Чөтгөрийн нүдийг гурилаар хуурна гэгчээр энэ удаагийн сонсгол гэх нэртэй МАН-ын попрол үргэлжилж байна. Давсгүй хоолтой ижилхэн гол тоглогчдоо арын хаалгаар эрхлүүлсээр. Хууль зүйн сайдын амнаас өлхөн унадаг “Битгий улс төржүүлээд бай” гэх зэмлэлийг өөрт нь хэлчих зоригтой хүн энэ сонсголд цөөхөн оролцлоо. Б.Энхбаярын худал попрол, гүжирдлэг угтаа МАН-ыг төр барих хугацаандаа дампуурч байсан Эрдэнэс Тавантолгой ХК-ийг хөл дээр нь өндийлгөсөн болгож харагдуулах зорилготой ажээ. Тухайлбал саяхан л АТГ-т нүүрсээр шалгуулж явсан Д.Ариунболд “намайг 2016 онд очиход Тавантолгой дампуурал зарлачихсан байсан” гэж хэлж байх юм. Сангийн сайд асан С.Баярцогтоос эхлээд Ардчилсан намынхныг унагах оролдлогыг Д.Ариунболдын тайлбараар хөтлүүлээд өвдөг шороодчихлоо.
ТОГШИЖ, ТОНШИЖ, ТОНОЖ ЯВСААР ТОМОРСОН Д.СУМЪЯАБАЗАР
Тавантолгойн хөгжилд АН-даа ч МАН-даа ч алдаа нь байгаагүй. Нийлж зусардгийг улсаараа харж суухад ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран “ 2016 оноос өмнөх ТУЗ-ийн бүх материалыг устгасан” гэж хэлээд олны анхаарлын төвд Д.Сумъяабазарыг авчрах сануулга бүхий нууц хөзрийг дэлгэлээ. Өөрөөр хэлбэл 2018 оны Эрдэнэс Тавантолгой ХК-ий ТУЗ-ийн гишүүдийн олонх нь Д.Сумъяабазар, Т.Аюурсайхан нарын цэргүүд байсныг далдхан хэлчихээд хэлээ залгив.
Тодруулбал П.Өлзийнарангийн ажиллаж байсан үе буюу 2018 оны ТУЗ-ийн даргаар одоогийн Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч Б.Баярсайхан нар байсан. М.Баяраа бол Д.Сумъяабазарын хамт лифтээр зорчигчдын нэг. Харин Б.Баярсайхан бол Д.Сумъяабазарын бизнесийн гол тоглогч. Д.Сумъяабазар төрсөн дүү Д.Сэржбүдээ, найз Б.Баярсайхан нараар нүүрсний бизнес эрхэлж байсан нь манай редакцийн “Баялгийн хулгай” цувралаар баримттай дурдагдсан байдаг.
Сонирхуулахад Д.Сумъяабазар өчигдөр сонсголоор яригдсан Хятадын зэвсгийн компани болох Норинкогийн оффтэйк гэрээний гол тоглогч байсан. Тиймээс ч Д.Сумъяабазаргүй сонсгол угтаа жүжиг гэдэг нь үнэн юм. Эзнийг нь биш юмаа гэхэд цэргүүдийн чихдээд авчрахад Хууль зүйн сайдыг попорсондоо л ... гэж хэлэх хүн цөөхөн байх байлаа.Тухайлбал 2018 оны ТУЗ-д Г.Нандинжаргал, Р.Мэргэн, Ц.Баяр-Эрдэнэ, У.Бямбасүрэн, С.Наранцогт нар Д.Сумъяабазарыг төлөөлж Эрдэнэс Тавантолгойг эзэгнэж байсан.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ЖҮЖГИЙН “Т.АЮУРСАЙХАН” ГЭХ ҮЗЭГДЭЛ
Өдгөө нүүрсний хэргээр хамгийн чухал тоглогч болоод буй Б.Ганхуягийг гарынхаа үзүүрээр гүйлгэж суудаг УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Би хүрз нүүрс аваагүй” гэх худал мэдүүлгээ одоо ч мартсан биз. Тэр том тоглогч. Том тоглогчид хүрз чухал биш. Т.Аюурсайхан Б.Ганхуягийг тодрон гялалзаж байх үест улс төр, бизнесийн салбарт таахалзаж байсан юм. Шударга тавын нэг гэж өөрийгөө санаж явсан ч эцсийн мөчид Л.Оюун-Эрдэнэдээ тархидуулж, хамаг булхай нь ил болов. Хамгийн ноцтой нь Т.Аюурсайхан Б.Ганхуяг нар Хятадын нэр бүхий компаниудад Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг дамлан зарж, гэрээ тутмаасаа цувчаж суусныг хууль хүчнийхэн илрүүлээд байгаа. Тодруулбал Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийн эгч И.Чанцалдулам, эхнэр Д.Дэлгэрмаа, хамтрагч Г.Гантөмөр нарын Лаки лайф ХХК нь Ар гүнтийн аманд 69 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьж, нүүрсний мөнгөө угаасан байж болзошгүй. Уг хотхоны ажилд тэд 20 тэрбумыг зарцуулсан. Түүгээр зогсохгүй Т.Аюурсайханы энэ арми Мон Версус ХХК-иар Богд хан уулын “Арцат”-ын аманд 1.5 га газар авч 39 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьж буй.
Сонирхуулахад Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын өөр нэг чухал хамтрагч Тавантолгой Төмөр замын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал. Тэд МАН-ын шинэчлэл, хөгжлийн хороо ТББ-ын дүү нараа ЭТТ ХК-ийн газар болоод хэлтсийн даргаар томилсон байдаг. Тухайлбал Т.Аюурсайханы туслах, ЭТТ ХК-ий Худалдан авалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б. Отгонжаргал нь аавынхаа гэрт 235 сая 30 мянган ам долларыг нууж байсныг олж тогтоосон байдаг.
УРАН ҮГ ШИГЭЭ ХУЛХИ ЯВСАН Ж. МӨНХБАТ
Архангай аймгийн иргэдийг хоёр сонгууль дамнуулж тархидсан Ж.Мөнхбат намдаа ааштай гишүүн байлаа. Нэгэн үе одоогийн Ерөнхийлөгчийг хүртэл чичиргэж явсан тонгорог шиг хурц үг хэллэгтэй түүний эзгүй сонсгол хийнэ гэдэг үлгэрийн далай. Д.Ариунболдыг томилж, пластик хочит Д.Наранхүүгийн компаниудаар нүүрс зөөж, МАН-ын дотроо нүүрсний фракц босгож явсан гол дүр тайзнаасаа буугаад удаж байгаа. Харамсалтай нь Ж.Мөнхбатын хэрэг хэрхэхийг олон нийт чих тавин хүлээж сууна.
Ж.Мөнхбат нь багын найз, Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуугийн тусламжтайгаар нүүрснээс олсон их хэмжээний ашгаа барилга болгон угаасан байж болзошгүй талаар албаны эх сурвалж мэдээллээ. Б.Чойжилжалбуу, Ж.Мөнхбат нарын өөр нэг хамтрагч нь Х.Батжаргал. Х.Батжаргал нь Ж.Мөнхбатын төрсөн дүү Ж.Батсуурьтай Ивенто ХХК-ийг эзэмшдэг. Мөн Х.Батжаргал Б.Чойжилжалбуу нар Хамаг Монгол хангай группийг хамтран ажиллуулахын сацуу О.Хүрэлтогоогийн хамтаар Марс Гранд ХХК-ийг эзэмшдэг. Эл фракц өдгөө Богдхан уулын Жаргалантын аманд Жаргалант гэх тансаг зэрэглэлийн хаус бариад буй.
Энэ мэт томоохон тоглогчдоо тойруулаад нүүрсний сонсгол хийж байна. Өөрөөр хэлбэл гол дүрүүдээ задлахгүйгээр улс төрийн попрол өрнөж гэсэн үг.
А.САМО
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна