Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал өнөөдөр “Корпорейт хотел энд конвейшн центр”-т эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлыг нээж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар аа,
Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчид, соён гэгээрүүлэгчид ээ,
Монголын багш нарын VIII их хурлын эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эх орныхоо өнцөг булан бүрээс улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа Та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Боловсрол бол улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын түлхүүр билээ. Тийм ч учраас аливаа улс орны хөгжил дэвшлийг ард иргэдийнх нь боловсролын түвшин, хувь хүний хөгжил, амьдралын чанараар нь үнэлдэг билээ. XXI зууны монгол хүн хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг өвлөн уламжлуулдаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, насан туршдаа суралцах чадвартай, сахилга хариуцлагатай, ёс суртахуунтай, хүмүүжил төлөвшилтэй иргэн байх учиртай. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа нь эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, эх оронч, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй монгол хүн, Монгол Улсын иргэн юм. Монголчууд бид багш, ном, эцэг эх гурвыг гурван эрхэм хэмээн дээдлэн шүтэж, эрхэмлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.
Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаардаг жамтай.
2023 онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд ойрын жилүүдэд бүтээлч, задлан шинжлэх сэтгэлгээтэй, хиймэл оюун ухаан, их өгөгдөлтэй ажиллах чадвартай, нийгэмдээ манлайлал, нөлөөлөл үзүүлж чадах мэргэжилтэн чухал болж байгааг дурджээ.
Иймээс ирээдүй хойч үеэ хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд багш хүний үүрэг, хариуцлага нэн чухал билээ. “Алтан дэлхийг нар гийгүүлдэг, ард түмнийг эрдэм гийгүүлдэг” хэмээх ардын сайхан үг байдаг. Монгол хүнийг эрдэм номын гэгээн замд хөтөлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа эрхэм хүндэт эрдэмтэн багш нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Эрхэм хүндэт багш нар аа,
Та бид Монголын багш нарын VII их хурлаар боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэлэлцэж байсан. Тэгвэл 2023 онд Боловсролын багц хуулийг Улсын Их Хурал баталж, чанартай боловсрол эзэмших тэгш боломж, насан туршийн суралцахуй, цахим боловсрол, багшийн хөгжил, санхүүжилт, боловсролын байгууллагын удирдлага зохион байгуулалт, засаглалын тогтолцооны асуудлаар тодорхой ахиц, дэвшил гарах эрх зүйн орчныг бүрдүүлж чадлаа. Мөн сайн багшийн гараа ахлах сургуулийн багшийн сонгоноос эхлэх боломж бүрдэж, цаашид төрийн дэмжлэгтэйгээр магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцаж, багшийн мэргэжил эзэмших үүд хаалга нээгдэж байна. Түүнчлэн түмний хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулан олон жил хөдөлмөрлөсөн багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах эрх зүйн орчин бүрдлээ.
Боловсролын багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах чухал шийдвэрийг шуурхай гаргаж, Боловсролын шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид бид сургалтын чанар, үр дүн, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, тэгш хамран сургах болон багш нарын ажиллах орчин, нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх зэрэг олон асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй. Мөн сургууль төгсөгчдийн эрдэм мэдлэг, ур чадвар нь хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчийн шаардлагыг хангаж чадаж байгаа эсэхэд анхаарах шаардлагатай байна.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ