surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хаяагаа тэлж ханхалзсан Х.Болорчулуун

Хаяагаа тэлж ханхалзсан Х.Болорчулуун

Намгийн мэлхий замгаа цэвэрлэхгүй, Гурилчин сайд гурилаа мартахгүй. Энэ төрийн толгойтой бүхэн хүрээ хүрээндээ, хэр хэрэндээ хулгай хийж, нүглээ нэмсэн. Ах нь сургаж, дүү нь сонсдог жамаар Ардын нам, ардчилсан намтайгаа гар барьж,  хугацаатай албаны хувьтай сайд нар өнгөрсөн хугацаанд дураарааа дургиж, дунд чөмгөөрөө жиргэлээ. ордноо тойрсон, ордондоо бужигнасан халаас, хүлээс нэгтэй түшээдийн бантанд нь бантагнаж балагт нь үржигдсэн ХХААХҮЯ-ны сайд Х.Болорчулуун.  Нимгэн мөр, нимгэн түрийвчгүй эрхэм сайдын цээжний бангаар шийдсэн шийдвэр, тогтоосон тунхаг, томьёолсон хууль нь эцсийн бүлэгтээ өөрийнхөө авдрыг дүүргэх алхам байсныг цаг хугацаа илчэлнэ. 

 


УДМАА ТЭТГЭСЭН САЙД  Х.БОЛОРЧУЛУУН
Их хурлын зөөлөн сэнтийд  ичиж эмээхээ мартсан хүн залардаг. Заларч чадсан бол ургаа удмаа тэтгэж, ус голоороо улсын өмч рүү нүүж ирдэг жамаар Х. Болорчулуун бизнэсээ төлжүүлж бэрд болсон үлгэр эхэлж байна.
  Эрт урьдын цагт биш эдүгээ цагт гэнэ ээ. Дорнодынхныг хуйлруулж, төрийн сэнтийд түмнээ төлөөлж ирсэн эрхэм. Машин машинаар нүүрс тээвэрлэсэн түүхгүй байж болох ч шанага шанагаар гурил тээрэмдсэн, гурилчин хүн сайд болж эрхлээд гунхсан дүү нар нь  тендерт ялж тонгочжээ.
Тодруулбал Болорчулуун сайдын төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ.  
ХОМ-ийг нь харсан ч ахынхаа араас тун ойрхон яваа буюу 2.3 тэрбум төгрөгийн нэг орон сууц, нэг хаустай, 170 сая төгрөгийн Lexus-570 машинтай , дотоодын банканд 1.0 тэрбум төгрөг, гадаадын банканд 513 сая төгрөгийн хадгаламжтай, 1.0 тэрбум төгрөгийн авлагатай, “Дорнод газар” ХХК-ийг эзэмшдэг.
Хамгийн ноцтой нь, Х.Болор-Эрдэнэ “Дорнод газар” ХХК-иараа 2018 оноос төрийн байгууллагуудын төсвийн хөрөнгөөр зарласан тендерүүдийг түүж эхэлжээ. 
Тухайлбал:   
 “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн: 
“35/10 кВ-н Жаргалтхаан дэд станцын 10 кВ-нэ иж бүрэн тоноглол бүхий халаалттай хуваарилах байгууламж”-  352 сая төгрөгийн тендер
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын: 
“Ус тээвэрлэх зориулалт бүхий автоцистерн нийлүүлэх”- 150 сая төгрөгийн тендер
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын:
 “Мэргэжлийн хяналтын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх”- 400 сая төгрөгийн тендер/Мэргэжлийн хяналтын автомашин нийлүүлэх-160.0 сая төгрөг/
Онцгой байдлын ерөнхий газрын: 
“Ариутгалын автомашин нийлүүлэх”- 329 сая төгрөгийн тендер
 “Гал сөнөөгчийн хүн нэг бүрийн хувцас хэрэглэл нийлүүлэх”- 334 сая төгрөгийн тендер
Төрийн худалдан авах ажиллагааны газрын:
“Агаарын навигацийн үйлчилгээний ажилчдын 2 автобус нийлүүлэх”- 383 сая төгрөгийн тендер
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн: 
“Универсал трактор нийлүүлэх”- 280 сая төгрөгийн тендер
“ХТП-001 дэд станцыг транформторын дэд өртөө бүхий ХБ болгон шинэчлэх ажлын материал нийлүүлэх” 883 сая төгрөгийн тендер
“Өндөр хүчдэлийн кабель нийлүүлэх”- 683 сая төгрөгийн тендер
“Кабель нийлүүлэх” 97.7 сая төгрөгийн тендер
“Тусгай зориулалтын дамжуулагч утас нийлүүлэх”- 173.6 сая төгрөгийн тендер
“Тэжээлийн блок нийлүүлэх”-439.6 сая төгрөгийн тендер
“Өрмийн тоноглолтой, тэвштэй автокран нийлүүлэх”-350 сая төгрөгийн тендер
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны: 
“Төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийх” 1.0 тэрбум төгрөгийн тендер
“Дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техник нийлүүлэх”- 1.8 тэрбум төгрөгийн тендер
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн: 
“25 тонны даацтай автокран нийлүүлэх”- 420 сая төгрөгийн тендер
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын: 
“Хүнд даацын механизм болон хүн тээврийн автомашин нийлүүлэх”- 195 сая төгрөгийн тендерт тус тус шалгарчээ. Эндээс харахад эрхэм сайдын төрсөн дүү Болор-эрдэнэ ахынхаа дэргэдээс өмчөө тасалсан уу гэдэгт эргэлзэх шалтгаан төрөх юм. Тэрээр төрийн 17 тендерт шалгарч, 8.0 тэрбум төгрөг “халаасалсан” бөгөөд Х.Болорчулууны удирдаж буй ХХААҮЯ-наас л гэхэд 2.8 тэрбум төгрөгийн тендер авчээ. Түүнчлэн эрхэм сайдын халуун ам бүлээ улсын төсвөөр эрхлүүлсэн өөр нэг баримтыг дэлгэж байна


Х.БОЛОРЧУЛУУНЫ ТӨРСӨН ДҮҮ Х.БОЛОРЧИМЭГИЙН ХҮҮ О.ТЭМҮҮЛЭН ТӨРИЙН 11 ТЕНДЕРТ ЯЛЖ, 12.9 ТЭРБУМ ТӨГРӨГ АВЧЭЭ
        УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болорчимэг түүний төрсөн хүүг О.Тэмүүлэн гэдэг бөгөөд нагац ах буюу дээр дурдсан Х.Болор-эрдэнийн “Дорнод газар” ХХК-д хувьцаа эзэмшигч байсан.  Дорнод газар компанийг энэ гэр бүлийн дундын өмч гэж хэлэхэд хол зөрж, зам төөрүүлэхгүй биз ээ.
Тэгвэл О.Тэмүүлэн өдгөө хувьдаа “Саруул өргөө констракшн” ХХК-тай болсон бөгөөд тус компани 2021 онд барилга угсралтын тусгай зөвшөөрөл, 2022 оны гуравдугаар сард эрчим хүчний цахилгаан хангамжийн тусгай зөвшөөрөл авсан. Хамгийн ноцтой нь, тэр даруйдаа л төсвийн тэрбумаар тоологдсон санхүүжилттэй тендерүүдийг “түүж” эхэлсэн байна. Тэр тусмаа, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн нутаг, сонгогдсон тойрог буюу Дорнод аймагт энэ оны гуравдугаар сард зарлагдсан 9.8 тэрбум төгрөгийн тендер
Төрийн худалдан авах ажиллагааны газрын: 
“Дорнод аймгийн төвийн 1800 айлын орон сууцны хорооллын цахилгаан хангамж, инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх”- 9.8 тэрбум төгрөгийн тендер
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн:
“35 кВ-ын ЦДАШ-ын төмөр хийцүүд нийлүүлэх”- 226 сая төгрөгийн тендер
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн:
“КРУ-6кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэл”- 1.2 тэрбум төгрөгийн тендер
Булган аймгийн Баян-Агт суманд:
“Хог, зам засварын техник нийлүүлэх”- 80.0 сая төгрөгийн тендер
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын:
“Төвийн бүсийн орон сууцны байруудын цахилгааны ерөнхий щит шинэчлэн солих”- 74.7 сая төгрөгийн тендер
СБД-ийн Худалдан авах ажиллагааны газрын:
“Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дээврийн засварын ажил”- 146.5 сая төгрөгийн тендер
Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын:
“Удам залгасан залуу малчдад олгох 5 ханатай 30 монгол гэр нийлүүлэх”- 150 сая төгрөгийн тендер
Онцгой байдлын ерөнхий газрын:  
“Ариутгалын автомашин нийлүүлэх”- 160 сая төгрөгийн тендер
“Ус зөөврийн автомашин нийлүүлэх”- 260 сая төгрөгийн тендер
“Ариутгалын 5 тоннын багтаамжтай автомашин нийлүүлэх”- 272 сая төгрөгийн тендер
“Гал сөнөөгчийн хүн нэг бүрийн хувцас хэрэглэл нийлүүлэх”- 600 сая төгрөгийн тендер гэх мэт Тус компани хоёр жил гаруйн дотор төрийн байгууллагуудын 11 тендерт ялж, 12.9 тэрбум төгрөг “халаасалжээ”.
Х.Болор-Эрдэнийн “Дорнод газар” ХХК болон нагац дүү О.Тэмүүлэнгийн “Саруул өргөө констракшн” ХХК-ийн ялсан тендерүүдэд дотор Эрчим хүчний салбарын тендер хэд хэд байгаа нь анхаарал татна. Тодруулбал, Парламентад Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн хоёр хэлхээтэй мэт дотно нөхөрлөдөг. 2016 онд МАН-ын батлахаа хамтдаа сэргээсэн, Оюутолгойн гэрээг хамтдаа эсэргүүцсэн, Ноён уулын төлөө хамт тэмцсэн гээд хоршил, хамтралыг нь дурдвал дундрахгүй олон. Ц.Даваасүрэнгийн хувьд 2017 онд Эрчим хүчний сайд болж, “10 хувийн Ц.Даваасүрэн” гэгдтэлээ салбараа “базаж”явсан. Тэгвэл Ц.Даваасүрэнгийн нөлөөг ашиглан Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ, нагац дүү О.Тэмүүлэн нар эрчим хүчний салбарын тендерүүдийг түүдэг байж болох хардлага дээрх баримтуудаар төрж байгаа юм. 
Заа тэгээд Х.Болорчулууны ургаа тэтгэсэн үлгэр энэ хүрээд дуусахгүй. Гишүүн болсон бол сайд болтлоо гүйж, сайд болсон бол хүчээ зузаатгах ёстой. Тэгэхийн тулд Эрдэнэс тавантолгойд очиж наалдсан нэгэн бактери болох нь чухал бололтой.
Тодруулбал УИХ-ын гишүүн Х.Болорчулууны өөрийн төрсөн дүүгээ  Эрдэнэс таван толгой ХК хараат бус дөрвөн гишүүний нэгээр томилуулж чадсан явдал юм. Үе үеийн гишүүд сайд нар хэд хэдэн бизнест гаршсан, ёстой л цус гаргаж сурсан өөрийн итгэмжит хүмүүсээ тавантолгой руу илгээдэг тогтсон жаягтай. Энэ л уламжлалаар Х.Болорчулуун, Х.Болор-Эрдэнийгээ  эрдэнэс сандайлсан цагаан захтнаар нэмжээ. Харин дүү нь ахынхаа шийрийг хатаав уу? Ах нь дүүдээ сургав уу? Ямартай Х.Болор-Эрдэнэ тавантолгойн туз-ынхны хэзээ ч сэтгэгүй  олон нийтийн зөвлөл байгуулчихсан оодорч сууна. Тус зөвлөлийн гишүүдээр тун сонирхолтой хүмүүс нэрлэгдэнэ. 
Учир нь МУГЖ Н.Онон, МУГТ Э.Бадар-Ууган, УГЗ Ү.Хүрэлбаатар тэргүүтэй М.Батбилэг ,Г.Ундрал, Б.Зандраа удаатай Г.Золжаргал, Ч.Лодойравсал, Н.Соронзонболд, Р.Сэргэлэн, Д.Билгүүн, Ц.Ширэндэв нарын бүрэлдэхүүнтэй.
Ингэж л хаяагаа тэлж, хань бүлээ нэмсэн Х.Болорчулууны дүү яаж таван толгойн хараат бус гишүүн болсон нь тун сонирхолтой схем үүсгэж байх юм. 
Тухайлбал нүүрсний хулгайн хэрэгт 2016 оноос хойш нэр холбогдсон УИХ гишүүн Т.Аюурсайханы сонгуулийн менежер Л.Соронзонболд Х.Болорчулуун, Х.Болор-Эрдэнэ нартай  худ ургийн холбоотой. Тодруулбал Х. Болор-Эрдэнийн худ н.Отгонбаатарын ах гэх ойрын гэхэд дэндүү ойрхон хань хамсаатан нь байж таарав. Түүнчлэн зүгээр ч нэг худ ургууд биш бололтой. Харин Т.Аюурсайхан таван толгойн гүйцэтгэх захирал Б. Ганхуяг нар дотно нөхөрлөж ирсэн нь энэ гэр бүлд тавантолгойд хөл тавих замыг нь нээж өгсөн. Өөрөөр хэлбэл Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын тусламжтайгаар Болорчулуун төрсөн дүүгээ тавантолгой хк-ийн туз-ын гишүүнээр томилуулжээ.
Ингэж л Х.Болорчулуун гурилнаас нүүрсний хөл тавьсан байж болох хардлага төрж байгаа юм. Мэдээж тавантолгойд хүчтэй байр суурьтай болно гэдэг өнөөдөр дэгдээд байгаа нүүрсний хулгайн хэрэгтнүүдтэй зам нэг болсон байх  магадлалыг өндөр болгоно.


Х.Болорчулууны дүү Х. Болор-Эрдэнэтэй холбоотой мэдвэл зохих нэг баримт байна.
Болор-Эрдэнийн ХОМ-ээс харахад  Туркойз Хилл Ресурс ХК-д хувь эзэмшиж байсан нь анхаарал татав. Учир нь одоогоос 4 жилийн өмнө хэн хэнийхээ нууцыг дэлгэх шахам ам мурийж явсан Болорчулуун сайд, төрсөн дүүгээ Х.Нямдорж сайдын хамаарал бүхий компанид хувь эзэмшиж байсныг мэдээгүй байх учиргүй.  
Эрхэм сайд Х.Болорчулууны талаар өгүүлэх үлгэр ингээд дуусахгүй. Харин бэлдсэн баримтынхаа хачирнаас л танд амсууллаа.  “Хаяагаа тэлж ханхалзсан сайд” үлгэр одоо л эхэлж байна.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:   БОЛОРЧУЛУУНЫ ЭРХЭЭРЭЭ ХАТСАН ДҮҮ 


БАРИМТ 1: Х.Болорбаатарыг Монгол улсын Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 11–ны өдрийн “Ховор амьтны жагсаалт батлах тухай” долдугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад багтсан ховор амьтан болох хүрэн баавгайн 28 ширхэг сарвууг нуун далдлаж хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн” гэх 201701000047 дугаартай хэрэгт тус прокурорын газраас хяналт тавьж, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 107 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймгийн Хэрлэн сумын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан аштны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлж байлаа. Тэгвэл тус хэргийг Дорнод аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхдээ Х.Болорбаатарыг баавгайн савар нууцаар гэртээ хадгалж улмаар хил нэвтрүүлэхийг завдсан гэх хоёр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэх эсэхээр хуралдаж байжээ. Тухайн үед тэрээр өгсөн мэдүүлэгтээ 28 ширхэг баавгайн саврыг 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр Хавиргын боомт орох гэж явахдаа замын хажуугаас олсон гэж мэдүүлсэн бол 2017 оны 2 сарын 24-ний өглөө эхнэр хүүхдийн хамт БНХАУ- руу эмнэлэгт үзүүлэхээр явахдаа 28 ширхэг баавгайн савраа машиныхаа запас дугуйнд нууж хийлүүлээд Улсын хилээр гаргах гэж байгаад тагнуулын ажилтанд баригдсан байгаа юм. Прокуророос түүнд 1-5 жилийн хорих ял зүйлчилсэн ч шүүхээс хөнгөвчилж дөрвөн сарын баривчлагаа  болон таван сая төгрөгөөр торгох ял оноожээ. Эндээс нэг хардалт төрж байгаа нь Болорбаатар Хавиргын боомтоос 28 ширхэг баавгайн савар олсон гэх.  ХАВИРГЫН БООМТЫН ТАЛААР ТӨГСГӨЛД ДУРДАХ БОЛНО.
БАРИМТ 2 :  Дээрх баавгайн саврын хэрэг мартагдах шахаж байсан ч Болорбаатар гол дүрээсээ буухыг хүсээгүй бололтой. Учир нь 2021 оны 03 дугаар сарын 25-нд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Мөнхжаргал, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Гансэлэм, Галт, Мөнхсайхан нарын 4н төлөөлөгчөөр чито бэлтгэж, мөрийтэй тоглосон хэргийг илрүүлэн шалгаж байлаа. Гэвч эл хэрэг төдөлгүй мартагдаж, Болорчулууны дүү Болорбаатарын толгойг илэн өөгшүүлээд өнгөрсөн байх жишээний.
БАРИМТ 3 :  Эрхэм сайдын эрхээрээ хатсан  дүү нь хилээр их хэмжээний малын махыг хууль бусаар давуулах гэж байгаад баригдаж байсан. Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сард Хавиргын боомтоор нэг тонн малын мах машиндаа нууж гаргах гэж байгаад хятадын гаалийнханд саатуулагдсан байдаг. Улмаар торгуулийн арга хэмжээ авагдаж, хэл амтайхан хятадын гаалийнхнаас салсан. 
Гэр бүл гэдэг ийм л байдаг. Нэг нь сайн явахад бусад гараас нь атгаад дэмждэг. Тэдэн дундаа арай ганц сондгой нэг л гишүүнтэй.  Тэр хүн нь араас нь чирэгдэж, өрцнөөс урж явдаг, муухан нэртэй сондгой сондгойдоо хэт сондгойрсон Х.Болорбаатар дүүгийнх нь хоёрын хоёр зэргийн гэмт үйлдэл биднийг Хавиргын боомт руу хөтөлж байх юм. Бас л гэнэтийн гэхэд сонирхолтой л тохиолдол.


ХОЁРДУГААР БҮЛЭГ:   ТЕНДЕРИЙН БУЛХАЙ БУЮУ БОЛОРЧУЛУУНЫ БИЗНЕС ТАКТИК


Дандаа ургаа тэтгэж ажиллахгүй. Болорчулуун ч өөрөө амьдралтай, өөрийн гэсэн бизнестэй. Харин тэр амьдралаа бизнесээ хэрхэн хөлжүүлсэн нь л сонирхолтой. Их хурлын зөөлөн суудалд таахалзаж, хувь хувьсгал хоёроо ялгаж сурах талаар цэцэрхэж суудаг хүнсний сайдын авдар дүүрэн тендерээс
БАРИМТ НЭГ: Х.Болорчулууны хамаарал бүхий “Дорнод газар” ХХК нь Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар ажилласан 2017-2020 онд 1.589.407.310 /нэг тэрбум 560 орчим сая төгрөг/-ийн таван удаагийн тендерт ялж Эрчим хүчний салбарт ажил гүйцэтгэсэн байна.
Тодруулбал,
БАРИМТ ХОЁР: 2020 оны дөрөвдүгээр сард ДБЭХС ТӨХК нь “Саруул өргөө констракшн” ХХК-тай 1.2 тэрбумын гэрээг байгуулж “КРУ-6кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажилд бараа материал нийлүүлэх, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх”-үүлэхээр болжээ. 
Түүнээс гадна талуудын байгуулсан гэрээний 5.3-т бараа материал бүрэн хүлээн авсны дараа төлбөрийн 70 хувь буюу 840 сая төгрөгийг шилжүүлэх, 25 хувийг ажил бүрэн дуусч, ашиглалтад хүлээлгэн өгсний дараа шилжүүлэх, чанарын барьцааны 5 хувийг ажил хүлээж авах комиссын дүгнэлтийг үндэслэн ажлыг хүлээн авсны дараа төлөхөөр заасан байдаг. Гэтэл ямар ч бараа нийлүүлээгүй, ажил гүйцэтгээгүй атал 2020 оны долдугаар сард 750 сая төгрөгийг ДБЭХС ТӨХК-иас “Саруул өргөө констракшн” ХХК-д шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. “Саруул өргөө констракшн” ХХК нь мөн л цахилгаан эрчим хүчний чиглэлийн компани биш бөгөөд КРУ-6кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажлыг ДБЭХС ТӨХК-ийн ажилтнуудаар хийлгэж гүйцэтгүүлсэн. Цалинг ДБЭХС ТӨХК гаргасан бөгөөд тус ажлын үеэр ажилтан Ц.Н үйлдвэрийн осолд орсон талаар нутгийнхан ярьж байна
ДБЭХС ТӨХК нь хэрхэн, яаж Х.Болорчулуутай холбогддог схемийг харвал Гүйцэтгэх захирлаар нь Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болорбаатарын хүүгийн хадам аав Г.Отгонбаатар ажилладаг. Харин Ерөнхий инженер Ө.Жаргалсайхан нь мөн Х.Болорчулуун гишүүний төрсөн дүү Х.Болоржаргалын эхнэр Ө.Сүнжидмаагийн төрсөн дүү аж. Мөн Хангамжийн хэлтэст Х.Болорбаатарын хүү Б.Алтанхуяг нь инженерийн орон тоонд цалин авдаг ч ажлаа хийдэггүй гэх шүүмжлэлийг тус компанийн ажилчид хэлж байгаа юм.
БАРИМТ ГУРАВ: 2022 онд ДБЭХС ТӨХК-ийн 50 мвт өргөтгөх ажлыг 79.5 сая долларын зээлээр гүйцэтгэхээр ажиллаж байна. Хөгжлийн банкнаас тус төслийн ажилд нийт 70.2 сая юанийн зээлийг олгосон. Тендерт БНХАУ-ын компани шалгарсан бөгөөд туслан гүйцэтгэгч компаниуд нь мөн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нартай холбоотой байж болзошгүй аж. Тухайлбал, өргөтгөлийн талбайн инженерээр ажиллаж буй Рэнцэндорж гэгч нь “Дорнод гурил” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
БАРИМТ ДӨРӨВ :    УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-аараа дамжуулж, нэг тэрбум гаруй төгрөгийн тендер авчээ. “Дорнод гурил” ХХК зах зээлд гурил нийлүүлэхийн сацуу төрийн байгууллагуудын хүнсэнд төсвийн мөнгөөр гурил нийлүүлсээр байна. Томыг том, жижгийг жижиг гэж голохгүй тендерээс тендерт хөлжиж суугаа эрхэм сайдын ээлжгүй олзноос зарлан дуудья.
-Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол хүнс нийлүүлэх тендер: 3.9 сая төгрөг
-Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрт гурил нийлүүлэх тендер: 4.0 сая төгрөг        
-Дорнод аймгийн Хэрлэн сумын тавдугаар цэцэрлэг гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх тендер: 3.3 сая төгрөг
-Дорнод аймгийн Хэрлэн сумын зургадугаар цэцэрлэгийн Хүүхдийн хоол” -ны худалдан авах бүтээгдэхүүн, гурил нийлүүлэх тендер: 4.6 сая төгрөг
-Дорнод аймгийн Хэрлэн сумын наймдугаар дунд сургууль “Үдийн цай” хөтөлбөрийн хүнс, гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх тендер: 6.2 сая төгрөг
-Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн дотуур байрны хүүхдэд гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх тендер: 5.6 сая
- Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрт гурил нийлүүлэх тендер: 5.6 сая төгрөг        
            -Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт 800 тонн нийлмэл бордоо нийлүүлэх тендер- нэг тэрбум төгрөгийн тендер тус бүр авчээ.
       Энэ мэт Дорнод аймгийн Хэрлэн суманд зарлагдсан төрийн худалдан авах ажиллагаанд “Дорнод гурил” ХХК-аа зүтгүүлж, хамаг тендерт нь шалгарч, төсвийн мөнгөөр гурил нийлүүлжээ. Мөн хэд хэдэн өндөр дүнтэй тендерт материалаа илгээсэн байгаа нь төрийн худалдан авах ажиллагааны газарт нээлттэй байна.Өөрөөр хэлбэл, тендерийн материалаа өгөөд хариугаа хүлээж байгаа хэд хэдэн тендер байгаа гэсэн үг. Тодруулбал, Зэвсэгт хvчний жанжин штабт 434 сая төгрөгөөр гурил нийлүүлэх, Хэрлэн сумын долдугаар цэцэрлэгт 3.6 сая төгрөгөөр гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх, Хэрлэн сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүн 3.4 сая төгрөгөөр нийлүүлэх тендерт хэрхсэн нь тодорхойгүй болж нууцлагдсан. Тендер гов.мн-ий бүртгэлээс дээрх тендерүүдээс гадна Болорчулууны шударга бус тендерийн баримтууд устгагдсан байна.
БАРИМТ ТАВ : 2018 оны наймдугаар сарын 13-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ:
ЗАХИАЛГЧААР "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, ГҮЙЦЭТГЭГЧЭЭР "Дорнодгазар" ХХК хамтран "Хэрлэн-Булган 35кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцын засвар шинэчлэлийн ажил гүйцэтгэх гэрээ" гэгчийг байгуулсан байна. Эл гэрээний үнийн дүн 2,890,018,021 төгрөг.
БАРИМТ ЗУРГАА: 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ:
ЗАХИАЛГЧААР "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, ГҮЙЦЭТГЭГЧЭЭР "Саруул өргөө констракшн" ХХК хамтран "ДБЭХС" ТӨХК-ийн КРУ-6кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажил" гэгчийг байгуулсан байна. Эл гэрээний дүн 1,199,900,000 төгрөг.
Эл төрийн өмчит компани йн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар нь Х.Болорчулуун сайдын төрсөн дүү Х.Болорбаатарын хүү Б.Алтанхуягийн хадам аав байсан бол Ерөнхий инженер Ө.Жаргалсайхан нь Х.Болорчулуун сайдын төрсөн дүү Х.Болоржаргалын эхнэр Ө.Сүнжидмаагийн төрсөн дүү юм.
БАРИМТ ДОЛОО : "ЖДҮ-гийн хэрэг"-т нэр холбогдсон Н.Учрал, Б.Баттөмөр, Х.Нямбаатар, Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нарын хэрэг эцэслэн тогтоогдоогүй учир УИХ-д дахин сонгогдсон билээ. Төдөлгүй УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд холбогдох хэргийг АТГ шалгаж дуусчээ. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-иар дамжуулан  2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-гаас 950 сая төгрөг авсан нь тогтоогдож байсан.
БАРИМТ НАЙМ: Х.Болорчулуун сайд болуутаа татвар төлөгчдийн 100 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр гурилын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгуулахаар Засгийн газрын тогтоол гаргуулсан нь тийм ч оновчтой шийдэл байсангүй. Гурилны алтан ченж гэгддэг тэрбээр ихээхэн ашиг сонирхлын зөрчилтэй тогтоол гаргаж, түүнчлэн гурилны үнийг тэнгэрт хадаалаа. Гурил үйлдвэрлэгч нар гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн нь хууль бус гэдгийг тогтоосон. Ингэж тогтоогоод байхад салбарын сайд Х.Болорчулуун юу ч дуугарсангүй нүдээ тас аниад зөрж сууна. Ард түмэн өнгөрсөн зургаад сард 1кг гурил тутамд 1000 төгрөг илүү төлж байхад түмнээ төлөөлсөн сайд ширэн нүүр гаргаад хуулиа батлуулж ч байх шиг.


ГУРАВДУГААР БҮЛЭГ:  БАРИЛГЫН САЛБАРТ МУТРАА ДҮРСЭН НЬ 


Зүгээр суухаар зүлгэж суу. Энэ бол МА-ын зүйр цэцэн үг. Харин зүгээр суухаар цөлмөж суу гэж төрийн эрх баригчдад зориулсан үг.  Хаяагаа тэлж ханхалзсан сайд үлгэр маань гурилчин сайдын барилгачин болсон баримтаар үргэлжилж байна.
Анх Х.Болорчулуун Дорнод аймгаас УИХ-д өрсөлдөхдөө бие даасан мөрийн хөтөлбөр боловсруулж дорнодчуудыг жинхэнэ утгаар нь хуйлруулж УИХ-ын зөөлөн сэнтийд заларсан.  Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг тэнгэр баганадсан барилга Онцгой байдлын ерөнхий газрын хашаанд сүндэрлэж байна гэх мэдээ түгэж, олны  нүд бүлтийлгэж, чих дэлдийлгээд мартагдсан. Ямартай ч тус барилга түүнийх мөн биш нь одоо ч тодорхойгүй. Магадгүй тэр л үеэс Х.Болорчулуун сайд барилгын салбарт хөл тавьжээ.
Арай л Х.Болорчулуун цемент зуурж байна гэж дуулдсангүй. Харин барилгын тендер шамшигдуулж, барилгачин болохоор сэнхэрч байна. 
Тодруулбал Монгол улсын Засгийн газрын “100 000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Захиргааны санаачилгаар Төрийн орон сууцны корпораци  Хэрлэн сумын 1 дүгээр багт хуучнаар Хангамж болон Нисэхийн хорооллын хойд тал, 8 дугаар багт нийт 50 га газрын 10 га талбайд нь нийтийн орон сууцны хороолол барьж байгуулахаар төлөвлөжээ. Энэ хорооллыг "Залуус" хэмээн нэрлэсний учир нь шинээр гэр бүл болж байгаа залуучуудад зориулан хямд өртөг бүхий орон сууц барих, мөн үлдсэн 40 га талбайд гэр хорооллын иргэдийг барилгажуулах төлөвлөгөөг Хэрлэн сумын засаг дарга гаргасан байлаа.
Дээр дурдсан газар дээр орон сууцны хороолол байгуулахад шаардлагатай дэд бүтэц, дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээг 2.1 тэрбум төгрөгөөр  Төрийн Орон Сууцны Корпорациас санхүүжүүлэн барьж, хүлээлгэж өгчээ. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун хөндлөнгөөс дайрч орон, нийтийн өмчлөлд шилжээд байсан ТОСК-ийн хөрөнгөөр дэд бүтэц, шугам сүлжээ татсан 50 га газрыг албан тушаал, эрх мэдлээрээ далайлган өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан нь тогтоогдов. Яг л хүчтэй нь хүчгүйдээ архирч, эзлэн түрэмгийлсэн мэт харагдаж байгаа юм. 
Тухайлбал эхлээд Хэрлэн сумын Засаг даргын 2012 оны 8 сарын 3-ны өдрийн А/271 дүгээр  захирамжаар уг байгууламж бүхий газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн байдаг. Дараа нь “Залуус” хотхоны барилгыг барьж, гүйцэтгэх нэрээр өөрийн эзэмшлийн компаниудын нэр дээр уг газрыг шилжүүлэн авчээ. Х.Болорчулуун иргэдийн хардлагыг зайлуулж “Залуус” хотхоныг  хамтран  барьж гүйцэтгэж байгаа гэх ойлголтыг төрүүлэн хууран мэхлэх үүднээс Дорнод газар, Дорнод гурил, Дорнод Хийц ХХК-иар дамжуулан барихаар төлөвлөсөн байгаа юм.Ам ташсан хэрээ арван гурав эргэлдэнэ гэгчээр  давхар Төрийн Орон Сууцны Корпорациас 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг гаргуулан авсан байдаг.
Ингээд төрийн 3.6 тэрбум төгрөгийг Х.Болорчулуун өөрийн болгож, нийтийн хөрөнгийг өөртөө гуйвуулсан бөгөөд залууст зориулсан хямд хороолол барихын оронд одоо уг талбай дээр өөрийн төрсөн дүү Х.Болор -Эрдэнээр удирдуулан тансаг зэрэглэлийн хувийн орон сууц хаус барьж, өндөр үнээр борлуулан давхар давхар ашиг хүртэж сууна.
Ширээний ард шигдсэн ширэн нүүртэй сайдын тендерт мөртэй гарын үсэг, төвхнүүлэх нэртэй хуулийн заалтаар дарагдчих вий гэсэн эмээлттэйгээр үлгэр үргэлжилж байна.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ:   БЭРСИЙН НҮҮДЭЛ БУЮУ  УТГА УЧРЫН ЗҮГТ


Овоо босгоогүй бол шаазгай хаанаа суух билээ. Монгол улс  жижигхэн. Гэхдээ асар их баялагтай, арвин их түүхтэй. Энд бид Монгол хүн бүхний мэдээгүй, мэдсэн ч анзаараагүй өнгрөөсөн зайлшгүй мэдэх ёстой баримтыг дэлгэж байна. Нам засаглал, эрх ямба хамаарахгүй, ашиг сонирхол нэг бол улангассан улаан нүдээ цавчихгүй, эрдэс баялаг,газар шороогоо үл хайрлан шунаж байж болох ноцтой хэргийн нотой түшмэдийг Х.Болорчулуунаар эхлэн нэрлэж байна. 
Гишүүн болж эрхлээд, тендер түүж давраад, сайдын суудалд таахалзсан уг эрхэм төрсөн дүүгээ тавантолгойд томилсон. Гэхдээ бусдаасаа арай онцгой нь тавантолгойн нүүрснээс шанага нүүрс тоносонгүй. Ингэж хэлэх амархан. Харин жинхэнэ хөшигний ард тольний өмнө ямар явдал хөвөрч байдаг нь сонирхолтой. Хатуухан хэлэхэд цадаж ханадаггүй, царайчилж гүйдэггүй тендерээр боссон тэнхээтэй сайдын хөлд нь торниулж өсгөсөн нутаг Дорнод аймаг үрэгдэж байна. 
Учир нь Дорнод Баянтүмэн сум буюу улсын хилийн онцгой бүсэд Меланж гэх компани үйл ажиллагаа эрхэлж, ёстой бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр дураараа дургиж байгаа.  Үг дуугардаггүй, үйлдэл хийдэггүй Х.Болорчулуун сайд гэнэт л 2022 оны 01 сарын 12-ны өдөр Меланжийн үйл ажиллагааг таслан зогсоолоо гэж хэвлэл, мэдээллийнхний өмнө оодорч зогссон билээ. Байдал үнэндээ өөр тийш эргэсэн байсныг хэн ч анзаараагүй. Харин Х.Болорчулуун Дорнодчуудын төдийгүй Монголчуудын баатар болоод ажлын хэсгээ тараасан. 
Уг үндсээсээ Засгийн газрын оролцоотой Меланжийн суурийг ганц их хурлын гишүүн суга татан хаясан. Сонсоход ч инээдтэй нь Болорчулууны таслан зогсоож, татан буулгасан Меланж улсын онцгой бүсэд үйл ажиллагаа явуулж байна. Энэ явдлаас хойш ганц ч үг ганхийлгээгүй Болорчулуун төдөлгүй даргын суудлаас сайд болж дэвшсэн байдаг.  Ингэснээрээ Х.Болорчулуун Меланжтай холбоотой шоуг зохион байгуулж, өөрөө гол дүр товойсон явдал нь халаас нэгдсэн гэх хардлагыг төрүүлж байна. Мэдээж сэтгүүлч хүн нотлох биш хардах эрхийн хүрээнд мэдээлэх ёстой. 
Нэгдүгээрт Х.Болорчулууны сонгогдсон нутаг дэвсгэрийн нэгээхэн буюу Дорнод аймгийн Баянтүмэн суманд  хууль бус лицензээр удаа дараа үйл ажиллагаа эрхэлж байгаа.
Хоёрдугаарт Меланж зүгээр ч нэг уурхайн компани биш. Түүний ард үе үеийн олон олон улс төрчдийн ашиг сонирхол яригдаж байдаг.
Тиймээс улс төрчдийн үүсгэсэн урт хар цуваа Меланжаар нэгдэж байгаа нь анхаарал бишгүй татна. Харин өнөөдөр тэдэнд хүрэх замыг Х.Болорчулуун  татлаа. 


 ТАВДУГААР БҮЛЭГ :  МЕЛАНЖ БУЮУ НУУЦЫН НУУЦ ХӨЗӨР 
..“60 тэрбум”-ын бүлэглэл 2016 онд хилийн тухай хууль баталж, уг хуулиар “хилийн зурвас”-т үйл ажиллагаа явуулах эрхийг Засгийн газарт олгосон. Дараа нь өөрсдөө энд ашиглалтын лиценз авсан байдаг.
ТОДРУУЛБАЛ :
Алхам-1. УИХ-ын дарга М.Энхболд 2016 онд “Хилийн тухай хууль”-ийг батлахдаа хилийн зурваст газар ашиглах эрхийг Засгийн газарт олгосон
Алхам-2 Тухайн үед Засгийн газрын тэргүүн нь түүний хамаатан гэгддэг Ж.Эрдэнэбат байсан. Энэ үед хилийн зурваст ашиглалтын лиценз авах ажлыг гүйцэтгэжээ.
Алхам-3 Ж.Эрдэнэбатыг огцорноос хойш сар хүрэхгүйн хугацааны дотор 2017.09.29 нд “Меланж” компани Дорнод аймгийн Баянтүмэн сум дахь улсын хилийн зурваст ашиглалтын лиценз авчээ.
Алхам-4 : 2021 оны 12 сараас хилийн зурваст нүүрс олборлож эхэлсэн “Меланж ” компаний ард 60 тэрбумынхан хүчээ нэгтгэжээ.
Учир нь:
1. “Меланж” компаний бүх үйл ажиллагааг “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн хүмүүс зохицуулж байна. Х.Бат-Эрдэнэ нь МАН-ын дарга асан М.Энхболд, Т.Бадамжунай нарын фракцийн гол гүйцэтгэгч. Хотын төвд баригдсан томоохон барилга, орон сууцнуудтай тэдний нэр холбогддог. Хамгийн сүүлд Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайд байхдаа төрсөн дүүдээ лиценз шилжүүлсэн хэргээр ял авахад Х.Бат-Эрдэнэ мөн л холбогдсон. 
2. Туслан гүйцэтгэгч компаний дүрээр УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг түүний “Хөгжлийн банкны 33 тэрбумын бүлэглэл ” энд оржээ. Хассуурийн Ганхуягийн төрсөн дүү Хассуурийн Хашчимэгийн “Вертекс майнинг партнерс” компани энд хөрс хуулж байна. Энэ компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нар 33 тэрбумын зээл авсан хэрэгт холбогдож байсан билээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нь Т.Бадамжунайтай олон жил нэр холбогдож байна.
3. Мөн туслан гүйцэтгэгчийн өөр нэг дүрээр Барилга хот байгуулалтын дэд сайд асан асан Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин групп” -ын охин компаниуд оржээ. Ш.Лхамсүрэн нь Төв аймгийн Заамар суманд “Мондулаан” компаниараа олборлолт хийдэг. М. Энхболдын хотын фракцид хамрагдаж, морь малаараа түүнтэй ойр нөхөрлөдөг Ш.Лхамсүрэн нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байгаад дараа нь ЖДҮ-ээс зээл авсан хэргээр У.Хүрэлсүхийн үед албан тушаалаасаа огцорч байсан.
4. Өнөөдрийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр нь хожим Ш.Лхамсүрэнгийн хүргэн болсон. Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгчтэй сууснаар Ё.Отгонбаяр “Нүүдэлчин групп”, “Мондулаан”зэрэг компаниудын тодорхой хувийг эзэмшдэг болсныг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. Ё.Отгонбаяр АНУ-д суух элчингээс ирэнгүүтээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон нь дээрхи уурхайгаа ЗГ-ын түвшинд хамгаалах далд бодлого ажээ. Энд л Х.Болорчулууны ХХААХҮЯ-ны сайд болсон сэжүүр тайлагдаж байх юм. Магадгүй Х.Болорчулуунаар Меланжийн шүглийг үлээлгэж, Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн ЗГ-ын хүчийг үзүүлэх тайлант тоглолт хийсэн. Ингэж хэлэхийн учир нь танд эдгээр эрхмүүдийн Меланж руу хөл тавьсан эртний баримтаас сонордуулья.
МЕЛАНЖ БУЮУ МАФИЖИХ СҮЛЖЭЭ 


Тэгнэж ирсэн ачаагаа хэрхэн борлуулж, ашигтай наймаа хийх нь наймаачин хүний овсгоо. Тэгвэл өдгөө цагт баялгийн наймаачдын сүлжээ хэрээс хэтэрч, хэмжээ хязгааргүй болжээ. Улс төрийн эрх мэдэл гэдэг өнөө цагт бизнес хийх хамгийн том ар тал болж байгаа нь нууц биш. Тиймээс ч Меланж гэх энэхүү компанид Монгол улсын Засгийн газрын үе үеийн эрх мэдэлтэй цагаан захтнуудын нөлөөлөл хэрхэн давамгайлж байгааг, тэд эрх ашгийн зөрчлөө хэрхэн хамгаалж, мафижих сүлжээ үүсгэснийг дараах схем нотлох болно.  Ашиг сонирхлын зөрчилтэй мафижих сүлжээнд улс төрийн эрх мэдэлтнүүд ердөө л хүүдийнийх нь амыг боодог жижүүрийн ажил хийж байх жишээний.  Өөрөөр хэлбэл жинхэнэ баялгийн наймаачид нь гадны зах зээлд тоглолт хийж, хурган боссууд нь ордон дотроо төдийгүй ордноо тойроод хүрээгээ тэлж, хөмсөгөө зангидаж суудаг. Тухайлбал:
2021 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдааны үеэр Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 27 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг тус бүр байршуулсан боловч эргүүлэн авч чадахгүй байна хэмээн Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байв.
Үүнийг үнэн гэдгийг “2022 он гарахаас урьтаад өрөө барагдуулчих нь шт” гэж хариу орилсон хотын даргын орилолт баталж байлаа. 
Тэр их өрийг дарах мөнгө хэрхэн цугларсан талаарх мэдээлэл хомс ч Ч.Хүрэлбаатарыг өр нэхэн зандарч байх зуурт Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 15 сая ам.доллар, дараа нь 2 сая ам.доллар, нийт 17 сая ам.доллар буюу 45 орчим тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хадгаламж гэнэт бий болсон гэдэг. Хадгаламжийн эзэн нь Аргал ойл ХХК буюу олон нийтэд хуурамч шатахууны “мангас” гэх нэрээр танил болсон Трафигура олон улсын байгууллагын Газрын тосны худалдаа хариуцсан менежер Э.Жононбаярын ээжийнх нь компани байсан гэдгийг анзааралгүй орхиж болохгүй.
Өөрөөр хэлбэл, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрүүл мэндийн даатгалын сан зэрэг газрууд мөнгөө нэхэх үед Трафигура-гийн Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэнгийн үүсгэн байгуулалцсан Аргал Ойл ХХК-иас 45 тэрбум орчим төгрөгийн хадгаламж нээлгэсэн.
Д.Сумъяабазар уг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Трафигураг эсэргүүцэгчдийн нэг байсан бөгөөд ямартаа л дэд сайдаараа ажиллаж байсан Д.Загджавыг огцруулна гэж хашгичиж байхав.
Сайдын эрх мэдлийнхээ хүрээнд хуурамч шатахууныг шалгах ажлын хэсэг байгуулан Трафигура болон түүний дор керосин, нафта импортлогч “Транс гайд”, “Хармөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох санал оруулж байсан л хүн. Дэд сайдаар ажиллаж байсан Д.Загджав нь Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэнтэй гэр бүлийн найзууд. Д.Эрдэнэсүрэн нь ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга бол зүү орох зайгүй нөхөрлөдөг найз Н.Уранчимэг нь Улаанбаатар хотын Гаалийн орлогч дарга, гаалийн байцаагч бөгөөд Д.Загджавын эхнэр юм.
Хэсэг бужигнааны дараа Д.Загджав суудлаа өгч, өнөөх аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлтэйгөө үлдсэн. Д.Сумъяабазар ч энэ талаар нэхэн хэлэлцэхээ больсон нь эрх ашиг, халаас нь нэгдэснийх гэж хардаж болохоор байгаа юм.
Харин хилийн зурваст ашиглалтын лиценз авч чадсан Меланж компанийн гүйцэтгэх захирлаар Д.Цэндсүрэн гэх бүртгэл бий агаад түүний нэрээр “Монголиа авиашн фүел” ХХК мөн бүртгэлтэй байгаа юм. Эндээс “Монголиа авиашн фүел” ХХК бүх төрлийн онгоцны түлшний бөөний худалдаа, агаарын хөлгийн шатах тослох материал ханган нийлүүлэх, бүх төрлийн шатахууны импортын үйл ажиллагаа эрхэлдэг нь анхаарал татав.
“Монголиа авиашин фүел” ХХК-ийг Дамбын Хишигжаргал (Хишгээ) хамтран байгуулалцсан төдийгүй гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан байдаг. Энэ үедээ  Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Газрын тусгай үйлчилгээ шатахуун хангалтын албатай “Агаарын хөлгийн шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулан шатахуун нийлүүлж байж.
Тэгэхээр бид Дамбын Хишигжаргалын Моодунхаан группийн удирдлагад хотын дарга Д.Сумъяабазарын дүү Д.Сэржбүдээ бүртгэлтэй байдаг гэх мэдээллийг онцгойлон татаж сонирхохоос аргагүй болж байна. 
Түүнчлэн Хотын дарга Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын Асашёорюү төрийн бус байгууллага болоод Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Баярсайхан нь Говь, Хөх ган, АПУ-гийн хувь эзэмшигч гэдгийг дурьдах нь зүйтэй.
Хөх ган ХХК нь УИХ-ын гишүүн, “Тэс петролиум”-ын эзэн Б.Баттөмөрийнх бөгөөд Б.Баттөмөр УИХ дахь Увс бүлэглэл, тэр дундаа Ц.Нямдоржийн дэмжлэгээр өнөөг хүртэл яваа нөхөр.
Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болох бүрт Б.Баттөмөр Гаалийн, эсвэл Татварын ерөнхий газрын даргаар томилогдож байв.
Түүний Хөх ган гэх компанийн уяаны үзүүрт Бэрэн групп байдаг .УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ ч хөтлөгдсөөр Хөх ган компанийн хэлхээ холбоост орж ирнэ.
Д.Бат-Эрдэнэ “Ажнай корпораци”-ийг 100 хувь эзэмшдэг бөгөөд “Ажнай корпораци” нь “Тавантолгой транс” компанийн 70 хувийг халаасладаг. Харин энэ “Тавантолгой транс” нь “Бэрэн групп”-ийн охин компани болох “Бэрэн металл” компанийн 49 хувийг эзэмшигч.
Үүн дээр тун сонирхолтой өөр нэг нөхөр мөн л Хөх ган гээч компанид орж ирэх агаад тэр нь Хөгжлийн банкны найдваргүй хэд хэдэн зээлдэгч аж ахуйн нэгжийн хувьцааг эзэмшигч Ш.Батжаргал.
Энэ залуу “Монгол базальт” “Е Моние” “Говь”, “Монгол шуудан” “Ард даатгал”, “Мандал даатгал”, “Оллоо”, “Улсын их дэлгүүр”, “Хөх ган” зэрэг 25 компанийн хувьцааг эзэмшдэг.
Эдгээрээс “Е Моние” ХХК нь Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирал Я.Сод-Эрдэнийн эхнэр Р.Сарантуяагийн эзэмшил гэдгийг бүгд мэдэх билээ.
Тэгэхээр 2021 оны Арван нэгдүгээр сарын 21-ний өдөр Трафигура олон улсын байгууллагын удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан уулзалтыг санамсаргүй гэж үзвэл дэндүү гэнэн явдал байж мэднэ.
Учир нь уулзалтын маргааш буюу арван нэгдүгээр сарын 22-нд Улсын онцгой комиссийн өргөтгөсөн хуралдаан гэнэт зарлагдаж дизель түлшний нөөц хомсдон нүүрсний уурхайдын үйл ажиллагаа тасалдсан мэдээллийг цочир түгээв. Ингэхдээ дизель түлшний хангамжийг хэвийн байдалд оруулахгүй бол гэрэл, дулаанаар тасалдан хөлдөж үхэх эрсдэлтэйг ч иргэдэд сануулан “айдас”-т автуулаад авсан. Улмаар сэдвийг улам өндөр сэвэхийн тулд 23-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийсэн гээд нэг л сэжигтэй, хиймэл харагдаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Монголоос зөвхөн зэсийн баяжмал л авдаг гэх хөшигний ард Салхитын мөнгөний ордоос ч мөнгөний баяжмал авдаг болчихоод байгаа Трафигура болон хотын даргаД.Сумъяабазар, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын учиг холбоос түлшний тасалдал, нефтийн салбартай таагүй байдлаар холбоотой байхвий гэх хардлагыг эрхгүй төрүүлээд байна. Учир нь Трафигура компани нь хуурамч түлш оруулж ирдгээрээ алдартай.  
Хөгжил буурай, нефть боловсруулах үйлдвэргүй орнуудыг онилдог Трафигураг Монголд оруулж ирэх үүд хаалгыг Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, П.Цагаан нар нээж өгсөн гэдэг. Түүнийг нь батлах мэт Монголын хувьд шинэ тутам компани хэрнээ аль 1997-1998 оны үеэс “Эрдэнэт” үйлдвэрээс зэсийн баяжмал авч эхэлсэн байдаг. Улмаар “Ачит эх”, Оюутолгой зэрэг уул уурхайн компанид хольсон шатахуунаа нийлүүлээд оронд нь зэсийн баяжмал авч, түүнийгээ олон улсын зах зээлд гаргаж заран орлогоо “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-нд байршуулж байсан.
Сүүлд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч галзуу бар мэт хамгаалдаг болсон гэгддэг Трафигура Худалдаа хөгжлийн банкинд тав, “Голомт” банкинд тус бүр 4 хувь эзэмшдэг гэх мэдээлэл байна.  Дээрхи бүх нэрсийн цуваа, үйл ажиллагааны сэжмээс харахад Х.Болорчулууны  холбоо нөлөөлөл зүгээр ч нэг тохиолдлын зүйл биш бололтой. Тухайлбал Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ид ноёлж байх үед Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ Монголросцветмент компаний ерөнхий захирлаар ажиллаж байсан.  
Тэгвэл 2018 оны 10 дугаар сарын 19нд Эрдэнэс тавантолгойн туз-ын гишүүнээр Х.Болор-Эрдэнэ томилогдоод илүү дутуугүй яг хоёр жилийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 19нд ТУЗ-ын гишүүнээс чөлөөлсөн. Гэтэл  тухайн өдрөө буцаан томилсон гэж албан ёсны эх сурвалжууд мэдээлдэг. Х.Болор-Эрдэнэ таван толгойн хулгайн хэрэг гарснаас хойш ус балгасан мэт ганц үг ганхийсэнгүй. Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнэ 2019 оны ХОМ-тээ Монголиан Энэржи, Туркойз хилл ресурс компаниас хувь эзэмшдэгээ тэмдэглэсэн байдаг. Гэтэл 2021 оноос түүний хөрөнгийн орлогийн мэдүүлэгт Дорнод газар компани ганцаар тунан үлджээ.  Эдгээрээс хамгийн сонирхолтой нь Туркойз хилл компани. Энэ компани алдарт дубайн гэрээ буюу Эрдэнэс Оюутолгойн гэрээтэй очиж наалдана. Ингэхээр Х.Болорчулуун түүний Х.Болор-Эрдэнэ нарын хувьд Сайханбилэгийн газраас эхлээд Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт ч эрх ямбаа зузаатгаж, эд хөрөнгө арвижуулсан байж болох магадлал үүсч  байгаа юм.  Тиймээс ч  Х.Болорчулуун сайд Меланжийн арыг хамгаалж, эвээс нэмэхийн тулд 2022 оны 01 сард Меланжийн үйл ажиллагааг таслан зогсоолоо гэж шүгэл үлээсэн гэх хардлага оргүй зүйл биш бөгөөд өөрөө анхаарахуйц ноцтой баримт болж байгаа юм.  Түүнчлэн Дорнод аймгийн төвөөс 135 км-ийн зайд орших Хавиргын боомтод бүрэн хучилттай засмал зам тавихаар Меланж компани БНХАУ-ын нэр бүхий компанитай хөөцөлдөж байгаа ажээ.  Одоогоор тус компани болоод Меланжийн уг  засмал тавих төсөл хэрэгжээгүй боловч Хэрлэн голд Х.Болорчулуун сайдын тусламжтайгаар хууль бусаар гүүр тавьж эхэлсэн гэх мэдээлэл байна.  Хэрэв эл зам тавигдаж засмал болбол Монгол улсын баялгийг хил давуулан наймаалах онц ноцтой нөхцөл байдал үүсэх аюултай юм.  Тэд чимээгүй олборлолт хийсэн шигээ чимээгүй хулгайлж, чимээгүй хил давуулж эхэлбэл энэ газар шороо, энэ Монгол нутаг нэг л өглөө ертөнцийн тоосонд арчигдаж, ам дамжсан тууль хоцрох билээ. Үүнийг бид хүсээгүй. Монголын ирээдүй, бидний өвөг дээдэс ч үл хүснэ ээ.
Харин асар олон улс төрчдийн ашиг сонирхол, баялгийн шунал нэгдсэн “Меланж”-ийн жинхэнэ эзэд хэн бэ? Тэд Х.Болорчулуун, Сумьяабазар, Сайханбилэг, Энхболд тэргүүтэй үе үеийн олон олон улс төрчдийг яагаад хаяандаа авч халамжлан тэтгэх болов. Түүнчлэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар ч Меланж цаашлаад Трафигура компанид шууд бусаар нэр холбогдов. Эдгээр асуултад хариулахад ганц удаагийн дугаар харамсалтай нь хүрэлцэхгүй. Харин тэднийг улс төрийн эгнээндээ нэгтгэсэн Эрдэнэсүрэнгийн хүү Жононбаяр нь “Улаанбаатар төмөр зам”-ын дарга агсан Ж.Жигжиднямаагийн оффшорын хөрөнгийг дансаар гаргаж, оруулдаг гэх асуудалд нэр холбогдож байжээ.
Ийнхүү баялгийн хулгай цуврал УИХ гишүүн Х.Болорчулууны холбоо хамаарал хань хамсаатнуудын талаар сурвалжиллаа. Харин эдгээр ноцтой хэрэгт холбогдож болох сэжмийг бид хардах эрхийнхээ мэдээллэх үүргийн дагуу түүвэрлэн нэгтгэсэн болно. 

 

 

 

 

СУРАГ.МН ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1