Францдаа төдийгүй дэлхийд уран олборлолтоор тэргүүлдэг, 70 гаруй жилийн туршлагатай “Орано”, Mонголчуудын “Арева” нэрээр 2016 оноос хойш Монголд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Францын төрийн өмчит “Арева” компани 2018 оноос нэрээ “Орано” болгон өөрчилсөн. Тус компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. “Бадрах Энержи”-д Монгол Улсын Засгийн газар ч хувь эзэмшдэг.
Дэлхийд уран олборлолтоороо тэргүүлдэг гурван компанийн нэг юм. Тус компани Нигер, Канад, Казахстан, Укбекстанд ураны олборлолт явуулдаг, ураны таван уурхайтай. “Орано” 18 мянган ажилтантай, дэлхийн ураны зах зээлийн 23 хувийг эзэмшдэг. Уран олборлохоос эхлээд боловсруулах, баяжуулах, ашигласан түлшээ дахин боловсруулах, ложистик инженерчлэлийн үйлчилгээг үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг . Өдгөө Франц улсын цахилгааны эх үүсвэрийн 90 хувь нь цөмийн эрчим хүч, уранаар хангагддаг байна. Цөмийн эрчим хүч нь нүүрсхүчлийн хийг хамгийн бага ялгаруулдгаараа онцлог.
Нигерт ураны ил уурхай ашигладаг бол Казахстан, Канадад далд уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Далд уурхайгаас олборлолт хийхдээ газрын доор уусган олборлох технологийг ашигладаг. Энэ технологиор олборлолт явуулахад металл агуулагч чулуулгийг уурхайлан ухалгүйгээр олборлодгоороо давуу талтай гэв. Энэхүү аргыг дэлхийд өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд бага зардалтай, байгаль орчин сүйтгэхгүй зэрэг давуу талтай.
Тус компани Монголд 15 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 2018 оны 6-р сард Францын төрийн өмчит “Арева” группийн охин компани болох “Кожеговь” ХХК-ийн Дорноговь зэрэг аймгуудад эзэмшдэг ураны гурван лицензийг 2018 оны 6-р сард “Бадрах Энержи” ХХК-д шилжүүлсэн.
2018 оны 11-р сард Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн мэдээллийн системд “Бадрах энержи” ХХК-ийн нэр дээр ямар нэгэн лицензийг бүртгэгдээгүй байдаг.
Түүнчлэн “Бадрах энержи” компани 2021 онд Улаанбадрах суманд ураны ашиглалтын гурван ч лиценз эзэмшээд үйл ажиллагаагаа явуулж байсан.
Хамгийн ноцтой нь тус компани ураныг “Газар доор уусган олборлох” технологиор олборлож байв. Компанийн танилцуулгад дурдсанаар “Зөөвч-Овоо” ордоос 20 тонн уран олборлов. Өнгөрсөн хугацаанд “Дулаан-Уул” ордоос 2.8 тонн ураны шар нутаг гаргаж авахад 440 тонн хүхрийн хүчилтэй шингэнийг хөрсөнд шахсан байдаг нь баримтаар батлагдсан. Тэгвэл 20 тонн уран олборлоход 2.8 тонн уран олборлоход ашигласан хүхрийн хүчлийн шингэний хэмжээ даруй 10 дахин их өснө гэсэн үг. Нэмээд хачирлахад Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байх үедээ “Бадрах энержи” компанийн төлөөлөгчид иргэдийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх хэрэг гарч шалгагдаж байсан ч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүйгээр сураг тасарч байв. Тухайн үед ундны усны байх ёстой хатуулгийн хэмжээ 3 байх ёстой бол тус бүс нутгийн усны хатуулаг 8.53 болж эрсдэл үүсгэсэн байдаг. Сүүлд 2022 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн нутаг дэвсгэрт уран олборлодог Бадрах-Энержи ХХК нь байгаль орчинд хортойгоор нөлөөлж байж болзошгүй хохирлыг тогтоож үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг сумын ИТХ-аас гаргажээ. Улмаар "ЭВИЙН ХҮЧ ЭХ НУТГИЙН ТӨЛӨӨ" ТББ-аас тус компанийн үйл ажииллагааг зогсоож өгөх хүсэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байдаг.
Эл захирамжийн дагуу Бадрах Энержи ХХК үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон ч Франц-Монголын хамтын ажиллагааны хүрээнд гэрээ хийж Монголд албан ёсоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уулзалтын гавъяагаар, Эрдэнэс Монгол ХК-тай хамтран Уран олборлохоор эргэн ирэлт хийлээ.
ТЭГВЭЛ ОРОНА МАЙНИНГ МОНГОЛ УЛСТАЙ ЯМАР ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ айлчлалынхаа хүрээнд Францын “Орано майнинг” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн протоколд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан билээ.
Төслийг нийт 47 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 2024-2027 оны хооронд бэлтгэл ажлыг хангах, 2028-2060 оны хооронд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 2061-2070 оны хооронд нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн ашиглалтын хугацаанд ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар, цэвэр ашиг нь жилд 130 сая ам.доллар буюу нийт дүнгээр 4.3 тэрбум ам.доллар байх тооцоолол гарсан.
Протоколд,
Монгол Улсын ажлын хэсэг 2023 оны зургадугаар сараас хойш нийт 8 удаа хөрөнгө оруулагч талтай уулзалт хийжээ. “Орано майнинг” компани нь Дорноговь аймагт байрлах ордын Дулаан-Уул MV-018916, Зөөвч-Овоо MV-018915 болон Өмнөт MV-018914 дугаар бүхий (цаашид хамтад нь “Уурхай” гэх) гурван тусгай зөвшөөрлийн эзэмшигч болох Бадрах Энержи ХХК-иар дамжуулан сүүлийн 25 жил Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, ашигт малтмалын хайгуулын ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ.
Монгол Улсын Засгийн газар нь Мон-Атом ХХК-иар дамжуулан Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт зарласан болон гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, Хөрөнгө оруулагч нь Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт зарласан болон гаргасан хувьцааны 66 хувийг тус тус эзэмшдэг.
Хөрөнгө оруулагчийн групп нь Уурхайг бүтээн байгуулах болон ашиглах, боловсруулах үйлдвэр болон хүхрийн хүчлийн үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэх, логистикийн байгууламж зэрэг холбогдох дэд бүтцэд зориулж Төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт буюу Монгол Улсын иргэдэд ажлын байр шинээр бий болгох, мөн Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний хувь нэмэр оруулахуйц хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ.
Төсөл хэрэгжүүлэгч компани нь хариуцлагатай уул уурхайн компани болохын хувьд Монгол Улсад уул уурхайн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр болохуйц байгаль орчинд ээлтэй, аюулгүй байдлын дээд зэргийн стандартад нийцсэн уул уурхайн технологийг хөгжүүлэх юм. Ингэснээр Монгол Улс нь ураны зах зээлийн гол тоглогчдын нэг болж, олон улсад нүүрсхүчлийн хий (CO2) ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж талууд онцлон тэмдэглэжээ. Мөн талууд нь Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компанийн татвар, үйл ажиллагааны орчин болон Уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний борлуулалт, нөхөн сэргээлт болон уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаа (цаашид “Төсөл” гэх)-г тогтворжуулах зорилгоор Хөрөнгө оруулалтын гэрээ (цаашид “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэх)-ний төслийн зарим нөхцөлийг урьдчилан зөвшилцсөн байна. Ингэхдээ Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталсны дараа Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцэн тохиролцсон үндсэн нөхцөлүүд болон байгуулах цаг хугацааны талаар зөвшилцсөнийг нотлох үүднээс энэхүү Протоколыг үлдсэнийг онцолжээ.
Талууд, зөвшилцсөн онцлох заалтуудыг хүргэж байна.
Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил байх бөгөөд 20 жилээр сунгах боломжтой гэж зөвшилцсөнийг УИХ-аар эцэслэн батлах юм. Мөн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 50-иас доошгүй хувийн мөнгөн дүнг Монгол Улсад үүсгэн байгуулсан банк эсхүл Монголд бүртгэлтэй гадаадын банкны салбарын дансандз шилжиж орсон байх бөгөөд Монгол Улсад гүйцэтгэсэн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх мөнгөн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулсан банкаар хийхээр тохиролцсон байна.
1.2 Төрийн эзэмшлийн хувьцаа
Монгол Улсын Засгийн газар төрийн эзэмшлийн эзэмших хувийг 10 хувийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигч байхаар тохирсон бөгөөд үнэ төлбөргүй эзэмшинэ. Монгол Улсын Засгийн газар ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй.
Монгол Улсын Засгийн газар нь Хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжих хугацаанд Талууд урьдчилан харилцан тогтоосон нөхцөлөөр давуу эрхтэй ногдол ашиг авна.
Монгол Улсын Засгийн газар нь бүтээгдэхүүний 10% хүртэл хувийг Хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авах эрхтэй байна.
Монгол Улсын Засгийн газар нь талуудын хувьцаа эзэмшлийн хувиас үл хамааран төсөл хэрэгжүүлэгч компани, түүний үйл ажиллагаа, санхүүгийн байдал болон Компанийн тухай хуульд заасан бусад бүхий л мэдээллийг Хөрөнгө оруулагч (хувь нийлүүлэгчийн хувьд)-ийн нэгэн адил авах эрхтэй.
1.3 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон зарим зардал
Монгол Улсын Засгийн газар ураны ислийн борлуулалтын үнэлгээнээс тооцох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоохоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаар
Талууд маркетингийн төлбөрийг ураны ислийн борлуулалтын 2 хувь, ноу-хаугийн төлбөрийг Төсөл хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагааны болон хөрөнгийн зардлын 4 хувь байхаар Монгол Улсын татварын хууль болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Үнэ шилжилтийн зөвлөмжид нийцүүлэн бодит үнэ тодорхойлох зарчмын (arm’s length principle) дагуу тогтоохыг урьдчилан тохиролцсон талаар
Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн саналд татварын алдагдал шилжүүлэх хугацааг 4-10 жил байхаар тусгасныг Татварын ерөнхий хуульд заасан 4 жилээр мөрдөх талаар
1.4 Бүс нутгийн хөгжил
Төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймагт ажлын байр шинээр бий болгох, ажилтнуудыг гэр бүлийн хамт тус аймагт шилжин суурьшихыг дэмжих зэргээр бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд хүчин чармайлт гаргаж ажиллах талаар;
Төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулах бөгөөд тухайн гэрээний дагуу Төслийн уурхайн ашиглалтын үйл ажиллагааны үе шатанд 1,000,000 ам.долларын хөрөнгө оруулах үүрэг хүлээх талаар.
Талууд ажлын хэсэг байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийг Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахалж буй. Тиймээс тодорхой хугацаанд талууд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд өмнөх протоколд зөвшилцсөн зүйлсийг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаж, УИХ-аар батлуулснаар албажих юм. Талууд хөрөнгө оруулалтын гэрээг 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс өмнө гарын үсэг зурж, 2024 онд төслийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэжээ.
ФРАНЦ УЛС ОРОСООС АВДАГ БАЙСАН УРАНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ МОНГОЛООС АВНА
Монгол улсын хувьд дээрхи нэг талдаа ОХУ,БНХАУ-уудаас ангид тусгаар тогтносон улс болохоо тунхаглаж үйлдэл болов нөгөө талдаа Монгол улсын хувьд ашиггүй дээрээ газар нутгийнхаа тодорхой хэсгийг эрсдэлтэй нөхцөлд оруулж байх вий гэсэн эмээлттэй хийгдсэн томоохон гэрээ юм. Нэг ёсондоо “Франц улс Монголоос цөмийн станцын гол түүхий эд болох уранаа авч ашиглана”. Учир нь дэлхий дээр нийт ураны 32 хувийг АНУ, 19 хувийг БНХАУ, 15 хувийг Франц улс хэрэглэж тэргүүлдэг. Гэтэл ураны хэрэглээ хамгийн их Франц “ураны орд байхгүй” улс ажээ.
Уран хамгийн их хэрэглэдэг улс орнуудын график. 2021 он
Иймд ураны хэрэглээгээ Нигер болон ОХУ-аас “баяжуулаагүй уран” авч хангадаг байсан. Харин 2021 оны байдлаар Орос, Казахстан, Нигер гэсэн гурван улс нийлээд Европын холбооны 66.94 хувийн ураныг хангаж байжээ. Харин өдгөө ОХУ нь Европын орнуудын хоригт орсон тул ураны экспорт нь зогсож, Франц улс ч ураны нийлүүлэлтээ нөхөх өөр оронтой түлшилнэ гэсэн үг. Товчхондоо,Франц улс ОХУ-аас авдаг ураны хэрэглээгээ Монголоос нөхөж, манай улсад их хэмжээний орлого оруулж байгаа юм. Учир нь Франц улс Казахстанаас уран авдаггүй байна.
БИД ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛЭЭР ОРОНА МОНГОЛД ХЭЗЭЭНЭЭС ХЭРХЭН ЯАЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСАН ТҮҮХИЙГ ХҮРГЭХИЙН САЦУУ ИРГЭДИЙН МЭДЭХИЙН ХҮРЭЭНД ХАВСАРГАН ХҮРГЭЛЭЭ. ҮҮГЭЭРЭЭ АЛЬ НЭГ ТАЛЫН НЭР ТӨР, БАЙР СУУРЬД ХАЛДАХЫГ ХҮСЭЭГҮЙ БОЛНО.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна