surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Үе үеийн Ерөнхийлөгч нарын хамаарал бүхий уул уурхайн компаниуд

Үе үеийн Ерөнхийлөгч нарын хамаарал бүхий уул уурхайн компаниуд

Ерөнхийлөгч бол ардчилсан улсын бэлгэ тэмдэг. Бүх Монголчуудын өмнө хүлээсэн үүрэг, амласан тангарагтай төрийн хамгийн өндөр албан тушаалтан. Гэвч улсын Ерөнхийлөгч болно оо гэдэг. Төрөөс түрийвчээ түнтийлгэх чухал албан тушаал ажээ.
Манай сайт Монгол улсын бэлгэ тэмдэг болсон үе үеийн Ерөнхийлөгч нарын гэр бүл, хань хамаарал бүхий компаниудын талаар мэдээлж байна.
   ЗУРГААДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ    
Монгол улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх. Нацагийн Багабандиар улс төрд хөтлүүлсэн түшмэлүүдийн нэг.  Тэрээр уул уурхайн бизнест өөрийн итгэлт түнш Кадастрын хэлтсийн дарга асан Х.Хэрлэн, “Эко алтан Заамар” ХХК-ны захирал баян хочит Р.Базар нараар нэр холбогддог.  Тухайлбал Дорнодын Улааны холимог металлын ордыг БНХАУ-ын  хөрөнгө оруулалттай  “Шинь Шинь” компанид луйвардан олгосон гэгдэж байсан Х.Хэрлэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ төрийн мэдлийн Шивээ-Овоогийн  лицензийг 2004 оны арванхоёрдугаар сарын 10-23-ны хооронд “Шинэ шивээ” компанид шилжүүлсэн байдаг. Үүнийхээ дараахан “Шинэ шивээ” ХХК-д хувь эзэмшдэг болсон. Төрийн мэдэлд байсан “Шивээ овоо” ХК-ийн эзэмшлийн нүүрсний орд газрын лицензийн 85 хувийг гартаа оруулсан гэгддэг А.Эрдэнэбат (Түүнийг мацагтан П.Анужингийн нөхөр гэдгээр хүмүүс сайн мэддэг) нь тухайн үед Үйлдвэр, худалдааны дэд сайд байсан Я.Содбаатартай лиценз эзэмших тал дээр тун анхаарал татмаар гэрээ байгуулж байв. Ингээд зогсохгүй У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Д.Зоригт нар А.Эрдэнэбатын хамт МАСЗХ гэгчийг МАХН-ын дэргэд байгуулж, дээш гарсан нэгнээрээ дамжуулж хамтын бизнес эрхэлж эхэлсэн байдаг. 
Сонирхуулахад Монгол улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Х.Хэрлэн нарын хамаарал бүхий компани Эрдэнэс тавантолгой ХК-аас нүүр тээвэрлэдэг ажээ. 

У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангараг өргөнө

   ТАВДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА      
Хамгийн нэр цэвэр Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэн өглөө гэж олон нийтэд ам сайтай байсан Халтмаагийн Баттулга Монголын улс төрд өөрийн гэсэн бүлэглэлтэй. Тэр ч утгаараа 2022 оны 12 дугаар сард “Нүүрсний хулгай”-д нэр холбогдов. 
1. ЖДҮХС, ХААДС-аас өөрийн төрсөн Х.Баттуулын “ Милл Хаус” компаниараа зээл авсан ч эргэн төлөөгүй. 
2.  Сингапурт байгуулагдсан OZD Asia PTE ХХК нь “Сентерра”-гийн гэх бүхнийг өөртөө агуулдаг “Сентерра Нидерланд” ХХК болон “BVBA” ХХК-иудыг 35 сая ам.доллараар худалдан авчээ. Ингэснээр Канадад төвтэй “Сентерра гоулд” компани Монгол улс дахь “Сентерра гоулд Монголия” ХХК болон Цагаан овоогийн ордыг “Степпе гоулд” компанид зарсны тав, таван сая ам.долларыг дансандаа хийсэн нь хөдлөшгүй баримтуудаар нотлогдоход Х.Баттулга Ерөнхийлөгч нэр холбогдох болов.  Тухайн үед дүү Х.Баттуул нь Перу улсад консул хийж байсан. Перу улсад уул уурхайн компани худалдан авсан Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар нэгэн бүлэг болох нь Эрдэнэт үйлдвэр, Хөгжлийн банкны тодорхой кейсүүдээр нотлогддог. 
3. Х.Баттулгыг ҮХАА-н сайд байхдаа Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй бүлэглэн Концессийн тухай хуулийг зөрчин Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих шийдвэр гаргуулж, санхүүжилтийг гүйцэтгэлээс зөрүүтэй гаргуулж 720 тэрбум төгрөг завшсан гэх үйлдэлд холбогдон шалгуулж байсан. Мөн УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод заасан эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замыг барихдаа БНХАУ-ын иргэн Wang Wenliang гэгчийн Хонгконгод үүсгэн байгуулсан “Море” компанид хууль бусаар олгох нууц гэрээг 2011 онд байгуулж үүнийхээ шан харамжид Wang Wenliang-ийн төрсөн дүү Wang Daqian гэх этгээдийн Хонконгт үүсгэн байгуулсан “Koon Yau Limited” компанис “CAMEX”, “Их Майдар” сан, “Түмэн хишигтэн”, “Либерти партнерс” компаниудаараа дамжуулан 2 сая ам.долларын хээл хахууль авсан гэх хэрэг ямар шатанд шалгагдаж байгаа вэ.  Х.Баттулга нь ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчин, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийхээр батлагдсан Засгийн газрын 2013 оны 76 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангалгүйгээр дур мэдэн тендерийн шаардлага хангаагүй “Натур фрэйндли” ХХК-ийг хууль бусаар шалгаруулахдаа 4.3 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирлыг учруулсан зэрэг олон арван уул уурхайн хэргүүд Х.Баттулгыг зүглэдэг нь нэн сонирхолтой. Тэр баавар байна. Гэхдээ цаг нь ирж нөхцөл нь бүрдэнэ. Бид энэ удаа Х.Баттулгын Эрдэнэс тавантолгойн 40 их наядын хулгайд нэр холбогдсон талаарх баримтыг дурдалгүй орхиж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д айлчилна

   ДӨРӨВДЭХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ   
Хөшөөтийн уурхайг БНХАУ-ын Мо Эн Ка компани эзэмших болоход ард нь тухайн үеийн МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Эхнэр Х.Болормаа нь 2008 онд Геологийн лабаротори нээж, уул уурхайн бизнест хөл тавьж байв. Т.Бадамжунай,Б.Хурц, Д.Эрдэнэбилэг нарын хэргүүд явсаар Ц.Элбэгдорж дээр огтлолцдог. Монголын төрд шургалсан хамгийн том бүлэглэлд нэр нь цохиж явдаг Цахиагийн Элбэгдорж, түүний найз Б.Отгонбаатар нарын хамаарал бүхий “Азаргын гол чонот” компани 2008 онд улсын хилийн онцгой бүс буюу улсын хилийн 5-10 км хүртэл газарт олборлолт хийж байсан нь хожим ил болов.  Тухайн үед хилийн онцгой зурваст уул уурхай эрхлэх нь хууль зөрчсөн үйлдэл байсан. Гэтэл 2016 онд М.Энхболд “улсын хилийн онцгой зурваст тусгай зөвшөөрөл олгох” хуулийн төслийг санаачилж, 2017 онд Ж.Эрдэнэбат “Меланж” ХХК-д улсын хил дээр олборлолт явуулах зөвшөөрөл олгосон байдаг. Ж.Эрдэнэбатын тусгай зөвшөөрөл олгосон Меланж ХХК-ны эзнээр хуурамч шатахууны мангас Трафигура компаний менежер, “Аргал ойл” ХХК-ийн захирал Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэн гэж эмэгтэй ажилладаг. Монгол улсын дөрөвдэхь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Трафигура компанийг Монголд нэвтрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.  Тэр ч утгаараа Меланж, Трафигура компани нь Ц.Элбэгдоржийн бүлэглэлийн үеэс хүчирхэгжсэнийг шатахууны бизнес эрхлэгч МТ-ийг худалдан авснаар нотлогдож байна. Тус компани Петровис ХХК худалдаж авахаар төлөвлөж буй талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Сонирхуулахад одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвшөөрөлтэйгээр Меланж ХХК терминал байгуулах ажлаа эхлүүлсэн талаар бид мэдээлж байв.

Ц.Элбэгдорж: Л.Болормаа нь сэтгүүл зүйн дээд эрэмбэ,төгс чадвар байв

    ГУРАВДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР    
Гуравдахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр. Түүний хүү УИХ-ын гишүүн Э.Батшугар. Н.Энхбаяр өөрийн нэр дээр бүртгэлтэй Сод маргад компаниа хүү Э.Батшугартаа өвлүүлэн өгчээ. “Сод маргад” ХХК нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутагт Дуут хэмээх хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оноос хойш эзэмшиж ирсэн. Энэхүү тусгай зөвшөөрөлтэй талбай нь Дуут сумынхны тахилгат уул болох Бүргэдтэй хайрханы бэлд олгогдсон тул өдийг хүртэл Н.Энхбаяр хуруу гараа ч хөдөлгөөгүй. Харин 2019 оны намар Э.Батшугар хайгуулын ажлыг эхлүүлжээ.

Н.Энхбаяр: Ямар ч сонгуулийн тогтолцоо байсан МАХН сонгуульд идэвхтэй  оролцоно

  ХОЁРДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ   
Монголын төрд Н.Багабандигүй засаглал гэж үгүй. Улс төрийн нэгэн том стратегич болтлоо засаглалаар шатар тоглох ухааныг тэр нэвтрүүлжээ. Одоо дэгдээд буй нүүрсний хулгайн хэргийн сэжүүр түүний нэрээр огтлолцдог нь учиртай. Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Багабанди Б.Баярмаа гэх охинтой. Б.Баярмаа нь Эрдэнэ Монгол компанийн гүйцэтгэх захирал. Канадын “Erdene Resource Development” компанийн Монгол дахь үйл ажиллагаа явуулдаг салбар нь “Эрдэнэ Монгол”. Тэд “Баян хөндий”-д 2019 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. Эл зөвшөөрөл АМГТГ-ын дата санд, “Xundii” гэсэн нэртэй, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна.
Тэгвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.7-д, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хавсаргаж байж ашиглалтын тусгай зөвшөөрөл авна гэж заасан байдаг. Тэгвэл “Эрдэнэ Монгол” компани 2019 онд тусгай зөвшөөрөл авсан мөртлөө 2020 онд байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлтээ, 2021 онд нарийвчилсан дүгнэлтээ хүргүүлсэн байдаг.
Эрдэнэ Монгол компаниараа алдарт Сэгс цагаан богд уулыг хууль бусаар гэрээлж байсан.

МАН Н.Багабандид “өртэй” юу? | News.MN

   МУ-ЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ    
П.Очирбатын бага охин О.Оюумаа Канадын “Panasian Energy” компанийн Монголд байгуулсан “Шэйман” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. О.Оюумаагийн удирддаг “Шэйман” ХХК нь 2007 оноос эхлэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  Тэрбээр үүгээр зогсохгүй “Улаан”, “Дэлгэрхаан” ,“Дэлгэр-III” ,“Дөрвөлжин”зэрэг талбайг эзэмшиж байна. 
Анхны ерөнхийлөгч П.Очирбатын охин О.Оюумаа нүүрсний бизнест ч хөл тавьсан. Тодруулбал О.Оюумаа Сингапурын “Tullus Commodities” компанийн Монголд байгуулсан “Терра-Энержи” ХХК-ийн Ерөнхий зөвлөх, Захиргаа хариуцсан захирлаар 2014 оноос хойш ажиллаж байгаа. “Терра Энержи” ХХК нь “Терра коул процессинг монголиа” ХХК, “Цагаан өвөлжөө” ХХК гэх хоёр охин компанитай. “Терра энержи” ХХК-ийн мэдэлд Өмнөговь аймгийн Ноён сум болон Увс аймгийн Давст суманд зургаан тусгай зөвшөөрөлтэй. “Цагаан өвөлжөө” ХХК нь мөн л 59,972 га талбай хамран зургаан тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

mongoltur.mn – П.Очирбат: Монгол Улс аюулгүй байдлын том механизм тогтоож  чадсан

УЛС ТӨРД ОЛОН НҮҮДЭЛ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЖ ГЭМЭЭН ЗӨВ ТОГЛОЖ, ЗӨВ ЯВАХ УЧИРТАЙ. МОНГОЛ УЛСЫН НИЙТ АРД ТҮМНИЙ БЭЛГЭ ТЭМДЭГ БОЛСОН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА ГЭДЭГ ИХ ХУВЬ ТАВИЛАН ХЭДИЙ Ч ИХЭЭХЭН ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАН ТУШААЛ БИЛЭЭ. 


ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1