Монгол улсыг кастын системтэй болгож харагдуулж байгаа нь ганц Боловсролын зээлийн сан биш. Үүнээс гадна ХАА сан, нийгмийн даатгалын сан зэрэг Монголд 22 сан бий. Мөн Засгийн газрын бондын орлогууд ч тэрбумтан төрүүлэхэд тодорхой оролцоотой. Энэ удаа бид 2018 оноос хойш “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг шатахууны импортын төлбөр тооцоонд ашигласан эсэхийг төлбөрийн баримт, гаалийн бүрдүүлэлт, дансны хуулгатай тулган үзсэний дүнд зөрчилтэй дараах компаниудыг мэдээлж байна.
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ СИНЧИ ОЙЛ
-"Синчи Ойл" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 864.6 сая төгрөгөөр Магнай трейд, Шунхлай, Хөвсгөл трейд, Петрожамп зэрэг дотоодын ААН-ээс шатахуун худалдаж авах, агуулахын түрээс төлөх зэрэгт зарцуулсан, өмнө нь авсан 642.5 сая төгрөгийн шугамын зээл (2012 онд 290.9 сая, 2014 онд 351.6 сая төгрөг)-ийг 2018 онд хаасан байдаг. Өдгөө Синчи Ойл компаний гүйцэтгэх захирлаар Э.Баярмаа ажиллаж байгаа ажээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээлээр дургиж байдаг цөөн хэдэн хувийн аж ахуйн нэгжүүдийн тэргүүн эгнээнд цохиж яваа Синчи ойлын эзэн нь хэн бэ хэмээх асуулт урган гарч ирж байна.
СИНЧИ ОЙЛ ХХК-ИЙН НӨЛӨӨЛӨЛ МОНГОЛБАНКИНД
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван сайд шинээр томилдог өдрөө чуулганы индэрээс “Банк бус санхүүгийн байгууллагатай Монголбанкны удирдлагуудыг зарлана” гэж мэдэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрөв. Тэгвэл он гарснаар үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс зээл авсан гэгдэж буй Синчи Ойл компанид хувь эзэмшиж байгаа Төв банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинг энд цоллох нь зүйд нийцэх ажээ. Учир нь валютын ханш өсч, инфляци асуудал болсон цаг үед эдгээр гол асуудлуудыг хариуцаж ажиллах ёстой хүн бол А.Энхжин захирал. Тиймээс ч тэрбээр, шатахууны компанийн хувь хувьцаа, цаашлаад ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа нь ихээхэн хардлага дагуулж байна.
Монголбанк саяхан л шатахууны компаниудад санхүүжилт өгсөн. Бас аль компанид өгөх вэ гэдэг сонгон шалгаруулалтыг хийдэг Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн захирал А.Энхжин нь “Принципал инвестмэнтс” ХХК-д хувь эзэмшдэг. Тус компанийг “Синчи газ” ХХК хувааж эзэмшдэг бөгөөд тус компани нь “Синчи ойл”, Синчи Холдинг” компаниуд юм. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас шатахууны компаниуд олгодог зээлийн эх үүсвэрийг хуваарилдаг гол хүн нь шатахууны компанитай хамааралтай байгааг ашиг сонирхлын зөрчил гэж үзэж болно. Түүнчлэн А.Энхжингийн аав болох Батчулууны Атарбаатарын хувь эзэмшилтэй, Гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Олова” ХХК нь ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Олова” ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ сумдын нутгийг дамнасан цагаан тугалганы орд байдаг байна. Авдрант ууланд байгаа түүний орд газрын зөвшөөрөл нь 2005 оноос 2038 он хүртэл хүчинтэй бөгөөд лицензийн нийт талбай нь 421,91 га ажээ. Өөрөөр хэлбэл, валютын нөөц хариуцдаг гол захирал нь валютаар арилжаа хийдэг ашигтмалтын лицензтэй компани эзэмшиж буй нь хэр зохистой вэ.
ШУНХЛАЙ ХХК ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨРӨӨС ЗЭЭЛ АВСАН УУ
- 2018 онд "Шунхлай" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс зээл төлөхөд 56,199.0 сая, группын хооронд утга тодорхойгүй гүйлгээ хийгдэж 20,029.9 сая, санхүү, хуулийн үйлчилгээ авах, гэрээний торгуулийн төлбөр төлөх зэрэгт 410.5 сая, мазут, битум худалдан авахад 1,151.9 сая, машин, дизель мотор худалдан авахад 922.4 сая, батерей худалдаж авахад 371.9 сая төгрөг тус тус зарцуулсан, Киа моторс ХХК-д 875.3 сая төгрөг шилжүүлсэн, своп хэлцлээр авсан 2.5 сая ам.долларыг дансандаа удаан хугацаагаар байршуулсан байдаг. Сонирхуулахад Киа Моторс ХХк-ийн ТУЗ-ын даргаар П.Батсайхан ажиллаж байна. Шунхлай ХХК 2023 он гарснаар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс зээл авсан гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Сануулахад, П.Батсайхан нь Хөгжлийн банкнаас Сэлэнгэ тариа, Эг тариа, Орхонтариа компаниудаараа зээл авч байжээ. Тэрбээр Хөгжлийн банкны эх үүсвэрээс ХААН банкаар дамжуулан Сэлэнгэтариа ХХК-иараа 1,5 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Улмаар 1,5 тэрбум төгрөгийн зээлээсээ 2021 нэгдүгээр сарын 4-ний өдөр өөрийн ам.долларын зээлийг 361,4 сая төгрөгөөр буюу 118 мянга ам.долларын зээлийг төлж хаасан баримт дэлгэгдсэн. Сэлэнгэ тариа ХХК нь тариалсан улаанбуудайгаа АПУ ХК-ийн охин компани болох “Спирт Бал Бурам” компанид нийлүүлдэг байна. Хамгийн сонирхолтой нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас П.Батсайхан нь Сэлэнгэтариа компианаараа зээл авсан ч 694 сая төгрөгийн зээлээ төлөөгүй байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР "ОЙН БИРЖ" КОМПАНИАРАА АХИН ЗЭЭЛД ХАМРАГДСАН УУ
-"Ойнбирж" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс өмнө нь авсан байсан 5,043.5 сая төгрөгийн шугамын зээл хаасан, хувь хүний дансанд 42.2 сая, газын клонк худалдан авахад 69.2 сая, ШТС-ын сэлбэг, үнийн самбар худалдан авахад 59.5 сая, мазут худалдан авахад 391.7 сая, татварын өр төлөхөд 5.9 сая төгрөгийг тус тус зарцуулсан байдаг. Ойн Бирж ХХК нь одоогийн УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийнх. Б.Баттөмөр гишүүн нь өөрийн 80% эзэмшдэг Мондем ХХК-иараа ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. Зээлд гаршсан эл гишүүн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан авч явсан нь удаа дараагийн баримтуудаар нотлогддог билээ. Тэрбээр 2022 оны 12 дугаар сард “Нүүрсний хулгай”-н хэрэгт нэр холбогдсон ч 2023 оны нэгдүгээр сард уг хэрэгт олбогдолгүй хэмээн шалгагдалгүй өнгөрсөн.
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТӨСВИЙГ СААДАГ СОДМОНГОЛ
Төрийн өмчит компанийг хувийн өмч шигээ ашигладаг нэгэн улс төрч одоогийн УИХ-д данхайж суугаа. Түүнчлэн “нүүрсний хулгай”-н хэрэгт нэр холбогдсон ч халаас нэгтэй ах нар, танхим нэгтэй дүү нарынхаа нөмөр нөөлөгөөр мэнд мултарсан том дуутай түшээ. Тэр бол Ц.Анандбазар. Тэгвэл эрхэм гишүүний нэрийн хуудас болсон "Содмонгол" ХХК нь 2018 онд форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 358.1 сая төгрөгөөр шугамын зээлийн хүүгээ төлсөн, Ундарга-Увс ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 610.0 мянган ам.долларыг зах зээлийн ханшаар төгрөгт хөрвүүлэн төлбөр тооцоо хийсэн, 1,340.2 сая төгрөгийг дотоодоос шатахуун худалдан авах зорилгоор хувь хүний дансанд шилжүүлсэн зэрэг зөрчлүүд гаргаж байжээ.
Энэ мэт зээлийн зөрчилтэй компани, хувь хүмүүсийн мөрөөр орж, нэхэн судалж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон арван компаниудын урдуур орж төсөв монжиж, зээл түүж суугаа эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын мэдээллийг ч ил болгоно
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ