surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Давстай чихэр: БОАЖЯ-ны сайд асан Д.Оюунхоролын талаарх мартаж үл болох баримтууд - 1

Давстай чихэр:  БОАЖЯ-ны сайд асан Д.Оюунхоролын талаарх мартаж үл болох баримтууд - 1

2024 оны УИХ-ын сонгуульд горилж буй эрхмүүдийг Давстай чихэр онцолж байна. Бид энэ удаагийн дугаартаа УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй БОАЖЯ-ны сайд асан Д.Оюунхоролын талаарх мэдэх эрхтэй, мартаж үл болох баримтыг танилцуулж байна. 

•    “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний Баруун бүсийн 4-р үйлдвэрт “Баргил тех” гэх компани 2.2 тэрбум төгрөгөөр барьцуулагдуулагч бодис нийлүүлж байсан. Гэтэл “Баргил тех” ХХК-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол болон түүний нөхөр, Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан нар хамтран эзэмшдэг байж таарсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа “Утааг бууруулсангүй, унтахаас өөр шидгүй” гэж шүүмжлүүлж явсан УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол  “Таван толгой түлш” ХХК-ийн барьцалдуулагч бодисын гол ханган нийлүүлэгч болчихсон гэсэн үг. 


•    Дархан цаазат Богдхан уулын амууд өнөөдөр гэрчилгээ нь ч гараагүй орон сууц, хаус хорооллоор дүүрэх болсон. Тэгвэл 2014-2017 оны хооронд хоёр ч удаа энэ салбарын сайдаар томилогдож ажилласан Д.Оюунхорол Богд уулын орчимд газар ашиглах эрх олгосон хэмжээгээр давхардсан тоогоор нийт 27,738 га талбайг  тушаалаар олгогдсон байна. Үүгээрээ тэрбээр хамгийн олон газар олгосон сайд нарын жагсаалтын хоёрт эрэмбэлэгдэж байна

Богдхан уулын Дархан цаазат газар хэн гэдэг сайд, хэчнээн га газар ашиглах  эрх олгосон бэ?
•    Кувейт улсын эрхэм дээдсүүд Монголоос авч гарсан шонхоруудынхаа хариу болгон 3,5 сая ам долларын буцалтгүй тусламжаар БОАЖЯ-д "Монгол кувейтийн судалгааны төв ” нэртэй цогцолборыг Дархан цаазат Богд хан уулын Түргэний аманд барьж өгчээ. Байгаль орчны судалгаа хийх зориулалттай уг төв нь 13,6 га газартай , дээд зэрэглэлийн 6 хаус, зочид буудал, ресторан,100 хүний хурал зохион байгуулах заал танхимууд, ажилчдын байр бүхий Монголд байхгүй иж бүрэн цогцолбор бөгөөд Улаанбаатар хоттой засмал зам, өндөр хүчдэлээр холбогдсон байдаг. Гэтэл Байгаль орчны сайд асан Д. Оюунхорол "Монгол Кувейтийн судалгааны төв ” нэртэй ТББ байгуулан, уг төвийг өөрийн болгосон баримтыг дэлгэе.

Д.Оюунхоролын байгуулсан Төрийн бус байгууллагын гишүүдээр УИХ-ын гишүүн Ж. Эрдэнэбат С.Баярцогт, С. Бямбацогт болон тэдний ойрын хүмүүсийг сонгожээ. Тухайлбал Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газрын дарга асан Ч.Батсансар нь УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалангийн багын найз.

Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын эхнэрийн төрсөн дүүгийн нөхөр Батбэлэгийн Эрдэнийг, нягтлан бодогчоор нь Д.Оюунхоролын "Отгонтэнгэр ” дээд сургуулийн нягтлан бодогч Д.Уугантуяаг томилжээ. Төрийн бус байгууллагын зорилго нь Монгол,Кувейт Засгийн газрын хоорондын буцалтгүй тусламжаар баригдсан цогцолбор, газрыг өөрийн болгох, Кувейтээс орж ирэх санхүүжилтийг хувааж авах байлаа.

Ингээд 2008 оны хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу "Монгол кувейтийн судалгааны төв”-ийн эхний санхүүжилт болох 1,2 сая ам долларыг Ж.Эрдэнэбатын эхнэрийн дүүгийн нөхөр Б.Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны дансаараа дамжуулан авсан байна . 1,2 сая доллараас гадна 3 ширхэг Лексус-570 машин бэлэглэсэн ч бүгд байгаль орчны яамны бүртгэлд оролгүй дээрхи хүмүүсийн хувийн өмчид шилжсэн байна.

2016,01,04-д Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Д.Оюунхорол нь ТББ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоор "Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай " Засгийн газрын тогтоол гаргуулж, Монгол улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын Санамж бичигт заасан үүргийг өөрсдийн байгуулсан "Монгол кувейтийн судалгааны төв”д хариуцуулахаар болжээ.” Монгол кувейтийн судалгааны төв”-ийн өмч хөрөнгийг ашиглан Д.Оюунхоролын төрсөн дүү Д.Дамдинсүрэн , "Монгол кувейтийн судалгааны төв” ТББ-ын нягтлан бодогч Д.Уугантуяа нарын 70/30 хувиар нь эзэмшдэг "Өвөр эко Зайсан” компани амралтын бизнес эрхлэх болсон байна. Уг компани татан буугдсанаар хэл ам тэднийг холуур тойрсон байдаг.

Хоёр улсын гэрээний дагуух тусламж хэдхэн хүний гараар ороод дууссанд Кувейтийн элчин сайдын яамныхан гомдол гаргаж эсэргүүцснээр хулгай нь баригдаж , хууль хяналтын байгууллага шалгаж эхэлмэгц тэд 2016,10,06 ны өдөр өөрсдийн байгуулсан "Монгол кувейтийн судалгааны төв” ТББ-аа "Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар ” болгон өөрчилжээ.Хуулиараа хандив, тусламж, бэлэглэлийн журмаар олж авсан эд хөрөнгө нь төрийн өмч байх ёстой байтал салбарын сайд нь өөрөө төрийн бус байгууллага байгуулан өмч хөрөнгө, Монгол улсад өгсөн гадны тусламжийг авсан нь нь яах аргагүй албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан эрүүгийн гэмт хэрэг.

Хамгийн ноцтой нь  байгаль орчны судалгаа хийх зорилготой төрийн өмчит үйлдвэр газарт "English camp" хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч буй аж. “English camp”-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, байрныхаа нэг хэсгийг "түрээслүүлэх" үйлчилгээг л үзүүлдэг байна. Тэгвэл "English camp" хүүхдийн хэлний сургалтын төв “Отгонтэнгэр” дээд сургуулийн харъяаных гэх мэдээлэл байна. "Отгонтэнгэр" дээд сургууль нь Д.Оюунхоролын эзэмшлийнх юм. Энэ мэт олон арван хэрэгт нэр холбогдож буй Д.Оюунхоролын зөвхөн нэг л тарьсан балгийг онцоллоо. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1