surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ц.Элбэгдорж С.Баярцогт нар М.Энхболд Сү.Батболд нартай ирэх сонгуулийн өнгийг засах нүүдэл

Ц.Элбэгдорж С.Баярцогт нар М.Энхболд Сү.Батболд нартай ирэх сонгуулийн өнгийг засах нүүдэл

Ц.Элбэгдорж Ардчилсан намд ноёрхолоо ахин тогтоов. С.Эрдэнээс өрх тусгаарласан тус намын эрх ашиг Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын дундахь ширүүн өрсөлдөөнийг хурцатгаж өгсөн. Гагцхүү улс төрийн хүрээнийхний дунд Лу.Гантөмөрийн гаргах шийдвэр анхаарал татаж байсан юм. Эцэст нь экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хожлын хөзрөө гаргаж тавьсан нь С.Баярцогтыг Лу. Гантөмөрийн нууц ноён болгон гаргаж ирснээр ерөнхийлөгч асан Х.Баттулгын хөх туг ганхахад хүрэв.  
С.Эрдэнийг тоглоомоос гаргаж, цаашлаад улстөрөөс арчих “захиалга”-ыг МАН-аас өгсөн гэлцэх хов хүчтэй байсныг ч энд хэлэх хэрэгтэй юм. Эдгээртэй зэрэгцэн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Капитал банкинд байршуулсан, сайд асан Н.Батбаяртай хамтран мөнгө угаасан гэх үндэслэлээр түүний хэргийг прокурорт шилжүүлж буй мэдээлэл эрчтэй цацагдсан нь тэрбээр МАН-д, АН-д ч “хэрэггүй” кадр болсныг харуулсан явдал байлаа.
ҮБХ-ны хурлаар 15 дэд даргынхаа хоёрт нь С.Эрдэнийн хүмүүсээс оруулсан гэх боловч нэг нь аль хэдийнээ Х.Баттулгыг дагах болсон, нөгөөхийнх нь дуу хоолойг туниа муутай гөлөг гаслахын дайд ч хүрэх биш хэмээн үзсэн. 
С.Эрдэнэд нойрсуулах эм өгч Х.Баттулгад үмх мах үмхүүлээд хожлоо гартаа авсан Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын хоршил хэрхэн үргэлжлэх нь олны анхаарлыг татаж байсан. Ардчилсан намын тэргүүн дэд дарга гэх сэтэртэй Сангийн сайд асан С.Баярцогтыг гарынхаа банхар болгосон Ц.Элбэгдоржийн улс төрийн нүүдэл дэд дарга Ч.Өнөрбаяр, ҮБХ-ны тамгын газрын даргаар С.Батзаяа нарын томилгоогоор үргэлжилсэн нь одоог хүртэл Ц.Элбэгдоржийн хамгийн ойрын хүн нь Б.Хурц байсаар буйг харууллаа. Өөрөөр хэлбэл Х.Баттулгыг намнахдаа С.Баярцогтыг өгөөш болгон өгөхийн тулд Ч.Өнөрбаяр,С.Батзаяа нарыг эрх мэдлээр шагнасан зураглалыг Б.Хурц зохиож Ц.Элбэгдорж найруулжээ. 
Эцэст нь Л.Гантөмөр гэх “саравчин” дор С.Баярцогт сөрөг хүчний дарга болсон гэсэн үг. 
Ц.Элбэгдоржийн сценариар АН-ын генсэкийн суудалд С.Эрдэнэболд орж ирэх аж. Залуу, мэдлэгтэй, боловсролтой гээд олон имижээр нам дотроо гоё харагддаг тэрбээр наадмын өмнө УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн ирэх онд Төв аймагт нэр дэвшихээр усалгаа хийж эхэлсэн нь илтэд харагдаж байгаа.
Ц.Элбэгдоржийн хувьд М.Энхболд, Сү.Батболд гэхчлэн МАН-ын нөлөө бүхий эрхмүүдтэй  МАНАН гэгдэтлээ ойр явсан, цаашид ч ойр явах тоглогч. Тиймээс МАН доторх MCS фракцтай ч хэл амаа ололцох нь ганц утас цохих төдий л шийдэгдэх асуудал…Тэгэхээр 2024 оны сонгууль, түүний дараа байгуулагдах Засгийн газар ч тэдний зургаар явах нь тодорхой болов.
Л.Гантөмөрийн хувьд АН-ын дарга гэх хоосон нэрийн хуудас, С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг төөрөгдүүлэх Ц.Элбэгдоржийн төлөвлөгөөнд өнгөлөн далдлах хөзөр байлаа. Намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөж, итгэлийг нь олох чадваргүй түүнийг “тоглоомоос гаргах” сонирхол одоохондоо байхгүй. Ингэснээр Ц.Элбэгдоржийн халаасанд Л.Гантөмөрийн карьер дуусах ажээ.
Тэгээд ч нам доторх фракцтайгаа эв түнжингээ олж, эрх баригч болно гэхээс илүүтэй одоогийн эрх баригчтай тохиролцон хамтарсан Засгийн газар байгуулах тохироотой С.Баярцогт, Ц.Элбэгдорж нарын төлөвлөгөө амжилттай боллоо. Одоо Х.Баттулга ч , С.Эрдэнэ ч шүдгүй арслан болов. Харин МАН-д М.Энхболд эргэн ирсэн. Тэгэхээр М.Энхболд, Сү.Батболд нарын бүлэглэл Ц.Элбэгдорж,С.Баярцогт нартай эргэн нийлж, хуучин үеэ дурсан ирэх сонгуульд зэхнэ. Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүч ганхаж эхлэх зураглал тун удахгүй гарч ирнэ. 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1