Монголын хамгийн том гурван албан тушаалыг хашиж байсан цорын ганц хүн бол Намбарын Энхбаяр. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж явсан түүх түүнд л бий. Албан тушаалын хэнээрхэлд ташуурсан түүний хүслийг биелүүлж, хүү Э.Батшугар нь УИХ-ын гишүүн болсон. Тэгвэл Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү УИХ-ын гишүүн Э.Батшугар оффшорт бүртгэлтэй хамгийн залуу гишүүн. Э.Батшугар 17 компанид хувь эзэмшдэг улс төрийн томоохон сэхээтний гэрт төрж өссөн тэрбумтан улс төрч. Ингээд та бүхэнд Энхбаярын Батшугарын оффшорт бүртгэлтэй компаниуд, тэдгээрийн ноцтой баримтыг цувралаар танилцуулж байна.
Э. Батшугар БОЛГАРЫН зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран компани эзэмшдэг.
Түүх ингэж эхэлнэ. 2009 онд Н.Энхбаярын Ерөнхий сайд байхдаа чимээгүйхэн хувьчилж авсан байгууллага бол “Засгийн газрын мэдээ” сонин нь хотын төвд том байртай, тоноглол, хэвлэх үйлдвэртэй, 1ОО гаруй сурвалжлагч ажилтантай томоохон байгууллага байлаа. Н.Энхбаяр тус сонины нэрийг Зууны мэдээ сонин болгон өөрчилж, “Эскон” ХХК-д харьяалуулжээ. Мөн шашины телевиз байгуулаарай хэмээн Монголын бурхан шашины төв Гандан хийдэд Японоос бэлэглэсэн телевизийг өөрийн болгон авч ТВ9 телевиз байгуулан өөрөөсөө сохор зоос ч гаргалгүйгээр том сонин, хувийн телевизтэй болж “Медиа холдинг” нэртэй компани байгуулсан. “Медиа холдинг” компанид “ЗГМС” ХХК, “Зууны мэдээ сонин” ХХК харьяалагддаг. Харин энэ Медиа групп нь Н.Энхбаярын алдарт “Эскон” ХХК-д харьяалагддаг. Эскон ХХК-ийн анхны захирал нь Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа. Тухайн үед хууль хяналтынхан Н.Энхбаярыг шалгаж, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчлахдаа өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанид шилжүүлэн завшсан хэргээр шалгаж байсан юм. Асар их хэл ам дагуулсан “Эскон” ХХК-ийг өдгөө 100 хувь Э.Батшугар эзэмшдэг. Эскон компаний харъяалалд өдгөө Миллиниум групп багтаж байгаа.
Хэрэг ид дэгдэж байсан үе буюу 2012 онд Эскон ХХК-ний захирлаар Д.Цэнгэл гэгч этгээд ажиллаж байв. Тэрээр Эрдэнэт үйлдвэр, “Дун өргөө” ХХК, ГХЯ-ны дипломат төлөөлөгчийн газар, “Медиа холдинг” “Эскон” компанид ажиллаж байсан. Намтраас нь харахад Д.Цэнгэл нь Н.Энхбаярын гурван ч компанид ажиллаж байсан болж таарч байна. Н.Энхбаяр нь “Дун-Өргөө” ХХК буюу Нийслэлийн өмчит байсан Өргөө зочид буудлын авахаар Нийслэлийн засаг дарга Ц.Батбаяртай хуйвалдсан хэрэгтээ буруудаж, Ц.Батбаяр хоригдох ял сонсож байлаа.
Эскон ХХК-ний захирал Д.Цэнгэл нь мөн “Лотте энтертаймент” ХХК-ийн 40 хувийг нь эзэмшиж байсан. Тэгвэл “Лотте интертаймент” ХХК-ийн 60 хувийг нь БНБУ-ын “Eubrobet” ХХК эзэмшдэг. Гэхдээ Монголын “Лотте интертаймент” ХХК-ийн 60 хувийг эзэмшигч Болгарын “Eubrobet” ХХК нь хууль бусаар мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг бүлэг этгээдүүдийн мэдэлд байдаг юм байна. Тодруулбал, Болгарын иргэн Vаssil Kromoy Bojkov гэгчийн үүсгэсэн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл Монголд орж ирээд Н.Энхбаярын фракцтай хамтран “Лотте интертаймент” ХХК гэгч компанийг байгуулжээ. Үүнээс харахад Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар нар хууль бус мөрийтэй тоглоом, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбогдож, тэдний мөнгө угаах ажилд гардан оролцдог гэсэн дүгнэлтийг Болгарын хуулийн байгууллагынхан гаргасан байдаг.
Баримт 2 : Э.Батшугарын оффшор компаниуд
Н.Энхбаярын хүү Э.Батшугар, О.Цолмонгийн төрсөн дүү, АНУ-ын иргэн Ононгийн Алтан нар нийлэн Швейцарт “оффшор” компани байгуулжээ. Гадаадын нэр бүхий цахим сайтад мэдээлснээр, Э.Батшугар нь Швейцарийн Цүүг хотод 2007 онд нагац эгч буюу ээжийнхээ төрсөн дүү О.Алтантай хамтран 20 мянган швейцарь франкийн дүрмийн сан бүхий BDR GmbH гэдэг компани байгуулжээ. Харин Швейцарь дахь Н.Энхбаярын гэр бүлийнхний “оффшор” компани мөнгө угаах үйл ажиллагаанд нь оролцдог хэмээн тухайн үед хуулийнхан дүгнэж байв.
Интерполоор эрэн сурвалжлагдаад олдохгүй байгаа Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа оргон зайлсныхаа дараа Сингапурт бүртгэлтэй TRINIX PTE.LTD гэдэг компанийг байгуулжээ. Тус компанийн ТУЗ “BMI” гэдэг компанитай хамтран ажиллах болсон тухай мэдээлэл 2016 оны хоёрдугаар сарын 26-нд зарим вэбсайтад тавигджээ. Хоёр компани ийнхүү хамтарснаар BMI компани нийт хувьцааны 50 хувийг эзэмшихээр гэрээ байгуулсан аж. Үүнээс харахад, Интерполынхонд олддоггүй Н.Энхтуяа хилийн чинадад хувийн бизнесээ чөлөөтэй явуулж, Э.Батшугарын бохир мөнгө угаах ажилд мөн оролцдог болох нь хууль хүчний байгууллагынхны баримтаар нотлогдсон байдаг.
Баримт 3 : Э.Батшугарын мөнгө угаалт
Сүхбаатарын талбайн чанх өмнө “сэлмэн барилга” гэж нэрлэгдэг “Блю скай” хэмээх 25 давхар байшин гэнэт баригдсан. Энэ байшинг Н.Энхбаяр, Э.Батшугар нарынх гэж нэрлэдэг ч тэд тас гүрийж, үгүйсгэсээр байдаг. Тус барилгыг барьсан “Tengri Limited” компанийн захирал Х.Анхбаяр. “Tengri Limited” компани нь Хонгконгын Ковлоон арал дээр байралдаг, тус улсад 157715 дугаартайгаар албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Х.Анхбаярыг АТГ-ынхан кофе шопоос баривчлан хорьж байлаа. Тухайн үед АТГ-аас “Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирлаар ажилладаг Х.Анхбаяр нь Карибын аралд оффшор бүсэд бүртгэлтэй компани, гадаад улсаас 12 тэрбум төгрөгийг оруулан ирж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа хайгуулын лицензийг худалдаж авсан нь тогтоогдсон. Мөн мөрдөн байцаалтын явцад их хэмжээний лиценз авахдаа 3.6 тэрбум төгрөгийн татварыг төлөөгүй, Газрын тосны газраас олон улсад нээлттэй зарласан тендерт оролцох явцдаа тодорхой албан тушаалтанд хахууль өгсөн асуудал нь илэрсэн” хэмээн мэдэгдэж байсан юм. Х.Анхбаярын гэнэт баяжуулсан 12 тэрбум төгрөг ямар нэг хөрөнгө оруулалт биш, харин Э.Батшугарын угаахаар оруулж ирсэн мөнгө болж таарсан.
Учир нь Н.Энхбаярын хүү Ш.Батшугар өөрийнхөө бүхий л намтар дээр АНУ-д “Же Пи Морганд” санхүүгийн мэргэжилтэн байсан гэж бичдэг. Тэгвэл тэрээр “Же Пи Морган” компанийн Аlex Townsend, Alexander David Willams нартай хамтран Кайман арал дээр “FR XII Bravo AIV LP” нэртэй компаний байгуулжээ. Энэ компани нь Их Британд “FRPerth Topco Limited” нэртэй компани байгуулжээ. Харин Их Британд байгуулагдсан “FRPerth Topco Limited” компани нь Хонгконгд “FR Connect Acquisitions Limited” компани байгуулжээ. Асуудал ингээд дууссангүй. Хонгконгд байрлах “FR Connect Acquisitions Limited” компани нь алдарт “Тengri Limited” компанийг байгуулсан юм байна. Э.Батшугарын энэ олон компаниуд тун нарийн зохион байгуулалттайгаар мөнгөө эргэлдүүлдэг байжээ. Жишээлбэл Хонгконгын Ковлоон арал дээр бүртгэлтэй “Тэнгри холдинг” компани хувьцаа гаргасан. Энэ хувьцааны мөнгө болох 1.29 сая ам доллар дээрх 4 компаниар дамжин Банк оf America-гийн 385006936055 дугаарын данснаас HSBC банкруу шилжжээ. Тэндээсээ Хаан банкны 5003555443 тоот данс руу шилжиж орж ирсэн байна. Энэ данс бол Н.Энхбаярын хүү Э.Батшугарын “Эскон” ХХК-ийн данс юм. Үүнээс харахад “Тенгри холдинг”- руу орж ирээд ихэнх нь авлига, уул уурхайн бизнес эрхлэхэд зарцуулагдаад алга болсон 12 тэрбум төгрөг ч гэсэн бохир мөнгө, Болгарын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн хууль бусаар олсон мөнгө гэсэн хардлага дагуулдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг авлигын загалмайлсан эцэг хэмээн нэрлэдэг. Их хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулж, албан тушаал, эрх мэдлээ ашиглан баяжиж хөлжиж чадсан энэ хүний хүү Э.Батшугар тэгвэл өнөөдөр мафийн бохир мөнгө угааж явсаар УИХ-ын гишүүн болон суга дэвшжээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
А.САМО
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ