surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Өнгөрсөн 2023 онд давтагдсан тоогоор хоёр сая хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласан

Өнгөрсөн 2023 онд давтагдсан тоогоор хоёр сая хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласан

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын нэгдүгээр хуралдаан “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвээр боллоо. Тус нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши, “Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон, “Ирээдүйн эрчим хүч - Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомбо нар панелистаар оролцсон юм.
Өнөөдрийн байдлаар дулааны II, III, IV станц, Амгалан дулааны станц Улаанбаатар хотын 13.5 мянга гаруй барилга байгууламжийг эрчим хүчээр хангаж байна. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 221-244 МВт-н хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, эрчим хүчний хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсөж буй. Түүнчлэн цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан шугам хоолойны 24-67 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. 2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328 МВт-д хүрэх тооцоолол гарсан бөгөөд 1848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орох аж. Тиймээс Улаанбаатар хот инженерийн дэд бүтцээ сайжруулахгүйгээр хөгжих боломжгүй байдалд хүрээд байгаа юм.
Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, шийдлийн талаар оролцогчид дараах байр суурийг илэрхийлж байлаа.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Өнгөрсөн 2023 онд давтагдсан тоогоор хоёр сая хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласан. Үүний цаана маш их хэмжээний эдийн засаг болон ажлын бүтээмж алдагдаж байгаа. Тиймээс Эрчим хүчний яам, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран уг асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Мөн эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлогыг өөрчлөх цаг нь болсон. Өнөөдөр 1 КВт эрчим хүчийг 4-5 центээр ашиглаж байна. Гэтэл 1 КВт эрчим хүчийг 7-8 центээр үйлдвэрлэдэг. Энэ үнийн зөрүүнээс үүдэн эрчим хүчний нэмэлт эх үүсвэрийг бий болгох боломж хумигдаж байна. Мөн тарифын энэ хатуу бодлогоос шалтгаалж тус салбарт хийх хөрөнгө оруулалтыг чөдөрлөж байгаа юм. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж Улаанбаатар хотын эрчим хүч, дэд бүтцийн хөгжилд ахиц гарна" гэв.
Харин Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай "Энэ өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачаалал 1058 МВт-д хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2018 оны төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалалтай адил байгаа юм. Ирэх өвлийн хувьд БНХАУ-аас импортолж буй цахилгаан эрчим хүчийг 70-80 МВт-аар нэмэгдүүлэхээр бэлтгэл хангаж байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт ашиглалтад орсноор ирэх өвлийн ачааллыг давна. Эрчим хүчний тарифын асуудлаас шалтгаалж энэ салбарт либералчлал хийхэд хүндрэлтэй байна" гэлээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1