Одоогийн УИХ-ын намрын отгон чуулган дуулиан дагуулж явсаар эцэст нь өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр хаалтаа хийлээ. Тэгвэл манай сайт тус чуулганы онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Эдгээр 32 бөхийн нэг, улсын баяр наадмын түрүү бөх М.Бадарчаас хориотой бодис илэрч олны анхаарлыг татав. Ид допингийн асуудал хүчтэй яригдаж байсан энэ үед Монгол улс ирэх олимпод цагаан туг дор оролцож болзошгүй хүндхэн нөхцөл байдал тулгарч байлаа. Энэ бол Монгол улсын допингийн эсрэг “МОНАДА” төв, зарим нэг тамирчдын хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй асар том хохирол амсахуйц үйл явдал байлаа. Ийнхүү Монгол улсын Засгийн газар анхааралдаа авч МОНАДА-гийн хуучин удирдлагуудыг шалгахад хэд хэдэн нэр бүхий хүмүүсийн гэрээс хориотой бодис их хэмжээгээр олдсон. Эцэст нь Олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар уг асуудалд биечлэн анхаарал хандуулж ажиллав. Мэдээж Монгол улсын арслан М.Бадарчид 2027 оныг хүртэл дөрвөн жил барилдахгүй шийдвэрийг гаргасан. Гэвч Улсын арслан М.Бадарч уг үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд арбитрын шүүхэд хандсан байдаг. Уг арбитрын шүүх хурал энэ сарын 23-ны өдөр болно. Уг шүүхээс М.Бадарчийг допингд хамааралгүй гэж үзвэл түүний барилдах эрх сэргэх ажээ.
Нийтийн тээврийн парк шинэчлэл нэрээр асар том цавчаа үйлдэж, хувь хүмүүсийн халаас руу төрийн мөнгө их хэмжээгээр урсаж байсныг нийт иргэд илчлэв. Түүнчлэн үе үеийн хотын дарга, нөлөө бүхий сайд, гишүүдийн 2009 оноос хойш парк шинэчлэл нэрийдлээр их хэмжээний ашиг хүртэж байсан фракцууд ил болсон. Яг энэ мөчид саарал ордонд УИХ, Засгийн газраас шинээр хотын дарга томилох тохироо бүрдэж байсан. Тодруулбал Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёроороо талцаад байсан эрх баригч нам уг асуудалд гол анхаарлаа хандуулж байсан нь томилгооноос тодорхой болов. Ингэхдээ ногоон автобусны хэрэгт цавчаа орж, хуучин тэрэг Монголд орж ирснийг мэдмэгцээ Хотын дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд асан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ үед Л.Оюун-Эрдэний Засгийн газарт илүү хуруу шиг харагдаж байсан Д.Амарбаясгалан ХБНГУ-ыг зорьсон байлаа. Өөрөөр хэлбэл намын генсекийг эзгүйд гол томилгоогоо үйлдэж тухайн үеийн хууль зүйн сайд Х.Нямбаатарыг хотын даргаар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханг түгжрэлийн сайдаар тус тус томилов. Түүнчлэн Х.Нямбаатарын “Таван Ш” ажиллагааг үргэлжлүүлэх үүрэгтэй Хууль зүйн сайдаар Б.Энхбаярыг томилов. Асар богино хугацаанд төрийн албанд том багагүй суудлаа сэлгэж товхиносон байдаг. Сонирхуулахад ногоон автобусны цавчаанд нэр холбогдсон Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар өдгөө хэргээсээ мэнд мултарч байгаа нь нэн хачирхалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар аравдугаар сарын 10-14-ны хооронд тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол хоёр улсад уран олборлох 1.6 тэрбум еврогийн (1.7 тэрбум долларын) гэрээндФранцын цөмийн эрчим хүч нийлүүлэгч тэргүүлэгч компани болох "Орано" групптэй гэрээ байгуулж, гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээний дагуу Орано групп Монголын баруун өмнөд хэсэгт байрлах Зөөвч-Овоогийн уурхайд үйл ажиллагаа явуулах бөгөөд ирэх онд шав тавьж, 2028 онд олборлолт явуулахаар төлөвлөж гэрээлсэн байдаг. Түүнчлэн хоёр улс сансрын зургаар литийн хайгуул хийх чиглэлээр хамтран ажиллах бөгөөд 400 мянган еврогийн литийн хайгуулын гэрээг байгуулсан.
Энэ үеэр Орано группын захирал Клод Имаувен хэлэхдээ, "Франц болон Монголын ерөнхийлөгч нарын улс төрийн хүчтэй дэмжлэг бидний хувьд маш том хүч боллоо. Хөрөнгө оруулалтыг ихэвчлэн Францын хөрөнгө, Монголын оролцоотойгоор хийнэ" гэдгээ мэдэгдсэн
Монгол Улс "Гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Хятад, Оростой харилцах харилцаанаас гадна бусад улсуудтай дипломат харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байгаа бол Франц улс газрын ховор элемент, материалын эх үүсвэрээ төрөлжүүлэхийг эрмэлзэж буй. Францын засгийн газар энэхүү төслийг ирээдүйд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4 хувийг бүрдүүлж чадна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Энэ Монгол улсын хувьд нэгэн томоохон алхам байсан юм. Уг гэрээний үр дүнг бид тэсэн ядан хүлээж байна.
Цэрэгт эрүүл яваад эргэж ирдэггүй түгшүүрт мэдээ Монголын батлан хамгаалах салбарт том сануулга өгөв. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны 11 дүгээр сард Батлан хамгаалахын салбар ангид нэгэн аавын хүү унтаад өглөө нь сэрээгүй харамсалтай хэрэг гарч Монгол даяар гашуудал зарласан. Цэрэгт хүүгээ нэг жилийн хугацаатай мордуулсан олон аав ээжүүдийг түгшээсэн эл үйл явдал тус ангийн цэргүүдийг ахин эрүүл мэндийн шинжилгээнд оруулахад хүргэж байсан. Харамсалтай нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уг хэрэгт хариуцлага хүлээхийг хүсээгүй. Түүнчлэн уг хэргийн учир шалтгааны хариу хэрэг болсноос 21 хоногийн дараа гарах байсан ч хойшлогдсоор хэвлэлийнхний төдийгүй олон нийтийн бухимдлыг төрүүлж байв. Түүнчлэн Монгол улсын Батлан хамгаалах салбарын асуудал ҮАБЗ-ийн хуралдаанаар орох хүртэл савлагаатай байсан. Төд удалгүй уг хэрэгт гол анхаарлаа хандуулж байсан Зариг.Мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг найман ишигний гэх хэрэгт нэр холбогдож шалгагдах болсноор уг салбарын асуудал мартагдсан юм. Өөрөөр хэлбэл дуулианыг дуулианаар намжаасан ээлжит тохиолдол байлаа.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГЭХ ХЭРГИЙН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ
Үндсэн хуулийн 28.2 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34.2, 34.3 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо манай орны стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордод үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" компаниудад хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийлээ. Энэ удаагийн хяналт шалгалтын хүрээнд түр хороо нь "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" ХК-ний нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 3,1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан.
Үүнээс ноцтой нь Архивын сан хөмрөгийн бүрдэл бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус. Архив болон цахим системийн дата бүрэн хадгалагдаагүй. Баримт материалаа хүлээлцээгүй. Устгасан зэрэг зөрчлүүд илэрсэн. Учир нь их хэмжээний хулгай үйлдсэн тул баримтаа үлдээхийг хүсээгүй ажээ.
ЦАХИЛГААН БОЛООД ШАТАХУУНААР БООМИЛОВ
УИХ, Засгийн газар 2023 оны 12 дугаар сард нэлээд барцадтай байсан. Тодруулбал шатахууны хомсдолд орж, иргэд -30 хэмийн хүйтэнд шатахуунд оочирлож байсан. Уг асуудал нүүрсний сонсголтой давхцаж эхэлсэн нь эргэн харахад санаандгүй тохиолдол биш байлаа. Өөрөөр хэлбэл дээр дурдсан нүүрсний нэгдүгээр ээлжийн сонсголтой зэрэгцээд сэтгүүлч Н.Өнөрцэцгийг цагдан хориод зогсохгүй, Монгол улс шатахууны хомсдолд орсон. Улмаар нүүрсний нэгдүгээр ээлжийн сонсгол тийм ч чухал, тийм ч их олны анхаарлыг татаагүй. Харин үүнээс даруй 10 гаруй хоногийн дараа нүүрсний хоёрдугаар ээлжийн сонсгол болох үеэр нэмж цахилгааны хомсдолд орсон. Ингээд шатахуун болон цахилгааны хомсдол иргэдийг туйлдуулж, сонсголын бараан баримтууд бүдгэрч байлаа. Төдөлгүй нүүрсний сонсгол дуусч бүх зүйл гольдролдоо орсон нь зохиомол хомсдол байсан болзошгүй гэх хардлагыг дагуулж байна. Ямартай ч УИХ, Засгийн газар төдийгүй нийт иргэд цахилгаан, шатахуун хоёроор шоглуулсаар 2023 оныг үдсэн. Сонирхуулахад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрөө нүүрсний сонсголд гэрчээр дуудагдаад байсан билээ.
Х.БАТТУЛГА, Ч.ХҮРЭЛБААТАР НАРЫН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬ
ЭЗХЯ-наас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан маргаантай асуудлууд ар араасаа хөвөрч Монголчуудыг талцуулсан үйл явдал болов. Жишээлбэл, зарим иргэд эсэргүүцлээ илэрхийлж төв талбайд жагссан бол зарим гишүүд, улстөрчид тодорхой заалтуудыг илтэд шүүмжлээд буй. Үүнээс онцолбол экс Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн тоглолт хийж зургаа хоногийн өмнө Төрийн ордонд мэдэгдэл хийн, тус хуулийг сонгуулийн дараа иргэдээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн юм. Түүнчлэн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал хоёр удаа хойшилсон.Тухайлбал нэгт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар картаа сугалж хуралдааныг орхин гарснаар ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Харин үүний дараа АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авснаар дахин хойшилсон юм.
Сүүлийн үед Монголд хэрэгтэй улс төрч болохоо үзэж байгаа Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар хувийн амбиц, буруу төлөвлөлтөөс шалтгаалж, Монгол улсад нэн тэргүүнд байгаа хууль удааширсаар байна. Тэдний ширүүн тэмцлийг УИХ-ын дарга Г.Занданшатар шүүмжлээд амжив. Тэрбээр "Х.Баттулга нь ч, Ч.Хүрэлбаатар нь ч боль. 2013 онд батлагдсан хуулийг шинэчилж байхад буруу мэдээлэл түгээхээ болих хэрэгтэй. Троллуудаараа дамжуулан хэдэн гишүүдийг шантаажилна гэж саналтгүй. Ард иргэдийг бүү талцуул" гэв.
Монголын улс төрийн хоёр том олигархи нэгэн чухал хуулийг сайн муугаар тарамдан хаяж буй нь хожмын өдөр төчнөөн харамсал дагуулах вий...
А.Само
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ