surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

МОНГОЛД ШАТАХУУНЫ БИЗНЕСЭЭР ТОМРОН ТОДОРЧ БУЙ ЭРХМҮҮД 

МОНГОЛД ШАТАХУУНЫ БИЗНЕСЭЭР ТОМРОН ТОДОРЧ БУЙ ЭРХМҮҮД 

Монголчууд алтаа, нүүрсээ, зэсээ, нефтээ зөөдөг. Уг нь байхгүй гэх зовлонгүй баян улсын ядуу иргэд шатахууны хомсдолд ахин орж байна. Өөрөөр хэлбэл нийслэлийнхээ замд багтаж ядсан олон мянган машинтай, нийтийн тээврийн асуудалтай баян иргэд нь АИ-92 шатахуун хайгаад түгжрэл дунд хонон өнжин оочир дараа үүсгэх нь. Гэтэл шатахуунаар шоглож, үнээ нэмж хасан шоуддаг улс төрчид, хэдэн бизнесмэнүүд бий. Тэгвэл тэдний гарын алга загатнаж иргэдийн толгойны өвчин болсноор шатахууны үнийн хөөрөгдөл үүсэх юм биш биз. 

  ТЕНДЕРИЙН МАНГАС, ДУУЛИАНЫ МАГНАТ Ц.АНАНДБАЗАРЫН “СОД МОНГОЛ”   
Хаана л муу нэртнийг зарлана тэнд Ц.Анандбазарын нэр цохиж явдаг. Нүүрс, концесс, газрын асуудалд хүртэл Сод Монгол группээрээ хуруу гараа дүрсэн Ц.Анандбазар луу унжаад хэрэг нь дарагдаж л байдаг тэрбумтан гишүүн. Тэгвэл түүний Сод Монгол групп 2014 оноос хойш 960 тендерт оролцож 320 тэрбум 987 сая 865 мянга 368 төгрөгийг төрөөс хүртжээ. Өөрөөр хэлбэл төр түүнийг 320 тэрбум төгрөгөөр тэтгэжээ гэсэн үг. Сүүлийн хоёр жилийн туршид Сод Монгол групп тендерт ялах нь эрс олширчээ. 
 
  НҮҮРС,ЖДҮ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭС МЭНД МУЛТАРСАН Б.БАТТӨМӨРИЙН ШАТАХУУНЫ КОМПАНИУД   
Тэс петролиум,Ойн бирж компаниудаараа эчнээ танил болсон ч УИХ-ын дэвжээнд гарч халаасаа зузаалсан Б.Баттөмөр. Өнгөрөгч нэгдүгээр сард нүүрсний хулгайн хэргээс гэм буруугүй нь тогтоогдож мултарсан. Ойн бирж компаниараа Хөгжлийн банкнаас 33.2 тэрбум төгрөг зээлж, найдваргүй зээлдэгчийн нэг болсон ч сонсголд оролцоогүй бизнесмэн гишүүн.  Тэгвэл түүний Тэс петролиум ХХК шатахууны хомсдол үүсэж эхэлмэгц, үнийн хөөрөгдөл үүсгэж, бусдыгаа оройлон магнайлдаг. Тус компани үнэ тогтворжуулах сангаас жил бүр 2-3 тэрбум төгрөгийн дэмжлэг авч байсан талаар эх сурвалж мэдээлдэг ч одоог хүртэл сангийн зарцуулалт шилэн болоогүйгээс шалтгаалж нотлогдоогүй.


  С.БАЯРЫН ХАМААРАЛ БҮХИЙ ПЕТРОВИС КОМПАНИЙ БОСС Д.ТУЯА 89 ТЕНДЕРТ ОРОЛЦОЖ  8 ТЭРБУМ 105 САЯ ТӨГРӨГ ХАЛААСАЛЖЭЭ   
2007-2017 он хүртэлх арван жилийн туршид “Петровис трейдинг” ХХК нь 437 369 800 000 төгрөг, “Петровис тос” ХХК нь 11 454 500 000 төгрөг, “Петровис карт” ХХК нь 1 839 700 000 төгрөг, -“НИК” ХХК нь 119 900 000 төгрөг, нийт 450 783 900 000 төгрөг буюу 180 313 560 ам.долларыг “Оюутолгой” ХХК-иас гэрээний хүрээнд авч байсан Петровис 2017 оноос хойш  ОРОЛЦОЖ  8 ТЭРБУМ 105 САЯ ТӨГРӨГ ХАЛААСАЛЖЭЭ. Уг компаний эцсийн өмчлөгчөөр Д. Туяа бүртгэлтэй байдаг. Петровисийн хувьцаа эзэмшигчид болоод С.Баярын эхнэр, охидын нэр дээрх компаниуд дэлхийг хэрж, хэдэн арван мянган долларыг угааж барисан баримт дэлгэгдэж байсан цаг саяхан. Тэгвэл өдгөө ч Петровисийн хүч сулраагүй, ихэвчлэн Эрдэнэтийн үйлдвэрийн тендерийг хамж байна. 


 
  П.БАТСАЙХАНЫ ШУНХЛАЙ ХХК 51 ТЕНДЕРТ ОРОЛЦООД ЗОГСОХГҮЙ 14 ОХИН КОМПАНИАР ТЕНДЕР ТҮҮЖ БАЙНА   
Шунхлайгийн босс П.Батсайхан хамаарал 14 охин компаниар тендер түүж байж болзошгүй зураглалыг харж байна. Монголын толгой баячуулын нэг, нүүрсний хамгийн том тоглогч, С.Баярцогтын оффшор мөнгийг Монголд угааж байсан хэмээн нэр холбогддог П.Батсайхан уг компанийг ахаасаа өвлөж авсан. Улс төрд нөлөөтэй тэрбумтан бизнесмэн.


 
  М-ОЙЛ ГРУППИЙН Б.ПУНСАЛМАА 85 ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ   
“М-Ойл групп”-ийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа. 2020 оны УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж байсан. Тэрбээр өөрийн жилийн орлогоо 83 тэрбум хэмээн мэдүүлж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс хамгийн өндөр орлоготой нэр дэвшигчээр тодорч байлаа. Ялалт байгуулж чадаагүй ч, шатахуун импортлогчид монголын толгой баячууд болсон гэдгийг харуулсан.  Мөн тэрбээр, “Пунсалмаа” сангаараа дамжуулан, олон нийтийн, хүмүүнлэгийн ажлууд зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажилласан нэгэн. 

 


  Р.Ганзориг “Магнай трейд” компани   

Олон нийтийн өмнө төдийлөн ил гараад байдаггүй ч улс төр, бизнест үлэмж нөлөөтэй нууц ноён. Р.Ганзоригийг хүмүүс “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад ээрэгдэж байснаар нь илүү таних байх. Өдгөө түүний гурван хүү нь бизнесийг нь авч яваа боловч ард нь Р.Ганзориг удирддаг хэвээрээ. 


  ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР НЭР ДЭВШИЖ БАЙСАН Д.ЭНХБАТЫН НАЙЗ Т.ЭНХЖАРГАЛ 28 ТЕНДЕРТ ОРОЛЦОЖ  ГУРВАН УДАА ЯЛАЛТ БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ  
“Монсуль” ХХК-ийн захирал Т.Энхжаргал. “Монсуль” ХХК шатахууны зах зээлд монополь аж ахуйн нэгжүүдийн тоонд багтахаар хүчтэй орж ирж байгаа. Т.Энхжаргал олон нийтэд төдийлөн танил биш боловч өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд мултарсан Д.Энхбатын дотнын найз гэгддэг. Д.Энхбаттай хамт гольфийн холбоо байгуулж явсан бол түүний хүү Э.Анартай хамт нэг компанид хувьцаа эзэмшдэг. Тус компани сүүлийн гурван жил дараалан "Монголын топ 100 аж ахуйн нэгж"-ийн жагсаалтад багтаад буй.  Тэгвэл тус компани 28 тендерт оролцож  гурван удаа ялалт байгуулж байжээ.

Хэрвээ манай улс 30 жилийн өмнө ярьж байсан газрын тосны үйлдвэрээ үлгэр болголгүй бариад ашиглалтад оруулчихсан бол одоо энэ хэдхэн хүний атганд багтаад жижгэрээд сууж байхгүй. Харамсалтай нь тэгж чадаагүй учраас эдгээр эрхмүүд өдгөө төрд дураараа эрхэлж, хүсвэл үнээ нэмж, хомсдуулж, улсаар нь шатахууны эрэлд гаргаж чадаж байна. БИДЭНД ГАРЦ ҮЛДЭЭГҮЙ

 

А.САМО

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1