surag.mn
facebookinstagramtwitteryoutube
4 минут унших

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас коронавирусийн халдвар илэрснийг Цагаан ордон мэдээлэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас коронавирусийн халдвар илэрснийг Цагаан ордон мэдээлэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас авсан коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан тухай Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.

Түүнд халдварын шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байгааг уг мэдээлэлд бас дурдсан байна. Шинжилгээний хариу гарсны дараа Байден өөрийгөө Цагаан ордонд тусгаарлаж, ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэхээр болсныг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.

Ерөнхийлөгчид Pfizer компанийн бүтээсэн вирусийн эсрэг Paxlovid эмийг уулгаж эхэлсэн байна. Лхагва гарагийн оройгоос эхлэн ерөнхийлөгчийн хамраас нус гоожих, бие сульдах, хуурай ханиалгах шинж тэмдгүүд илэрснийг Байдены хувийн эмч Кэвин О Коннор мэдээлжээ. “Ерөнхийлөгч вакцинжуулалтад бүрэн хамрагдсанаас гадна нэмэлт тунг хоёр удаа тариулсан тул Paxlovid уулгахад биеийн байдал нь түргэн сайжирна гэж би дүгнэж байна” гэж О Коннор тэмдэглэлдээ бичсэн байна.

  • a
  • b
  • c
  1. a
  2. b
  3. c

АНУ-ын түүхэнд хамгийн өндөр насандаа ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден одоо 79 настай. Тус улсын стандартаар Байден нь “Covid-19 өвчин хүнд тусах эрсдэлтэй” хүн амын бүлэгт багтаж байна. Шинжилгээний хариу гарсны дараа Байден “Хүмүүсээ, миний бие сайн байна. Санаа тавьсанд баярлалаа” гэх твиттер хуудсандаа бичсэн юм. Үүнээс хоёр цагийн дараа тараасан видео мэдэгдэлдээ тэр “Миний бие сайн, маш олон ажил амжууллаа. Бүх юм зүгээр болно гэдэгт итгээрэй” гэж ярьжээ. АНУ-ын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан одоогийн зөвлөмжөөр бол өвчтөний биеэс шинж тэмдэг арилж, сайжирвал давтан шинжилгээний хариуг хүлээлгүйгээр тав хоногийн дараа тусгаарлалтаас гарахыг зөвшөөрч байгаа. Харин Байдены хувьд давтан шинжилгээний хариу сөрөг гарах хүртэл тусгаарлагдахыг Цагаан ордны цар тахал хариуцсан зохицуулагч Ашиш Жа сэтгүүлчдэд мэдээлжээ. Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд дэд ерөнхийлөгч орлох хуультай. АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис хамгийн сүүлд өнгөрсөн Мягмар гарагт Жо Байдентай уулзсан ч шинжилгээний хариу нь өчигдөр өглөө сөрөг гарсан байна.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару зэрэг дэлхийн томоохон улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд коронавирусийн халдвараар өвчилж байсан юм. Covid-19 өвчний улмаас өнгөрсөн хугацаанд АНУ-д нэг сая гаруй, дэлхий даяар 6.4 сая орчим хүн амиа алдаад байна.

Дөрөвдүгээр сарын эхээр АНУ-д өдөрт 28,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр 126,000 орчимд хүрээд байгаа. Энэ удаагийн өсөлтийн гол хүчин зүйл нь вирусийн Омикрон хувилбарын BA.5 дэд хувилбарын тархалт болж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1