surag.mn
facebookinstagramtwitteryoutube
97 минут унших

Х.Нямбаатар сайдад “НҮҮРСНИЙ СОНСГОЛ” хийх хувь тохиох нь юу л бол

Х.Нямбаатар сайдад “НҮҮРСНИЙ СОНСГОЛ” хийх хувь тохиох нь юу л бол

Саарал ордны ажилсаг ганц шоргоолж гэгдэж буй ХЗДХ-ийн Х.Нямбаатар “Нүүрсний сонсголд дэмжлэг үзүүлэх” ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон ч түүнд ахархан хугацаа үлджээ. Учир нь 2023 оны хаврын чуулган хаахад хэдхэн хоног үлдлээ. 
Мэдээж саарал ордны гадна, дотно дүү нараасаа бэргээтэй ах нар нь  наадам ч дөхлөө, чуулган ч хаалаа гэж олзуурхан суугаа.  Гэвч Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын Засгийн газар “Нүүрсний хулгай”-н сонсголыг “ҮХРИЙН СҮҮЛЭН ДЭЭР ХУТГА” гэгчийн үлгэрээр тун шахуу хугацаанд хийх талаар ярьцгааж, Х.Нямбаатарыг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Томоохон дуулиан тариад буй  эл төрлийн гэмт хэрэгт хэд хэдэн бүлэг фракцын цүнх баригч нараас эхлээд тэргүүлэх зэргийн гишүүд нь нэр холбогдсон. Тийм байхад үлээсэн шүгэлдээ эзэн болж, тэмцэгч сэтгэхүйтэй шалган байцаах  хугацаа байсан. Гэхдээ тэд тэгээгүй. Зүгээр л галыг намжааж, нийгмээр нь бужигнуулсан гурван сар ард хоцормогц Х.Нямбаатарыг  “Нүүрсний сонсголд дэмжлэг үзүүлэх” ажлын хэсгийн ахлагчаар томилсон гэх хардлага дагуулж байна. 
    Эргэн саная.      
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “нүүрсний хулгай”-н хэргийн талаар анх 2022 оны 11 дүгээр сард шүгэл үлээсэн. Төдөлгүй хэзээ ч сонсоогүй их хэмжээний хулгайн хэрэгт уурссан  иргэд төв талбайг дүүргэж, саарал ордныг бүчин авч, бүр дотогш халдах оролдлого хийсэн. Жагсаал хүчээ авч иргэд өвлийн -30 хэмийн хүйтэнд үстэй дээл хэдэрлэж, цагаан эсгий дэвсэн төв талбайд хонож байлаа. Гэтэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нэг л өглөө 17 хүний нэрсийг зарлаж, тэдгээрийг Монгол даяар хулгайч хэмээн тунхаглаад таахалзаж байсан. Иргэдтэйгээ нээлттэй сонсгол хийх нэрийдлээр жагсаалыг тарамдахдаа цагдаа хүчний байгууллагын ажилчдыг бултаар нь дайчилж, жагсагч нарыг хөлдүү мах шиг түргэний тэрэг рүү шидэлсэн. Засаг өөрөө иргэдээ ингэж хүчирхийлсэн. Энд бид ардчилсан засаглалаа алдсаныг анзаарах хэрэгтэй байлаа. 
Хулгайчаар зарласан 17 этгээдээс хоёр нь гэм буруугүй болох нь тогтоогдлоо гэх шалтгаанаар тоглоомоос гарав.  Үүнтэй зэрэгцээд Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Ажнай Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар , Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, А.Адъяасүрэн нарыг яллагдагчаар татсан.  Эдгээрээс Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах болоход Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Н.Наранбаатарыг Л.Оюун-Эрдэнэ хар толгойгоороо хамгаалж үлдэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзсан ч хэсэг хугацаанд эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон. Энэ үеэс эхлэн нүүрсний хулгайн хэргийг тарамдан мартагнуулах бодлого хэрэгжүүлсэн гэж харагдаж байна. Тухайлбал Батдөлийн 10 тэрбумын хэрэг, Ц.Хулангийн хууль зөрчсөн үйлдэл, Т.Бадамжунай, Ч.Сайханбилэг тэргүүтэй нөлөө бүхий этгээдүүдийг буцаан авчрах “Шувуу” ажиллагаа, Хөгжлийн банкны сонсгол, “Шилэн” ажиллагааны зөрчилтэй эрхмүүд гээд нийгмээр нь бужигнуулж, нүүрсний хулгайг олны хараанаас холдуулах оролдлогоо амжилттай гүйцэтгэсэн.  
Хамгийн сонирхолтой нь  хулгайтай тэмцэж буй УИХ, Засгийн газрын гишүүд сайд нар өөрсдөө хэрэгт нэр холбогдож байв. Тухайлбал Боловсролын сангийн зээл, ХААДС-ийн зээлүүд дээр Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан, Л.Энх-Амгалан, Т.Доржханд гэх мэт нөлөө бүхий эрхмүүд өөрсдөө авсан зээлээ тэглээгүй эсвэл бусдын боломжоос хумсалсан нь ил болсон. Баримт өөрсдийг нь чиглээд ирмэгц зоригтойгоор зээлээ тэглэн бардамнаж байсан. Гэтэл хөшигний ард тэд Үндсэн хуульд хуруу дүрж, 126 гишүүнтэй болох хуулийн тохироог үйлдсэн байв.
Иргэн төвтэй засаглалаасаа ухарч, удаа дараагийн гэмт үйлдлүүдээ хаацайлж, дуулианыг дуулианаар намжаахад тэд бүрэн суралцжээ. Өөрөөр хэлбэл нүүрсний хулгай бий хэмээн зоримог дуугарсан нь тэд Үндсэн хуульд хуруу дүрэх оролдлого болохыг бид нэгдүгээр сард сануулж байсан. Тэр ёсоор болж хулгайг илрүүлэх нь тэдний зорилго биш Засгийн газар ноёрхолоо тогтоох бодлого байв. 
Энэ мэт олон арван дуулианаар уулга алдтал 5Ш-дсэн Засгийн газар одоо нэрээ бодож  “Нүүрсний сонсгол” хийнэ гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэдэнд сонсгол хийх ахархан хугацаа үлдсэн гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байв. Арга ч үгүй дээ. Хүнээс нь биш дөнгөнөөс  нь айдаг иргэдээ хийж байгаа, шалгаж байгаа, дутуугаа гүйцээнэ гэх хоосон амлалтаар шагнаж сурсан юм чинь.
Одоо Х.Нямбаатар сайдад сонсгол хийх хэдхэн хоног үлдсэн. Амжсангүй, амжихгүй гэдэг хариулт уу эсвэл наадмын үеэр сонсгол хийсэн болоод орхих уу гэдэг хоёр л хариулт түүнд зохино. Саарал ордны ажилсаг ганц шоргоолж нэрээ бодож, мөрөө цэвэрлэн, бэргээтэй ах нараа бэртээлгүй авч үлдэх буй за. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1