2022 онд нүүрсний хулгайн гэмт хэргийн талаар анх Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Доржханд нар,шүгэл үлээсэн. Хулгайн зар шуугиан тарив уу? Төр нь иргэнээ мунхруулах засгийн бодлого байв уу. Ямартай ч нийслэл хотын иргэдийг төв талбайд олноор нь бултаар нь гаргаж ирж чадсан.
Олон авир ааштай жагсаал тэмцэл өрнөж, гадаад дахь Монголчууд нэгдэж, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд манай улсад гарсан хулгайн хэрэгт анхаарал хандуулж эхлэв. Ерөнхий сайдын амнаас зүгээр ч нэг унаагүй хулгайн хэргийн сэжүүрт 17 хүний нэрс зарлагдаж, бишгүй шуугиан тарьсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гарсангүй.
Уг нь хэргийн мөрийг хэрхэн мөшгөж, шалгахыг хууль хүчний байгууллага сайн мэднэ. Тэд өнөөдөр дуугүй байх эрхээ эдэлж байна. Үүгээрээ Монгол улсад засаглалын асар том булингар үүссэнийг гэрчилж байгаа юм. Учир нь энгийн хулгайн хэргийн сэжүүрийг гарах төдий мөрдөж мөшгөөд илрүүлж чаддаг хууль хүчний байгууллагын эрх мэдэлтнүүдийн холбогдсон хэрэг дээр ажиллах арга барил нь нурамдаа уугьж байгааг тэвчиж суух арга алга. Тэд чадахгүй. Харин энгийн номхон жагсагчдаа хоморголон ачиж, шалган байцааж л чадна.
Одоо үүсээд байгаа толгойгүй төрийн тодорхойгүй асуудал буюу нүүрсний хулгайн хэрэгт эргэлзэх хоёр шалтгаан байна.
ЭРГЭЛЗЭХ ШАЛТГААН 1: Хууль хүчний байгууллага аливаа хэрэгт хохирогчоо байцааж, хохирлын хэмжээг тогтооно. Улмаар гэмт этгээд мөн бишийг нь илрүүлэх ажиллагаа явуулдаг. Түүний дараа цуглуулсан баримтаар хулгайчаа баривчилж, хохирлыг барагдуулж, хариуцлага хүлээлгэдэг ажил хэрэгч тогтолцоогоо хаана гээсэн бэ?
ЭРГЭЛЗЭХ ШАЛТГААН 2: Хоёр сарын турш нийгмээр нь бужигнуулж, ард иргэдээ төв талбайд дуудан гаргаад, удалгүй талбайгаас хөөн буулгасан төрийн байгууллагууд тоо баримтаа дэлгэхгүйгээр бие биеэрээ туг тахин тоглож байна.
ОДОО НЭРСЭЭ ТОДОРХОЙ БОЛГОЖ, ТОМЬЁОГОО ОЛЖ, БОДЛОГОО БОДОХ НЬ ЧУХАЛ БАЙНА
МУ засгийн газар, Эрдэнэс таван толгой ХК, Гаалийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Монгол улсын дээд шүүх, Монгол улсын ерөнхий прокурорын газар бодож олсон, цуглуулж хураасан тоо баримтаа дэлгэнэ үү? Зарласан хулгайчдын нэрсээс илүү бидэнд бодитой тоо баримт чухал байна. Монгол улсын эдийн засагт 40 их наядын хулгайн хэрэг гарах боломжтой эсэх, хэрэгт холбогдсон этгээдүүд манай улсад хэр хэмжээний хохирол учруулсан гэх тоо баримтаа дэлгэхгүй аваас энэ улсын бүх шатны ажилчид, иргэдийн дунд үүссэн үймээн, хардлагын хар мөр биднийг мөхлийн ирмэгт хүргэх аюулын харанга дэгдээж байна. Арай бид жоомоо алах гээд байшингаа шатааж байгаа юм биш биз. Үнэхээр л хулгайн хэрэг мөн болбоос нотлох баримтыг нуун дарагдуулах нь хэр оновчтой шийдэл вэ?
Элгээрээ мөлхөж байгаа эдийн засгийн хямралтай улсад арав, дөч, далан их наядын хулгай гарах боломжтой юу? Боломжтой бол “БАЯЛГИЙН ХУЛГАЙ”, “АЛДАГДСАН БОЛОМЖ”, “МУУ МЕНЕЖМЕНТ” гэх нэршлээ тодорхой болгож тайлбар өгөхийг шаардаж байна. Тоо баримтын дэлгээд өгвөл бид бодлогоо бодож, хариултаа ольё.
Төр иргэнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, үнэн бодитой баримтыг ухамсарлаагүйн горыг амсах цаг ойрхон ирснийг толгойтой бүхэн анзаарч байхад, саарал ордны цагаан захтнууд улс төрийн жүжиг тавьж, иргэдээ төөрөгдөлд оруулж байна . Тэдний нэг Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үеийн үед шүгэл үлээж, жагсаал цуглаан зохион байгуулж, өөрийн хаан мэт байр суурь, эрх ямбаа зузаатгаж ирсэн.
ХАРДАЛТ 1: НҮГЭЛД УЛАЙССАН ШУДАРГА ТАВЫН ЖАГСААЛ
2018 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотын төв талбайд “ШУДАРГА ТАВ” гэж өөрсдийгөө цоллосон, тухайн үеийн улсын их хурлын даргыг татан буулгах зорилготой жагсаал зохион байгуулсан таван эрхмийн дунд одоогийн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багтаж байв. Тухайн үед манай улс УИХ-ын даргыг нас барсан тохиолдолд, эсвэл Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд огцруулдаг эрх зүйн заалттай парламентын засаглалтай байлаа. Гэтэл тус жагсаалын үр дүнгээр УИХ-ын даргыг олонхын саналаар огцруулах шийдвэрт хүрсэн. Шударга тавын шоу дуусч Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК, иргэн Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн. Тэрээр “Өгөөдэй Ази ” ХХК-д ЖДҮ-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон гэх.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банканд хүүлэгдсэн гэдэг. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшлийн “Богд” банк Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө авсан тухай мэдээлэл гарч, үүнийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нотолж мэдээлэл хийж байсан.
Эдгээр шударга таван эрхмийн дунд цоллуулж явсан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр төр тэргүүлэх сайд болсон ч жагсаал цуглаанаар өөрийн хүчээ зузаатгадаг, иргэдийн хүчээр албан тушаалын дархлаагаа тогтоодог арга барилд гаршсан байна.
ХАРДАЛТ 2: АЖЛАА ХИЙ ЖАГСААЛ БУЮУ ЕРӨНХИЙН САЙДЫН ШОУ
Шударга тавын жагсаалаас хойш улс төрийн босго нь өндөрсөж, цол хэргэм нь ахиж яваа ерөнхий сайд ажлаа хий жагсаалыг 2022 оны дөрвөн сард зохион байгуулсан.
ХАРДАЛТ 3: НҮҮРСНИЙ ХУЛГАЙ БУЮУ ЕРӨНХИЙ САЙДЫН ҮНДСЭН ХУУЛЬ РУУ ХУРУУ ДҮРЭХ ОРОЛДЛОГО
Түүнд итгэсэн, түүнд найдсан иргэд ахин бухимдах болмогц, Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн талаар шүгэл үлээж, шударга улс төрчийн дүрд тоглож эхлэв. Төв талбайд цугласан иргэдтэйгээ уулзахаар гарч ирэхдээ хэлэх үг, хийх үйлдлээ сайн тооцоолсон байв. Арга ч үгүй дээ. Сайдын суудалд хүрэх хүртлээ иргэдийн турхирааныг менежментээ болгосон мань эрхэм шүхрээ дэлгэж, ууртай иргэдийн сүнснээс өөрийгөө хамгаалсан нь тооцоолох л ёстой үйлдэл.
Өөрөө өөртөө шүгэл үлээсэн Л.Оюун-эрдэнэ нүүрсний хулгайн 17 хүний нэрсийг зарласан гавьяатай. Зарлагдсан 17 хүний нэрс дотор МАН-ын ирээдүй нь бүрхэг болж, намаасаа жийгдэж байгаа гишүүд болоод үеийн үед сөрөг хүчин нь болж ирсэн хүч дорой ардчилсан намын төлөөлөл багтжээ. Түүнчлэн Эрдэнэс тавантолгой компанитай холбоотой хурган захирлууд нэрлэгдлээ. Гэвч иргэд илүүг хүсч, илүүг шаардаж, түүний жүжигт асуудал тарив. Тиймээс иргэдийн тэмцлийг хүчээр тарамдан бутаргах даалгавар өгсөн байж болох.
Мэдээж сэтгүүлч миний бие хардах эрхтэй. Учир нь тэмцэл өрнөж байхад саарал ордонд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах талаар яригдаж байв.
Энэ нь хулгайн сэжигтнүүдэд хариуцлага тооцож, гарц гаргалгаа ярих ёстой Засгийн газар байр сууриа хадгалж үлдэхийн тулд хуулийн шинэчлэл хийж байна гэх хардлага төрүүллээ.
Хүссэн хүн эцэг хуулиараа оролдож болдог бурангуй тогтолцоог Оюун-Эрдэнэ үүсгэж байна. Жагсаал цуглааныг өөрийн талдаа урвуулан ашиглах нь түүний гол менежмент. Мэдээж түүний морин цэрэг болж Х.Нямбаатар, Ч.Хүрэлбаатар гэх мэт төр тэргүүлэх эрхмүүд гол үүргийн гүйцэтгэх учир засаг тойрсон яамдын сайд нараа томилох ажил зохион байгуулах нь цаг хугацааны асуудал байлаа. 2023 он гарч, тэмцлийн хүч доройтмогц Оюун-Эрдэнэ шинээр томилгоо хийж, өөрийн хүчээ нэмж зузаатгав. Тэр чадлаа. Ах нарынхаа чадаагүй нүглийг өөрийн төлөвлөснөөр бүтээж чадсаныг шинэ томилогдсон яамдын сайд нар хэлээд өгнө.
Одоо ч үргэлжилж байгаа нүүрсний хулгайн асуудлыг тэр эхэлж хөндсөн. Хэн хожив. Хэнд ашигтай байв. Улс даяар бужигнуулж, эмх замбараагүй нөхцөл байдал үүсгэж, байр сууриа ганхашгүй авч яваа хэн байна. Уг нь нүүрсний хулгайн хэргийн асуудал тодорхой тоо баримттай байж болох ч өдийг хүртэл дэлгэгдээгүй нь ингэж хардах үндэслэл юм.
ҮНЭН БОДИТОЙ ТОО БАРИМТАА ДЭЛГЭ. БИД БОДЛОГОО БОДОЖ, ИРГЭД ТӨӨРӨГДЛӨӨ АРИЛГАЯ. САВАНГИЙН ДУУРЬ ШИГ УЛС ТӨРИЙНХНИЙ ЖҮЖГЭЭС ЗАЛХАЖ БАЙНА.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна