surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

АН: Г.Занданшатар, Н.Энхболд нарыг цэцэд өгнө

АН: Г.Занданшатар, Н.Энхболд нарыг цэцэд өгнө

УИХ-ын намрын чуулган ирэх долоо хоногт завсарлах бөгөөд түүнээс урьтаж, ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг судлах Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, шийдвэрлэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нарыг Үндсэн хуулийн Цэцэд өгөх нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзэж байгаагаа албан ёсоор илэрхийллээ.

Хуульд зааснаар Хяналт шалгалтын түр хороо байгуулах асуудлыг УИХ-ын 19 гишүүн дэмжсэн тохиолдолд УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу дараалал харгалзахгүйгээр нэн даруй хэлэлцэж, Хяналт шалгалтын түр хороо байгуулна гэж заасан байдаг аж.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ногоон автобусны худалдан авалтыг судлах хяналт шалгалтын түр хороо байгуулах санаачлагыг өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргаж, нийт 25 гишүүн дэмжин, гарын үсэг зурж, энэхүү хүсэлтээ УИХ-д 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд УИХ-д өргөн барьжээ. Тодруулж хэлбэл, түр хороо байгуулах саналыг УИХ-д гаргаад 50 гаруй хоног өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл эл асуудлаар шийдвэр гаргалгүй, УИХ-ын намрын чуулганыг завсарлуулах болж буй.

  • Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ногоон автобусны худалдан авалтыг аль нэг нам руу чихэх боломжгүй учраас эрх баригчид хуулийн нугалаа гаргаж байна. Өмнө нь Ардчилсан намын бүлэг Covid-19 цар тахлын үеэр зарцуулсан хөрөнгийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулах санаачлага гаргаж, Түр хороо байгуулагдсан ч шинжээч томилж өгөхгүй байсаар сонсгол хийх боломж олгоогүй. Цар тахлын үеэр эрх баригчид 20 их наяд төгрөг зарцуулсан. Энэ их хөрөнгөөр эрх баригчид тоглосон. Түүнийгээ бусад руу чихэх боломжгүй учраас сонсгол зохион байгуулахын эсрэг ажилласан” гэв.
  • УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ногоон автобусны хэрэгт хэн гэдэг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ямар хуулиудыг яаж зөрчсөнийг олон нийтэд нээлттэй л болгох гээд байгаа юм. Бараг тодорхой байгаа. Зөвхөн 2022 онд гэхэд 1.2 их наяд төгрөгийн шууд худалдан авалтуудыг нууцаар хийсэн. Үүний цаана хулгай, луйвар нуугдаж байгаа" гэв.

Онцолбол, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанд өнөөдөр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй тус намын хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд, ажлын хэсгийн гишүүд оролцжээ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1