ОФФТЕЙК ГЭРЭЭНИЙ ЭЗДИЙГ “ГОМДООСОНГҮЙ”
“Эрдэнэс Тавантолгой”-н амь мэт хамгаалах зүйл бол гол худалдан авагчдын эрх ашиг. Ялангуяа Хятадын төрийн өмчит хоёр ч том компанитай өндөр дүн бүхий бартерын гэрээ, урьдчилгаа төлбөрийн гэрээ байгуулсан бол хувийн хоёр том компанитай урьдчилгаа төлбөрийн гэрээ байгуулсан. Оффтейк гэрээ ч гэж нэрлээд байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ЭТТ-г нүүрсээ экспортолж байгаа ч валютын төлбөр орж ирэхгүй байгаа нь оффтейк гэрээнүүдтэй нь холбоотой хэмээн шүүмжилсэн нь “Нүүрсний хулгай” болтлоо томорсныг сануулъя.
ЭТТ компани Norinco International компанитай нийт 683 сая ам.долларын хоёр бартерын гэрээ байгуулсан байдаг. Нүүрс баяжуулах үйлдвэр болон Газрын тосны хоолойг Norinco барьж, төлбөрт нь 6 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцсон. Үүнээс гадна өнгөрсөн онд E-Commodities Holdings болон Jiayou International Logistics компанитай тус бүр 15 сая тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр авчээ. Дээр нь өнгөрсөн тавдугаар сард байгуулсан Chalco Trading компаниас 280 сая ам.долларын урьдчилгаа авсан гэрээ нэмэгдэнэ. Дээрх 5 компани бол ЭТТ-н нүүрсний хамгийн том худалдан авагч юм. Оффтейк гэрээний асуудлаас болж Хятадын дээрх компаниудад нүүрс нийлүүлэхийг зогсоож магадгүй талаар хүчтэй яригдсан. Уг яриа худалдан авагчид, тэр дундаа Norinco компанийнхны эгдүүцлийг хүргэжээ. ЭТТ өөрөө эхэлж гэрээ байгуулах санал тавьдаг, урьдчилгаа төлбөрөө авдаг, дараа нь нүүрсээ нийлүүлэхгүй унждаг нь урт хугацааны хамтын ажиллагаанд муу нөлөөтэй гэсэн яриа хоёр улсын төр, засгийн дээд түвшинд яригдсан гэх. Үүнийг батлах мэт Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноос хойших хугацаанд ЭТТ-ээс дээрх компаниудын нүүрсийг түлхүү гаргасныг графикаас харж болно. БЭТ томилогдохоос өмнө ЭТТ нийт 6 сая тонн нүүрс борлуулсны 38.8 хувь буюу 2.3 сая тонныг нь дээрх 5 компанийн нүүрс бүрдүүлж байв. Харин БЭТ томилогдсоноос хойших хоёр сарын хугацаанд 5.2 сая тонн орчим нүүрс борлуулсны 57.5 хувь нь дээрх таван компанид харьяалагдаж байна. БЭТ томилогдсоноос хойш хамгийн их нүүрс авсан компани бол Xianghui Energy компани. Тус компанийн 49 хувийг E-Commodities эзэмшдэг. Тус хоёр компани 2021 онд 15 сая тонн, 2022 оны наймдугаар сард 1.5 сая тонн нүүрс худалдан авах гэрээг ЭТТ-той байгуулж байжээ. Удаад нь Jiayou International Holdings-н охин компани Jasn International компани 844 мянган тонн нүүрс худалдаж авсан байна. Мөн л өнгөрсөн 2021 онд 15 сая тонн, 2022 оны есдүгээр сард 1.5 сая тонн нүүрсний гэрээг ЭТТ-той байгуулсан байдаг. Дашрамд дурдахад Jiayou International Holdings-ийн 22 хувийг монголчуудын шинэ танил “Зижин Майнинг” эзэмшдэг юм. Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй, 1.6 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компани. Улс хоорондын тээвэр, логистикийн үйлчилгээ, ухаалаг агуулахын бизнес эрхэлдэг. Ганцмод боомт бол гол байрлал нь. Товчхондоо нүүрс тээвэрлэдэг, агуулахад хадгалдаг, трэйдер компани гэсэн үг. Эцсийн хэрэглэгч биш. 2018 онд Сингапурт байгуулсан Jasn International компаниараа дамжуулан ЭТТ-н нүүрсийг худалдаж авдаг. Ямартай ч БЭТ томилогдсоноос хойш оффтейк гэрээ байгуулсан компаниудыг “гомдоолгүй” нүүрсийг нь нийлүүлжээ. Бартер болон урьдчилгаа төлбөрийн гэрээ байгуулсан дээрх 4 компани нийлээд 2022 онд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний 48 хувь, сүүлийн 3 жилээр тооцвол нийт нүүрсний 45 хувийг худалдаж авсан байна.
ХУЛГАЙ ҮҮРЛЭСЭН ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН АВДАРТ...
Ирэх оноос “Эрдэнэс Тавантолгой” компани төдийгүй нийт нүүрсний салбарт том өөрчлөлт гарч, шинэ дүрэм хэрэгжиж эхэлнэ. Нүүрс экспортлогч компаниуд уурхайн ам нөхцөлөөр нүүрсээ зарахыг хориглож, тээврийн зөвшөөрлийг уурхайн компаниудад шилжүүлэхээр болсон. Өнгөрсөн 10 дугаар сард гарсан Засгийн газрын 362 дугаар тогтоол хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Уг тогтоолд, “Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоож, хилийн үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх C төрлийн зорчих зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарт даалгасугай” гэсэн байдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс тээвэрт явдаг компаниудаас нэлээд хэд нь авлига өгсөн хэрэгт холбогдоод байгаа. Худалдан авагч Хятадын компаниудын эзэмшлийн тээврийн компаниуд бага үнээр тээвэрлэх боломжтой болгож, үндэсний жижиг компаниуд өрсөлдөж чадахгүй дампуурахад хүрэх эрдлийг тэд зураглажээ. Өөрөөр хэлбэл Засгийн газар тоглолт хийж, хувийн хэвшлүүд Тавантолгойгоос жийгдэнэ. Томхон автортой олигархи компаниуд тээвэрлэлт явуулах зураглал ингэж ажиглагдаж байна.
Цагаан хад- Ганцмод чиглэлийн тээвэр өнгөрсөн онд оргилдоо тонн нь 2000 юань хүрч байсан гэдэг. Харин 12 дугаар сарын эхний 10 хоногт тонн нь 370-390 юань байхад ЭТТ-гоос зарласан ханш 88 юань болгож багассан байна. ЭТТ-н нүүрсний тээвэрт явж буй компаниудын нэлээд хэсэг нь худалдан авагч компаниудын эзэмшлийнх байдаг. Тухайлбал Jasn international буюу Jiayou International Logistics компани өнгөрсөн 3 жилд худалдаж авсан 1.6 сая тонн нүүрснийхээ 20 хувийг нь өөрийн эзэмшлийн “Жиасмон Ложистикс” компаниар тээвэрлүүлсэн байна. Жиасмон нь 64 машиныг тээвэрт явуулсан. “Норинко” компанийн охин компани Glory Town Holdings компани өнгөрсөн гурван жилд худалдаж авсан 2.1 сая тонн нүүрснийхээ 80 хувийг “Ти Ти Си Энд Ти” гэх өөрийн хамаарал бүхий компаниараа тээвэрлэсэн байдаг. “Ти Ти Си Энд Ти” нь 2200 гаруй машинтай хамгийн том тээврийн компани аж. Хамгийн том худалдан авагчдын нэг E-Commodities хүртэл Монголд өөрийн тээврийн компаниа байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлж байна. “И Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК нь богинын тээвэрт үйлчилгээ үзүүлдэг гэж буй ч энэ жил гэхэд уурхайгаас 35 мянган тонн нүүрс тээвэрлэжээ. Мөн “Эко Глобал Ложистикс” компанийг тэд эзэмшдэг. Хятадын нүүрс худалдан авагчид өөрсдийн тээврийн компани байгуулах, эсвэл тодорхой ашиг сонирхол нэгтэй этгээдээр тээврээ хийлгэх болсон нь сүүлийн хэдхэн жилд улам бүр тодорч байна. Тээврийн зардлаа худалдан авагчид гаргадаг болохоор аль болох өөрсдийн компаниудыг оролцуулахыг зорих нь ойлгомжтой. Дээр дурдсан жишээгээр авч үзэхэд 1.4 их наяд гаруй төгрөгийг Хятадын компаниуд нүүрс тээврийн салбарт зарцуулдаг гэсэн үг.
“Эрдэнэс Тавантолгой”-г Хятадын тэнгэр ивээг
Засгийн газар, хууль сахиулах байгууллагуудын зүгээс “Нүүрсний хулгай”-н хэрэгт 17 хүний нэрийг зарласан. “Чепакууд”-ыг нийгмийн бухимдлыг дарахаар шидэж өгөөд жинхэнэ хулгайчид ард нь үлдлээ хэмээн олон нийт хүлээж авав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын чуулганы танхимд нүүрсний хулгайчаар нь дуудаж байсан ЗГХЭГ-ын дарга асан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХын гишүүн Ш.Раднаасэдийн хэлснээр Б.Ганхуягийг ЭТТ-н захирлаар томилуулсан НХХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гээд нөлөө бүхий улстөрчид уг хэрэгт татагдаж байна.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг тойрсон Өмнөговь аймгийн харьяалал бүхий хэсэг улстөрчид, “Эрдэнэс Тавантолгой”-д “шахаа” хийсэн гэх хэсэг улстөрчид, Тавантолгойн нүүрс тээврийг хамарсан хэсэг бүлэг, эцэст нь Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг дагасан, “Бодь Интернэйшнл” компанитай холбоотой бүлэг гээд үндсэн 4 бүлэгт “Нүүрсний хулгай”-н гэх хэрэг хуваагдаж байгаа нь нууц биш юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн жилүүдэд ихэвчлэн уурхайн ам нөхцөлөөр нүүрсээ зах зээлийн ханшаас хямд борлуулах болсон. Энэ нь нүүрс худалдан авагч трэйдер компани болон тээврийн компаниудад ашигтай схем юм. “Чалко”, “Норинко”, “И-Коммодити”-г эс тооцвол ЭТТ-н нүүрсийг худалдан авагчдын дийлэнх нь трейдэр компаниуд байна. Өөрөөр хэлбэл эцсийн хэрэглэгч болох төмөрлөгийн үйлдвэрүүд, нүүрс угаах үйлдвэрүүд трейдэр компаниудаас нүүрс худалдан авч байна.
Хамгийн том “хулгайчаар” тодроод байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон “Бодь Интернэйшнл” компаний бүлэглэл
ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар Х.Баттулгыг төмөр замын хэрэгтэй холбогдуулан буруутгасан. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг Төрийн нууцад хамруулж, “Бодь Интерэйшнл” компанитай шууд гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө үрэн таран хийж байсан нь баримтаар нотлогдсон. 2020 онд E-Commodities-той 6 сая тонн, Jasn International-той 1.45 сая тонн, Inner Mongolia Zi Tuo International-тай 500 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээг “Бодь” ХХК хийжээ. E-Commodities, Jasn International бол ЭТТ-н хамгийн том худалдан авагчид. Хямд авсан нүүрсээ тэдэнд хэдээр нийлүүлсэн нь харин тодорхой болоогүй байна. Мөн Inner Mongolia Zi Tuo International нь 2018- 2019 онд ЭТТ-гоос 1.4 сая тонн орчим тонн нүүрс худалдан авах гэрээ хийж байсан ч түүнээс хойш ЭТТ биш “Бодь”- оос нүүрс авах болсон байна. Хөнгөлөлттэй нүүрсний үнийн зөрүүнээс 174 тэрбум төгрөгийн ашгийг “Бодь”-д бэлэглэсэн байна. Энэ нь тус компанийн гол хувьцааг нь эзэмшдэг “Голомт” банкны сүүлийн 3 жилийн ашигтай дүйж очихуйц хэмжээний ашиг юм. Богдхан төмөр замын санхүүжилттэй холбоотой нүүрс нийлүүлэх гэрээнд ч яг энэ байдал давтагджээ. Ердөө 7 сарын өмнө “Эрдэнэс Тавантолгой”-г Хятадын тэнгэр ивээг хэмээн Mining Insight бичиж байв. Хятадын төрийн өмчит гигантуудтай байгуулсан асар өндөр дүнтэй бартерын гэрээ болон урьдчилгаа төлбөрийн гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой”-г нар үзүүлэхгүй хөмөрч магадгүй болж байна гэсэн санаагаар тус нийтлэл бичигдсэн. Гэсэн ч Хятадын тэнгэр нүүрээ бууруулахаас өмнө Монголын улс төр ”Эрдэнэс Тавантолгой”-г самарч орхих нь.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна