Хөгжлийн банкыг мөхлийн ирмэгт хүргэсэн хэд хэдэн этгээдийн нэрс ил болсон. Тухайлбал Бэрэн групп 38.8 сая ам долларын зээл авсан байна. Зээл олголтын барьцааны шаардлага хангаагүй, эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн Бэрэн групп нийт 4.4 сая ам долларыг тодорхойгүй байдлаар зарцуулсан байдаг. Тэгвэл уг асуудалд тус группын гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрийн казино тоглосон хэрэг анхаарал татав. Учир нь 5130004657 дугаартай дансны орлогын дүнгээс тодорхой болох нь батлагдлаа. Тэрбээр 44 удаа казиногоор үйлчлүүлсний нийт НЭГ тэрбум 209 сая 802 мянга 209 төгрөгийн зарлага хийжээ. Мөн Буудал казинод 77 удаагийн шилжүүлгээр 114 сая 259 мянга 544 төгрөг Forex казинод 23 удаагийн шилжүүлгээр 46 сая 276 мянга 341 төгрөг, Макао казинод 254 удаагийн шилжүүлгээр 437 сая 276 мянга 341 төгрөгөөр туйлсан нь ил боллоо.
Нийт 300 гаруй хуудас материалаас хянаж гаргаж гүйлгээнээс харахад
Сингапурт 84 удаа нийт 991 сая 916 мянга 796 төгрөгийн, Бээжинд 173 удаа нийт 107 сая 939 мянга, 081 төгрөгийн, Бусан, Сеүл, Инчонд нийт 98 удаа нийт 489 сая 776 мянга 930 төгрөгийн зарлага болон “утга бичигдээгүй 446 удаагийн шилжүүлгээр нийт 502 сая 132 мянга 179 төгрөгийн зарлага гарчээ. Ингээд дээрх Хаан банкны 5130004657 дугаартай дансны зарлага 3 тэрбум 784 сая 119 мянга 877 төгрөг болж байна.
“Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрийн зөвхөн Макаод казино тоглосон гүйлгээний огноо, зарлагын мөнгөн дүнгийн зах зухаас буюу 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 23-ны хооронд Макаогийн “WYNN Palace Casino Macao” болон “Galaxy Macao Cotai City” зэрэг казинод өөрийнхөө картаар гүйлгээ хийсэн баримт олджээ
Барилгын сайдтай дөрөө харшуулсан Б.Мөнхтөр
Өмнө нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийн хэрэгт тэрбээр дуудагдаж байсан нэгэн. Тодруулбал, “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоноос 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт З.Баянсэлэнгийг шалгахад түүнийг дуудсан байдаг. Хожим нь З.Баянсэлэнгэ Б.Мөнхтөр нарын хэрэгт “Бэрэн групп”-ийг иргэний хариуцагчаар татаж, 972.4 сая төгрөг тус компаниас гаргуулахаар нэхэмжилж байв.
З.Баянсэлэнгэ, Б.Мөнхтөр нарт холбогдох эрүүгийн 201701000022 дугаартай хэргийг 2018 онд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 223 айлын орон сууц нь 14 тэрбум 78 сая төгрөгөөр үнэлэгдсэн тул үүний зөрүү болох 915.3 саяыг 159 хоногийн векселийн хүү 57 сая төгрөгийн хамт, нийт 972.4 саяыг “Бэрэн групп” ХХК-иас гаргуулж Сангийн яаманд олгохоор шийдвэрлэж байсан билээ. Уг хэргийн шүүх хурлын үеэр “Бэрэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр нь “Засгийн газраас түрээсийн орон сууцны хөтөлбөр гэж гарсан байдаг. Үүний дагуу Б.Мөнхтөр захирал Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэтэй уулзаж, “Хангай” хотхоны орон сууцын байраас 223 айлынхыг түрээсийн орон сууцын зориулалтаар худалдахаар болж, гэрээ хийсэн” хэмээн мэдүүлж байв.
ОХИН КОМПАНИАРАА ООДОРСОН ЗАХИРАЛ
“Бэрэн групп”-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг албан тушаал, бүрэн эрх, нөлөөгөө ашиглаж, байнга тогтвортой үйлдсэн хэмээн яллах дүгнэлт бичсэн. Тодруулбал, ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбумаас 5.5-ыг нь “Гранд лайн” руу шилжүүлчихээд үлдсэнийх нь эх үүсвэрийг өөрчлөх, нуухын тулд бусдын данс руу шилжүүлсэн гэж яллаж байлаа.
Тухайлбал, 2015 оны наймдугаар сарын 27-нд Л.Пүрэвсүрэн гэх хүний данс руу “паркетан шалны үнэ” гэсэн утгаар 30 саяыг шилжүүлсэн бол 1.7 тэрбум гаруй төгрөгөөр 872 мянган ам.доллар ХААН банкнаас худалдан авсныг мөрдөгчид тогтоожээ. Уг валютаараа “Бэрэн групп” ХХК-ийн тус банкнаас авсан зээл, хүүг нь төлсөн байна. Түүнчлэн “Бэрэн групп”-ийн охин компани болох “Хөх ган” ХК-ийн ХААН банкан дахь зээлийн төлбөрт 625 саяыг төлсөн бол гүйцэтгэх захирал Ц.Батбаярын зээлийн картын төлбөрт 10 сая, ерөнхий захирлын зээлийн картын төлбөрт 7.9 саяыг шилжүүлсэн байдаг.
Түүнээс хойш “Булган тамир эрдэнэс” ХХК-д “арматурын үнэ” гэх утгаар 20 сая, “Сант” сургуулийн сургалтын төлбөрт зургаан сая, “Бэрэн лэнд девелопмент” ХХК-д санхүүжилт болгож 25 сая, “Бэрэн секьюрити”-д хамгаалалтын ажлын хөлс хэмээн 16.4 сая, “Гүн тэлмэн” ХХК-д асфальтын төлбөр болгож 157 сая гэх мэтээр шилжүүлснийг мөрдөгчид баримтжуулан авч хавтаст хэрэгт хавсаргажээ. Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид цахилгааны төлбөр болгож дөрвөн саяыг өгсөн бол охин компани “Бэрэн металл” ХХК-ийн данс руу санхүүжилт гэж 23.9 саяыг, өөр нэг охин компани болох “Нэхээсгүй эдлэл” ХК-ийн Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрт 207.3 саяыг шилжүүлсэн баримт ил болов.
Түүнчлэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын данс руу газрын төлбөрт 2.1 сая, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шимтгэл хэмээн 15 сая, Татварын хэлтэст нь хувь хүний орлогын албан татвар төлж, 10 саяыг шилжүүлжээ. Архангай аймгийн Төрийн сангийн хэлтэст “Бэрэн майнинг” ХХК-ийнхны хувь хүний орлогын албан татварт таван сая, газрын төлбөрт нэг сая, “Бэрэн лэнд девелопмент” ХХК-д санхүүжилт болгож 10 сая гэх зэргээр шилжүүлсэн нь мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж буруутгах үндэслэл болж байсан гэдэг.
Б.МӨНХТӨР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙГ ИНГЭЖ АВСАН
2014 онд барилгын арматурын үйлдвэрлэл төсөлд 33 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлсэн ч өдийг хүртэл төлөөгүй байгаа юм. Чанаргүй зээлийн ангилалд багтсан. Мөн 2017 онд Хангай хотхоны нэрээр 15 тэрбумын зээл авсан байдаг аж. Одоо тус зээлийн барьцаанд нь Хангай хотхоны орон сууцны байруудыг хурааж зарж, улсын орлого болгохоор Хөгжлийн банкнаас ажиллаж буй.
Энэ зээлээ төлөхийн Тулд Хөгжлийн Банкнаас Дахин 15 Сая Ам.Долларын Зээл Авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар Хөгжлийн банкны холбогдох албаныхан мэдээлж байв. Тодруулбал, энэ хэмжээний мөнгөөр арматурын үйлдвэрээ барьж байж өмнө нь зээлсэн 32 тэрбум төгрөгөө төлөх боломжтой гэх зүйл ярьсан байдаг. Тухайн үед Б.Мөнхтөрийг эл асуудалтай холбоотойгоор цагдан хорьсон. Харин Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч "Бэрэн" группийн захирал Б.Мөнхтөрийг суллах хүсэлт ирсний дагуу шүүхээс суллаж байлаа.
Тухайлбал Бэрэн группын хувьд Хөгжлийн банкнаас хоёр удаа зээл авахдаа маш олон хүнд нөлөөлж, оролцуулж, нөлөөллөө маш сайн ашиглажээ. Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн албан тушаалтнууд болон тус банкны ТУЗ-ийн гишүүд, ажилчид, компанийн эзэд багтсан нийт 83 хүний хэргийг АТГ-т шалгасаар байна.
Тэгвэл эл 83 хүнээс 33-ыг нь "Бэрэн" группийг Хөгжлийн банкнаас зээл авахад Ямар нэг байдлаар оролцсон байж болзошгүй тул АТГ шалгаж байна. Тодруулбал, өөрөө болон охиноос нь гадна 31 хүн оролцжээ.
1. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан
2. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат
3. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
4. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр
5. Хөгжлийн банкны мэргэжилтэн асан С.Батзориг
6. ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд асан М.Баярмагнай
7. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ж.Оюунчимэг
8. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Б.Баттулга
9. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ж.Үхэртар
10. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Б.Бат-Очир
11. Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-тийн гишүүн Б.Махбал
12. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ
13. БХБЯ-ны ТНБД, ТУЗ гишүүн С.Магнайсүрэн
14. Бэрэн групп ХХК-ийн захирал Б.Мөнхтөр
15. Бэрэн групп ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цэлмэг
16. Бэрэн групп ХХК-ийн нягтлан бодогч Болдмаа
17. Хан-уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Н.Сүхболд
18. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн
19. Хөгжлийн банкны газрын дарга асан Р.Батбаяр
20. Хөгжлийн банкны хуулийн газрын захирал асан Г.Дашзэнгэ
21. Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн захирал асан асан М.Золжаргал
22. Хөгжлийн банкны зээлийн хэлтсийн захирал асан Г.Одонтуул
23. ХХААХҮЯ-ны газрын дарга асан, ТУЗ гишүүн М.Баянмөнх
24. ХҮН намын гишүүн Б.Найдалаа
25. УУХҮЯ-ны газрын дарга асан, ТУЗ гишүүн Отгончулуу
26. ЗТХЯ-ны ТНБД асан, ТУЗ гишүүн Б.Батзаяа
27. ХАҮТ-ийн газрын дарга асан, ТУЗ гишүүн Ч.Нэргүй
28. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
29. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Д.Болдбаатар
30. Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнэ
31. Хөгжлийн банкны газрын дарга Б.Амгалан
32. Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Т.Пүрэвсүрэн
33. Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн ахлах хуульч Б.Чинзориг
Энэ мэт Б.Мөнхтөртэй холбоотой олон баримт байна. Мөн "Баялгийн хулгай" цувралын аравдахь дугаарт Бэрэн групп болоод Б.Мөнхтөрийн улс төрийн хамаарал бүхий этгээдүүдийн оролцсон нууц хэргийн баримтыг дэлгэх болно.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна