surag.mn
facebookinstagramtwitteryoutube
3 минут унших

УИХ- ын гишүүн асан Б.Ундармаа, Н.Ганбямбын хүүтэй хоолоо хувааж идэх хэмжээний эгч дүүс болжээ

УИХ- ын гишүүн асан Б.Ундармаа, Н.Ганбямбын хүүтэй хоолоо хувааж идэх хэмжээний эгч дүүс болжээ

Хүүдий хүүдийгээр алт богцлоод явдаггүй ч муу нэр, луу данстай УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн дараагийн зогсоол Монголбанкны үүдийг хүчтэйхэн нээгээд  улс төрийн удамтай Г.Дөлгөөн гэх хүүгийн толгойг нь илж сэнхрүүлээд, ажлаа бүтээх байжээ. Ингэж хэлэхийн учир нь Прокуророос Хөгжлийн банкны хэрэгт албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан,  мөнгө угаах, хахууль авах, өгөх, санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, ашиглах, нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх, худал мэдүүлэх зэрэг гэмт үйлдлүүдээр холбогдсон 80 хүн, дөрвөн компанид яллах дүгнэлт үйлдлээ. Гэтэл АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Г.Дөлгөөн, Д.Ринчиндорж нарын хэргийг прокуророос тусгаарлах санал гаргаж, авч үлджээ.  Ийн тусгаарлагдаж үлдсэн хоёр залуу Хэнтийн угшилтай, хоёулаа нэр нөлөө бүхий эрхмүүдийн гэрийн хойморт өсөж торнисон.  
Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын дарга асан Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны Санхүүжилт, Хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал асан Д.Ринчиндорж нар “Монгол мах экспо” ХХК-д 31.9 тэрбум, “Монгол эм импекс” ХХК-д 7.3 тэрбум зээл олгосон.  Үүнд хамгийн ноцтой асуудал нь дээр дурдсан “Монгол эм импекс" компаний 100 хувь эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа юм. 

Тэрбээр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас сайд Б.Батзоригийн гаргасан “А-141” дугаартай дугаар тушаалыг үндэслэж 800 сая төгрөгийг “Доктор Мэйк” ХХК-ийн “Хаан” банкны 5163080019 тоот дансанд шилжүүлжээ.
Гэтэл хоёр өдрийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Монгол Эм Импекс концерн” ХХК-ийн “Хаан” банкны 5003009561 тоот данс руу уг мөнгө “Хоорондын тооцоо” гэх утгаар шилжсэн байна.
Хуулийн байгууллагын зүгээс “Монгол Эм Импекс Концерн” ХХК-ийн “Хаан” банк дахь 5003009561 тоот данснаас уг мөнгөний зарцуулалтыг хөөн шалгахад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 50380679** тоот долларын зээлийн дансанд 350 сая 354 мянган төгрөгийг “Зээл хаав ханш-2566” гэх гүйлгээний утгатай шилжүүлж уг зээлийг хаасан байжээ.
Мөн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин 300 сая төгрөгийг “Чек 367469 П.Булгантамир АЙ8601210” гэх гүйлгээний утгатай зарлагын гүйлгээ хийж, 2018 оны 10-р сарын 15-ны өдөр 81 сая төгрөгийг “Хаан” банк дахь 50380718** тоот данс руу тус тус шилжүүлсэн болохыг олж тогтоожээ. 

Ямартай ч энэ бүхнээс харахад ЖДҮХС-ын төслийн мөнгийг тухайн үеийн эрх баригчид болох МАН-ын зүгээс нэр бүхий гишүүдэд хуваарилж өг гэдэг үүрэг даалгаврыг  албан бусаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт өгсөн байж болзошгүй байна. Энэ нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хэлсэн “Наад мөнгийг чинь намаас гишүүдэд хуваарилсан. Тиймээс өөрт хуваарилагдсан мөнгөө авъя” гэж хэлсэн үгээр батлагдаж байна. Хэрвээ тийм зүйл болсон нь үнэн бол М.Энхболдын үед хэрэгжсэн төрийн эрхийг наймаалцах 60 тэрбумын төлөвлөгөөний хоёрдугаар хэсэг У.Хүрэлсүхийн үед ч бас ЖДҮ-ээс тонох ажил хэрэгжжээ гэж ойлгож болохоор байгаа юм.


Эрх мэдэлтний дархлааг тогтоосон энэ мэт этгээдүүдийн хэрэгт нэр нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүд нэр холбогдсон нь цаашлаад хэргийг тусгаарлаж,прокуороос авч үлдсэн нь хөшигний ард илүү том нууц байх хардалт төрүүлж байна. Түүнчлэн Г.Дөлгөөн , Д.Ренчиндорж нар нь  “Инжир” ХХК-д 4.7 тэрбум, “Баруун баян транс” ХХК-д 10 тэрбум, “Пирамид орд” ХХК-д 15 тэрбум төгрөгийн зээлийг тус тус хууль бусаар олгуулсан буюу ТЭЗҮ-гүй, барьцаа хөрөнгө хангалтгүй, чанаргүй зээлийн үлдэгдэлтэй, шаардлага хангахгүй, зээл олгоход эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж тухайн компаниудад зээл олгохыг дэмжсэн хэрэгт холбогдсон. Г.Дөлгөөн, Д.Ринчиндорж нарын энэ гэмт хэрэг бол Эрүүгийн хуулийн 22.1.2-д “Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс тав хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж яллагдах гэмт хэрэг юм. 

УИХ-Д ХЭНТИЙГЭЭС ГУРВАН УДАА СОНГОГДСОН Н.ГАНБЯМБЫН ХҮҮ ДӨЛГӨӨН ГЭЖ ХЭН БЭ
Сайн эцгийн нэрийг гурвантаа худалдана гэгчийн үлгэр гэлтэй. Хан Хэнтий нутгаас гурван удаа сонгогдсон Н.Ганбямбын хүү,  хөгжлийн банкны дэд захирал асан, өдгөө Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Г.Дөлгөөнийг хэрхэн хөгжлийн банкны хэргээс мултрахыг нийгэм даяараа харж сууя. Ардын хүү алдахад гав зүүгээд тороо нээгээд Монголын хууль улс төрчийн хүүг алган дээрээ бөмбөрүүлж байна гэх хардах сэдэл төрж байна.
 
Г.Дөлгөөний хувьд 2008 оны хавар МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, намар нь Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газарт Нягтлан бодогчоор ажилд орсон. Тухайн үед буюу 2008 онд аав Н.Ганбямба нь Хэнтий аймгаас гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байлаа. 
 
Г.Дөлгөөн 2016 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд ЭҮУГ-ын захирлаар томилогдсон. Түүнийг энэ албан тушаалд томилогдох үед аав Н.Ганбямба нь УИХ-д нэр дэвших мандатаа Д.Гантулгад “бэлэглэж”, оронд нь Хэнтий аймгийн Засаг даргаар заларч байв. Өөрөөр бол, Н.Ганбямбыг Хэнтийгээс нэр дэвшихээс татгалзаж, мандатаа “бэлэглэснийхээ” хариуд хүү Г.Дөлгөөнийгөө Хөгжлийн банканд дэд захирал болгож, өөрөө Хэнтийг засаглах эрх авсан ч гэх яриа бий. Г.Дөлгөөн Хөгжлийн банкны дэд захирлаар хоёр ажиллаад 2018 онд Төрийн банкны гүйцэтгэх захирал болж, мөн хоёр жил ажиллаад, 2020 оноос Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр дэвшин томилогдсон. Товчхондоо, Г.Дөлгөөн Эдийн засагч мэргэжилтэй, эрх баригч намд нөлөөтэй аавынхаа буянаар Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банкны удирдах албан тушаалуудыг цөмийг нь хашсан нэгэн. 
 
 

Харин Г.Дөлгөөний аав Н.Ганбямбын тухайд, 1958 онд Хэнтий аймагт төрсөн. Хэнтий аймгийн Норовлинд сумын сургуульд II анги хүртлээ сураад Өндөрхаанд шилжин ирж, тэндээ ахлах сургуулиа төгссөн. 1980 онд МУИС-ийг Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгсөж, 1985 он хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан, Бор-Өндөрт багш, хичээлийн эрхлэгчээр ажилласан. Улмаар 1985 онд МАХН буюу одоогийн МАН-д элсэж, түүнээс хойш Ардын намын “буян”-ыг хангалттай эдэлж яваа нэгэн. Дээрээс нь, Г.Дөлгөөн 2008 оноос төрд ажиллаж буй атлаа 1.9 тэрбумын орон сууц, 230 сая төгрөгийн хадгаламж, 160 саяын төгрөгийн малтай зэргээр хөрөнгөө мэдүүлдэг нэгэн. 
 


Н.Ганбямба 1992, 2000, 2008 онуудад гурван удаа УИХ-ын гишүүнээр Хэнтий аймгаас сонгогдсон. Дунд нь ХХАА-ын дэд сайдын албыг ч хашиж байлаа. Улмаар дээр дурдсанчлан 2016 оны УИХ-д нэр дэвшихээр УЗ-өөрөө хүртэл ороод байсан ч нэрээ татаж, оронд нь Хэнтий аймгийн Засаг дарга болсон. Хэнтийг дөрвөн жил засаглаад, 2020 оны наймдугаар сард одоогийн УИХ-ын гишүүн Ц.Идэрбатад шилжүүлэн өгч байв.  
 
ХЭНТИЙН ЦЭРГИЙН АНГИЙН ДЭД ХУРАНДАА Ч.ДАШДЭЛЭГИЙН ХҮҮ Д.РИНЧИНДОРЖ ГЭЖ ХЭН БЭ

       Хөгжлийн банкны Санхүүжилт, Хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал асан Д.Ринчиндоржийн хувьд мөн л Хэнтийн угшилтай, Хэнтийн цэргийн ангийн бэлтгэл дэд хурандаа Ч.Дашдэлэгийн хүү гэдгээ мөн л Хөгжлийн банкны хэргээр мултрахаар оролдож байхыг хилсдэхгүй.
 
Д.Ринчиндоржийн хувьд, Монголын толгой баячуудтай, тэр тусмаа Хөгжлийн банкны зээлдэгчидтэй бизнесийн холбоо, хамааралтай явж ирсэн нь анхаарал татах намтартай. Тухайлбал, Д.Ринчиндорж нь “Алтай констракшн” ХХК-ийн захирал Хадбаасангийн Бат-Эрдэнэтэй “Дээднэ” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Х.Бат-Эрдэнийн хувьд “Монгол драй милк” ХХК-иараа дамжуулан Хөгжлийн банкнаас 47 тэрбум төгрөгийн зээл авч, эргэн төлөлгүйгээр найдваргүй зээлдэгчдийн нэг болсон. Энэ хэргээрээ хоригдоод ч амжсан. 
 

Цаашилбал, Д.Ринчиндорж Хөгжлийн банканд ажиллахаа больсноосоо хойш алдарт “Моннис интернэйшнл” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал буюу Санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаа ажээ. “Моннис групп”-ийн хувьд 2019 онд Хөгжлийн банкнаас “Моннис майнинг экьюпмент” ХХК-иараа 107 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. 

Харин Д.Ринчиндоржийн аав Чойдогийн Дашдэлэгийн хувьд, Хэнтий аймгаар овогдолдог. Тодруулбал, Ч.Дашдэлэг нь Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын материал хангалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад, 2000 оны сүүлээс өдийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байх Зэвсэгт хүчний 232 дугаар ангид Эдийн засагчаар ажиллаж ирсэн, бэлтгэл дэд хурандаа цолтой. 2018 онд Зэвсэгт хүчний 97 жилийн ойгоор тухайн үеийн Х.Баттулгаас Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртэж байв. Сонирхуулахад, Ч.Дашдэлэгийн санхүүг нь хариуцаж ирсэн Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн хувьд Батлах хамгаалах салбарын мал аж ахуйг хариуцдаг. Тиймдээ ч Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийн хүнсний махыг тус анги хариуцаж ирсэн байдаг. 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛДЭГЧДИЙН ДАМПУУРЛЫН СУРАГ БУЮУ Г.ДӨЛГӨӨН, Д.РИНЧИНДОРЖ НАРЫН ГАРЦААГҮЙ МУХАРДАЛ

Хөгжлийн банкнаас зээл авсан 50 гаруй компанийн зээлдэгчид дампуурлын ирмэгт ирсэн. Тэдгээрээс Г.Дөлгөөн, Д.Ринчиндорж нарын зээл авхуулахад нөлөө үзүүлсэн дараах компаниуд хар жагсаалтад оржээ.

“Инжир” ХХК /хувьцаа эзэмшигч Баточирын Батбаатар, Гүүгэрийн Бямбажав, Баатаржавын Золбаяр, Чулуундоржийн Өлзий/ - экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилгын төсөл. 2018.01.09-нд 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 7.6 тэрбум.
Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК /хувьцаа эзэмшигч Ариунболдын Чинбишрэлт/ -мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл. 2017.12.13-нд 31.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 8.4 тэрбум, хуримтлагдсан дүн 38.6 тэрбум. 
“Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК / хувьцаа эзэмшигч Батбаярын Болормаа, Бишрэлт Групп-Ариунболдын Чинсанаа, Ариунболдын Чинбишрэлт/ -хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл. 2018.03.09-нд 7.27 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 5.55 тэрбум, хуримтлагдсан дүн 4.9 тэрбум.
Б.Ундармаа гишүүн бохир гараар дүрсэн бохир бизнестээ хөл алдаж эхэлсэн бололтой. Таван компаний нэр дээр зээл авсан ч будилж цөхөж явна. Шунал ихэдвэл шулам болно. 
“Пирамид орд” ХХК / Гомбын Цолмон /-“Буман залуус 296 айлын орон сууцны төсөл. 2018.06.19-нд 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.52 тэрбум, хуримтлагдсан дүн 23.1 тэрбум.


УИХ-ын гишүүн Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн, Д.Ринчиндорж нарын хөгжлийн банкны эл хэрэгт холбогдсон таван компани тавуулаа дампуурлын ирмэгт ирж, тэднийг харанхуй хонгилын үзүүрт авчирсан ч эрх хөвгүүдээ харсаар суугаад явуулахгүй нь ойлгомжтой. Гагцхүү хууль хэрхэн үйлчлэхийг харах нэг өдөр айсуй.

ХУУЛИЙН ЦООРХОЙД ХУРУУГАА ДҮРДЭГ ХЭНЭЭТЭЙ СЭХЭЭТНҮҮДИЙН ХАЛАА ТАСРАХ БОЛООГҮЙ АЖЭЭ. ТЭД ҮРГЭЛЖЛЭЛЭЭ ИНГЭЖ Л БЭЛДЭЖ БАЙНА.

 

 

У.ЭНХБАЯР 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1