Хотын дарга Х.Нямбаатар багаа бүрдүүлж, Хууль зүйн яаманд шуурга болж байна. Х.Нямбаатар Хууль зүйн яамнаас хуучин багаа Хот руу татаж эхэлсэн учраас уг яам хөлдөө хийтэй гүйлдэх нь холгүй хүмүүс олон байна гэсэн үг. Энэ долоо хоногт л гэхэд Х.Нямбаатар Хууль зүй яамнаас Төрийн нарийн бичгийн дарга, Хууль зүйн бодлогын газрын дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга гурвыг өөрсдөөр нь өргөдлийг нь өгүүлж, Хот руу томилсон.
Х.Нямбаатар аж ахуйн ажилтай биш, авлига, албан тушаалтын гэмт хэрэгтнүүдтэй зууралдах гэж Хотын дарга болсон нь түүний эхний томилгоонуудаас тодорхой болж байна. Тэр энэ долоо хоногт таван томилгоо хийсний дөрөв нь хуульч байлаа.
Ингээд Хотын авлигыг бутлах зорилготой гэх Х.Нямбаатарын бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Х.НЯМБААТАРЫН САНХҮҮГ ГУРВАН ЖИЛ ХАРИУЦСАН Л.ХОСБАЯРТ ТАМГАА АТГУУЛАВ
Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүйн яамнаасаа Хот руу татсан дарга нарын нэг нь Л.Хосбаяр. Түүний Нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилсон. Л.Хосбаярын хувьд, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад Х.Нямбаатарын Хууль зүйн сайд болмогц Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Ерөнхий нягтлан бодогчоор нь томилогдож ирсэн. Гурван жил Х.Нямбаатарын санхүүг хариуцсан Л.Хосбаяр энэ долоо хоногоос түүний тамгыг хариуцахаар болж байна. Сонирхуулахад, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Л.Хосбаяр фитнесийн тамирчин бөгөөд энэ онд Япон улсад болсон тэмцээнд оролцоод иржээ.
ХОТЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ П.САЙНЗОРИГ
Засгийн газарт Х.Нямбаатарын хуруу гар, хошуу ам дутаагүй шиг Хууль зүйн яаманд П.Сайнзоригийн хүрээгүй зүйл, дутаагүй үйл явдал гэж үгүй. Бөхчүүдийн допингийн асуудал дэгдлээ, “нүүрсний хулгай”-н асуудлаар БЭТ томиллоо, Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх Ажлын хэсэг байгууллаа, Машин ачилтын асуудлыг цэгцлэх Ажлын хэсэг байгууллаа П.Сайнзориг л гүйж явсан. Тиймдээ ч Хотын дарга Х.Нямбаатар П.Сайнзоригийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хотын нэгдүгээр орлогчоороо томилж байгаа. Тэд сайн ч муу ч талаараа аргагүй л хамтрагчид. Нүүрсний асуудалтай хүн бүхнийг шалган байцаах шахуу болж байсан Х.Нямбаатар П.Сайнзоригийгоо золтой л шалгачихаагүй. Уг нь шалгах ёстой хүн л дээ.
Тэгвэл П.Сайнзориг Отгонтэнгэр их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, Австралийн Нью Сайд Уэльсийн их сургуульд магистр хамгаалсан. Хууль бус газрын наймааны асуудлаар үе үе нэр нь дуулддаг И.Эрдэнэбаатарыг Байгаль орчны сайд байх үед буюу 2006-2008 онд туслахаар нь ажиллаж, төрд орж ирсэн. Улмаар туслахын ажлаа өгмөгцөө 2009 онд Австралид очиж, тэндээ 2012 он хүртэл амьдардсан. 2012 онд буцаж ирээд Байгаль орчны яаманд жил ажиллаад, 2013 оноос Хууль зүйн яаманд ажиллаж эхэлсэн. 2016 онд Хууль зүйн яамныхаа Хууль эрх зүйн бодлогын газрын дарга, 2022 онд Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшсэн. Түүний намтар товчхондоо ийм.
Х.НЯМБААТАРЫН АХЛАХ ЗӨВЛӨХӨӨР Д.ЦОЛМОН
Хотын дарга Х.Нямбаатарын Хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөхөөр Д.Цолмон томилогдсон. Д.Цолмон 2010 онд МУИС-ийн Хуулийн сургуулийг Хуульч мэргэжлээр төгсөж, 2014 онд Боловсролын зээлийн сангийн 32 мянган ам.долларын зээлээр АНУ-ын Беркли дэх Калифорнийн их сургуульд магистр хамгаалсан. Монголд ирээд “Энержи ресурс” ХХК-д Хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оноос ХЗДХЯ-нд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Улмаар өнгөрөгч 2022 оны нэгдүгээр сард ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын даргаар томилогдсон. Мөн Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр давхар ажиллаж ирсэн. Харин энэ долоо хоногоос Хотын дарга Х.Нямбаатарын Хуулийн зөвлөхөөр ажиллахаар болж байна.
Х.Нямбаатар Д.Цолмонг дэргэдээ авах болсон нэг шалтгаан нь Д.Цолмонгийн төрсөн ах Д.Асралт нь МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнес академийн Гүйцэтгэх захирлаар, төрсөн эгч Д.Ерөө нь МҮХАТ-ийн дэргэдэх Бизнесийн академийн Зөвлөхөөр ажилладаг. Тэдний удирддаг Бизнесийн академи нь Харвардын их сургуулийн Бизнесийн сургуульд 1000 СЕО буюу гүйцэтгэх захирал сургаж бэлтгэх “Харвард менежментор” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Лавшруулбал, Д.Цолмонгийн нөхөр Л.Загдаа нь мөн Хуульч мэргэжилтэй, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаярын Хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Өдгөө Л.Загдаа “МОЛЗ” ХХК, “Тэнүүн буудай” ХХК, “Хангайн эко хүнс” ХХК, “Эко жуулчлал” ХХК-уудыг эзэмшдэг. Мөн “Өмгөөллийн Дилоз” ХХН, “Өмгөөллийн Херуга” ХХН гэх хоёр хуулийн фирмтэй.эй.
Г.ЗАНДАНШАТРЫН НӨӨЛГӨӨР ХОТЫН ДАРГАД ДЭВШСЭН ХОЁР ДАХЬ БОР ШУВУУ О.НОМИНЧИМЭГ
Хотын дарга Х.Нямбаатарын хоёрдугаар орлогчоор О.Номинчимэг томилогдлоо. Тэрбээр хоёр жилийн өмнө “Номин энд Адвокатс” гэх хувийн хуулийн фирмийнхээ хуульч байлаа. Гэтэл 2021 онд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга, 2022 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын Хуулийн бодлогын зөвлөх, 2023 онд Хотын дарга Х.Нямбаатарын хоёрдугаар орлогч боллоо.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатрын Улаанбаатар хот дахь даргын суудал нь хотын хоёрдугаар орлогч. УИХ-ын дарга томилгоонд нөлөөлдөг энэ суудалд ихээхэн учир, төвөгтэй зангилаа байдаг бололтой. Харин О.Номинчимэг энэ суудалд ирэхэд өөр нэг хүн хүчтэй нөлөө үзүүлсэн. Энэ бол түүний нөхөр Д.Амарбаясгалан. Тодруулбал, Хотын орлогч О.Номинчимэгийн нөхөр Д.Амарбаясгалан нь “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар ажилладаг. Харин Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүйн сайд болсон цагаасаа Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх Ажлын хэсгийг ахалсан. Өнгөрсөн хугацаанд Х.Нямбаатарын гол хамтрагч нь “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан байсан. Тиймдээ ч Х.Нямбаатар Хотын дарга болмогцоо Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрт гар нийлж хамтарсан Д.Амарбаясгалангийн эхнэр О.Номинчимэгийг хоёрдугаар орлогчоороо томиллоо гэж харагдаж байгаа юм. Сонирхуулахад, Хотын орлогч О.Номинчимэгийн дүү О.Оргилмаа нь Монголбанканд Ахлах хянан шалгагч, нөхөр Д.Амарбаясгалангийнх нь дүү Д.Амармэнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын кадастрын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн гэх мэтээр гэр бүлээрээ төрд зүтгэдэг.
ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОГДСОН ХУРАНДАА Д.ОТГОНЖАРГАЛЫН АХ Д.ОЧИРХУЯГИЙН 12 ДАВХАР БАРИЛГЫН АСУУДЛЫГ СЭРГЭЭН ШАЛГАЖ ЧАДАХ УУ
Хотын дарга Х.Нямбаатар Нийтийн тээврийн газрын даргаар хурандаа Д.Отгонжаргалыг томилов. Д.Отгонжаргалын тухайд, 1998 онд Цагдаагийн дээд сургуулийг төгссөн, Хуульч мэргэжилтэй. Мөрдөх байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газрын дарга, Мөрдөн байцаах газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын Дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Сонирхуулахад Д.Отгонжаргалын ах Д.Очирхуяг нь “Чингис шар айраг” ХХК-ийн эзэн. Шар айраг үйлдвэрлэхээс гадна “Чингис шар айраг” ХХК-аараа дамжуулан дампуурлаа зарласан алдарт “Анод” банкны гол хувьцааг эзэмшдэг байв. Д.Очирхуягийн “Чингис шар айраг” ХХК нь Чингэлтэй дүүргийн 6-р хороо буюу СУИС-ийн зүүн хойд талын залгаа гурван давхар барилга болон хажуугийн 12 давхар оффисын барилгыг эзэмшдэг. Гэхдээ энэхүү 12 давхар оффисын барилгыг 2012 онд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар барьсан гэх бөгөөд тухайн үед НМХГ-аас барилгын ажлыг нь зогсоох албан шаардлагыг 10 гаруй удаа хүргүүлсэн ч зогсоож чадаагүй гэдэг. Өдгөө энэ барилгадаа Д.Очирхуягийн “Чингис шар айраг” ХХК нь оффислож буй.
Тэгвэл Х.Нямбаатар Нийслэлийн тээврийн газрын даргаар томилсон Д.Отгонжаргалынхаа ах Д.Очирхуягийн 12 давхар барилгын асуудлыг сөхөж шалгаж чадах уу
Хотын дарга Х.Нямбаатар багаа бүрдүүлж дуусаагүй байгаа бөгөөд ирэх долоо хоногт үргэлжилнэ.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ