Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.04.05) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн тухай
Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж өөрчлөн найруулсан. Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 6-д Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд дээрх өөрчлөлттэй нийцүүлэхээр заасан. Дээр дурдсан хууль зүйн үндэслэл, шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав.
Тэрбээр, Улсын Их Хурлын үндсэн бүтцийг тодорхойлохдоо бүрэн эрхээ шинээр эхлүүлж байгаа Улсын Их Хурал бодлогоо тодорхойлж байх чиг хандлагыг харгалзан Улсын Их Хуралд зайлшгүй байх бүтцийг оновчтой, давхардалгүй байх зарчимд нийцүүлэн тодорхойлсон гэв.
Улсын Их Хурал дараах байнгын хороотой байхаар төсөлд тусгагджээ. Үүнд:
Аж үйлдвэржилтийн бодлогын;
Аюулгүй байдал, гадаад бодлогын;
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;
Ёс зүй, дэгийн;
Инновац, цахим бодлогын;
Нийгмийн бодлогын;
Төрийн байгуулалтын;
Төсвийн;
Хууль зүйн;
Эдийн засгийн.
Байнгын хорооны бүрэлдэхүүний тухайд 25 хүртэл гишүүнтэй байхаар бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж, ингэхдээ нэг гишүүн хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдахаар тусгагдсан байна. Түүнчлэн, гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн ажлын зааг ялгааг тодруулж зарим зохицуулалтыг шинээр оруулжээ. Тухайлбал, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдахаар, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүний хувьд эрхлэх асуудал нь хамаарах салбарын Байнгын хороонд харьяалагдахгүй байхаар төсөлд тусгагдсан. Түүнчлэн нэг Байнгын хороонд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй байхаар, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн нь Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны даргаар ажиллахгүй байх зохицуулалт төсөлд тусгагдсан. Мөн Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороо байгуулж болох бөгөөд дэд хорооны гол үүрэг нь хяналт шалгалтын ажил байхаар төсөлд тусгав. Тусгай хяналтын, Төсвийн зарлагын хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн, Тогтвортой хөгжлийн дэд хороог хуулиар байгуулахаар, бусад дэд хороог Байнгын хорооны саналыг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгуулахаар төсөлд тусгасан байна. Хянан шалгах түр хорооны зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд түр хороог байгуулах хугацаа, байгуулж болохгүй нөхцөл, хорооны төсөв зэрэг харилцааг хуулийн төслөөр шинээр зохицуулжээ.
Хуулийн төсөлд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн талаар, Улсын Их Хурлын бие даасан байдлын баталгааг дээшлүүлэх хүрээнд, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн баталгаатай холбоотой зохицуулалтын хүрээнд, Улсын Хурлын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх хүрээнд, Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг боловсронгуй болгох хүрээнд, мөн Улсын Их Хурал үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах хүрээнд тус тус нарийвчлан зохицуулсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн тухай
Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах болон шинэчлэн баталж мөрдөх хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан билээ.
Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байхаар заасны дагуу чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцаанд зохион байгуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтүүдийг тусгах шаардлага үүссэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэглэх явцад зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэр томьёог Үндсэн хууль, бусад хууль, монгол хэлний дүрэмд нийцүүлэх, жигдлэх, хууль зүйн техникийн шинжтэй засвар оруулах практик хэрэгцээ, шаардлагатай гэж үзжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 16 бүлэг, 136 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалтыг тусгажээ.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх, санал хураах журам, хугацаанд холбогдох өөрчлөлтийг оруулж, хуулийн төсөл хэлэлцэх үед нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилахаар тусгасан байна.
Мөн дэг тогтоох олон улсын жишигт нийцсэн мэтгэлцээний зарчмыг тусгаж, нам, эвслийн бүлгээс санал, дүгнэлт гаргахдаа үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийн үе шатуудыг мэтгэлцэх зарчмаар явуулах зохицуулалтыг тусгасан байна.
Хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үе шатны зохицуулалтыг боловсронгуй болгож, Чуулганы хуралдааны тов, дарааллыг тогтоох, түүнийг гишүүдэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхойлж, хуулийн төслийг хэлэлцэх дарааллыг тогтоохдоо түүнийг өргөн мэдүүлсэн хугацааг харгалзан үздэг байх, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг буцаах зохицуулалтыг тусгажээ.
Түүнчлэн, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох Байнгын хороо хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулахын өмнө хууль, тогтоолын төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэх, тухайн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн эсэх, хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд шаардлагатай бүх хууль, зүйл, хэсэг, заалтыг хамааруулсан эсэх зэрэг асуудлаар хууль зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг байх, Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй хуулийн төслийг тодорхой хугацааны дотор дахин өргөн мэдүүлэхгүй байх зохицуулалтыг тусгасан аж.
Мөн Байнгын хороонд хуулийг дагаж мөрдөх журмын буюу шилжилтийн үеийн зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал, дүгнэлт гаргах боломжийг нээн өгч, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хоёр болон олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, ингэхдээ олон улсын гэрээтэй хамт бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд хамтатган хэлэлцэж, олон улсын гэрээг соёрхон батлах хуулийн төсөл, бусад хууль тогтоомжийн төслийн уялдааг хангасны үндсэн дээр хамтад нь эцэслэн батлах зэрэг зохицуулалт тусгагдсан. Чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, дэг сахихтай холбоотой зарим зохицуулалтыг шинэчилжээ.
Монгол Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн тухай
Улсын Их Хурал 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон, Улсын Их Хурлын сонгуулийн холимог тогтолцоотой байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын 2 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан батлуулахыг үүрэг болгосон.
2019, 2023 оны Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг чанаржуулах, үр нөлөөг дээшлүүлэх, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилтыг ханган биелүүлэх, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуулийн хэрэгжилтийн шатанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, зөрчил, давхардал, хийдлийг арилгах чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах практик хэрэгцээ шаардлага үүссэн.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 58 зүйлтэй.
Шинэчилсэн найруулгын төслийн зарим зүйл, заалтыг онцолбол, хуулийн 11.3-т заасны дагуу үүрэг чиглэл өгсөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх тайланг Засгийн газар хагас жил тутамд Улсын Их Хуралд ирүүлдэг хэдий ч Байнгын хороод хэлэлцдэггүй, хугацаа тодорхой биш, хэзээ, хэрхэн хэлэлцэхийг хуульчлаагүй, тайлан нь зөвхөн үүрэг, чиглэл өгсөн заалтаар хязгаарладаг зэргээс хуулийн хэрэгжилтэд Улсын Их Хурал хяналт тавих үр нөлөөтэй арга механизм болж чадаагүй байна. Иймд Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг тогтмол сонсож хэлэлцэх, Улсын Их Хурлаас хууль, тогтоолоор үүрэг, чиглэл өгсөн шийдвэрийн биелэлтийг тогтмол сонсож, хэлэлцдэг байнгын шинжтэй механизмыг бий болгоно гэж үзжээ.
Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгосонтой уялдуулан сонсгол явуулах хүсэлт гаргах гишүүний тоо 9 байсныг 15 болгон өөрчилж, түр хорооны бүрэлдэхүүнийг 7-31 гишүүнтэй байхаар заасан байна.
Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтын цаглаварыг тогтоолоор батлах, ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх асуудлын нэгэн адил агуулга, хүчин чадлыг авч үзэж, холбогдох өөрчлөлтийг тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа бөгөөд уг хуулийн төсөлтэй хамт 2021 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Олон нийтийн радио телевизийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Үндэсний баялгийн сангийн тухай төслийг эцэслэн баталлаа
2024.04.19 16:20
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна