surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Угаар айсуй. Уушигаа бэлд

Угаар айсуй. Уушигаа бэлд

Дэлгэр зуны улирал шувтарч, шаргал навчис хөглөрсөн намрын улирал хаяа дэрлэн ирлээ. Намрын сайхныг бодож бясалгахаас илүү жавар тачигнасан өвөл л санаанд бууж байна. Дэлхийн  сүйрсэн хот Улаанбаатар болж харагдаад л. Хоолой гашуун оргиж, цээж цэртэй, хувцас тоостой хүйтэн улиралд хүн болж онд орох нь ихээхэн зориг, багагүй үйл үздэг билээ.  

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан Улаанбаатарт утаат хүрмээ хэдрэх цаг ирж явна. Шийдсэн шийдэлгүй, шийтгэсэн хүнгүй Таван Ш ажиллагаа гэж одоогийн Засгийн газрын өөртөө үлээсэн шүгэл иргэдийн амьдралыг туйлдуулж байна. Хэрэгтэй таван өгүүлбэр ч өнгөрсөн хаврын чуулганаас сонссонгүй. Хулгайч цагдаа болж тоглосоор намрыг угтаж байгаа Засгийн газарт утаа угаарын асуудал их л төвөг удна. Уг нь энхийн цагт хөлс их гаргавал дайны цагт цус бага гаргана гэж сайхан үг бий. Хаврын чуулганаасаа эхлээд хулгайчтайгаа, утаатайгаа хамт тэмцэж болох л байсан. Тэдний хэн нь ч таван үг бүтэн эвлүүлж чадалгүй чуулганаа өндөрлүүлж, гавьяатай юм шиг амралтаа авцгаав.  

 Уг нь энэ онд буюу 2023 оны нэгдүгээр сард агаарын бохирдлыг бууруулахаар 39.2 тэрбумыг төсөвлөсөн. Уг мөнгөн дүн нь үндсэн үйл ажиллагааны урсгал зардал гэж байгаа.  

     ӨНГӨРСӨН ОНЫ АГААРЫН БОХИРДЛЫГ ЭРГЭН ХАРАХ НЬ     

Нийслэл хотын долоон дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажилласан. Эдгээрт өдөртөө 2700-3100 тонн шахмал түлш нийлүүлж, нөөцөд 98 мянган тонн түлш байсан байдаг. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ шинээр томилогдсон дэд сайдад агаар, ус, хөрсний бохирдлын асуудалд анхаарал хандуулах үүрэг өгсөн. Мөн үүсээд буй нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, байгаль орчны хяналтыг сайжруулж,  ажилдаа шуурхайлан орохыг анхааруулсан билээ. Энэ чиглэлийн дагуу шинэ дэд сайд ажилдаа шамдав. Гэхдээ энэ бол анхны тохиолдол биш. М.Ганбаатарын хувьд өмнө нь сайжруулсан түлшний үйлдвэрийн удирдлагаар томилогдож байсан ч утааг дорвитой буулгаагүй гэх иргэдийн гомдолтой нүүр тулж байсан нь оргүй зүйл биш байлаа. 

Хяналт, судалгаанаас гадна Улаанбаатар хотын 20 байршилд агаарын чанар хэмжигч төхөөрөмжийг өнгөрсөн 2022 онд байгуулсан. Ингэснээр албан статистик мэдээнээс гадна иргэд өөрсдөө агаарын чанарын дүнтэй танилцаж утааны дата, чанарыг мэдэх боломжтой болжээ. 

2017-2020 оны хооронд 456.1 тэрбум төгрөгийг агаар орчны бохирдлыг бууруулахад санхүүжүүлсэн байна. Ингэхдээ шөнийн тарифыг тэглэж, нам даралтын зуухнуудыг буулган дэд бүтэцтэй холбосон, агаарын бохирдлын 3000 гаруй байцаагч нарыг ажиллуулсан зэрэг төлөвлөсөн ажлынхаа 68 орчим хувийг хийсэн гэж УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах  асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг хэвлэлд мэдээлсэн байдаг. Гэвч Улаанбаатарчууд утаанаас хагацаагүй.  

     2022 ОНЫ АГААРЫН БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ УЛСЫН ТӨСВИЙН 20 ОРЧИМ ТЭРБУМЫН УТААРАЛ      

Улсын нийслэлээ “Үхлийн хөндий" болохыг харж тэсэхгүй, тэвдэж дасахгүй нь. 2019 оны өвөл 50 хүртэл хувиар утааг бууруулж болохыг харсан. Гэхдээ 2020 оноос хойш хотоо там болгосон.   

Сонирхуулахад 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд 550 тэрбум төгрөг,  2017-2020 онд 456,1 тэрбум төгрөгийг улсын болон нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаас зарцуулсан ч агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрээгүй гэдэг тайланг Үндэсний аудитын газраас гаргасан байдаг. 

Харин 2022 онд улсын хэмжээнд 20 орчим тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулжээ. Утаагүй хочит сайжруулсан шахмал түлшийг дөрөв дэх өвөлдөө хэрэглэж байна. Гэвч агаарын бохирдлыг бууруулж чадаагүй. Энэ хотод оршин суугаа 1.4 сая гаруй хүн эрүүл мэндээрээ дөрвөн жил хохирсон гэсэн үг. 

Гэтэл Байгаль, Орчин аялал жуулчлалын сайд, Агаар орчныг бууруулах үндсэний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нь "утаа миний ажил биш шүү" хэмээн нийтэлж, уушиг нь өнөө маргаашгүй болсон иргэдээрээ дайжигнав. Гэтэл Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт нь утааг бууруулна гэж ороогүй, утааг бууруулах нь хотын ажил биш хэмээн хотын удирдлагуудаас мэдэгдэл хийсэн. Хотын захирагчаа эрхлүүлсэн, БОАЯ-ны сайдаа нялхруулсан Улаанбаатарчуудад дорвитой ажил хийгдээгүй байхад улсын төсвийн 20 тэрбум хаашаа урссаныг тайлбарлаад өгөх хүн бүү хэл нохой ч олдоогүй 2022 он.  

    АЛБАНЫХНЫ УТААРСАН БАЙР СУУРЬ     

БОАЖ-ын сайд  асан Н.Уртнасан: Улаанбаатар хотод утааны голомт болж буй газруудад дрон нисгэж утаа их гарч буй айлуудад очиж, шахмал түлш хэрэглэж байна уу, түүхий нүүрс болон бусад зүйлс түлж байна уу гэдгийг шалгана. Учир шалтгааныг зөв олох хэрэгтэй 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  : Агаарын хэм 12-13 байхад утаа аль хэдийн гэр хороолол гэлтгүй Зайсанд хүртэл үнэртээд эхэлсэн 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх: Өнөөдрийн байдлаар бидний үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг тэр дундаа шинэчлэн баталсан шаардлагыг хангаж байгаа. Сайжруулсан шахмал түлш болон станцуудын үйлдвэрлэлтэй холбоотой ялгарч байгаа утаа өмнөх жилүүдээс илүүтэйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлсөн зүйл байхгүй гэдгийг баттай хэлье. 

   УТААНААС ХАГАЦСАН ОЙРЫН ЖИШИГ УЛС -  БНХАУ    

Утааны гамшигт нэрвэгдээд байсан Хятад улс 2014 онд Ханжоуд болсон G20 дээд хэмжээний уулзалтын хүндэт зочдыг утаагүй, цэлмэг тэнгэртэй угтахын тулд үйлдвэрүүдээ 14 хоногийн турш хааж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр Хятад орон утаатай тэмцэх ажлын үр дүнгээрээ дэлхийн үлгэр жишээ улсуудын нэг болж, хамгийн их утаатай 10 улсын тооноос хасагдаж, хийж бүтээснийхээ үр дүнд олзуурхаж сууна.  

  НЭГТ. ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАН ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ЦАМХАГ БАРЬСАН    

100 м өндөр тус агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж эхэлснээс хойш Шиань хотын агаарын чанар 10 кв.км талбайд мэдэгдэхүйц сайжирсан ба PM2.5 тоосонцрын хэмжээ 15 хувиар буурсан гэнэ. Цамхаг нь туршилтын жижигрүүлсэн загвар бөгөөд үр дүнтэй байвал үүнээс ч томыг Хятадын олон хотод барихаар зорьж байгаа юм. Шинэ технологи үргэлж боломжгүй мэт санагддаг ч эргэлзэгчдийг үгүйсгэн хариу барьж, гайхамшгийг бий болгодог. Манай эрдэмтэн судлаачид, технологи сонирхогчдод нөхцөл байдалд нийцсэн олон сонирхолтой шийдэл, инновациуд байгаа нь гарцаагүй.   

   ХОЁРТ. 2030 ОН ГЭХЭД ЦАХИЛГААН МАШИНЖУУЛАХ БОДЛОГО    

Бээжин хотын захиргаа 2018 оны нэгдүгээр сараас агаарын бохирдол ихээр ялгаруулж буй 553 гаруй автомашины төрлийн ашиглалт ба үйлдвэрлэлийг хориглох шийдвэр гаргалаа. Үүнд Audi, Beijing Benz, Chevrolet зэрэг гадаад болон дотоодын загварууд багтсан байв. Хятадын эрх баригчид 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах тал дээр дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан. Иймд цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашины хэрэглээг идэвхтэй дэмжиж аяндаа бүх машиныг цахилгаан болгохоор зорьж байна. 

  ГУРАВТ. НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БУЮУ АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ "ОЙН ХОТ" ТӨСӨЛ ЭХЛҮҮЛСЭН НЬ   

Хятад улс агаарын бохирдлоо бууруулахын тулд хэрэгжүүлж буй олон төслийн нэг нь Наньжин дахь "Ой хот" төсөл юм. Төслийн хүрээнд оффис, орон сууц, зочид буудал, музей, сургуулийн зориулалтаар ашиглах 200 орчим "ногоон" барилгыг барьж, хотын агаарын бохирдол, утаа, тоосонцрыг багасгахаар төлөвлөжээ. Эдгээр барилгын ногоон байгууламжууд өдөрт л 60 кг хүчилтөрөгч ялгаруулна гэнэ. Дэлхийн хамгийн анхны босоо ойн барилгын ажил эхэлсэн байгаа бөгөөд эхний ээлжийн барилгууд ирэх жил ашиглалтанд орж, 2020 он гэхэд Наньжин тэр чигээрээ ойн хот болохоор төлөвлөж амжилттай хэрэгжүүлжээ 

   ЭНЭ ОНЫ 39.2 ТЭРБУМЫН ТӨСВӨӨР УГААРААС СЭРГИЙЛЭХ УГЖНЫ БОДЛОГО    

Төсвийн мөнгө уйлдаггүй. Жилийн жилд урсгал зардал нь нэмэгдэж, үүнийгээ дагаад утаа нь ч нэмэгддэг Утаанбаатар минь. Өнгөрсөн жил 20 тэрбум, энэ жил 39 тэрбум. Энэ их хэмжээний мөнгөөр нийслэлд дорвитой ажил хийж болох л байсан. Гэтэл сургалт семинар, арга хэмжээ зохион байгуулж, хоосон сүржин уриа лоозонд улсын төсвийн мөнгийг хийсгэчих дүр зураг сүүлийн жилүүдэд түлхүү харагдах боллоо. Хэлдэг, ярьдаг, шаардаж чаддаг ард түмэнд бол 39.2 тэрбум гэдэг утаа угаараасаа багахан ч болтугай хагацаж болох хэмжээний мөнгөн дүн. Тийм ч болохоор төсвийн энэ хэмжээний зардлуудад иргэд байр сууриа илэрхийлдэггүйг ашиглан төсвийн мөнгийг царцаах тохиолдлууд олширдог бололтой. Энэ тохиолдол энэ онд ч бас гаарах төлөвтэй байна. Утаан хүрмээ хэдрэхийн урд дорвитой ажил хийхийг харж хүлээж, шаардаж суух л үлдлээ. Өвөл айсуй.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1