Чимээгүйхэн алсарч бодлын өртөөндөө яруу найргаа амилуулдаг Ганболдын Баяр хэмээх нэгэн өндөр “уул”. Өөрийн уран бүтээлээрээ хөрстөд тэнгэрийн сүм босгочихоод морджээ. Гэрэл харанхуй, арга билэг, амьдралын философи хийгээд уянгалалыг нэгэн доор цогцлоож, оршихуйн жам, танихуйн далайцыг хослуулан бичдэг түүний бүтээлүүд одоо ч амьд хэвээрээ. Үгийн амийг олж, бүтээлдээ шигтгэдэг учраас Г.Баярын шүлэгүүд халуун дулаан мэдрэмж төрүүлж, зүрхэнд хүрдэг биз ээ. Түүнчлэн, өөрийнхөө сэтгэл зүрх рүү даяанчилж эргээд өөрөөсөө алсран алсарсаар дотоод зөрчлийнх нь орон зайд түүний уран бүтээлүүд төрөн гарсан юм шиг...
Яагаад ч юм би өнөөдөр
Шүлэг бичмээргүй байна
Яг л тэнгэр шиг дуугаа хураагаад
Бодол дотроо навч үйрүүлж суумаар байна....
- Ганболдын Баяр
Эгэл ардын дундаас төрсөн сэтгэгч
Тэрээр 1982 оны намрын адаг сарын 3-нд таван хүүхэдтэй айлын дунд хүү болон мэндэлжээ. Бага балчир насандаа дэггүй гэж жигтэйхэн сургуульд орох наснаасаа эрт сургуульд орохоор сэргэлэн цовоо, том чихтэй байсан тул “Дэлдэн” Баяраа хочтой байв. Тариатын Мандал толгойгоо тойрч гүйж явсан, Суман голоосоо бортого дүүрэн ус зөөж ээжийнхээ тогоо нэрэхэд нэмэрлэж, аргал түүж гүйсэн хүү "Ээж ээ! Хөл гишгэж болохоо байлаа!" гээд уйлахад ээж нь аргалаа асгаад арагтаа суулгаж үүрээд харьжээ. Нэг хоёрдугаар ангидаа уншиж, бичиж сураад, ойр тойр алхах нь муудсаар, хүүхдүүд шоолохоор ичингүйрч сургуулиасаа гараад гэртээ ихэнх цагийг өнгөрүүлэх болж. Тиймдээ ч түүний өвөө лам хүн байсан болохоор лам болох гэж нутгийнхаа ганданд хоёр долоо хоног шавилан суусан аж. Даанч нэг өдөр тарж явтал нутгийнх нь хүүхдүүд таараад малгайг нь авч гүйгээд “лам лам” гэж шоолоод толгой дээр нь гэр зураад, лам болохоо больсон гэдэг. Түүний ямар нэгэн зүйл хийж бүтээхийг хүссэн хүсэл үүгээр зогсохгүй модон дээр юм сийлэх гэж оролдож, засварчин болох гэж байсан ч удаатай. Гэвч нэг л тохирохгүй байсан тул В.Гүларанс, В.Инжинаш, Д.Нямсүрэн, О.Дашбалбар гуайн шүлгүүдийг уншиж эхэлсэн. Ингэж л яруу найргийн мөр рүү эргэлт буцалтгүй орж, номтой нөхөрлөх болжээ. Тэрхийн цагаан нуурын эрэгт аливаа зүйлийг эргэцүүлэн, бодлогоширч, дотоод ертөнцийн баяр, гунигаа шүлгээрээ гаргах болов. Хамгийн анхны “Миний аавын цагаан уул” шүлгээ 2004 онд бичиж байсан. Г.Баяр “Яруу найрагч, урлагийн хүн бүхэн яруу сайхан хийгээд үнэнийг бүтээхийн төлөө л явдаг. Би ч мөн адил үнэнийг бичихийг хичээж явна. Урлаг бол үнэн байх ёстой” гэсэн байдаг. Иймээс дотроо чимээлэн, өөрийн мэдрэмжээ амьдруулагч юм.
ХАЙРТ ИЖИЙДЭЭ
Нөгөө л нэг
Зөөлөн хөх тэнгэр
Нимгэн цагаан үүлс
Моддын хоорондуур хөөцөлдөн нисэх цагцаахай
Өвсөнд царгих царцаа
Нөгөө л нэг
Согооны нүдэнд далбаат онгоц шиг хөвөх уулс
Модон гүүрэн доогуур хөөсрөн урсах гол
Усны эрэгт харлах үхэр чулууд
Гэвч ижий минь л өтөлсөөр
Нөгөө л нэг
Сүүдэрт нь сууж шүлэг бичдэг
Адууны жүчээ
Эл хульхан санагдах сумын төв
Нөгөө л нэг
Хуучин даавуун майхан шиг
Худгийн сааралхан байшин
Ус зөөдөг хусан хувин
Гэвч ижий минь л өтөлсөөр
Нөгөө л нэг
Мартын наймнаар өөрийн гараар урлаж
Ижийдээ бэлэглэсэн цаасан цэцэг
Хуучин номын тавиур, хар цагаан зураг
Нөгөө л нэг
Мөнхийн ус олж ирэхээр яваад одоо хүртэл эргэж ирээгүй байгаа
Хуруун чинээ хүүгийн тухай үлгэр
Надаас асуулт асуун цохилох ханын цаг
Гэвч ижий минь л өтөлсөөр
Нөгөө л нэг
Бухалдсан өвсөн дээрээс хайлсан давирхай шиг дуслах сар
Наймдугаар сарын борооны үнэр
Долоон цэнхэр тогоруу шиг долоон цэнхэр од
Нөгөө л нэг
Зөөлөн хоолойтой дуучин ахын
Уйлж сонсмоор намрын тухай дуу
Үл харагдах галт тэрэгний цонхоор малгайгаараа даллан далласаар
Зэрэглээнд залгиулж буй он жилүүд
Гэвч ижий минь л өтөлсөөр.
Яруу найрагчийн замналаар алхахуй
Өөрийнхөө эрэлд даяанчилсаар уран бүтээлийн тэнгэрийн сүм босгосон хүмүүн. Шүлэг бичиж эхлэх үедээ Д.Нямсүрэн гуайн “Сэтгэлийн байгаль” номыг уншиж, шүлгийн мөн чанарыг таньж, илүү хичээх болж. Их ч олон шүлэг бичжээ. Түүний урын санд 300 гаруй шүлэг бий. Хамгийн анхны ном болох “Дөрвөн нүдтэй дэлхий” номоо гаргачихаад утга зохиолоос хол хөндий явахад нь болор цомын эзэн Д.Болдхуяг утга зохиол руу хөтлөн оруулж П.Батхуяг багшийн шавь болгосон. Г.Баярын шүлгүүдээс “Азиза”, “Лоольхон”, “Тэнгэрийн сүм” зэрэг шүлэг алдаршсан. Олны өмнө дэлгээгүй хэчнээн гайхалтай олон шүлэг түүний өврийн дэвтэрт хадгалаглсаныг хэн ч мэдэхгүй. Бага балчир наснаасаа үхэл хийгээд амьдралтай өдөр, шөнө мэт үргэлжлүүлэн ээлжлэн явсаар “Тэнгэрийн сүм” шүлэг шигээ амьдарч, орчин үеийн яруу найргийн шинэ түрлэгийг үлдээгээд оджээ.
Өвсөн дотроос нүдээрээ тэмтэрч олсон
Өндөглөдөг алтан зүү юм, шүлгүүд минь
Жил сарын хавцал дээрээс ус уруу тонгойж зогссон
Жирэмсэн улаан сар юм, шүлгүүд минь
Нүглийн нүдэн дээр шөнөжин хурьцаж хоносон
Нууц амраг юм, шүлгүүд минь
Наран зүгээс сэтгэл үрүү минь шуурсан
Навчсын цагаан үхэл юм, шүлгүүд минь
Наснаас минь зөөж, тархин дотор минь үүрлэсэн
Нүдэнд үл үзэгдэгч зөгийн сүрэг юм, шүлгүүд минь
Хажуугаар зөрөх охидын уруулаас мэдрэмж тэмтэрч
Хаврын урсгалд халуурч хэвтсэн зүрхний тарчлаан юм, шүлгүүд минь
Тариатын буйдхан тосгондоо даруухнаар цэцэглэж ургасан
Тоорын залуу мод юм, шүлгүүд минь... (Баяр.Г.)
Дууны шүлгийн мастер
Ай даа бодлын царванд хэнзэрсэн цэцэг нүдэн гоо
Борхон зүрхийг гижигдсэн хайр нүдэн гоо... гээд түүний бичсэн шүлгийн мөртүүд хөвөрдөг. Түүний өвөө, эмээ нь уртын дуучин хүмүүс байсан тулд ардын дууны хөг эгшигэнд хөглөгдөн өсжээ. Тиймээс дууны үг бичмээр санагдаж, бичиж эхэлсэн. Г.Баярын уран бүтээлийн замнал дуутай их холбоотой. Багадаа Адарсүрэн гуайн дууг их дууриаж дуулж, нэг хэсэг түүний хоолой Адарсүрэн гуайтай төстэй дуугардаг болсон ч үе бий гэдэг. Тэрээр 20 гаруй дууны үг бичсэн бөгөөд Г.Баярын үгээр бүтсэн дуу гэж мэдэгдэхгүй ардны түмний дунд түгсэн олон дуу бий. Тухайлбал, С.Жавхлангийн “Цагаан овоо”, Ч.Бат-Эрдэнэний “Бурхан залуу нас”, Ноён бондгорын “Дүү минь”, “Амжилт хүсье” зэрэг түүний үгээр бүтсэн олон сайхан дуу ард түмний сэтгэлд хоногшин, сонорыг мялаасаар байна.
Гоолингоо минь
Хадны цасыг нэвтэлж ургасан
Нялх ногоо юм чи
Сүүдрээ чамд хүргэх шахан шувуу үргэтэл шүүрс алдсан
Зүрхэн тус газраа дурлалын шархтай гөрөөс юм би
Самрын модноос унаж яваа
Хөхөөний өндөг юм чи
Сандрахдаа өвс хонхойлж тоссон
Шувуудын моддын бас чиний гүн ухаанч юм би
Усны өнгөн дээр хөвж яваа
Тэр л нэгэн навч юм би
Намайг гэдгийг чи таниад
Алгаараа хутгаж аван шүлэг хөгжимдүүлсэн
Баттогтохын сарны охин юм чи
Өндөр өндөр өвсний ардуур
Өндгөлж буй шувууны төрөлд байдаггүй шувуу юм би
Үргээчих вий гэхдээ өлмий дээрээ яван
Алчуураа унаган сандрахдаа
Шүлгийн минь дэвтэр лүү хийсээд орчихсон
Тийм нэгэн үйлийн үрийн
Тийм нэгэн цэнхэр өвдөлт юм чи
Чиний биеэр чиний судсаар би урсаж байдаг болохоор
Миний биеэр миний судсаар чи урсаж байдаг болохоор
Хүмүүсийн аз жаргал гэж нэрлэдэг тэр зүйлийг
Хүмүүсийн бас зовлон гэж нэрлэдэг тэр зүйлийг
Амсаж эдэлж яваа юм
Чи, би Гоолингоо минь
Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин
Г.Баяр “Хүн биедээ согогтой байж болно. Харин хүн чанар оюун санаандаа согогтой байна гэдэг эмгэнэл” гэж хэлсэн удаатай. Цахлай нисэхэд далавч нь тэнгэрт гялалздаг өнгөөр амьдралыг төсөөлөн, хүний дотоод мөн чанарыг илүү сонирхож, хайр түгээдэг нэгэн. Бурханы гаран дээр байгаа юм шиг халуун үгийг бусдад хэлж, хүмүүний сэтгэлд хүрдэг. Хүнд сайхан үг хэлэхийг хүсдэг дулаахан хүн байж. Гэгээн, цагаан хөдөлмөрөөр амьдарсан эгэл хүмүүсийн үргэлжлэл. Тэр эгэл хүмүүнүүдийн дунд эгэлгүй хүн байсан. Бичих л мөрөөдөлтэй. Өөрийнхөө ертөнцөд өөрийнхөө хөг аялгуугаар хөгжимдөж амьдарсан. Өөрт байсан хүч, боломжийг ашиглаж, амьдрал гэх түр зорчих буудалд харамсах зүйлгүй, үнэн зөв амьдарсан баатар. Бие нь нь мөнх бус ч бүтээлээрээ мөнхөрсөн Ганболдын Баяр.
"ҮГЭЭР БҮЖИГЛЭГЧ АНДУУДДАА"
Шувууд ямар ч зоригдолгүй нисдэг.
Тэд хэн нэгэнд гайхуулах гэж
хэн нэгэнд таалагдах гэж басхүү бие биеэсээ
өндөрт гарах гэж нисдэггүй, зүгээр л нисэхийн
тулд л нисдэг юм...
/Өврийн дэвтрээс/
Яарах хэрэггүй ээ найрагч андууд минь
Тамхиан тат!
Яруу найргийн тэнгэрт
Ер бусын цэнхэр сар мандахыг хүлээ!
Модон гүүрний хашлага түшин
Мойлын дарс шиг шүлгээн дуудацгаа!
Мөн тэгээд халаасандаа нуусан
Үл ойлголцлын мананг ус руу унагаацгаа!
Нэгхэн ширхэг цахлайн өдөөр мянган цагаан од зураад
Бүүвээлэгч харанхуйг хагалан цацрахын нууцад нэвтэр!
Урсан өнгөрөх үүлсийн хөгжмийг сэрэхүй бүхнээрээ дуун хөрвүүлээд
Усны гүн дэх торгомсог элсэн дээр шүлэг болгон бич
Энэ модны навчис тэр үед
Ямархан дун ногоон өнгөөр гэрэлтэн асч
Энэ модны шувууд тэр үед
Ямархан цэнхэр салхи өвсний голоор сүвлэж нисэх бол
Бодоод үз дээ... сайхан байгаа биз
Блок, Есениний шүлгүүдийг
Бүдэн шувууд зуугаад салхивчаар гараад нисчихлээ
Би та нарт хэлээ л биз дээ
Шөнө дунд цэцэгс эрвээхий болон нисдэг гэж
Би та нарт хэлээ л биз дээ
Ер бусын цэнхэр сар мандана гэж
Алив далавчаа дэлгэ хамт нисэцгээе!
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ