surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

RFID системийн 20 тэрбумыг "улсын нууц"-д оруулж хэн залгив 1

RFID системийн 20 тэрбумыг "улсын нууц"-д оруулж хэн залгив 1

Автомашинд суурилуулах "RFID" буюу радио давтамжаар хянах системийг ирэх сарын 1-нээс эхлэн нэвтрүүлэхээр бэлдэж байсан ч хотын дарга солигдсоноор мартагдаж байна.  Өөрөөр хэлбэл нэр бүхий албан тушаалтнууд 20 тэрбум төгрөг зарцуулсан ажлаа хүлээлгэж өгөөд явмагц төсөл нь царцав. Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг "RFID" системийн санхүүжилт 13 тэрбум гэж танилцуулж байсан бол Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах  нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг 20 тэрбум төгрөг гэж  мэдээлсэн. Тэгвэл Хотын дарга асан Д.Сумъяабазар 43 тэрбум төгрөг шаардлагатай гээд сураг тасарсан. Гэтэл татвар төлөгчдийн 345 тэрбум төгрөгөөс хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зарцуулагдах 20 тэрбумыг нь уг төслийн гүйцэтгэгчид залгижээ.

  “RFID”-ИЙН ТЕНДЕРИЙГ ХАМСАН “БОДЬ” ГРУПП   

Нүүрсний хулгайн хэргийн хамгийн сэжигтэнээр яригдаж байгаа Бодь группийн хавтаст хэрэгт RFID системийн тендерийг хамсан баримт хавсрагдах шаардлагатай болж байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл нүүрс, концесс, оффтэйкийн хэрэг нь царцаж амжаагүй байхад Бодь групп нэхэн асуудал тарьж буй нь энэ юм.  Тодруулбал Улаанбаатар хотын экс удирдлагууд буюу Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар 2020-2022 онд  нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглосон гэдэг тайланг тавьсаар ирсэн.  Гэхдээ "RFID" дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн тендерийн мэдээлэл, байгуулсан гэрээний мэдээлэл хаалттай хэвээр байгаа нь улсын нууцаар халхалсантай шууд холбоотой. Харин 2023 он гарсаар ил болсон мэдээллүүдийг аваад үзэхэд, "RFID" тендерийн төслүүд зөвхөн “Бодь-Электроникс” компанид зориулсан төсөл гэж хэлэхэд хол зөрөхгүй харагдаж байна. Учир нь төрийн байгууллагуудаас "RFID" системийн нэвтрүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бүрд “Бодь-Электроникс” ганцаараа тендерт орж, өрсөлдөгчгүйгээр шалгарсан байна.  ЭНД ДАРЖ ТЕНДЕРИЙН ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦАНА УУ     

  ТЕНДЕР 1 :   Нийслэлээс “Автомашины цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 27-ны хооронд зарласан байдаг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөс гурван тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг тендер 2.97 тэрбумын саналаар “Бодь-Электроникс” компани ганцаараа оролцож, өрсөлдөгчгүй шалгарсан.

 ТЕНДЕР 2 :   Зам, тээврийн хөгжлийн яамнаас “RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санг өргөжүүлэх” тендерийг 2023 оны зургадугаар 23-наас долдугаар сарын 31-ыг хүртэл зарлажээ. Ингэхдээ 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гурван багц тендер зарласан. Өмнөх тендерт өрсөлдөгчгүйгээр ялж байсан “Бодь-Электроникс” компани энэ удаад гурван багцад гурвууланд нь орсон. Гэхдээ эхний буюу нэгдүгээр багцынх нь үнийн дүн 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендерт мөн л ганцаараа орж, өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулжээ. Тус компани 3.57 тэрбумын санал өгч ялалт байгуулсан.

УЛСЫН НУУЦААР ХАЛХАЛЖ ХУЛГАЙЛСАН ХУДАЛДАН АВАЛТУУДЫН АУДИТЫН ДҮГНЭЛТИЙГ ЭРГЭН ХАРАХАД 

Уг системийг нэвтрүүлэх ажил “нийслэлийн замын түгжрэлийг 50 хувиар бууруулна” гэж амласнаар 2020 оноос эхэлсэн байдаг. Нийтдээ 20 гаруй тэрбумыг зарцуулсан гэж байгаа уг төслийн санхүүжилтийн бараг талыг нь юун түрүүнд “Но-той ногоон” автобусны адилаар улсын нууцад оруулан зарцуулсан талаар аудитын дүгнэлтийг танилцуулъя.

Нийслэлийн төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашгийг хийсэн аудитын дүгнэлтийг сөхөж үзвэл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалт, Худалдан авах ажиллагааны тухай хууль (ТБОНӨХБАҮХАТ)-ийн 3 дугаар зүйлийн 3.43 дэх заалтын хүрээнд нууцад хамруулсан 18.8 тэрбум өртгөөр хэрэгжсэн дөрвөн төсөл байна.

  • “Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны хөдөлгөөнт эргүүлийн туулах чадвар сайтай автомашин” 7.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НЗДТГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн,
  • “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын автомашин /40ш/” 4.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НЗДТГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн,
  • “Улаанбаатар хотын авто машин, гудамж талбайд RFID систем нэвтрүүлэх” таван тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НМТГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн,
  • “Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн систем” 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НХААГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн худалдан авалтууд багтаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, "RFID" системийн хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан хэсэг буюу дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн компанийг сонгон шалгаруулахдаа улсын нууцаар халхалжээ. Теле камер дэд хөтөлбөр, замын хөдөлгөөний удирдлагын системд 2020-2021 онд 15 тэрбум төгрөг зарцуулжээ.   

Хууль үйлчилдэггүй, дарга нарыг сэлгээгүй ээлжилж, тендер, лиценз, оффтэйк, концессийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан байж болзошгүй “Бодь” групп өнөөдрийг хүртэл хэргээс хол, мөр цэвэр яваа нь нэг л эгдүүцмээр. Уг нь энэ компанитай холбогдох нүүрсний оффтэйк гэрээнүүдээс эхлээд хэд хэдэн шалгах ёстой сэжүүрүүд бий. Мөнгө бүхний ялагч учир улс хүртэл нууцалж хамгаалдаг гэх хардлагыг дагуулж байна.  

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1