surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээлтэй ч зээлээ төлөөгүй компаниуд, тэдний жинхэнэ эзэд

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээлтэй ч зээлээ төлөөгүй компаниуд, тэдний жинхэнэ эзэд

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн сангаас сүүлийн жилүүдэд 15.000 иргэн, аж ахуйн нэгж нь өндөр дүнтэй зээл авч, эргэн төлөлт хийхгүйгээр 260 орчим тэрбум төгрөгийн өр үүсгэж, улсын төсвийн мөнгийг завшсан байна. Уг сангийн эргэн төлөгдөөгүй зээлийн дийлэнх хувийг улс төр, бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд, тэдний хамаарал бүхий хүмүүсийн компаниуд эзэлж байна. 
    АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ЛУ.ГАНТӨМӨР ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНД 260 ТЭРБУМЫН ЗЭЭЛТЭЙ    
ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл, дэмжлэг аваад, буцаан төлөөгүй компаниудын нийт өр 260 тэрбум төгрөгт хүрээд буй. Тухайн зээлдэгч нарын дунд улстөр, бизнест нөлөө бүхий хүмүүсийн компани, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн компани байгааг бид цувралаар мэдээлж байгаа. 
Энэ удаа УИХ-ын гишүүн асан, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, Ц.Элбэгдоржийг МУ-ын Ерөнхийлөгч байх үед  зөвлөхөөр нь ажиллаж байсан А.Ганбаатар нарын хамтарсан “Астра рүүт” ХХК-ийн үүсгэсэн өрийн талаарх мэдээллийг хүргэж байна. 
 
2016 онд газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх үйл ажиллагаа, гадаад худалдаа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан “Астра рүүт” ХХК нь 2021 оноос өмнө 230 сая төгрөгийн өртэй байсан ба 2021 онд нэмж 614.6 сая төгрөгийн зээл дэмжлэг авсан. Өнгөрсөн онд өр төлөөгүй бөгөөд өдгөө хуримтлагдсан нийт өрийн хэмжээ нь 844.8 сая төгрөг болоод байна. 
ХААДС-аас зээл, дэмжлэг авах хүсэлтэй олон мянган тариаланчид, ААН-үүд байдаг ч дийлэнхийнх нь хувьд “хэзээ ч биелэшгүй мөрөөдөл” болж, уг зээл, дэмжлэгт хамрагдаж чаддаггүй. Гэтэл улстөрчид, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн компаниуд жил тутамд зээл авч, түүнийгээ эргэн төллөлгүй, тэрбум тэрбумын өр үүсгэж байна. Давуу байдлаар бусдын боломжийг дангаар эзэмшсэн тэдний өр 260 тэрбум төгрөгт хүрсэн нь жирийн тариаланчид, ААН-үүдийн өсөн дэвших  боломжийг тэр хэрээр хулгайлсан гэж хэлж болно. 
    ЗЭЭЛДЭЭ ГААРСАН БАТЖАРГАЛЫН ЦОГТСАРАН ГЭЖ ХЭН БЭ     
Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж Хөдөө аж ахуйн корпораци болгох тухай хуулийн төслийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы хоёр удаагийн хуралд эхлээд амны хаалттай, дараа нь маскгүй ч доошоо хараад суугаад байгаа залууг Батжаргалын Цогтсаран гэдэг. Энэ залуу Х.Болорчулууныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсоны дараа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар ирсэн. ХААДС бол өрөндөө баригдаж, өчнөөн гэмт хэргийн уурхай болсон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нийлүүлсэн Засгийн газрын тусгай сан юм.
Батжаргалын Цогтсаран бол “Өгөөмөрхан Тайж” гэх компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал боловч судалж үзэхэд ХААДС-ийн гүйцэтгэх захирлаар ирэхээсээ өмнө тус компаниас нэрээ хасуулжээ.
 
Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм. Сангийн яамнаас 2019 онд ТЭДС-ийн зээл, урамшууллыг шалгаж, олон нийтэд мэдээлсэн. Түүнээс хойш сангийн үйл ажиллагаанд ҮАГ дүгнэлт өгөхөөс татгалзсан тул ил мэдээлэл алга. Өөрөөр хэлбэл, Б.Цогтсарангийн компани зээлээ төлсөн эсэхийг ил баримтаас мухарлах боломжгүй байна.
 2019 оны шалгалтын дүнгээс үзэхэд Өгөөмөрхан Тайж компани:
2016, 2016 онд үрийн улаанбуудайд зарцуулна хэмээнТЭДС-аас 156 сая 600 мянган төгрөгийн үрийн зээл авснаа төлөөгүй.
2017, 2016 онд бордоо авна гэж ТЭДС-аас 43 сая төгрөг зээлээд 32.1 сая төгрөгийг нь төлөөгүй.
2015, 2016 онд ургамал хамгаалах бодис авна гэж ТЭДС-аас 24 сая 635 мянган төгрөгийн зээл авснаас 8.7 сая төгрөгийг төлөөгүй.
2018 онд бордоо авна гэж ТЭДС-аас 924 мянган төгрөг зээлээд төлөөгүй харагдаж байна.
Мөн 2015, 2016, 2017 онд 25 сая 516 мянган төгрөг ТЭДС-аас шатахуун авна гэж зээлсэн.
2015, 2016, 2017 онд ТЭДС-аас 98 сая 869 мянган төгрөгийн урамшуулал авсныг дурдаж болно.
ХААДС нь Засгийн газрын 5Ш хөтөлбөрийн Шилэн ажиллагааны хүрээнд нийтдээ өртэй 10 мянга гаруй зээлдэгчийн мэдээллийг гаргаж өгөхөөс өртэй 6000 гаруйгийнх нь мэдээллийг л өгсөн. Үлдэгдэл нь дутуу байгаа. Яагаад дутуу байгааг өөрсдөө тайлбарлах биз.
Ямартай ч, "2022 оны жилийн эцсийн байдлаар актив талдаа 382 тэрбум 642 сая 655 мянган төгрөг байна. Задалж үзвэл, эргэлтийн хөрөнгө нь 299 тэрбум, үндсэн хөрөнгө нь 83 тэрбум төгрөг. Бараа материалын үлдэгдэл 78.2 тэрбум, харилцахад 3.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өр төлбөрийг харьцуулж үзвэл богино хугацаат өр төлбөр 138 тэрбум, хугацаа хэтэрсэн өр төлбөр 18 тэрбум төгрөг байна" гэдгийг Б.Цогтсаран өөрөө УИХ-ын чуулганы хуралдаан дээр хариулжээ.

    "ЧАНСАА ХОЛДИНГ" ХААДС-ИЙН ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ ЗЭЭЛДЭГЧИЙН ЖАГСААЛТЫН ХОЁРТ БИЧИГДЭЖ БАЙНА     
"Чансаа хан хөхий холдинг" ХХК-ийн хувьд гадаад худалдаа, аялал жуулчлал, гутлын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн. Тэгэхээр Хөдөө аж ахуйг дэмжих сангаас тус компани ямар төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан нь анхаарал татаж байна.  Энэхүү мэдээлэл задрахтай зэрэгцэн шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон гэх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иштэй холбоотой асуудал шүүхэд шилжсэн байна. Мэдээж гутлын бизнесмэн "Чансаа хан хөхий холдинг" ХХК-ийн босс Н.Болорчулуун ямар замаар ХААДС-аас зээл авч, авсан зээлээ төлөөгүй өнөөдрийн хүрсэн асуудалд хууль хяналтынхан анхаарал хандуулах нь зүй ёсных юм. 
 
    ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААНД НЭГ Ч ТӨГРӨГ ТӨЛӨӨГҮЙ"АРОВАННА" ХХК НЬ УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭДИЙН ХАМААТАН Д.ГАНЗОРИГИЙН КОМПАНИ    
Улсын бүртгэлд "Арованна" ХХК нь 2009 онд байгуулагдсан гэх мэдээлэл байна. Өнгөрсөн 2014 оноос Дүгэржавын Ганзориг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ. Тус компани нь мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, бизнесийн зөвлөгөө, гадаад худалдаа, аялал жуулчлал, бууз баншны үйлдвэрлэл, малын нэмэлт тэжээлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэнэ.
"Арованна" ХХК нь 2017 онд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 4 тэрбум 551 сая 165 мянга 500 төгрөгийн зээл авсан. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байна. Улс төрийн хүрээнээс сонсогдож буй мэдээллээр Д.Ганзориг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ойрын хамаатан аж.
 
   "ШУНХЛАЙ АГРО" ХХК ЯПОНЫ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ЗЭЭЛ АВСАН   
 "Шунхлай агро" компани Хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд зориулсан сангаас 2008 онд  47.900.000 төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ Япон улсын буцалтгүй тусламжаар зээл авсан бөгөөд одоог хүртэл төлөөгүй байна. Монголын хамгийн баян компани зээлээ төлөөгүй өдийг хүрсэнд иргэд ч бухимдаж таарах нь.
 
   "БАТДЭЛГЭР ТРЕЙД" ХХК 375 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ     
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад, зээлээ төлөөгүй компанийн нэг нь "Батдэлгэр трейд" ХХК. Энэ компанийн захирал А.Баттөгс нь Улсын аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү гэдгээр нь хүмүүс таньдаг. Тэрбээр 2015 онд компаниа байгуулсан бөгөөд хувьцаа эзэмшигчээр нь А.Баттөгс, Г.Буяндэлгэр гэсэн хоёр хүн бүртгэлтэй байна.
Харин компанийн гүйцэтгэх захирлаар М.Гантөмөр бүртгэлтэй бөгөөд газар тариалан, хүнсний үйлдвэр, худалдаа болон фермер, гадаад худалдааны чиглэлээр Дархан-Уул хотод байршилтай аж.  Түүний компани 2017 онд Мал хамгаалах сангаас 375 сая төгрөгийн зээл аваад төлөөгүй байна.
 
    КАМЕРТОН ХАМТЛАГИЙН ДУУЧИН Б.ЭРДЭНЭБАТЫН “МОНГОЛ ГАЗАР ШИМ” ХХК    
 Камертоны Эба буюу Б.Эрдэнэбат Монгол газар шим компаниараа тус сангаас 2009 онд ХАА техник дундын үйлчилгээ төвөөс 19 сая, 2012 онд 150 сая төгрөгийн зээл авсан. 
     ХААДС-ИЙН ЗЭЭЛТЭЙ ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮД     
МИЛЛ ХАУС ХХК 3.9 ТЭРБУМ

“ЭРДЭНЭТФҮҮДС” ХХК 2.9 ТЭРБУМ

“ДАРХАН ГУРИЛ ТЭЖЭЭЛ” ХХК 2.3 ТЭРБУМ

САЙХАН ХҮНС ХХК 1.7 ТЭРБУМ

“БЭРЭН ГРУПП”-ИЙН ХАМААРАЛ БҮХИЙ “ХАНГАЙН ГУРИЛ” ХХК 1.4 ТЭРБУМЫН ЗЭЭЛТЭЙ БАЙНА.  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1