Сонгууль дөхөж, улстөрчид нэр дэвшихээр горилж, тойргоо услаад тун завгүй явна. Тийм учраас Батлан хамгаалах яаманд үүсээд буй цэргүүд амиа алдсан хэргүүдэд төдийлөн анхаарах сөхөө олдохгүй яваа бололтой.
Төрийн ажлыг замхруулж, хувийн эрх ашгаа боддог дарга нарын үйлдлийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, дэд сайд Б.Баярмагнай нараас харж болохоор байна. Сайд, дэд сайд нь сонгуульд анхаараад завгүй явахад удирдлагад нь ажилладаг цэргийн ангид эрдэнэт хүний амь эрсдлээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангай аймагт нэр дэвшихээр өнгөрсөн зунжин л тойрогтоо тулж ажилласан. Харин дэд сайд Б.Баярмагнай нь Булган аймагт нэр дэвшихээр зэхэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Г.Сайханбаяр сайд одоогийн Ерөнхийлөгчийн ангийн найз бөгөөд түүний квотоор Засгийн газрын гишүүнээр ажилладаг. Тиймээс ирэх жилийн сонгуулиар ч Ерөнхийлөгчийн квотоор Архангай аймагт нэр дэвшихээр тойргоо услаад эхэлсэн гэдгийг намынхан ч, сөрөг хүчнийхэн ч хэлж байгаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы танхимаас “Батлан хамгаалахын сайд Их хуралд нэр дэвшинэ гээд энэ зунжин Архангай аймагт хэдэн зуун хүнтэй цэргийн ангийг ажиллуулсан. Зунжин төсвийн мөнгөөр сонгуулийн ажил хийсэн. Төрийн мөнгийг ийм байдлаар хувьдаа, сонгуульдаа ашигладаг байдал хэрээс хэтэрчихээд байна” гэсэн юм.
Гэтэл үгийн мөрөөр мөшгөн хөөвөл Г.Сайханбаяр сайд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт “Зэвсэгт хүчний 342 дугаар анги”-ийг энэ ондоо багтаан байгуулах гэж байна. Мөн Монголын үндэсний бөхийн холбоо, Батлан хамгаалах яам, "Алдар" спорт хороо хамтран зохион байгуулдаг "Бүх цэргийн наадам" барилдааныг Архангай аймагт зохион байгуулсан ажээ. Энэ бол Г.Сайханбаяр сайдын тойргоо усалж, хийж буй гол ажлууд нь гэх.
Архангай аймаг УИХ-ын гурван мандаттай. 2020 оны сонгуулиар сонгогдсон гурван залуу гишүүний нэг нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол нэг нь шүүхээс долоон жилийн хорих ял аваад байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр мандат суларсан. Тиймээс Г.Сайханбаяр сайдад мандат олдохгүй гэх зовлон үгүй болсон гэсэн үг. Цаашлаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын дүү Ж.Мөнхбатаа нүүрсний хэргээс мултлах тохироогоор суллаж, найзыгаа зүтгүүлж байгаа гээд бор шувуу ордноор нисэлдэх болжээ.
Харин тус яамны дэд сайд Б.Баярмагнай МАН-ын бага хурлын гишүүн бөгөөд Булган аймгийн квотоор Бага хурлын гишүүн болсон. Аав нь Булган аймгийн Дашинчинлэн суманд төрсөн гэдгээс өөр Булган аймагтай хамаатах зүйл түүнд үгүй. Гэхдээ Булган аймгийн квоттой МАН-ын Бага хурлын гишүүн учраас ирэх жил Булган аймагт нэр дэвших ажээ. МАН Булган аймагт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг нэр дэвшүүлэхгүй учраас нэг мандат суларч байгаа. Тиймээс энэ орон зайд Батлан хамгаалах яамны дэд сайд Б.Баярмагнай нэр дэвшихээр горилжээ.
Нэг яамны хоёр сайд сонгуульд нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа орчихоор хариуцсан ажил нь цалгардгийг 326-р ангид болсон харамсалтай явдал харуулж байна.
Сонирхуулахад сонгуулийн хуулиар төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшвэл сонгуулийн жил эхлэхээс өмнө буюу нэгдүгээр сарын 1-ээс өмнө ажлаа өгөх ёстой. Харин улс төрийн албан тушаалтнууд ажлаа хийнгээ сонгуульд нэр дэвшиж болно. Тиймээс Батлан хамгаалах яамны хоёр сайд ажлаа өгөхгүйгээр сонгуульд нэр дэвшинэ гэсэн үг.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо