surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Зэмсэг амилуулагч Э.Бүжинлхам

Зэмсэг амилуулагч Э.Бүжинлхам


          Эгэл атлаа сэтгэлд дулаахан үгсээр сэтгэлийн цагаан тайлагч нэгэн бол Эрдэнэбаатарын Бүжинлхам.  Тэр “Шүлэг бичих бол миний амьдралаас авч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Оюун санааны гүн төвлөрлийн үе” хэмээсэн юм. Тэрбээр Дундговь аймагт 1992 онд мэндэлсэн. Түүний ээж эмч мэргэжилтэй хэдий ч шүлэг бичдэг байжээ. Ээжийнхээ шүлгийг уншиж, цээжилсээр яруу найрагт дуртай болох эхлэл нь тавигдсан бөгөөд долоон настайдаа анхны шүлгээ дүүдээ бичсэн. Гэвч яагаад ч юм өсвөр нас хүртлээ дахин огт шүлэг бичээгүй. Яруу найрагт эргэлт буцалтгүй дурлаж, идэвхтэй бичиж эхэлсэн үе нь 17 настайгаас эхтэй юм. Анх яруу найрагч байхын сайхан нь дотоод сэтгэлийнхээ үнэнг чин халуунаар нь гарган тавьж, өөртэйгөө ижил яваа нэгнийг ч тайвшруулах, тэдний өмнөөс дуугардаг мэт санагддаг байж. Хүн хүнээ шархлуулж, хүн хүнээ өөрчилж, тарчлааж, зовоож, жаргаадгийг арван найм, арван естэй үеийн догдлуун сэтгэл, гэнэн итгэл хоёр “Намрыг мартагсад”-ыг бичүүлсэн бол “Ариан” харин тэр сэтгэлийнх нь дотроос бүгдийг шавхан гаргаад, цэгцлээд тавьчихсан бадаг нь байв. Түүний 2015 онд хэвлүүлсэн “Ариан” тууж бол үргэлжилсэн үгийн төрлөөр бичих гэж оролсон анхных нь бүтээл. Хорин гурван настай залуу уран бүтээлчийн хувьд өөрийн хэмжээндээ л зүрх сэтгэлээ энэхүү зохиолдоо шавхсаны дараа уран зохиол гэх энэ илбийн ертөнцөд өөрийгөө зориулж чадах эсэхээ мэдэхийн тулд хол явахаас илүү зоримог сонголт, гарц байхгүй юм шиг санагдсан байна. “ Эргээд уншихад хэтэрхий их сэтгэл хөдлөлтэй, басхүү зохиолынх нь дүр бүхнээс би харагддаг ч энэ жижигхэн ном намайг ахиад цаашаа явах ёстойг, бас хоосорсон цээжээ арай илүү хөдөлшгүй, бат бөх итгэлээр дүүргэх ёстойг ойлгуулсан байж мэдэх юм” гэж Бүжинлхам зохиолч хэлсэн байдаг.

                     

                  Яруу найрагч, зохиолч болох нь өөрийнх нь хийх зүйл гэдгийг багаасаа мэдэрч, оюутан болоод шийджээ. Бүжинлхамын шүлгүүд жирийн бус, жигтэй. Энэ нь байгаль болоод юмс түүний шүлэгт илүү амьд болж хөдөлгөөнд оршдог. Сүүлд гаргасан “Сүнс урлаач” номоос нь харж болох биз ээ. Анх эхлэхдээ л өөрөөр сэтгэгч байсан бол яруу найрагт хандах хандлага нь өөрчлөгдөж, ямар нэгэн байдлаар хүнд уншуулж, зориулж байгаа бол уйтгар гунигийн талаар бичсэн ч түүний цаана гэрэл гэгээ байгааг илэрхийлэхийг хүсдэг. Яруу найраг гэдэг хүний сэтгэл зүрхэнд гэгээ авчрах, замчлах мөрч. Үг гэдэг асар хүчтэй. Хүний оюун санаанаас гадна хувь тавиланд ч өөрчлөлт оруулах ид шидтэй гэдгийг мэддэг эмэгтэй. Тиймээс үгэндээ болгоомжтой хандаж, бичиж байгаа үгээ нягт, ид шидтэй, увдистай, гэрэл гэгээтэй байлгахыг хичээдэг. Уран зохиол авьяас дээр суурилсан мэргэжил боловч сахилга бат хичээл зүтгэл шаардлагатай учраас бичих дадал суулгаж, итгэл үнэмшлээ тэлэхээр тэр АНУ-д суралцаж байна. Бүжинлхам яруу найрагчийн гэр тодотголтой “зэмсгүүд” бидний сэтгэлд хөвөрсөөр….

Шөнө бүхэн миний хоолойг 
Хайр найргүй багалзуурддаг
Шөнө бүр надад төрдөг
Тэр гунигтай үймээнч бодлуудаа
Өөрөөсөө сэгсэрч унагаад би
Өрөөнийхөө цонхоор хийсгэж зогсном
Өвдөх мэт, урагдах мэт салхи
Тэднийг зөөгөөд хаа нэг тийшээ одном
Уйлах дуу шиг минь 
ийм эгшиглэнт авиа ч гэж үгүй
Урсах нулимс шиг минь 
ийм эрх чөлөө ч гэж байхгүй 
Уйтгар шиг минь л ийм аймшигтай 
энэрэнгүй өвдөлт хаана байх вэ?
Учирсан чи эргэж ирэхгүй байх шиг 
төгс хайр ч гэж юу байх вэ дээ?

***
Моддын мөчрөөс 
урагдах мэт сүрхийн нисэх 
Учир нь олдохгүй 
хаврын шувуудыг санаж байна
Тэдний халааслаад явчихсан 
бүхнийг үгүйлсэндээ
Өөрийгөө үхэж буй 
цаг хугацаа гэж итгэсээр л байна
Таазнаасаа өлгөсөн хөвсгөр цагаан үүлсийн 
Шивнэсэн зүүд нь бороо болон шаагилаа ч 
Өглөө сэрэхэд минь л цас орчихсон байх нь
Өөрт минь хэтэрхий гунигтай байна
Энэ уйтгарт саарал хотын гудамж бүрээс 
Өөрийгөө сураглаад ердөө олохгүй байна
Намайг халааслаад явчихсан шувуудыг л харин 
Хачин ихээр үзэн ядаж байна

***
Өөрийгөө арчнам
Өвдөлт мэдрэгднэм
Харц урснам 
Харамсал асгарнам
Уруулаа баллуурднам
Уйлж байнам 
Үсээ сэтэлнэм
Үзүүр нь цурхирнам 
Зүрхээ зүлгэнэм
Зүс бүдгэрнэм
Өөрийгөө тольдном
Өө, би жаазан дотор...

***

Шатаад дууссан тэмдэглэлийн дэвтрийн 
Үнс адил сав саарал тэнгэрээс
Бороо ч үл дуслах есөн сарын долоонд
Цас ч ядахдаа хаялахгүй байгаа нь уй ихтэй
Хөв хөх уруултай ганцаардалтайгаа хамт
Нэхмэл зузаан ороолт хүсэн алхнам
Сэтгэлээ түүгээр дулаацуулах юм сан
Амьдрал хурууныхаа үзүүрээр 
Зүрхэн дээр минь товшиход 
Яавал би уйлахгүй байх вэ гэж гунихуйд 
Надад шүхэр л ихийн ихээр 
хэрэгтэй мэт санагдав
Хайртай хүмүүсийнхээ зүрхний 
Харгислалаас аврагдмаар байна!

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1