдугаарт "Өгөөж хайрхан" ХХК жагсжээ. Тус компанид 2.26 сая ам.дөрвөлжин талбай олгосон байна. Мөн С.Ганбат гэх иргэнд 960 мянган ам.дөрвөлжин талбай олгосон нь тухайн жилд хувь хүнд өгсөн хамгийн том хэмжээтэй газар юм.
 
Тухайн жилд есөн иргэн болон хувь хүнд хайгуул хийх зөвшөөрөл бүхий газар олгожээ. Нийт 7.4 сая ам.дөрвөлжин талбайг дээрх чиглэлээр олгосон байна.
     2002 ОНД ХУВЬ ИРГЭДЭД ХАМГИЙН ИХ ГАЗАР ОЛГОСОН    
М.Энхболд 2002 онд нийт 1561 газрын захирамж баталжээ. Үүнээс тус жилд хамгийн том хэмжээтэй газрыг МЭАТ ХХК-д олгосон байна. Тус компанид 8.68 сая ам.дөрвөлжин талбайг өгсөн нь ихээхэн анхаарал татав. Тус компанийн эцсийн өмчлөгч нь Гомбожавын Мягмарсүрэн бөгөөд Улаанбаатар менежмент компани ч хувь эзэмшигчээр бүртгэлтэй байсан юм. 

Мөн "Солонго лайн" ХХК-д 6.8 сая ам.дөрвөлжин хэмжээтэй газар олгожээ. Тус компани нь нийслэлийн иргэдийн сайн мэдэх Хуашин ХХК эзэн Ван Минху бүртгэлтэй байна. Барилгын салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг уг компани хэд хэдэн орон сууцын асуудалд холбогдож байсан. Эргэн сануулахад Гранд плаза худалдааны төвийн чанх ард байрлах 16 давхар бүхий барилгууд нь эл компанийн эзэмшил юм.  Мөн хамгийн их талбай бүхий газрыг иргэн Н.Баттулга болон Л.Долгорсүрэн, С.Батбаяр нар авчээ.
Н.Баттулгад 3.5 сая
Л.Долгорсүрэнд 1.9
С.Батбаярт 1.59 сая ам.дөрвөлөжин талбайг тус тус олгосон байна.
Нийт 38 компани, хувь хүнд хайгуул хийх газар олгосон байна. Нийт 27.9 сая ам.дөрвөлжин талбайг тухайн жилд хайгуул хийх чиглэлээр олгожээ. Дээрх гурван иргэн хайгуул хийх газар авсан ажээ.
    2003 ОНД ГАРГАСАН ЗАХИРАМЖУУДЫН ХАМГИЙН ТОМ ХЭМЖЭЭТЭЙ ГАЗАР НЬ НАРАН ЗҮГИЙН 740 МЯНГАН АМ.ДӨРВӨЛЖИН ТАЛБАЙ    
Тухайн жил 1295 газрын зөвшөөрөл гаргаснаас хамгийн их нь
Наран зүгт 740,
Цагдаагийн академи 700
"Ханбилэг" ХХК-д 516
Иргэн Д.Наранцэцэгт 408
"Бууч трейд" ХХК 313 мянган ам.дөрвөлжин талбай олгожээ. Тухайн жилд хайгуул хийх чиглэлээр газар олгосон гэх тэмдэглэл шилэн сайтад байхгүй байна.
    2004 ОНД КСЕНИЯ, ОЮУНЫ УНДРАА, ӨГӨӨЖ ХАЙРХАН ЗЭРЭГ КОМПАНИУД ДАХИН ГАЗАР НЭМЖ АВСАН    
М.Энхболдын хотын дарын албан тушаалыг хашиж байхдаа хамгийн их газар олгосон жил нь 2004 он юм. Тухайн жилд нийт 2048 газрын захирамж үйлдсэн. Хамгийн их хэмжээтэй газар олголтоос нь жагсаавал,
"Москва комплекс" ХХК 912
"Суруга Монгол" ХХК 880
Цагдаагийн ерөнхий газар, цагдаагийн академи 700
Восток нефть газар ХХК-д 690 мянган ам.дөрвөлжин талбайг тус тус олгожээ.
"Суруга монгол" компанийн гүйцэтгэх захирлаар нь Цэрэнбатын Чинбаяр ажилладаг бөгөөд хувь эзэмшлээр нь Японы Шинсэй Кэнсэцү ХК бүртгэлтэй байна. Мөн эл компани нь УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдтой хамааралтай гэгддэг. Тодруулбал, 2013 онд УИХ-ын даргаар ажиллаж байхад "Суруга Монгол" компанийн захирал 67 настай япон эрэгтэйг хар тамхины хэрэгт гүтгэж, хууль хүчний байгууллага төдийгүй улс төр болон бизнесийн бүлэглэлүүд нийлж, хэлмэгдүүлсэн гэх хэрэг одоогоос гурван жилийн өмнө өрнөж байлаа.
Мөн тухайн жил
"Ксения" ХХК 110
"Оюуны ундраа" ХХК 2585
"Өгөөж хайрхан" ХХК 400 ам.дөрвөлжин талбай авсан байна.
Харин хайгуул хийх чиглэлээр илэрц байгаагүй бөгөөд уурхайн эдэлбэр чиглэлээр 10 захирамж гаргажээ. Нийт 353 ам.дөрвөлжин талбайг олгосон байна.
"Оюуны ундраа" ХХК нь Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий компани юм. Хэд хэдэн удаагийн үйлдлээр түүний хамаарал бүхий этгээдэд 4.5 сая ам.дөрвөлжин газрыг өгсөн байна.


    2005 ОНД ХАМГИЙН БАГА БУЮУ 593 ГАЗРЫН ЗАХИРАМЖ ОЛГОЖЭЭ    
Тухайн жилийн хамгийн их хэмжээтэй газрыг Иргэний нисэхийн ерөнхий газарт олгожээ. Тус байгууллагад нийт 8.4 сая ам.дөрвөлжин талбайн захирамжийг гаргажээ. Үүнний дараагаар "Амирлан трейд" ХХК-д 1.04 сая ам.дөрвөлжин талбай олгосон байна. Ингэхдээ уурхайн эдэлбэр чиглэлээр олгожээ. Харин уурхайн эдэлбэр чиглэлээр нийт 22 газар олгох захирамж гаргажээ. Энэ нь нийт 4,368,239 ам.дөрвөлжин талбай болж буй. 

УИХ-ын дарга асан М.Энхболд 2001 болон 2002 онуудад хайгуул хийх зөвшөөрлөөр нийт 35.3 сая ам.дөрвөлжин талбайг хувь хүн болон байгууллагуудад олгожээ.  Харин уурхайн эдэлбэр чиглэлээр 4,368,592 ам.дөрвөлжин талбайн захирамж гаргажээ. Уурхайн эдэлбэр гэдэг нь уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох тогтоцын хэсгийг нэрлэдэг юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1