surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Авлига албан тушаалын хэрэг болон нүүрсний хулгайн хэрэгт холбогдож буй Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн гэж хэн бэ? 

Авлига албан тушаалын хэрэг болон нүүрсний хулгайн хэрэгт холбогдож буй Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн гэж хэн бэ? 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Амгалангийн Адъяасүрэн нь  анх 2020 онд Баянхонгор аймгийн гуравдугаар тойргоос нэр дэвшсэн. УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүний нэг юм.  

Тэрээр гишүүнээр сонгогдсон жилдээ нүүрс тээврийн “С” зөвшөөрөл авахын тулд “Авто тээврийн үндэсний төв”-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН АВЛИГА өгсөн хэргээр АТГ-т сэжигтнээр татагдаж байсан. Улмаар “Нийслэлийн прокурорын газар”-аас түүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн байдаг.  

Уг явдлын дараа авлигын хэрэгт холбогдсон Авто тээврийн үндэсний төвийн дарга ажлаасаа халагдсан байдаг ч УИХ-ын гишүүн гуншинтай А.Адъяасүрэн нь өнөөдрийг хүртэл төрийн үйл хэргийг гүйцэлдүүлж явна. Ийнхүү хууль баталж суудаг төрийн нэг тэргүүн нь авлига албан тушаалын хэрэгт холбогдчихоод байхад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар “Авлига өгөхийг завдсан гэх үйлдлээрээ шалгагдаж байгаа, гэм буруутай эсэхийг шүүх тогтооно” хэмээн хээв нэг мэдэгдэж сууна.  

Энэхүү хэрэг гарсны дараахан тэрээр хэвлэлийн хараанд өртөхдөө А.Адъяасүрэн: “Сонгуулийн хар пи-ар” хэмээн хууль шатны шийдвэрийг үл хайхран мэлзсээр байгаа юм.  

Улмаар 2022 оны сүүлээр ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн талаарх хэргийг мэдээлсэн. Үүний дараагаар иргэдийн шударга ёсыг нэхсэн тэмцэл эхэлсэн. Тэмцлийн үр дүнд АТГ-аас нүүрсний хулгайн асуудалд хамааралтай байж болзошгүй 17 хүний нэрсийг зарласан. Тухайн зарласан нэрс дунд эрхэм гишүүний нэр алдан мэдээж холбогдоод авсан. Ийнхүү нэрээ зарлуулсан А.Адъяасүрэн гишүүн тайлбар өгөхдөө “Улс төрд орсон цагаас хойш намайг гүтгэлэг дагаж ирсэн. Би шалгуулахад бэлэн” хэмээж байсан. Гэтэл гэм буруугүй гэдгээ ийнхүү удаа дараа илэрхийлж ирсэн гишүүнийг өчигдөр нүүрсний асуудлаар яллагдагчаар татах тогтоол гарсан гэдгийг Улсын Ерөнхий прокурорын газраас мэдэгдсэн.  

Ингээд авлига болон нүүрсний хулгайн хэрэгт холбогдоод буй эрхэм гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя. А.Адъяасүрэн нь 2019 онд өөрийн нийт орлогоо 800 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. 2020 он буюу гишүүнээр сонгогдох үед орлогоо 823 сая 224 мянга 530 төгрөг гэж мэдүүлсэн нь түүний орлого 23 сая 224 мянга 530 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Харин өнгөрсөн 2021 онд орлогоо 49 сая 107 мянга 140 төгрөг гэж мэдүүлсэн нь 2020 онтой харьцуулахад 774 сая 117 мянга 390 төгрөгөөр буурчээ.  

Дээр дурдсанчлан 2020 онд А.Адъяасүрэн гишүүн 100 мянган ам.долларын авлигын хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл бий. Тухайн үеийн ханшаар нэг ам.доллар 2800 төгрөг байсан гэж үзвэл нийт 280 сая төгрөг болно. Гишүүний орлого 2021 онд огцом буурсан нь энэ мэт зүйлүүдэд хөрөнгөө зарцуулснаас үүдэлтэй байж болзошгүй.  

Түүний нийт хөрөнгө 2 тэрбум 346 сая 51 мянга 650 төгрөг. Үүнд нэг тэрбум 542 сая 80 мянган төгрөгийн үнэлгээтэй амины орон сууц нэг ширхэг, нийтийн орон сууц хоёр ширхэг, үйлчилгээний зориулалттай байр нэг ширхэг, хашаа байшин нэг ширхэг багтана. 380 сая 200 мянган төгрөгийн үнэлгээтэй жийп болон туулах чадвар өндөр “Lexus 570” нэг ширхэг, “Toyota Land Cruiser 200” нэг ширхэг байна. Мөн 100 сая төгрөгийн үнэлгээтэй өмчлөх эрхтэй 750 болон 250 метр квадрат газрууд тус тус нэг ширхэг гэжээ. Түүнчлэн 323 сая 771 мянга 650 төгрөгийн үнэт эдлэл багтжээ. Тэрээр дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүнгээ 411 сая 364 мянга 750 төгрөг гэж мэдүүлжээ.  

Ингээд эцэст нь олон нийт УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн үнэхээр авлига албан тушаалын гэмт хэрэгт болон нүүрсний хулгайн асуудалд холбоотой эсэхээр шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээх үлдлээ.  
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1