Авлигал гэж сайн явахад садан шиг нэршил манай улсад дэлгэрсэн шиг дэлгэрсэн. Тиймээс ч өнөөдөр Улаанбаатар Авлигал хороололтой болсон. Харин бидний нэрлээд буй Авлигал хорооллын хэрэгт олон нэр бүхий эрхмүүд холбогдож, хэсэгтээ дуулиан тарих шинжтэй.
ҮЕ ҮЕИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ХОР ГҮЙСЭН ГАЗАР
Түүх уг нь ингэж эхэлсэн.
2008.09.17. Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт /Газрын албаны дарга Ц.Сандуй/ 442 тоот захирамжаараа орон сууцны зориулалттайгаар олгожээ. Тухайн үед тус компани уг газрыг дуудлага худалдааны анхны үнэ болох 380 орчим сая төгрөгийг төлж авч байжээ.
2011.03.25. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр /Газрын албаны дарга Ц.Сандуй/ 256 тоот захирамж гаргаж “Капитал” банкинд шилжүүлжээ.
2011. дөрөвдүгээр сар. “Эм энд Жи констракшн” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 256 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2012.06.18. Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шүүх 97 дугаар тогтоолоороо дээрх газрыг "Эм энд Жи констракшн" ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
2013.10.18. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл /Газрын албаны дарга М.Батсайхан/ Дээд шүүхийн энэ шийдвэрийг биелүүлж, А/951 дүгээр захирамжаа гаргасан байна. Ингэхдээ уг газрын зориулалтыг “ногоон байгууламж" болгож өөрчилсөн байна.
2018.11.27. Нийслэлийн Засаг дарга Су.Батболд /Газрын албаны дарга Э.Болорчулуун/ А/1111 тоот захирамжаар нэгж талбарын 1780610006 дугаар бүхий 79.875 м.кв газар, нэгж талбарын 1780610005 дугаар бүхий 29420 м.кв газар, нэгж талбарын 1780610007 дугаар бүхий 2640 м.кв газар болгон гурван гэрчилгээг тус компанид олгожээ.
2020.09.30. Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан /Газрын албаны дарга А.Энхманлай/ "Эм энд Жи констракшн" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
2020.10.27. “Эм энд Жи констракшн" ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
Ингээд 2021 оны гуравдугаар сарын 3-нд одоо яригдаад байгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэлийн шийдвэр гарсан байна.
ЗАЙЛШГҮЙ НЯГТЛАХ ЁСТОЙ БАРИМТ
Тухайлбал одоогийн НИТХ-ын даргаар ажиллаж буй Ж.Батбаясгалан Хотын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр “ Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байгуулах тухай” А/1155 захирамжийг гаргасан. Тус захирамжийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгч О.Оюунгэрэл 2021 оны гуравдугаар сарын гуравны 0147 дугаартай шийдвэрээрээ хүчингүй болгожээ.
Хамгийн сонирхолтой нь хотын дарга Ж.Батбаясгалангийн захирамж, О.Оюунгэрэл шүүгчийн хүчингүй болгосон шийдвэр нь ашиг сонирхолтой зөрчилтэй харагдаж байгаа юм.
Ингэхдээ Хотын дарга Ж.Батбаясгалан дээрх захирамжаараа "Авлигал хороолол" буюу "Aqua garden" төслийг хэрэгжүүлэгч "Эм энд Жи констракшн" компанийн газрын эрхийг хүчингүй болгосон.
Газрын тухай хуулийн 40.1.6, Усны тухай хуулийн 22.3, 22.4, БОНХАЖ-ын сайд, БХБ-ын сайд 2015 оны зургадугаар сарын 5-ны 230/127 тоот тушаалыг үндэслэж захирамжаа гаргажээ. Газрын тухай хуулийн 40.1.6-д "...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил газрыг ашиглаагүй" бол цуцлах эрх зүйн зохицуулалттай. Гэтэл шүүх уг үйлдлийг"...Уг газрыг олгосон сүүлийн захирамжийн үйлчлэлээр тоолоход хоёр жил болоогүй байна" гэсэн агуулгаар няцаасан байгаа юм. Бас "...Ж.Батбаясгалан нь Нийслэлийн ГЗБА-ны саналыг аваагүй. Ингэхээр ГЗБА нь Газрын тухай хуулийн 23.3-д заасан эрх мэдлээ хэрэгжүүлээгүй, Ж.Батбаясгалан ийм боломжоор хангаагүй" гэж үзжээ. Хачирхалтай нь Газрын тухай хуулийн үндэслэл шүүх дээр утаа болон замхрав.
Эндээс илүү ноцтой нь Ж.Батбаясгалангийн хоёр дахь үндэслэл. Тэрбээр "...Усны тухай хуулийн 22.3-т "...Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно", мөн хуулийн 22.4-т "...Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно" гэж тус тус заасан. Энэ дагуу "Эм энд Жи констракшн"-ийн эзэмшиж буй газар нь үерийн хамгаалалтын бүсэд олгогдсон учир цуцалсан гэж харагдаж байгаа юм. Гэвч шүүгч О.Оюунгэрэл "...Бодит байдлыг үзвэл маргаан бүхий газрын урдуур Дунд гол урсдаг. Тус газар нь усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зай хэмжээний тухайд хамаарч байх боловч НИТХ-ын 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны 8/69 дугаартай тогтоолоор Сэлбэ гол, Дунд голын 2.6 км үерийн далангийн засвар шинэчлэлийн ажилд зориулан төсөв баталж, улмаар үерийн далан байгуулагдсан байна. Далан байгуулагдсанаар газар ашиглалтын улмаас эх, ундарга, нөөц хомсдох, бохирдохоос хамгаалагдсан. Мөн үер усны гамшгаас хүн ам сэргийлэгдсэн байна. БОНХАЖ-ын сайд, БХБ-ын сайд 2015 оны зургадугаар сарын 5-ны 230/127 тоот тушаалаар баталсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын 2.4-т "...Улс ардын аж ахуйд онц чухал ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга, байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус цахилгаан дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй" гэж заасан нь маргаан бүхий газарт үйлчлэхээр байна. Мөн энэ талаар талууд маргаагүй болно" гэжээ. Ингээд Ж.Батбаясгалангийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон.
Товчхондоо, Шүүгч О.Оюунгэрэл нь "..."Авлигал хороолол"-оос болж үер болохгүй" гэдэгт итгэл төгс алхаа тогшсон дүр зураг харагдаж байна. Дуулиан үл тасрах Aqua Garden төслийн багийн дараагийн хөлдөө чирэх хүн нь Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүгч О.Оюунгэрэл болж таарав. Өөрөөр хэлбэл шүүгчээ шүүгч шүүх нөхцөл байдал үүсч болзошгүй.
О.ОЮУНГЭРЭЛ ШҮҮГЧ ДЭЭРХ ХЭРЭГТЭЭ ИЙМ НЭГЭН ТАЙЛБАР ӨГӨВ
Тус хэргийн тухайд анх “Эм Энд Жи констракшн” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийн “Капитал банк”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан байна гээд нэлээд урт тайлбар өгч “...Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус гэж үзсэн бол давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж засуулах боломжтой байсан. Гэвч нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зүгээс уг шийдвэрт гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна...” хэмээв. Түүнчлэн тэрбээр “... “Эм Энд Жи констракшн” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна...” гэж мэдээлсэн юм.
О.Оюунгэрэл шүүгчийн дээрх тайлбараас харахад нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ч одоогийн хотын дарга Д.Сумъяабазар хүлээн зөвшөөрсөн. Хамгийн сонирхолтой нь Д.Сумъяабазар дарга гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл унжийж шарваганаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэх нь ташаа мэдээлэл юм гэжээ. Эндээс О.Оюунгэрэл шүүгчийг эл хэрэгт гэм буруугүй гэж үзэх үндэслэлээ цэвэрхээн үйлдчихсэн гэх хардлага дагуулж байна. Хэт улстөржүүлж харвал Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарын дунд чимээгүй дайн өрнөж байгаа бололтой.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ