Овоо босгоогүй бол шаазгай хаанаа суух билээ. Монгол улс жижигхэн. Гэхдээ асар их баялагтай, арвин их түүхтэй. Энд бид Монгол хүн бүхний мэдээгүй, мэдсэн ч анзаараагүй өнгөрөөсөн зайлшгүй мэдэх ёстой баримтыг дэлгэж байна. Нам засаглал, эрх ямба хамаарахгүй, ашиг сонирхол нэг бол улангассан улаан нүдээ цавчихгүй, эрдэс баялаг,газар шороогоо үл хайрлан шунаж байж болох ноцтой хэргийн но-той түшмэдийг нэрлэх болно.
Цадаж ханадаггүй, царайчилж гүйдэггүй тендерээр боссон тэнхээтэй сайд нарын хөлд нь Дорнод аймаг үрэгдэж байна. Учир нь Дорнод Баянтүмэн сум буюу улсын хилийн онцгой бүсэд Меланж гэх компани үйл ажиллагаа эрхэлж, ёстой бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр дураараа дургиж байгаа. Үг дуугардаггүй, үйлдэл хийдэггүй Х.Болорчулуун сайд гэнэт л 2022 оны 01 сарын 12-ны өдөр Меланжийн үйл ажиллагааг таслан зогсоолоо гэж хэвлэл, мэдээллийнхний өмнө оодорч зогссон билээ. Байдал үнэндээ өөр тийш эргэсэн байсныг хэн ч анзаараагүй. Харин Х.Болорчулуун Дорнодчуудын төдийгүй Монголчуудын баатар болоод ажлын хэсгээ тараасан. Уг үндсээсээ Засгийн газрын оролцоотой Меланжийн суурийг ганц их хурлын гишүүн суга татан хаясан. Сонсоход ч инээдтэй нь Болорчулууны таслан зогсоож, татан буулгасан Меланж улсын онцгой бүсэд үйл ажиллагаа явуулж байна
МЕЛАНЖ БУЮУ УЛС ТӨРЧДИЙН ГОЛ ХӨЗӨР
..“60 тэрбум”-ын бүлэглэл 2016 онд хилийн тухай хууль баталж, уг хуулиар “хилийн зурвас”-т үйл ажиллагаа явуулах эрхийг Засгийн газарт олгосон. Дараа нь өөрсдөө энд ашиглалтын лиценз авсан байдаг.
ТОДРУУЛБАЛ :
Алхам-1. УИХ-ын дарга М.Энхболд 2016 онд “Хилийн тухай хууль”-ийг батлахдаа хилийн зурваст газар ашиглах эрхийг Засгийн газарт олгосон
Алхам-2 Тухайн үед Засгийн газрын тэргүүн нь түүний хамаатан гэгддэг Ж.Эрдэнэбат байсан. Энэ үед хилийн зурваст ашиглалтын лиценз авах ажлыг гүйцэтгэжээ.
Алхам-3 Ж.Эрдэнэбатыг огцорноос хойш сар хүрэхгүйн хугацааны дотор 2017.09.29 нд “Меланж” компани Дорнод аймгийн Баянтүмэн сум дахь улсын хилийн зурваст ашиглалтын лиценз авчээ.
Алхам-4 : 2021 оны 12 сараас хилийн зурваст нүүрс олборлож эхэлсэн “Меланж ” компаний ард 60 тэрбумынхан хүчээ нэгтгэжээ.
Учир нь:
1. “Меланж” компаний бүх үйл ажиллагааг “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн хүмүүс зохицуулж байна. Х.Бат-Эрдэнэ нь МАН-ын дарга асан М.Энхболд, Т.Бадамжунай нарын фракцийн гол гүйцэтгэгч. Хотын төвд баригдсан томоохон барилга, орон сууцнуудтай тэдний нэр холбогддог. Хамгийн сүүлд Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайд байхдаа төрсөн дүүдээ лиценз шилжүүлсэн хэргээр ял авахад Х.Бат-Эрдэнэ мөн л холбогдсон.
2. Туслан гүйцэтгэгч компаний дүрээр УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг түүний “Хөгжлийн банкны 33 тэрбумын бүлэглэл ” энд оржээ. Хассуурийн Ганхуягийн төрсөн дүү Хассуурийн Хашчимэгийн “Вертекс майнинг партнерс” компани энд хөрс хуулж байна. Энэ компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нар 33 тэрбумын зээл авсан хэрэгт холбогдож байсан билээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нь Т.Бадамжунайтай олон жил нэр холбогдож байна.
3. Мөн туслан гүйцэтгэгчийн өөр нэг дүрээр Барилга хот байгуулалтын дэд сайд асан асан Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин групп” -ын охин компаниуд оржээ. Ш.Лхамсүрэн нь Төв аймгийн Заамар суманд “Мондулаан” компаниараа олборлолт хийдэг. М. Энхболдын хотын фракцид хамрагдаж, морь малаараа түүнтэй ойр нөхөрлөдөг Ш.Лхамсүрэн нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байгаад дараа нь ЖДҮ-ээс зээл авсан хэргээр У.Хүрэлсүхийн үед албан тушаалаасаа огцорч байсан.
4. Өнөөдрийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр нь хожим Ш.Лхамсүрэнгийн хүргэн болсон. Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгчтэй сууснаар Ё.Отгонбаяр “Нүүдэлчин групп”, “Мондулаан”зэрэг компаниудын тодорхой хувийг эзэмшдэг болсныг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. Ё.Отгонбаяр АНУ-д суух элчингээс ирэнгүүтээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон нь дээрхи уурхайгаа ЗГ-ын түвшинд хамгаалах далд бодлого ажээ. Энд л Х.Болорчулууны ХХААХҮЯ-ны сайд болсон сэжүүр тайлагдаж байх юм. Магадгүй Х.Болорчулуунаар Меланжийн шүглийг үлээлгэж, Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн ЗГ-ын хүчийг үзүүлэх тайлан тоглолт хийсэн.
МЕЛАНЖ ХХК-ТАЙ ХЭН ХЭН НЭГДЭВ
Тэгнэж ирсэн ачаагаа хэрхэн борлуулж, ашигтай наймаа хийх нь наймаачин хүний овсгоо. Тэгвэл өдгөө цагт баялгийн наймаачдын сүлжээ хэрээс хэтэрч, хэмжээ хязгааргүй болжээ. Улс төрийн эрх мэдэл гэдэг өнөө цагт бизнес хийх хамгийн том ар тал болж байгаа нь нууц биш. Тиймээс ч Меланж гэх энэхүү компанид Монгол улсын Засгийн газрын үе үеийн эрх мэдэлтэй цагаан захтнуудын нөлөөлөл хэрхэн давамгайлж байгааг, тэд эрх ашгийн зөрчлөө хэрхэн хамгаалж, мафижих сүлжээ үүсгэснийг дараах схем нотлох болно. Ашиг сонирхлын зөрчилтэй мафижих сүлжээнд улс төрийн эрх мэдэлтнүүд ердөө л хүүдийнийх нь амыг боодог жижүүрийн ажил хийж байх жишээний. Өөрөөр хэлбэл жинхэнэ баялгийн наймаачид нь гадны зах зээлд тоглолт хийж, хурган боссууд нь ордон дотроо төдийгүй ордноо тойроод хүрээгээ тэлж, хөмсөгөө зангидаж суудаг.
Меланж ХХК-ийг Алтай констракшны Х.Бат-Эрдэнэ Ж.Эрдэнэбатын тусламжтайгаар үүсгэн байгуулж байжээ. Хожим Хөгжлийн банкинд барьцаалан зээл авсан байдаг. Ингэснээр Меланж ХХК-ний дараагийн эзнээр түүний хамгийн ойрын түнш байсан Аргал Ойл ХХК-ний эзэн Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэн тодров.
Д.СУМЬЯАБАЗАР БОЛООД МЕЛАНЖИЙН ХОЛБООС
2021 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдааны үеэр Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 27 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг тус бүр байршуулсан боловч эргүүлэн авч чадахгүй байна хэмээн Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байв. Үүнийг үнэн гэдгийг “2022 он гарахаас урьтаад өрөө барагдуулчих нь шт” гэж хариу орилсон хотын даргын орилолт баталж байлаа.
Тэр их өрийг дарах мөнгө хэрхэн цугларсан талаарх мэдээлэл хомс ч Ч.Хүрэлбаатарыг өр нэхэн зандарч байх зуурт Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 15 сая ам.доллар, дараа нь 2 сая ам.доллар, нийт 17 сая ам.доллар буюу 45 орчим тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хадгаламж гэнэт бий болсон гэдэг. Хадгаламжийн эзэн нь Аргал ойл ХХК буюу олон нийтэд хуурамч шатахууны “мангас” гэх нэрээр танил болсон Трафигура олон улсын байгууллагын Газрын тосны худалдаа хариуцсан менежер Э.Жононбаярын ээжийнх нь компани байсан гэдгийг анзааралгүй орхиж болохгүй.
Өөрөөр хэлбэл, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрүүл мэндийн даатгалын сан зэрэг газрууд мөнгөө нэхэх үед Трафигура-гийн Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэнгийн үүсгэн байгуулалцсан Аргал Ойл ХХК-иас 45 тэрбум орчим төгрөгийн хадгаламж нээлгэсэн.
Д.Сумъяабазар уг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Трафигураг эсэргүүцэгчдийн нэг байсан бөгөөд ямартаа л дэд сайдаараа ажиллаж байсан Д.Загджавыг огцруулна гэж хашгичиж байхав. Хилийн зурваст ашиглалтын лиценз авч чадсан Меланж компанийн гүйцэтгэх захирлаар Д.Цэндсүрэн гэх бүртгэл бий агаад түүний нэрээр “Монголиа авиашн фүел” ХХК мөн бүртгэлтэй байгаа юм. Эндээс “Монголиа авиашн фүел” ХХК бүх төрлийн онгоцны түлшний бөөний худалдаа, агаарын хөлгийн шатах тослох материал ханган нийлүүлэх, бүх төрлийн шатахууны импортын үйл ажиллагаа эрхэлдэг нь анхаарал татав.
“Монголиа авиашин фүел” ХХК-ийг Дамбын Хишигжаргал (Хишгээ) хамтран байгуулалцсан төдийгүй гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан байдаг. Энэ үедээ Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Газрын тусгай үйлчилгээ шатахуун хангалтын албатай “Агаарын хөлгийн шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулан шатахуун нийлүүлж байж.
Тэгэхээр бид Дамбын Хишигжаргалын Моодунхаан группийн удирдлагад хотын дарга Д.Сумъяабазарын дүү Д.Сэржбүдээ бүртгэлтэй байдаг гэх мэдээллийг онцгойлон татаж сонирхохоос аргагүй болж байна.
Түүнчлэн Хотын дарга Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын Асашёорюү төрийн бус байгууллага болоод Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Баярсайхан нь Говь, Хөх ган, АПУ-гийн хувь эзэмшигч гэдгийг дурьдах нь зүйтэй.
Д. ЗАГДЖАВ БОЛООД МЕЛАНЖ
Дэд сайдаар ажиллаж байсан Д.Загджав нь Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэнтэй гэр бүлийн найзууд. Д.Эрдэнэсүрэн нь ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга бол зүү орох зайгүй нөхөрлөдөг найз Н.Уранчимэг нь Улаанбаатар хотын Гаалийн орлогч дарга, гаалийн байцаагч бөгөөд Д.Загджавын эхнэр юм.
ХӨХ ГАН БОЛООД МЕЛАНЖИЙН ХЭЛХЭЭ
Хөх ган ХХК нь УИХ-ын гишүүн, “Тэс петролиум”-ын эзэн Б.Баттөмөрийнх бөгөөд Б.Баттөмөр УИХ дахь Увс бүлэглэл, тэр дундаа Ц.Нямдоржийн дэмжлэгээр гарч ирсэн гэгддэг. Тухайлбал Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болох бүрт Б.Баттөмөр Гаалийн, эсвэл Татварын ерөнхий газрын даргаар томилогдож байв.
Түүний Хөх ган гэх компанийн уяаны үзүүрт Бэрэн групп байдаг .УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ ч хөтлөгдсөөр Хөх ган компанийн хэлхээ холбоост орж ирнэ. Д.Бат-Эрдэнэ “Ажнай корпораци”-ийг 100 хувь эзэмшдэг бөгөөд “Ажнай корпораци” нь “Тавантолгой транс” компанийн 70 хувийг халаасладаг. Харин энэ “Тавантолгой транс” нь “Бэрэн групп”-ийн охин компани болох “Бэрэн металл” компанийн 49 хувийг эзэмшигч. Үүн дээр тун сонирхолтой өөр нэг нөхөр мөн л Хөх ган гээч компанид орж ирэх агаад тэр нь Хөгжлийн банкны найдваргүй хэд хэдэн зээлдэгч аж ахуйн нэгжийн хувьцааг эзэмшигч Ш.Батжаргал. Энэ залуу “Монгол базальт” “Е Моние” “Говь”, “Монгол шуудан” “Ард даатгал”, “Мандал даатгал”, “Оллоо”, “Улсын их дэлгүүр”, “Хөх ган” зэрэг 25 компанийн хувьцааг эзэмшдэг.
У.ХҮРЭЛСҮХ БОЛООД МЕЛАНЖ
“Е Моние” ХХК нь Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирал Я.Сод-Эрдэнийн эхнэр Р.Сарантуяагийн эзэмшил гэдгийг бүгд мэдэх билээ.
Тэгэхээр 2021 оны Арван нэгдүгээр сарын 21-ний өдөр Трафигура олон улсын байгууллагын удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан уулзалтыг санамсаргүй гэж үзвэл дэндүү гэнэн явдал байж мэднэ. Учир нь уулзалтын маргааш буюу арван нэгдүгээр сарын 22-нд Улсын онцгой комиссийн өргөтгөсөн хуралдаан гэнэт зарлагдаж дизель түлшний нөөц хомсдон нүүрсний уурхайдын үйл ажиллагаа тасалдсан мэдээллийг цочир түгээв. Ингэхдээ дизель түлшний хангамжийг хэвийн байдалд оруулахгүй бол гэрэл, дулаанаар тасалдан хөлдөж үхэх эрсдэлтэйг ч иргэдэд сануулан “айдас”-т автуулаад авсан. Улмаар сэдвийг улам өндөр сэвэхийн тулд 23-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийсэн гээд нэг л сэжигтэй, хиймэл харагдаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Монголоос зөвхөн зэсийн баяжмал л авдаг гэх хөшигний ард Салхитын мөнгөний ордоос ч мөнгөний баяжмал авдаг болчихоод байгаа Трафигура болон хотын даргаД.Сумъяабазар, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын учиг холбоос түлшний тасалдал, нефтийн салбартай таагүй байдлаар холбоотой байхвий гэх хардлагыг эрхгүй төрүүлээд байна. Учир нь Трафигура компани нь хуурамч түлш оруулж ирдгээрээ алдартай.
ТҮҮХ : Ц.ЭЛБЭГДОРЖ Н.АЛТАНХУЯГ, П.ЦАГААН НАРААС ЭХЛЭЛТЭЙ
Хөгжил буурай, нефть боловсруулах үйлдвэргүй орнуудыг онилдог Трафигураг Монголд оруулж ирэх үүд хаалгыг Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, П.Цагаан нар нээж өгсөн гэдэг. Түүнийг нь батлах мэт Монголын хувьд шинэ тутам компани хэрнээ аль 1997-1998 оны үеэс “Эрдэнэт” үйлдвэрээс зэсийн баяжмал авч эхэлсэн байдаг. Улмаар “Ачит эх”, Оюутолгой зэрэг уул уурхайн компанид хольсон шатахуунаа нийлүүлээд оронд нь зэсийн баяжмал авч, түүнийгээ олон улсын зах зээлд гаргаж заран орлогоо “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-нд байршуулж байсан.
Ч.САЙХАНБИЛЭГ БОЛООД МЕЛАНЖ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч галзуу бар мэт хамгаалдаг болсон гэгддэг Трафигура Худалдаа хөгжлийн банкинд тав, “Голомт” банкинд тус бүр 4 хувь эзэмшдэг гэх мэдээлэл байна. Дээрхи бүх нэрсийн цуваа, үйл ажиллагааны сэжмээс харахад Х.Болорчулууны холбоо нөлөөлөл зүгээр ч нэг тохиолдлын зүйл биш бололтой. Тухайлбал Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ид ноёлж байх үед Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ Монголросцветмент компаний ерөнхий захирлаар ажиллаж байсан.
Тэгвэл 2018 оны 10 дугаар сарын 19нд Эрдэнэс тавантолгойн туз-ын гишүүнээр Х.Болор-Эрдэнэ томилогдоод илүү дутуугүй яг хоёр жилийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 19нд ТУЗ-ын гишүүнээс чөлөөлсөн. Гэтэл тухайн өдрөө буцаан томилсон гэж албан ёсны эх сурвалжууд мэдээлдэг. Х.Болор-Эрдэнэ таван толгойн хулгайн хэрэг гарснаас хойш ус балгасан мэт ганц үг ганхийсэнгүй. Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнэ 2019 оны ХОМ-тээ Монголиан Энэржи, Туркойз хилл ресурс компаниас хувь эзэмшдэгээ тэмдэглэсэн байдаг. Гэтэл 2021 оноос түүний хөрөнгийн орлогийн мэдүүлэгт Дорнод газар компани ганцаар тунан үлджээ. Эдгээрээс хамгийн сонирхолтой нь Туркойз хилл компани. Энэ компани алдарт дубайн гэрээ буюу Эрдэнэс Оюутолгойн гэрээтэй очиж наалдана. Ингэхээр Х.Болорчулуун түүний Х.Болор-Эрдэнэ нарын хувьд Сайханбилэгийн газраас эхлээд Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт ч эрх ямбаа зузаатгаж, эд хөрөнгө арвижуулсан байж болох магадлал үүсч байгаа юм. Тиймээс ч Х.Болорчулуун сайд Меланжийн арыг хамгаалж, эвээс нэмэхийн тулд 2022 оны 01 сард Меланжийн үйл ажиллагааг таслан зогсоолоо гэж шүгэл үлээсэн гэх хардлага оргүй зүйл биш бөгөөд өөрөө анхаарахуйц ноцтой баримт болж байгаа юм. Түүнчлэн Дорнод аймгийн төвөөс 135 км-ийн зайд орших Хавиргын боомтод бүрэн хучилттай засмал зам тавихаар Меланж компани БНХАУ-ын нэр бүхий компанитай хөөцөлдөж байгаа ажээ. Эдгээр улс төрчдийг улс төрийн эгнээндээ нэгтгэсэн Эрдэнэсүрэнгийн хүү Жононбаяр нь “Улаанбаатар төмөр зам”-ын дарга агсан Ж.Жигжиднямаагийн оффшорын хөрөнгийг дансаар гаргаж, оруулдаг гэх асуудалд нэр холбогдож байв.
Э.ЖОНОНБАЯР, Ж.ГАРЬД, Ц.ЖҮГДЭРНЯМ
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхний нэгжлэг хийсэн “Скай профешнл ложистик” ХХК-ийг Д.Жигжиднямаагийн хүү Гарьд, дүү Ц.Жүгдэрням нар эзэмшдэг.
Тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Баяржаргал ажиллаж байгаад 2017 оны зургадугаар сарын 8-ны өдөр Н.Монсорт шилжүүлэн өгсөн. Н.Монсор нь Үл хөдлөх хөрөнгө оруулалтын “Юу Эм Си Альфа” компанийн гүйцэтгэх захирал, “Мандал даатгал” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Юу Эм Си капитал” компанийн үүсгэн байгуулагч, “Улаанбаатар Ассет Менежмент” компанийн гүйцэтгэх захирал, ИЗНН-ын генсэк болохоор өрсөлдөж явсан зэрэг намтар зузаантай нөхөр.
Н.Монсор гээд ярихаар өнөөх Э.Жононбаяр дахин холбогдоно.
Ц.Жүгдэрням, Н.Монсор нараас Э.Жононбаярыг салгаж ойлгохын аргагүй.
Ц.Жүгдэрням Хонконгийн оффшор бүсэд “Glass trading limited” LLC байгуулж, компанийн данснаас нэр бүхий хүмүүсийн данс руу гүйлгээ хийсэн байдаг. Тухайлбал, Б.Учралсайханд 217 мянган ам.доллар, “Жоконди” ХХК-ийн захирал Э.Жононбаярт 612 мянган ам.доллар, “УБТЗ”-ын Бээжин дэх төлөөлөгч Б.Энхбаярт 34 мянган ам.доллар, талийгаач ах Д.Жигжиднямаагийнхаа хувийн дансанд 200 мянган ам.доллар, өөрийнхөө дансанд 213 мянган ам.доллар тус тус шилжүүлснийг Эрүүгийн цагдаагийн газрынхан шалгалтын үеэрээ баримтжуулсан гэдэг.
Мөн Э.Жононбаяр 2014 онд Д.Жигжиднямаагийн дүүгийн Хонконг дахь компани руу 500 гаруй мянган ам.долларын гүйлгээ хийж байсан баримт ч бий.
ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН Э.ЖОНОНБАЯР БАЙЖ БОЛЗОШГҮЙ НЬ
Улсын бүртгэлд “Кэй Эй рентал сервис” компанийг “Хишиг Арвин Индустриал” ХХК эзэмшиж байгаад хожим нэрээ хасуулсан талаар бий. Харин захирлаар нь Н.Эрдэнэ-Очир бүртгэлтэй. Н.Эрдэнэ-Очирын нэрээр улсын бүртгэлд 10 гаруй хуулийн этгээд бүртгэлтэй бөгөөд тэдгээрээс Жи Би Си Ти лимитед ХХК бүртгэлтэй.
Эл компанийн гүйцэтгэх захирал Л.Баярхүү нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хувь эзэмшиж байгаад хожим нэрээ хасуулсан “Наро банчэн хутагт” төрийн бус байгууллага болон Трафигурагийн Монгол дахь захирал Э.Жононбаярын Ай Си Ай Си ХХК-ийн удирдлагын бүрэлдэхүүнд багтдаг нэгэн.
Э.Жононбаярын нэрээр 10 орчим хуулийн этгээд бүртгэлтэй. Тэдгээрээс Э.Жононбаярын нэр дээр бүртгэлтэй Би Би Эм майнингийн захирал Г.Өсөхбаяр нь Эрдэнэс Тавантолгойн албаны дарга. Тэрбээр эл албан тушаалд 2021.08.11-нд томилогдсон байна. Мөн Монгол хятад хөрш зэргэлдээ бүс нутгийн залуу бизнес эрхлэгчдийн клубын Удирдах зөвлөлийн дарга нь Хятад хүн байдаг бол гишүүнчлэлд нь БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат бүртгэлтэй гэхчлэн дурьдаад байвал урт жагсаалт гарах нь.
МЕЛАНЖ ХХК ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Меланжийн сүүдрийг дарах үе үеийн гишүүд сайд нарын нэгээр Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ нэрлэгдэж байна. Тэрээр 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “МЕЛАНЖ ХХК”-д терминал байгуулахыг зөвшөөрч, Монгол улсын Засгийн газар, Монголын нийт ард түмнийг төлөөлөн болсон тамга бүхий тогтоолыг гаргажээ. Үүнээс даруй 2023 оны Гуравдугаар сард Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэн Монгол улсын хил, гаалийн байгууллагын удирдлагуудын бүрэлдэхүүний хамт онгоц хөлөглөн очиж , ажил байдлаа танилцуулсан байдаг. Ингэснээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг, Монгол улсын хилийн онцгой бүсэд үйл ажиллагаа явуулж буй Меланж ХХК дараагийн Тавантолгой болох алхмаа хийлээ.
Бид Тавантолгой ХК шиг төрийн байгууллагатай байхыг зөвшөөрнө. Гэхдээ ашиг сонирхолын зөрчилтэй, Монгол улсын дархан хил дээр олборлолт хийж, улсын аюулгүй байдалд ноцтой зөрчил гаргаж буй компаний үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй. Үе үеийн сайд гишүүд сайд нарыг авлигал, хээл хахуулийн сүлжээндээ нэгтгэсэн Меланжтай төр, түмний хамгийн язгуур эрхийн төлөө дуугарах, ажиллах ёстой Монгол улсын ерөнхий сайд гар барьж, хэлцээр тохироо хийсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна.
ДАЙХ ҮГ
Улсаа хамтдаа тонож, хамтдаа үгүйрүүлж буй үе үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд, Меланж ХХК-ний төлөөллүүдийг шалгах цаг иржээ. Удаа дараагийн хууль бус үйлдлүүд , оффшор, мөнгө угаалтаар мафижсан Меланжийн талаар хэн ч дуугардаггүйн цаад шалтгаан саарал ордон, ордноо тойрсон хууль хүчний байгууллагууд халаас нэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж болно. Үгийг үгэн чинээ тоодоггүй зангиатай хослолтой эрхмүүдийн загатнасан газар Меланж байгаасай.
СЭТГҮҮЛЧ НОТЛОХ БИШ ХАРДАХ ЭРХИЙН ХҮРЭЭНД МЭДЭЭЛСЭН БОЛНО.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ