surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Цаснаар унших таван шүлэг

Цаснаар унших таван шүлэг

 

Цасан будрах өдрийн тоо багасгаж, урин дулаан цаг айсуй. Цас будран орох ийм гэгээн өдөр тун ховор тул цаснаар унших таван шүлгийг хүргэж байна.

#1 Яруу найрагч Ц.Гончиг

Яавал аав нь чам шиг

Жирийн цас будрахад

Гүн ухаантан мэт гайхашрах вэ?

Яавал аав нь чам шиг

Жижигхэн алганыхаа ард

Бүгдээс нуугдаж чадах вэ?

Яавал аав нь чам шиг

Тогтоол усыг гутлаараа туучаад

Бороо… бороо гэж хөөрцөглөх вэ?

Яавал аав нь чам шиг

Толь мэт нуурын мандлыг заагаад

Тэнгэр… тэнгэр гэж нэрлэх вэ?

Яавал аав нь чам шиг

Чиний мэддэг үгээр

Яруу найраг мэт ярьж сурах вэ?

#2 Яруу найрагч Ц.Доржсэмбэ

Эндхийн өвөл их удаан өнгөрдөг

Урт наслаарай гэдэг ерөөлийн

Уйтгартайг би тэгэхэд л мэдэрдэг.

.........................................

Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Тэрнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодлогоширсон

Ой дурдатгалыг минь тойрон

Одоо ч цас бударсаар л байна

Чамтай л норсон бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

Тэрнээс хойш

Тийм бороо ороогүй

Ороогүй гэж бодлогоширсон

Ой дурдатгалыг минь тойрон

Одоо ч бороо орсоор л байна.

#3 Яруу найрагч Д.Нямсүрэн

Буй биеэрээ би цас болно

Бүрхсэн их цас болно

Бүүр том хот тосгодыг ч

Бүгдийг хучсан цас болно

Гуу жалга дүүрэн цас болно

Гуниг зовлонг дарсан цас болно

Гуйлгачин ядууг умдаалсан цас болно

Гурвалсан морьд шиг галт тэрэгний

Дуун дохио дун бүрээ цас болно

Хамаг биеэрээ би цас болно

Хавирган сарны сэвэлзээнд

Хашаан доторх хэцэн дээр

Хяруулж сувдарсан цас болно

Хамгийн эхлээд би чинийхээ

Хатаахаар салхинд өлгөж тавьсан

Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”

Хамгаас нуун далдлах цас болно

Хайрлаж дурлаж явсан

Он цаг минь цас болно

Хандмаагаас ирсэн захиа

Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно

Энэ биеэрээ би цас болно

Их үс гэзэг шигээ цас болно

Эргэж төрөхдөө би цас болно

Эрээнцавынхаа л цас болно

Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар

Энгэрийн бэлд тавьсан

Эрдэнийн гурвалжин чулууны

Эрхин цагаан судалд шингэнэ

Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж

Тэнгэрийн орноо билиг болон одно

Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч

“Цагаан шүхэрт” ном болно…

#4 Яруу найрагч Т.Амар-Амгалан

Цас орж байна

Чи бид хоёр зөрөх шиг

Чи өөрөөсөө намайг нуух шиг

Ичих шиг, хүсэх шиг

Иргүй хутгаар бугуйгаа зүсэх шиг

Цас орж байна

Цас орж байна.

Нэг хаалгаар бид хоёр өглөө бүр гарах шиг

Нэвсийтэл энд цас орж байна

-Цас орж байна

Тэнгэр дээрх хүмүүс

Гуталаа арчаад

Гэр рүүгээ орж байна.

Чи бидэн хоёр

Ирээдүй цаг руу сая дөнгөж үсэрсэн

Чи ингээд миний урд нас

Би чиний хойд нас боллоо.

Уйлах гэхээр хацар дулаацах гээд

Уйлж чадахгүй, инээж зүрхлэхгүй ээ

Урдаас тосоогүй,

Тэнгэрээс угтах олон салаа

Харгуй л үргэлжлэнэ.

Тэнгэрээс над руу зурайсан

-тэмдэггүй гудамжны аль нэг рүү

Өгсөөд, эсвэл уруудаад очвол

Энэ цастай тэнгэрийн цаад үзүүрт

Энүүхэн хоёр өвлийн өмнөх

Чи бидэн хоёрын доглолууд

Хэвээрээ болов уу?

Өглөө эртлэн босоод

Хүмүүсээс урьтаж үүдээ шүүрдэх дээ

Хүнийрэхүү зан гаргаж

Чинийхээ мөрийг шүүрдэж л таараа даа

Цас орж байна

Цас орж байна.

#5 Яруу найрагч Л.Өлзийтөгс

Цас болгон өөр өөр будардгийг

Цаг мөч бүхэн үхэл байдгийг

Анзаарахын тулд би арван жил үхэв.

Зовлон гэдэг дотор минь байдгийг

Зовно гэдэг л амьдрал болохыг

Анзаарахын тулд би арван жил төөрөв.

Торгоны өнгөнд илч нь байдаггүйг

Толинд туссан сар гэрэлтдэггүй болохыг

Анзаарахын тулд би арван жил сохров.

Хүснэ гэдэг л там болохыг

Хүрнэ гэдэг чинь төгсгөл болохыг

Анзаарахын тулд би арван жил тэмүүлэв.

Олсон бүхнээ, олоод атгасан бүхнээ

Орхихын тулд одоо зуун жил хэрэгтэй..

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1