surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

МАН-ын бага хурал болж хэн хэн бандуулах вэ 

МАН-ын бага хурал болж хэн хэн бандуулах вэ 

Монгол ардын намын бага хурал удирдах зөвлөл болон гишүүдтэйгээ хариуцлага тооцох, чөлөөлөх, нөхөн томилох болон улстөрийн шийдвэр гаргахад чухал нөлөөтэй. Хатуу хэлэхэд энэ нам цөөхөн хэдэн хүний халаасанд гарын аясаар эргэлдэж байгаа нь нууц биш. Нэг талдаа Л.Оюун-Эрдэнэ, нөгөө талдаа У.Хүрэлсүх гэсэн фракц хоорондын мөргөлдөөн өнгөрсөн оны сүүлээр хүчтэй өрнөж байсан. Гэхдээ тэд өнөөдөр эв зүйгээ олж, УИХ-ын сонгууль угтаж, бага хурлаар хэд хэд гишүүнээ бандахаар болоод байгаа ажээ. 

Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Баттөмөр, Сангийн сайд Б.Жавхлан, нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд нар нүүрсний хулгайн асуудалд “холбогдогч”-оор нэрлэгдээд буй. Тийм ч учраас намын бага хурлаар зоригтойгоор их цэвэрлэгээ хийх гэнэ.

Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын ахлан зохион байгуулсан нүүрсний сонсголоор Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд, Сү.Батболд тэргүүтэй эрхмүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал эрчимтэй яригдаж байна. Хэрэв тэднийг хариуцлагатайгаар тоглолтоос гаргаж, нэр холбогдсон хэргүүддээ ясаа цайтал шалгуулаад нэр төрөө цэвэрлээд ир гэвэл ирэх сонгуулийн ялалт эрх баригч намд зардал болоод золиос багатайгаар ирэх билээ.

Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарын тухайд Админерал ХХК-тай хамаарал бүхий этгээдүүдээр нэрлэгдсэн. “Бортээгийн уурхайн гэрээт олборлогч”-ийг сонгон шалгаруулах тендерийг хэдэнтээ цуцалж, эцэст нь “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК, “Таван хур” ХХК, “Админерал” ХХК, “Спейшлмайнинг сервис” ХХК-уудын “МТАС” түншлэл шалгарсан байдаг. Түр хорооны шинжээчийн зүгээс тендер сонгосон шалгаруулалтыг үнэлбэл “МТАС” түншлэл шалгарах боломжгүй байсан нь баримтуудаар нотлогдсон. Түүнчлэн тухайлсан аж ахуй нэгжид зориулан хуулийн хүрээнд явагдсан гэж харагдуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган байж тендер шалгаруулсан байж болзошгүй гэх онц ноцтой дүгнэлт бий. Эхний тендерийг тодорхой үндэслэлгүй цуцалж, хоёр дахь тендерийг хуулийн хүрээнд зохион байгуулсан үнэлгээний хороог өөрчилсөн нь “МТАС” түншлэлийн гишүүн “Админерал” ХХК болон “Таван хур” ХХК-д давуу байдал үүсгэх зорилготой гэж үзэхээр байгааг шинжээч хэлж байсныг мартаж болохгүй.

Түншлэлийн компаниуд хэрхэн задарч Батж.Батбаяр, Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд, Б.Жавхлан тэргүүтэн нэр холбогдсон талаар нүүрсний сонсголд хангалттай өгүүлсэн.

Харин Сү.Батболдын нэр дурьдагдах бүрт гөлөг төөрүүлэх ажиллагааг Түр хорооны дарга Б.Энхбаяр нэлээдгүй хийсэн гэх шүүмж одоо хүртэл нийтийн дунд байсаар байна. Сү.Батболдын Засгийн газрын үед тавьсан Чалкогийн өрийг 7 жилийн турш дөрвөн Засгийн газар дамжин нийт 410 сая ам.доллар болгож, зөвхөн хүүнд 60 сая ам.доллар төлж барагдуулсан талаарх баримт дөнгөж эхлэл нь. Чалкогийн гэрээний ноцтой заалт нь 1 тонн нүүрсний үнэ зах зээлд 110 ам.доллар байхад манай улс 70 ам.доллараар, хэрэв нүүрсний үнэ зах зээлийн ханшаар 70 ам.доллар болвол 1 тонныг нь 58 ам.доллараар олборлоод 53 ам.доллараар зарахад хүрсэн явдал. Монгол Улсыг сөхөрч унатал алдагдалд оруулж, өнөөдрийн бум түмэн өрийн эхлэлийг тавихад хүргэсэн энэ асуудалд Сү.Батболд буруугүй байх учиргүй үзэх намын томчуул олон бий. 

Мөн Монгол Улсаас гаалийн бүрдүүлэлт хийлгэлгүйгээр 5.2 сая тонн нүүрс хулгайн замаар гарсны 1.2 сая нь Сү.Батболдын үеэл, авга дүү Цэрэнпүрэвийн Амгалан гэх эмэгтэйн 8 компаниар хил гарсан гэх факт олны сонорт хүрээд байгаа.

Хамгийн ноцтой нь Гаалийн бүрдүүлэлтгүй хулгайн нүүрс нь 2020-2023 оны хооронд Монгол Улсын хилээр гаргасан байх бөгөөд тухайн онуудад Гаалийн ерөнхий газрын даргаар Сү.Батболдын эхнэр Отгонтуяагийн төрсөн ахын хүү Б.Асралт ажиллаж байсан гэснийг орхигдуулж болохгүй. Б.Асралт 2016 оноос хойш Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад нүүрсний дуулиан эхэлмэгц ажлаа өгсөн. Түүнийг Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байх үедээ Сингапур дахь элчин, консулын ажилтантай гүн гүнзгий харилцаатай байсан төдийгүй түүгээр дамжуулан экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөнгө санхүүгийн талаар судлуулж байсан гэх мессэж өчигдрөөс эрх баригч намын бага хурлын гишүүдийн хүрээнд эрчтэй яригдаад эхэлсэн мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

Ямартай ч намрын чуулган өндөрлөлөө. Олон сар хүлээгдэж МАН-ын бага хурал сар шинийн баярын үеэр болж Д.Амарбаясгалан, Сү.Батболд тэргүүтэй улс төрчид нэлээд зэмлэл хүртэх төлөвтэй байна. Түүнчлэн уур амьсгал буруугаар эргэвэл МАН-ын одоогийн генсек улс төрийн карьертаа цэг тавьж болзошгүй байна. 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1