surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

"Хөдөлмөрийн насны иргэдийн нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлдэг"

"Хөдөлмөрийн насны иргэдийн нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлдэг"

ЭМЯ, НЭМҮТ хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” үндэсний чуулган өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Үндэсний хэмжээнд анх удаа болж буй уг чуулганд эрүүл мэндийн салбарын бүх шатныхан, лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 150 гаруй хүн хот, хөдөөнөөс оролцож байна.Чуулганыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте нар үг хэлсэн.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хүн амын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, үндэсний түвшинд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх замаар иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд  хамрагдалтыг нэмэгдүүлж, сэргийлж болох нас баралтын түвшинг бууруулах зорилт тавин ажиллаж байгаад онцлоод “2019 онд хийсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаагаар манай улсын 15-69 насны  гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин өндөр гарсан.

Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна.

2022 оны байдлаар нийт хүн амын 60 гаруй хувь нь хот, суурин газарт оршин сууж байна. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаанаас шалтгаалан иргэд амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд хот, суурин руу шилжин суурьшиж, улмаар хот төлөвлөлт нь хотжилтын хурдыг гүйцэхгүй, гэр хороолол ямар ч зохицуулалтгүйгээр нэмэгдэж, байгаль орчны даац хэтрэн, хүн амын эрүүл мэнд, нийгэм соёлын үйлчилгээ, орон сууцны хангамж, автозамын ачааллын асуудлуудыг шийдвэрлэхэд бэрхшээл учирч байна.

Хотын агаар, ус, хөрсний бохирдол ихээр нэмэгдэж, осол гэмтэл, хүчирхийлэл, зүрх судасны болон амьсгалын замын өвчин, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг хотжилттой холбоотой цөөнгүй асуудал бидний өмнө тулгарч байна” гээд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтод хүрэхэд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт, тандалтыг сайжруулах зорилгоор “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулж буйг хэлсэн.

Тэрбээр НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах замаар

  • халдварт бус өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувиар,
  • архи согтууруулах ундааны хэрэглээ, хөдөлгөөний  дутагдалтай хүн амын тархалтыг 10 хувиар,
  • тамхины хэрэглээ, давсны хэрэглээг 30 хувиар тус тус бууруулах,
  • зүрхний шигдээс, тархины харвалтаас сэргийлэхийн тулд эрсдэл бүхий хүмүүсийн 50-иас доошгүй хувь нь эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой байх,
  • чихрийн шижин, таргалалтын эсрэг үр дүнтэй тэмцэх, цусны даралт ихсэх өвчний тархалтыг 25 хувиар бууруулах, зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг эмчлэх хямд өртөгтэй нэн чухал технологи, эм, үүний дотор ерөнхий нэршлийн  эмийн хүрэлцээг 80 хувьд хүргэх зорилго тавьсан.

Манай улсад ч хамаатай гээд манай улс эрүүл мэндийн салбарын тулах хоёр багана болсон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгийг нь хэт шүтэж нөгөөг нь орхигдуулж ирснийг засч залруулах үүднээс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулж ирэх долоо хоногт Засгийн газарт оруулж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан.

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь иргэдийг зөв дадал хэвшилтэй, эрүүл мэнддээ анхаардаг зөв тогтолцоог бий болгох зорилготой гээд Ерөнхийлөгч энэ тал дээр онцгой анхаарч зарим нэг алхмыг хийж хэрэгжүүлж эхэлснийг дурдлаа.

Тухайлбал, хатуулаг өндөртэй архины хэрэглээг хязгаарлах зорилгоор зарлиг гарган архины онцгой албан татварыг хатуулгаас хамааруулан тогтоож, согтууруулах ундааны нэг литр тутмаас 300 төгрөгийг хуримтлуулан бие даасан сан байгуулах зэргээр бодитой шийдвэрүүд гарган ажиллаж байгааг хэлсэн. Түүнчлэн Т.Мөнхсайхан зөвлөх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахгүйгээр лавлагаа шатлалын эмнэлгийг хөгжүүлэх нь учир дутагдалтай тул энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг ярьсан. Эцэст нь тэрбээр өвчлөлийг бууруулахын тулд юуны түрүүнд өвчлөлийг үүсгэж байгаа шалтгаан нөхцөлийг олж тодруулах ёстой хэмээсэн юм.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте халдварт бус өвчнийг бууруулах замаар нас баралтыг багасгах талаар дэлхий нийтэд  баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулахдаа Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо хүн бүрт хүрч чаддагаараа бүс нутагтаа дээгүүр орно хэмээв. Тэрбээр өөрийнх нь очсон аймгуудын хүн амын 40-өөс доошгүй хувь нь 18 хүртэлх насныхан байсан бөгөөд Монгол Улсын хувьд хүн амын насжилтын пирамидын суурь нь өсвөр үе, залуус байгааг харгалзан эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох ажлыг хүүхэд байхаас нь эхлэх ёстой гэв. Хэрэв одоо бид зургаа болон түүнээс доош насныхантайгаа сайн ажиллаж чадвал 5-10 жилийн дараа тодорхой үр дүнд хүрч чадна гэж байлаа. Мөн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүмүүсийн амьдрах, ажиллах орчин чухал нөлөөтэй тул агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, ажлын байрны эрүүл аюулгүй нөхцөлийн бүрдүүлэхэд анхаарах ёстой бөгөөд ДЭМБ нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч ажиллана гэлээ.

Гурван өдөр үргэлжлэх үндэсний чуулганаар зонхилон тохиолдож буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт тандалтын чиглэлээр өнөөгийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, шийдвэр, зөвлөмж гаргах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт тандалтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлага, ололт амжилт, сургамжаас харилцан суралцаж цаашдын чиг хандлагыг тодорхойлох, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодитой үр дүнтэй болно гэж чуулганыг зохион байгуулагчид үзэж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1