surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

 Пластик хочит Д.Наранхүү гэж хэн бэ

 Пластик хочит Д.Наранхүү гэж хэн бэ

Үс гэзгээ ширэлдтэл, тархи толгойгоо хашилтал савангийн дуурь үзсэн Д. Наранхүү өнөөдөр өөрөө өөрийнхөө найруулсан савангийн дуурийн гол дүр болоод эргэн ирж байна. Тодруулбал Ш.Раднаасэдээр дэмнүүлж, Д.Ариунболд,Б.Ганхуяг нартай хөтлөлцөж, Загджаваар үлгэр жишээ хийж явсан уул уурхайн салбарын нэгэн өндөглөгч тахиа, өөлгөж шүүлгэх гэм хийж оргон зайлаад, өнөөдөр дун цагаан хун болж төрөл арилжаад тасын саварт шүүрүүлээд амь наана там цаана ирж байна. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчийн үлгэрээр ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрөгч 12 дугаар сарын 08-ны өдөр баривчлагдсны маргааш эх орноосоо дүрвэн гарсан Д.Наранхүү гэж хэн бэ 

 Д.НАРАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ

     Дамбадаржаа овогтой Наранхүү нь 1966 онд төрсөн  “Данац-интернэйшнл” ХХК, “Эрдэс орд” ХХК, “Монгол-Нидерландын энхтайваны хөгжлийн нийгэмлэг” ТББ, “ Очирваань” эмнэлгийг тус тус эзэмшдэг хөрөнгөлөг нэгэн. 

Түүнчлэн “Монголын энх тайван, найрамдлын байгууллага” -ын Дэд Ерөнхийлөгчөөр нь Д.Наранхүү ажиллаж ирсэн.  Тус төрийн бус байгууллагын Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд, ШШГЕГ-ын дарга асан, Бригадын генерал Д.Загджав 2013 оноос хойш ажилладаг.

      Засгийн газар 2016 оны намар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилсон. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн баруун гар , “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон очсоноор Д.Наранхүү, Ш.Раднаасэд нар гар нийлж, ганзагаа зузаалж иржээ.

Пластик хочит Д.Наранхүү нь 2016 онд “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой “Божманайзууд” ХХК-аар гэрээ байгуулж, Гашуунсухайт-Ганцмод боомтоор 50 машинаар нүүрс зөөж эхэлсэн. Түүний “ ” ХХК нь 2016 оноос хойш одоог хүртэл тасралтгүй нүүрс зөөсөөр буй. 

2.  Д.Наранхүү Ж.Адилцэцэг гэх эмэгтэйг уул уурхайн компаниудынхаар эзнээр тавьж, өөрөө нууц ноён болж үлдсэн . Ингэхдээ Хятад хэлтэй эдийн засагч бүсгүйг баруун гараа болгож, хилийн наана цаанаас нүүрсний бизнесийг цэцэглүүлсэн.

Тодруулбал Д.Наранхүү 2017 оны нэгдүгээр сард өөрийн “ЧНБ” ХХК болон “Эрдэс орд” ХХК-ийн “Улаанбаатар, Сүхбаатар, 2-р хороо, 5-р хороолол, 26, 27 тоот” хаяг дээр БНХАУ-ын иргэн Сун Суль гэгчтэй хамтран “Гранд феликс” ХХК-ийг байгуулж, Гүйцэтгэх захирлаар нь Жамъянгийн Адилцэцэгийг томилсон. Улмаар Д.Наранхүүгийн “Гранд феликс” ХХК нь 2017 ондоо “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой гэрээлж, Гашуунсухайт-Ганцмод боомтоор 139 машинаар нүүрс тээвэрлэж эхэлсэн байдаг. Одоо ч “Гранд феликс” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг зөөж байна.

3. Д.Наранхүү 2017 онд дээр дурдсан Ж.Адилцэцэгийн нэр дээр “Аз хур трэйвел” ХХК-ийг байгуулсан. “Аз хур трэйвел” ХХК нь 2017 оноос “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой гэрээлж, Гашуунсухайт-Ганцмод боомтоор 160 машинаар нүүрс тээвэрлэж эхэлсэн. Одоо ч "Аз хур трейвэл" ХХК нь "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн нүүрсийг зөөж буй. 

Түүнээс гадна Д.Наранхүү “Аз хур трэйвэл” ХХК-ийнхаа нэр дээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд 10 га газар авч, нүүрс ачиж, буулгах талбай, 3.0 га газар авч, автомашины зогсоол, засвар, үйлчилгээний төв байгуулсан. 

Д.Наранхүү Ж.Адилцэцэгийн нэр дээр “Эм Эн Жи Си Эн” ХХК-ийг байгуулсан. Улмаар “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, 21 машинаар нүүрс тээвэрлэж байсан Д.Наранхүүгийн “Эм Эн Жи Си Эн” ХХК-ийн “Улаанбаатар, Сүхбаатар, 1-р хороо, 17, 702 тоот” хаяг дээр “Баяр заан энержи” ХХК давхар бүртгэлтэй байдаг. “Баяр заан энержи” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, Гашуунсухайт-Ганцмод боомтоор 45 машинаар нүүрс тээвэрлэж ирсэн.  Түүнчлэн Д.Наранхүү “Баян заан энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Өлгийчимэгийн Ганбаатар ажилладаг. Ө.Ганбаатар нь “Шижир гэгээ” ХХК, “Монголиан Чуан интернэйшнл ложистик” ХХК-уудын гүйцэтгэх захирлаар давхар ажилладаг. Гэтэл “Шижир гэгээ” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 30 машинаар, “Монголиан Чуан интернэйшнл ложистик” ХХК нь 56 машинаар нүүрс зөөдөг байсан. 

Д.АРИУНБОЛДЫГ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БОЛСНООС ХОЙШ Д.НАРАНХҮҮ 10 КОМПАНИАР ГЭРЭЭЛЖ, 500 ОРЧИМ АВТОМАШИНААР НҮҮРС ЗӨӨСӨН

Ингэхдээ  “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг томилогдон очмогц Д.Ариунболд, Ш.Раднаасэд, Д.Наранхүү нар дээрх компаниудаараа Б.Ганхуягтай гэрээлж, нүүрс тээврээ үргэлжлүүлж байсан. Д.Наранхүү 2021 онд өөрийн охин Н.Солонгын нэр дээр “Ар Си Эм транс” ХХК, “Алоха систерс” ХХК-уудыг байгуулсан. Улмаар “Ар Си Эм транс” ХХК-ийн нэр дээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5-р баг буюу Цагаан хаданд 3.0 га газар, “Алоха систерс” ХХК-ийн нэр дээр мөн 3.0 га газар авч, нүүрс ачиж буулгах талбай байгуулсан. 

Д.Наранхүү 2008 онд “Бизнес инвестмент групп” ХХК-ийг өөрийн найз Ш.Одбилэгтэй хамтран байгуулсан бөгөөд өнөөг хүртэл 15 жил хамтран эзэмшиж буй. Ш.Одбилэг нь “Алс групп” ХХК-ийг эзэмшдэг. Гэтэл Ш.Одбилэгийн “Алс групп” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэргэд нүүрсний шинжилгээний лаборатори байгуулж, улмаар 2018 оноос “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг шинжилж эхэлсэн. Ингэхдээ 2018 онд 364 сая, 2019 онд 799 сая, 2021 онд 1.5 тэрбумын төлбөр авч байсан.

Д.Наранхүүгийн өөр олон ноцтой баримт, Б.Ганхуяг, Д.Ариунболд нарыг хөтөлсөөр нүүрсний хулгай гэх хэрэгт нэр холбогдсон, холбогдох гишүүд сайд нарын цувааг дараагийн дугаарт нэхэн танилцуулна.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1