Өнгөрсөн долоо хоногт улстөрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ТАВАН ХУВЬ БОЛГОНО, БОЛГОХГҮЙ ГЭХ Г.ЗАНДАНШАТАР, Б.ЖАВХЛАН НАРЫН ХАШХИРАЛТ
НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно болгохгүй гэх санал асуулга хүчээ авч УИХ-ын дарга, Сангийн сайдтайгаа маргаад авав. Тодруулбал НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг таван хувь болгож нэмэгдүүлэх асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилсан. Тэрбээр 2023.10.12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд "2024 оны НӨАТ-ын буцаан олголтод 430 тэрбумыг төсөвлөсөн байна. НӨАТ-аас олох нийт орлого 4.5 их наяд мөн үү. Хуулиараа 20 хувийг нь буцаан олголтод зарцуулах ёстой. 4.5 их наядын 20 хувь нь 900 тэрбум биз дээ. Хууль зөрчиж байгаа юм биш үү" гэж хэлснийхээ дараа D parlianment-аар санал асуулга явуулсан байдаг. Зургаахан хоногийн дотор 104 мянган иргэний санал авч чадсан. Үүний үндсэн зураглал нь олон сар дуугүй суусан Г.Занданшатар урхийг иргэдийн сэтгэлзүйгээр барьж, Сангийн сайдыг цаашлаад Засгийн газартаа өөрийн шүүмжээ хэлээд амжсан.
Шартай хүүхэд шалзардаггүй гэгчээр Сангийн сайд Б.Жавхлан эрс эсэргүүцэх байр суурийг илэрхийлж, олны ундууцлыг төрүүлсэн. Тэрбээр урамшууллыг таван хувь болгож нэмснээс ААН-д ирэх дарамтыг шаталж, багасгах нь оновчтой гэж үзэв. Энэ мэт УИХ, Засгийн газар хоёр талцаж, хэнийгээ ч жийхэд бэлэн болчихсон улаан цурмын ард Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээр толгойгоо хийсэн УИХ-ын МАН-ын төлөөллүүд Засгийн газраа Үндсэн хуулийн цэцэд ольж, татан буулгах ажлыг эхлүүлсэн талаар бид өнгөрөгч долоо хоногийн турш “Засгийн газрын сайд нар ОРДНОО орхин гарна” гэж мэдээлсэн билээ.
ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ БӨӨРӨЛХҮҮЛЭХ БОЛТЛОО ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР ГЭМ ХИЙВ.
Эх сурвалжийн мэдээлснээр Ногоон автобусны хэрэгт Засгийн газрын хэд хэдэн төлөөлөл нэр холбогдож, нүүрсний жинхэнэ тоглогчид Засгийн газар гэх халхавч дор нуугдаж, өнгөрсөн жилүүдэд нохой шуугиулан МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаагүй, хангалтгүй, чадамжгүй Засгийн газар гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Түүнчлэн У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ нарын удаа дараагийн айлчлалууд ч тэдний тэмцлийн нэг хэлбэр гэв.
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТГҮЙ УЛААНБААТАРТ ДАВТАН ЯРИХ СЭДЭВ
Ерөнхий сайд ШХАБ-ын хуралдаанд оролцохоор мордохтой холбогдуулан лхагва гарагийн хуралдаанаа даваа гарагт /2023.10.23/ хийв. Хуралдаанаар түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар тогтсон. Өөрөөр хэлбэл түгжрэл болон орон сууцжуулалтаа албан ёсоор анх удаа хуульчлах талаар яриа дэлгэв. Энэхүү анхдагч хуулийн төслийг дагаж 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажээ.
Тухайлбал: нэгдүгээрт газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах,
хоёрдугаарт, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх,
гуравдугаарт, бэлэн орон сууцаар газар, объектоо солих гэсэн сонголтуудыг гаргаж өгөх аж.
Энэ хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд суурилсан 25,295 ажлын байр шинээр бий болж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцжээ. Эдгээр дэд төв бий болсноор агаарын бохирдол 22, авто замын түгжрэл 36.3 хувиар буурна гэв.
ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛЫН ЕРӨНХИЙ ЗУРАГЛАЛ
Даваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны маргааш буюу мягмар гарагт /2023.10.24/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчлал хийхээр хийв.
НЭГТ : Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровтой хэлэлцээр хийв.
Ингэхдээ Киргизийн тал Монгол, Киргиз, Солонгос зэрэг Азийн зарим ард түмэн хөх толботой төрдгийг онцолж, Бишкек-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд “Хөх толботон” аялал жуулчлалын маршрут бий болгож, хамтран ажиллахаар болов.
Хоёрт, Монгол Улсаас Киргиз Улсад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир нийлүүлэх, харин Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох ажээ.
Гуравт, хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр жилд тус бүр хоёр оюутныг монгол, киргиз хэл судлалын чиглэлээр сургахаар тохиров.
Дөрөвт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгыг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан Эрдэнэт хотод “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, киргизийн жимс, жимсгэний модны суулгац тарина.
Т.БАДАМЖУНАЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ШҮҮЖ ЧАДСАНГҮЙ
Өнгөрөгч долоо хоногийн анхаарал татах үйл явдлын нэг уг нь Т.Бадамжунайн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан байв. Лхагва гарагт /2023.10.25/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд болсон ч, тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй.
Тодруулбал 2023.09.25-ны өглөө харвасан байдалтай, ухаангүй болж Улсын III төв, улсын II төв эмнэлэгт MRI шинжилгээ өгсөн. Ингэхэд баруун нугалмын артер ба зүүн артерийн хэсэгт цочмог харвалт, зүүн нугалмын нарийсал болох нь тогтоогджээ. Харвалтын улмаас зүүн талын гар, хөл болон хэл ярианы саажилттай болсон аж. 2023.10.23-наа улсын I төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд байнгын хэвтэрт, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байгаа гэж өмгөөлөгч нь мэдэгдэв.
Тэгвэл анх Т.Бадамжунайг Эрдэнэтийн Зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах үйл ажиллагаанд Х.Бадамсүрэнд нөлөөлж гэрээ байгуулсан гэж буруутган “ШУВУУ” ажиллагаагаар дайчлан авчирсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ. Ингээд Сайд асан Т.Бадамжунайг СХД-н Засаг дарга асан Л.Найданд нөлөөлж, хууль бусаар Л.Зундуйд газар олгуулсан гэх хэрэг, Ц.Анандбазарын хүсэлтээр УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний захирал Д.Бямба-Очир нарт нөлөөлж, “Нью Тур” ХХК-ийн Бага тэнгэрийн аманд дулаан дамжуулах төв барих шийдвэр болон цахилгаан түгээх техникийн нөхцөлийг олгуулсан гэх хэргүүдэд буруутган шалгаж эхэлжээ. Эзэн нь байвал хэрэг нь олдоно гэгчээр Т.Бадамжунайг хорьчих хүсэлтэй байгаа бололтой. Хичнээн гэмт хэрэгтэн байсан ч амьд явах эрхтэй Монгол хүн гэдгийг хууль хүчний байгууллагынхан санах л ёстой. Нөгөө талдаа Т.Бадамжунайгийн томоохон хэргүүдийг нуун далдалж, жижиг хэрэг хүлээлгээд торгосхийгээд өнгрөх гэж байна гэх хардлага ч бас байна. Ямартай ч МАН-ын буурал сайдын хэрэг нэг хэсэгтээ л тренд сэдэв байсаар байх бололтой.
ХОРИГДОЖ БАЙГАА Ч Д.МӨНХ-ЭРДЭНЭД АМЬД ЯВАХ ЭРХ БИЙ
Д.Мөнх-Эрдэнийг зодлоо л нүдлээ л гэнэ. Сүүлдээ бүр рецедив гэмт хэрэг болоод байна. Тухайлбал ажлаа хүлээж аваад удаагүй байгаа Хууль зүйн сайд Б.Энхбаярын захиалгаар Д.Мөнх-Эрдэнийн амь насанд заналхийлжээ. Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат түүнийг эргээд ирсэн. Ирээд Д.Мөнх-Эрдэнийг удаа дараа зодож заналхийлдэг нь үнэн болох талаар ордны коридорт ярьж зогссон. Дэргэд нь Б.Энхбаяр сайд инээгээд зогсож байгаа хачирхалтай зураглал сонин ч давхцал байв. Үүнтэй зэрэгцээд Д.Мөнх-Эрдэнийг зодож буй бичлэг цацагдаж, олны анхаарлыг татав.
Сонирхуулахад Ардчилсан намын Лу.Гантөмөр Засгийн газар, МАН-ыг чадваргүй гэсэн утга бүхий ярилцлагаа цацав. Ардчилсан намын гишүүд, төлөөллүүд, орон нутгийн хурган дарга нар ч Д.Мөнх-Эрдэнийг өмгөөлөөд МАН-аа дэвслээд эхэлсэн. Гэтэл хөшигний ард М.Энхболд, Ц.Элбэгдорж нар уулзсаны дараа У.Хүрэлсүх, С.Баярцогт нар хамтарсан Засгийн газар байгуулж, У.Хүрэлсүхийн Бүрэн эрхийн хугацааг сунгаж өгөх талаар тохироо хийжээ. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн ард М.Энхболд, Сү.Батболд нарын фракц, Ц.Элбэгдоржийн С.Баярцогт,Лу.Гантөмөр нартай хамсан Засгийн газрын эсрэг дайралтаа эхлүүлсэн гэж үзэхэд хол зөрөхгүй. Эцэст нь Д.Мөнх-Эрдэнээр ч улс төр хийж байгаа нь илт байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна