surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Сав нь дүүрдэггүй, савраа татдаггүй Ц.Анандбазар

Сав нь дүүрдэггүй, савраа татдаггүй Ц.Анандбазар

Сав нь дүүрдэггүй, савраа татдаггүй Ц.Анандбазар

2020 оны УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог Булган аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон Ц.Анандбазар. Тэрээр  “Шар сэмжилсэн”, 51 зэрэг нэр зүүж, охид эмэгтэйчүүд түүний бэлгийн хүчирхийллийн эсрэг Me too гэх хөдөлгөөн өрнүүлж, хөдөлгөөнийг олны танил бүсгүйчүүд тэргүүлж байсан нь ердөө ганцхан жил гаруйн өмнө. Монголын уран сайхны нэгэн кинон дээр “ Энэ хүрээний бузар булхайг дэлгэвэл мөн ч их юм бий дээ” гэдэг дээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын гишгэсэн мөр, дуудах нэр тийм ч дардан, тийм ч зөв биш ажээ.  Хүчиндүүлсэн, хүчиндэхийг завдсан гэх олон охид бүсгүйчүүд нэгдэж, хэзээ, хаана, ямар үйлдэл гаргасныг нь илчилж эхэлсэн.

2021 оны дөрөвдүгээр сарын 31-нд “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэртэй нэвтрүүлэг цацагдаж, тус нэвтрүүлэгт зургаан хохирогч, гурван гэрч буюу нийт есөн эмэгтэй оролцож, түүний бэлгийн хүчирхийллийн талаар ноцтой баримтуудыг дэлгэж байлаа. Ц. Анандбазар нь өөрийн эзэмшлийн “Өргөө” кино театр болон Бага тэнгэр цогцолбортоо ажилладаг охидоос бие хаа, царай зүс сайтай гэснээ сонгож, шөнийн ээлжинд ажиллуулах нэрээр Бага тэнгэрийн аманд байх хаусууддаа аваачин бэлгийн дарамт хүчирхийлэл үйлддэг байсныг илчилсэн байдаг. Ийнхүү хүчирхийлэлд өртсөн, мөн завдсан гэгдэх эмэгтэйчүүд ар араасаа гарч ирж, хохирогчдын тоо 1000 хүрээд байсан юм.

Гэвч удалгүй гэрч хохирогчид хуулийн байгууллагад өгсөн өргөдлөө буцаах, мэдүүлгээсээ буцах, хууль хяналтын үйл ажиллагаанд нь гэрчээр оролцохоос татгалзах зэргээр  Ц. Анандбазарын хүчингийн хэргээс нэрээ татаж эхэлсэн байна. Ингээд зогсохгүй гэрчийн мэдүүлэг өгсөн С гэх залуу бүсгүйд хүний нэр төрд халдаж, гүтгэсэн гээд эргээд өөрт нь ял тулгаж, зургаан сая төгрөгний торгуульд унагасан байна.

Холбогдсон хүчингийн хэргүүдийнхээ хохирогчдыг дарамтлах, авлигадах, хууль хяналтынханд нөлөөлөх замаар хэргээ хэрэгсэхгүй болгохоор санаархаж байна гэсэн ноцтой мэдээ хууль хяналтынхны зүгээс гарч байгаа талаар тухайн үедээ хэвлэлүүд бичиж л байсан.  Эрхэм гишүүн өөрийн албан тушаал, танил тал, хөрөнгө мөнгөөр далайлгаж гэрч хохирогчдын амыг барьсан гэсэн хардлага олон нийтэд ч төрж байсан нь цахимаар хөвөрч байлаа.

УИХ-ын гишүүний ёс зүйд байж боломгүй үйлдэлд холбогдсон Ц. Анандбазарын хэрэг шүүхээс гэм зэмгүйд тооцогдож нэг юм мултарч чадсан ч, дээр хэлсэнчлэн  буруу булхайг нь ухвал овоо юм гарах шинжтэй.

Ц.АНАНДБАЗАР ТА НЭР ЦЭВЭР ГИШҮҮН БАЙЛАА ЮУ?

УИХ-аар нүүрсний хулгайг илрүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн нэг гишүүнээр Ц.Анандбазар томилогдсон. Гэтэл ажлын хэсэг ажлаа хийж эхлээ ч үгүй байхад, мань нөхөр өөрөө хулгай хийж байсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар ил болоод нэр нь зарлагдчихав. Би хамгийн сүүлд долоодугаар ангидаа л гэргтээ нүүрс оруулж байснаа санаж байна гэж өөрийгөө хамгаалсан байр сууриа илэрхийлэхдээ хэлсэн байдаг юм.

Тэрээр оны өмнөхөн хэвлэлийнхэнд хийсэн мэдэгдэлдээ, “Монголын ард түмэн ядуу амьдралтай байхад ийм том хулгай байж болохгүй... нүүрсний хулгайн мөнгөөр иргэдийн ипотекийн зээлийг төлүүлнэ. Ийм хуулийн төслийг ирэх жил өргөн барина гээд, унтаж байгаа баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөө гомдох цаг ирнэ гэсэн нь ёстой нөгөө “Хулгайч өөрөө тэр хулгайчийг бариарай” гэж хашхирахтай адил зүйл болсон нь энэ. Дээр нь инээд хүрмээр нэг ишлэл дурьдсан нь “ УИХ-ын хамгийн нэр цэвэр таван гишүүний нэрийг цохож байна” гэчихжээ. Анандбазар гишүүн өөрийгөө нэр цэвэр гишүүдийн тоонд тооцож байгаа бол сэтгүүлч миний бие түүний бузар булхайг хоёр өдрийн турш судалж, цуглуулаад ч барсангүй юмдаг.

түүний хүчингийн хэргийг нэвтрүүлгийн өмнө дурьдсан учир нь, бэлгийн хүчирхийлэлд холбогдсон гэмт хэрэг, бузар булхайгаа мөнгө төгрөг, эрх мэдэл, албан тушаал ашиглан дарагдуулахдаа гарамгай гэдгийг эргэн сануулж, одоо холбогдоод байгаа нүүрсний хулгайн хэргээс ч өөрийгөө мулталж гарах вий гэсэн эмээлт төрснийх.

Нийт 3,4 тэрбум төгрөгийн хадгаламжтай 7,6 тэрбумыг хол давсан үл хөдлөхийн үнэлгээтэй тэрбумтан улс төрч. Ийм хэмжээний хөрөнгөтэй хүн ядруухан ард иргэдийнхээ өмнүүр орж, нүүрс хулгайлж нэр нүүрээ барсан уу гэдгийг авлигад идэгдээгүй шударга шүүх маань олж тогтоох болтугай. Гэснээс... хөгжлийн банкнаас хүртэл өөрийн эзэмшдэг “Сод Монгол групп” ХХК-иар дамжуулан 669.8 сая иенийн зээл авч байсан юм билээ. Харин энэ зээлээ өнгөрсөн оны хоёрдугаар сард эргэн төлж дуусгасан гэгддэг. Анандбазар нь “Эрдэнэт ойл” ХХК, “СодМонгол газ” ХХК, “Бэрс-Дизайн” ХХК, “ШТС”ХХК, “Сайншанд Рефайнери” ХХК, “эс эм жи ойл энд газ” ххк, “Шинэ соёмбо” ххк, “Алханатрейд” ххк, “мэргэн ван” ххк, “сод монгол групп” ххк-д тус тус  хувьцаа эзэмшдэг.

“ХАРДАХ ЭРХ: Ц.АНАНДБАЗАРЫГ ХЭН ХАМГААЛДАГ ВЭ?”

 Үй түмэн охид эмэгтэйчүүд өөрийнх нь эсрэг баримттай мэдүүлэг өгч гэрчилсээр байтал, хүчингийн хэрэг нь хэрэгсэхгүй болгогдож, түүгээр барахгүй ёс зүйн том алдаа гаргасандаа уучлалт гуйгаад нэр төртэйгээр их хурлын гишүүнээсээ татгалзмаар байтал, одоог хүртэл төрийн нэрийн өмнөөс ард олны эрх ашгийг хамгаалагч эрхэм гишүүн хэвээр байгаа нь ямар их чадал чансаа вэ? Хөгжлийн банкнаас хамаарал бүхий компаниараа дамжуулж их хэмжээний зээл авсан байтал... буцаагаад өрөө төлсөн л болоо гээд толгойгоо илүүлээд үлддэг ямар их хайрлагдсан хүн бэ? Түүнтэй холбоотой асуудлуудыг харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй мэт царайлж, хаацайлж байгаа хэн байна вэ? Хууль хяналтынхан хүртэл хүчирдэггүй эрх дарх, хамгаалалт хэрхэн үүссэн бэ? Жаахан тодруулая...

ХАРДАХ ЭРХ: УИХ-ЫН ДАРГА ЗАНДАНШАТАР

УИХ-ын дарга Г.Занданшатар нь Анандбазар хоёр Анандбазарын дүү Дэлгэрмаагаар дамжуулан нэг компани эзэмшдэг гэж хардаж болохоор байна. Тухайлбал, Анандбазар Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж шав тавихад Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатар биечлэн очиж, бүр тууз хайчлан нээлцэж байж. Үүнд нь МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцоо ч байсан гэдэг бор шувуу нисдэг. Мөн Ц.Анандбазар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх, боломжийг УИХ-ын дарга Г.Занданшатар олж өгсөний хариуд  Ц.Анандбазар Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд барьсан 160 айлын хауснаасаа нэгийг нь өгсөн гэж шуугьсан. Үүнээс гадна Г.Занданшатар, Ц.Дэлгэрмаа, Ц.Цэрэнпунцаг гурвын эзэмшдэг “Монголиан силикон валли” ХХК нь Мэдээлэл технологийн үндэсний паркад байрладаг бол Мэдээлэл технологийн үндэсний паркийн нэг, хоёрдугаар давхрын 33 өрөөг “Сод Монгол групп” түрээслэхээр 2012 онд Төрийн өмчийн хороотой гэрээлсэн байдаг. Одоо тэнд “Сод Монгол групп”-ийн эзэмшлийн “Өргөө-2” кино театр үйл ажиллагаа явуулдаг юм. Ингээд үзэхээр холбоо сүлбээ, хамтын ажиллагаа яг л аалзны тор шиг байгаа биз. Сахилгагүй түншээ их хурлын дарга нь хамгаалахаас ч аргагүй юм уу даа.

ХАРДАХ ЭРХ: УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛД

Г.Занданшатарын өмнө буюу 2012-2016 онд УИХ-ын даргын албыг хашсан З.Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтох нь Ц.Анандбазарын “Сод Монгол газ” ХХК-ийн хувь эзэмшигч ажээ. Тус компанийг “Сод Монгол групп” болон З.Хишигтогтох нар л эзэмшдэг юм байна. З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад 2012-2016 оны хугацаанд Ц.Анандбазарын “Сод Монгол групп” төрийн өмчит компаниуд, тэр дундаа “МИАТ”-д асар их хэмжээний шатахуун өндөр үнээр “шахсан” асуудал яригддаг. Үе үеийн их хурлын дарга нарыг хөрөнгө мөнгөөрөө барьж базаж, харилцаагаа зузаатгасныхаа хариуд өөрийнхөө тарьсан балаг, хийсэн хэргүүдээ далдлуулж дарагдуулдаг овтой хүн бол Анандбазар юм.

САВ НЬ ДҮҮРСЭН Ч САВРАА ТАТААГҮЙ Ц.АНАНДБАЗАРЫН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ НЭГЭН БУЛХАЙ

 Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо нь Соёлын төв өргөөний В корпус дахь Сод Монгол группийн үндсэн оффист, Ц.Анандбазар гишүүнтэй хамтдаа сууж ажилладаг байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Санхүү эрхэлсэн захирлаар Д.Үүрийнтуяа гэгчийг Бадамсүрэн дарга нь томилсон байдаг бол Д.Үүрийнтуяа 2014-2016 онуудад Сод Монгол группийн Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан юм. 2022 оны эхний сарын дүн мэдээгээр  үйлдвэрт, дарга нарын хэрэгцээнд АИ95 шатахуун авсан гэх тайлбартайгаар Бадамсүрэн дарга, Д.Үүрийнтуяа нар

2022.01.04-нд 76.296.150.00 мянган төгрөг

2022.01.10-нд 1.311.216.480.00 мянган төгрөг

2022.01.13-нд 1.000.000.000.00 мянган төгрөг

2022.01.20-нд 1.000.000.000.00 мянган төгрөгийг Сод Монгол групп рүү шилжүүлсэн байдаг гэнэ.

“Хүрээний бузар булайг ухвал их юм гарна даа” гэж эхэнд хэлсэн ишлэлээрээ төгсгөе. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийн танил тал, холбоо харилцаа, хөрөнгө мөнгө, ах дүү амраг садан нийлсэн сүлжээгээрээ дулдуйдан улаан гар, төрсөн биеэрээ үйлдсэн бусармаг хэргүүдээ нуун дарагдуулсаар л байна. 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1