surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ерөнхийлөгчдөө шүүх өдөр ирэх юм биш биз

Ерөнхийлөгчдөө шүүх өдөр ирэх юм биш биз

Урлаг гэдэг үгийг  багадаа сайхан дуулдаг, бүжиглэдэг ах эгч нараар төсөөлдөг байлаа. Ээж, аав, эх орон, хайрын тухай уран зураг, яруу найргийг урлаг гэж боддог байлаа. Гэтэл хэзээнээс ч юм “Улс төр бол Урлаг” гэж бодох болсон. Учир нь тэд бас уйлан дуулж жүжиглэдэг, бүр ажлыг кино мэт найруулдаг. Тэд бол жинхэнэ Урлан бүтээгч юм. Өөрөөр хэлбэл улс төрчид хулгайг урлаг мэт үйлддэг болсон гэсэн үг.  Энэ нь  удаа дараагийн баримтаар нотлогддог ч тэр бүр хариуцлага хүлээдэггүй. Эмгэнэн гашуудаж, инээн хөөрч, дэмий хөөсрүүлж , тэднийг толгой дээрээ гаргаснаар өнөөдөр улсаараа хохирогч болчихоод ядууралтайгаа эвлэрч сууна.  Тэгвэл бидний бэлгэ тэмдэг болсон үе үеийн  ЕРӨНХИЙЛӨГЧ нар уул уурхайгаар хэрхэн гаарч буйг танилцуулъя.  

   ӨӨРИЙН ГЭР БҮЛДЭЭ ГАЗРЫН ТОС ДЭЭЖИЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ    

1997 оны зургадугаар сарын есний өдөр Дорнод аймгийн Тамсагийн 19 дүгээр талбайд оргилсон газрын тосоор дээлийнхээ энгэрийг мялааж зогссон АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ О.Оюумаа гэх охинтой. Охин нь аавынхаа дээжилсэн газрын тосыг Канадын Panasian Energy компаний охин компани болох Шэймэн нэрт компаниар олборлож байгаа. Өөрөөр хэлбэл П.Очирбатын охин аавынхаа мялаасан газрын тосыг доллараар угаах ажлыг 2007 оноос хийж эхэлсэн байна. Түүнчлэн төвийн бүсийн аймгуудыг  бүхэлд нь хамарсан “Нялга-XVI” гэх талбайд газрын тосны хайгуулын ажлаа үргэлжлүүлж , Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт газрын тосны хайгуулаа  төвлөрүүлжээ.  Үүгээр зогсохгүй “Дэлгэр-III”, “Улаан”, “Дөрвөлжин”, “Дэлгэрхаан” гэх талбайдыг эрхшээсэн. Хамгийн ноцтой нь, “Шэймэн” ХХК-ийн газрын тосны талбай нь түүхт Хэрлэнгийн хөдөө арлыг хамруулан үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин Газрын тосны акул болчихоод түүхт Хэрлэнгийн хөдөө арлыг цөлмөж байна гэсэн үг. Сонирхуулахад Ерөнхийлөгчийн охин гадаадуудтай хамтарч ажиллахдаа тун гаргуун нэгэн.

Тухайлбал Сингапурын Tellus Commodities компаний Монгол дахь салбарын Ерөнхий зөвлөх, Захиргаа хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Терра Энержи компани Монголд “Терра коул процессинг Монголиа”, “Цагаан өвөлжөө” гэх хоёр охин компанитай. Терра Энержи ХХК Өмнөговь аймгийн ноён сум, Увс аймгийн Давст суманд зургаан тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Харин түүний охин компани болох “Цагаан Өвөлжөө” ХХК 59.972 га талбай бүхий зургаан тусгай зөвшөөрөлтэй. 

Энэ мэтчлэн П.Очирбатын О.Оюумаа Сингапур, Канад  компаниудаар Монголын томоохон орд газруудыг эрхшээн хөрөнгөжиж байгаа нэгэн. Сонирхуулахад П.Оюумаагийн хамаарал бүхий Терра Энержи компани тухайн нутагш орон нөхөн сэргээлт хийлгүй орхиж, хоноцын сэтгэлээр ханддагаараа эртнээсээ алдартай.

  ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛТОЛ ЭРХ МЭДЛЭЭР ДАРХЛААЖСАН ЕРӨНХИЙЛӨГЧ   
Монголын төрд Н.Багабандигүй засаглал гэж үгүй. Улс төрийн нэгэн том стратегич болтлоо засаглалаар шатар тоглох ухааныг тэр нэвтрүүлжээ. Одоо дэгдээд буй нүүрсний хулгайн хэргийн сэжүүр түүний нэрээр огтлолцдог нь учиртай. Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Багабанди Б.Баярмаа гэх охинтой. Б.Баярмаа нь Эрдэнэ Монгол компанийн гүйцэтгэх захирал. Канадын “Erdene Resource Development” компанийн Монгол дахь үйл ажиллагаа явуулдаг салбар нь “Эрдэнэ Монгол”. Тэд “Баян хөндий”-д 2019 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. Эл зөвшөөрөл АМГТГ-ын дата санд, “Xundii” гэсэн нэртэй, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна.

Тэгвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.7-д, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хавсаргаж байж ашиглалтын тусгай зөвшөөрөл авна гэж заасан байдаг. Гэтэл Эрдэнэ Монгол” компани 2019 онд тусгай зөвшөөрөл авсан мөртлөө 2020 онд байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлтээ, 2021 онд нарийвчилсан дүгнэлтээ хүргүүлсэн байдаг. Эрдэнэ Монгол компаниараа алдарт Сэгс цагаан богд уулыг хууль бусаар гэрээлж байсан. 

फ़ोटो के बारे में कोई जानकारी नहीं दी गई है.

Монголын улс төрд олон арван залуусыг хөтлөн оруулсны ашгаа хүртэж суугаа буурал Ерөнхийлөгч өнгөрсөн хавар Оюутолгойгоос зодог тайлсан.  Хамгийн том баялагаас хуруу гар нь дутдаггүй Н.Багабандийг өнгөрсөн хавар зодог тайлахад МАН-ын генсек Д.Амарбаясгалан дүү нь татгалзахын аргагүй тохироог үйлдэж өгсөн гэдэг. Энэ нь охин Б.Баярмаагийн хамаарал бүхий Эрдэнэ Монгол ХХК-ийг MCS –ийн Ж.Оджаргалтай холбож өгөөд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутгаас бэлэглэсэн явдал байв. 

  ОФФШИРЧИН ХҮҮГЭЭ  ГИШҮҮН БОЛГОЖ ЭРХЛҮҮЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ   
Н.Энхбаяр өөрийн нэр дээр бүртгэлтэй Сод маргад компаниа хүү Э.Батшугартаа өвлүүлэн өгчээ. “Сод маргад” ХХК нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутагт Дуут хэмээх хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оноос хойш эзэмшиж ирсэн. Энэхүү тусгай зөвшөөрөлтэй талбай нь Дуут сумынхны тахилгат уул болох Бүргэдтэй хайрханы бэлд олгогдсон тул өдийг хүртэл Н.Энхбаяр хуруу гараа ч хөдөлгөөгүй. Харин 2019 оны намар Э.Батшугар хайгуулын ажлыг эхлүүлжээ.

Түүнчлэн Н.Энхбаярын хүү Э.Батшугар, эхнэр  О.Цолмонгийн төрсөн дүү, АНУ-ын иргэн Ононгийн Алтан нар нийлэн Швейцарт “оффшор” компани байгуулжээ. Гадаадын нэр бүхий цахим сайтад мэдээлснээр, Э.Батшугар нь Швейцарийн Цүүг хотод 2007 онд нагац эгч буюу ээжийнхээ төрсөн дүү О.Алтантай хамтран 20 мянган швейцарь франкийн дүрмийн сан бүхий BDR GmbH гэдэг компани байгуулжээ. Харин Швейцарь дахь Н.Энхбаярын гэр бүлийнхний “оффшор” компани мөнгө угаах үйл ажиллагаанд нь оролцдог хэмээн тухайн үед хуулийнхан дүгнэж байв. 

Интерполоор эрэн сурвалжлагдаад олдохгүй байгаа Н.Энхбаярын төрсөн дүү  Н.Энхтуяа оргон зайлсныхаа дараа Сингапурт бүртгэлтэй TRINIX PTE.LTD гэдэг компанийг байгуулжээ. Тус компанийн ТУЗ “BMI” гэдэг компанитай хамтран ажиллах болсон тухай мэдээлэл 2016 оны хоёрдугаар сарын 26-нд зарим вэбсайтад тавигдаж байгаа талаар бид Давстай чихэр буландаа онцолж байв.  Сонирхуулахад Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар Ховд аймгийн Дуут сумаас гадна уул уурхайн хэд хэдэн томоохон орд газруудыг эзэмшиж байгаа ч одоогоор тодорхой үйлдэл хийгээгүй байгаа нь анхаарал татаж байна. 
  ӨДГӨӨ НҮҮРСНИЙ ХУЛГАЙН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛД ДУУДАГДААД БУЙ ЕРӨНХИЙЛӨГЧ   
Хөшөөтийн уурхайг БНХАУ-ын Мо Эн Ка компани эзэмших болоход ард нь тухайн үеийн МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Эхнэр Х.Болормаа нь 2008 онд Геологийн лабаротори нээж, уул уурхайн бизнест хөл тавьж байв. Т.Бадамжунай,Б.Хурц, Д.Эрдэнэбилэг нарын хэргүүд явсаар Ц.Элбэгдорж дээр огтлолцдог нь учиртай. Монголын төрд шургалсан хамгийн том бүлэглэлд нэр нь цохиж явдаг Цахиагийн Элбэгдорж, түүний найз Б.Отгонбаатар нарын хамаарал бүхий “Азаргын гол чонот” компани 2008 онд улсын хилийн онцгой бүс буюу улсын хилийн 5-10 км хүртэл газарт олборлолт хийж байсан нь хожим ил болсон.  Тухайн үед хилийн онцгой зурваст уул уурхай эрхлэх нь хууль зөрчсөн үйлдэл байсан. Тэгвэл өдгөө тэрбээр “нүүрсний хулгай” гэх хэргийн нээлттэй сонсголд дуудагдаад буй нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр энэ удаа хэд хэдэн нууцын гэрээнд үсэг зурж, прокуроруудтай хамссан уул уурхайн бизнесээс ашиг хүртэж байсан талаар эх сурвалжууд ам уралдан хэлэлцэж байна.


  ХУЛГАЙ ГАРАХ БҮРИЙД НЭР ХОЛБОГДДОГ ЖҮДОЧИН ЕРӨНХИЙЛӨГЧ    
Хамгийн нэр цэвэр Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэн өглөө гэж олон нийтэд ам сайтай байсан Халтмаагийн Баттулга Монголын улс төрд өөрийн гэсэн бүлэглэлтэй. Тэр ч утгаараа 2022 оны 12 дугаар сард “Нүүрсний хулгай”-д нэр холбогдов. 
1. ЖДҮХС, ХААДС-аас өөрийн төрсөн Х.Баттуулын “ Милл Хаус” компаниараа зээл авсан ч эргэн төлөөгүй. 

БАРИМТ: Х.Баттулга, А.Сүхбат нарын ах, дүү нар ХААДС-д зургаан тэрбум  төгрөгийн өртэй ч ТӨЛӨӨГҮЙ байна | iSee.mn

2.  Сингапурт байгуулагдсан OZD Asia PTE ХХК нь “Сентерра”-гийн гэх бүхнийг өөртөө агуулдаг “Сентерра Нидерланд” ХХК болон “BVBA” ХХК-иудыг 35 сая ам.доллараар худалдан авчээ. Ингэснээр Канадад төвтэй “Сентерра гоулд” компани Монгол улс дахь “Сентерра гоулд Монголия” ХХК болон Цагаан овоогийн ордыг “Степпе гоулд” компанид зарсны тав, таван сая ам.долларыг дансандаа хийсэн нь хөдлөшгүй баримтуудаар нотлогдоход Х.Баттулга Ерөнхийлөгч нэр холбогдох болов.  Тухайн үед дүү Х.Баттуул нь Перу улсад консул хийж байсан. Перу улсад уул уурхайн компани худалдан авсан Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар нэгэн бүлэг болох нь Эрдэнэт үйлдвэр, Хөгжлийн банкны тодорхой кейсүүдээр нотлогддог. 

Бороо гоулд ХХК. Cентеррагоулд Монголиа / Boroo Gold LLC. Centerragold  Mongolia LLC | ОЛБОРЛОХ САЛБАРЫН КОМПАНИУД

3. Х.Баттулгыг ҮХАА-н сайд байхдаа Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй бүлэглэн Концессийн тухай хуулийг зөрчин Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих шийдвэр гаргуулж, санхүүжилтийг гүйцэтгэлээс зөрүүтэй гаргуулж 720 тэрбум төгрөг завшсан гэх үйлдэлд холбогдон шалгуулж байсан. Мөн УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод заасан эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замыг барихдаа БНХАУ-ын иргэн Wang Wenliang гэгчийн Хонгконгод үүсгэн байгуулсан “Море” компанид хууль бусаар олгох нууц гэрээг 2011 онд байгуулж үүнийхээ шан харамжид Wang Wenliang-ийн төрсөн дүү Wang Daqian гэх этгээдийн Хонконгт үүсгэн байгуулсан “Koon Yau Limited” компанис “CAMEX”, “Их Майдар” сан, “Түмэн хишигтэн”, “Либерти партнерс” компаниудаараа дамжуулан 2 сая ам.долларын хээл хахууль авсан гэх хэрэг ямар шатанд шалгагдаж байгаа вэ.  Х.Баттулга нь ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчин, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийхээр батлагдсан Засгийн газрын 2013 оны 76 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангалгүйгээр дур мэдэн тендерийн шаардлага хангаагүй “Натур фрэйндли” ХХК-ийг хууль бусаар шалгаруулахдаа 4.3 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирлыг учруулсан .

4. 2009 онд Зам тээврийн сайд байхдаа өдгөө “ногоон автобусны хэрэг”-т шалгагдаж байгаа Тэнүүн Огоо ХХК-д давуу байдал олгосон. Түүнчлэн Тэнүүн Огоо ХХК-ийн нууц эзнээр Х.Баттулга нэрлэгдэж байгаа ажээ. 

5. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх Б.Ганхуяг Тавантолгой Төмөр замын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, бизнесийн найз Голомтын Баясгалан нарын “Төмөр зам”-ын гэрээг оффтэйк болгосон гэх мэт олон арван төрд үүрлэсэн хулгайн хэрэгт нэр холбогддог. 

  БАЯН БАЗАР, Я.СОДБААТАР НАРЫН КОМПАНИАР ТАВАН ТОЛГОЙГООС НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ БУЙ ЕРӨНХИЙЛӨГЧ   
Монгол улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх. Нацагийн Багабандиар улс төрд хөтлүүлсэн түшмэлүүдийн нэг.  Тэрээр уул уурхайн бизнест өөрийн итгэлт түнш Кадастрын хэлтсийн дарга асан Х.Хэрлэн, “Эко алтан Заамар” ХХК-ны захирал баян хочит Р.Базар нараар нэр холбогддог.  Тухайлбал Дорнодын Улааны холимог металлын ордыг БНХАУ-ын  хөрөнгө оруулалттай  “Шинь Шинь” компанид луйвардан олгосон гэгдэж байсан Х.Хэрлэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ төрийн мэдлийн Шивээ-Овоогийн  лицензийг 2004 оны арванхоёрдугаар сарын 10-23-ны хооронд “Шинэ шивээ” компанид шилжүүлсэн байдаг. Үүнийхээ дараахан “Шинэ шивээ” ХХК-д хувь эзэмшдэг болсон. Төрийн мэдэлд байсан “Шивээ овоо” ХК-ийн эзэмшлийн нүүрсний орд газрын лицензийн 85 хувийг гартаа оруулсан гэгддэг А.Эрдэнэбат (Түүнийг мацагтан П.Анужингийн нөхөр гэдгээр хүмүүс сайн мэддэг) нь тухайн үед Үйлдвэр, худалдааны дэд сайд байсан Я.Содбаатартай лиценз эзэмших тал дээр тун анхаарал татмаар гэрээ байгуулж байв. Ингээд зогсохгүй У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Д.Зоригт нар А.Эрдэнэбатын хамт МАСЗХ гэгчийг МАХН-ын дэргэд байгуулж, дээш гарсан нэгнээрээ дамжуулж хамтын бизнес эрхэлж эхэлсэн байдаг. 
Өдгөө түүний дотны хүн болох Х.Хэрлэн нүүрсний хулгай” гэх хэргийн нээлттэй сонсголд оролцохоор болоод буй.

ТЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭМЭЭХ ХҮНДТЭЙ ХЭРГЭМИЙГ ХАШИЖ ИРСЭН.  ХАРАМСАЛТАЙ НЬ ТӨРИЙН ХЭРГЭМ ТӨРЛИЙНХ БОЛСНЫГ САЙТАР АЖИГЛАСАН БУЙ ЗА. 


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1