surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Цастай шүлгүүд : Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр

Цастай шүлгүүд :  Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр

Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр. Тийм нэг нам гүмхэн амьдралтай, дуу шуугиантай хүмүүсийн дотогшоо чимээлэх өдөр. Ингээд та бүхэнд цаснаар уншвал зохих таван шүлгийг танилцуулж байна

Тө.Бямбасүрэн


Цас хаялаасай
Харуй үдшийн тогтуухан тэнгэрээс
Хамгийн холын одыг ширтэн би зогсож байгаасай
ээжтэйгээ оройжин ярилцсан юм шиг
эсвэл гэр бүлээрээ баярын шөнө нойрсоцгоох шиг
Сэтгэл дүүрэн болоосой.
Цас хаялаад л
Түүн дээр гарах анхны мөр нь
Өвөлд үнэнч шувууных ч юм уу
Өөрөөсөө хүнд ачаа үүрээд харьж яваа хүнийх байгаасай
Сар үүлэн цаанаас гэгээрч
Хэн нэгнийг санагдуулж
Салхи цаг хугацаа шиг зогсчхоосой.
Удаан хүлээсэн хүн ирүүт шөнөөр хоол цай бэлдэх шиг
Уур савсаж, цонх нь цантах нэг айл харагдаж байгаасай
Тэнд миний л ээж шиг нэг эмэгтэй, нойрмог хүүхдүүд
Тэвдэн гүйлдэхэд санасан сэтгэл нь дэвтэж нулимс цийлж байгаасай.
Цас хаялаасай
Яг тэр үед бөгтөр, туранхай, цонхигор нэгэн залуу
Яаралгүй алхаж явснаа нүдээ анин зогсоосой

Ц.ДЭЛГЭРМАА


Ялимгүйхэн гунигтай цас орж байна,
Яагаад ч би инээж чадахгүй нээ
Энэ л агшин хамгийн үнэтэй тул
Инээд шиг хямдхан зүйлээр арилжмааргүй байна…
Ялимгүйхэн гунигаа ертөнцийн хүмүүст үлдээгээд
Яруухан хайлж одох ч гэлээ
Яг ингээд л зогсолтгүй будран ахуйдаа
Ямар үзэсгэлэнтэй харагддагаа мэддэг болов уу, энэ цас
Үүлнээс тасарсан бяцхан амь,
Үйлийн минь үр, гэмгүйхэн гуниг
Алган дээр минь буун хайлна, будран хайлна
Ай, би яг одоо л инээж чадахгүй нь ээ...


Т.АМАР-АМГАЛАН


Цас орж байна
Чи бид хоёр зөрөх шиг
Чи өөрөөсөө намайг нуух шиг
Ичих шиг, хүсэх шиг
Иргүй хутгаар бугуйгаа зүсэх шиг
Цас орж байна
Цас орж байна.
Нэг хаалгаар бид хоёр өглөө бүр гарах шиг
Нэвсийтэл энд цас орж байна.
-Цас орж байна
Тэнгэр дээрх хүмүүс
Гутлаа арчаад
Гэр рүүгээ орж байна.
Чи бидэн хоёр
Ирээдүй цаг руу сая дөнгөж үсэрсэн
Чи ингээд миний урд нас
Би чиний хойд нас боллоо.
Уйлах гэхээр хацар дулаацах гээд
Уйлж чадахгүй, инээж зүрхлэхгүй ээ
Урдаас тосоогүй,
Тэнгэрээс угтах олон салаа
харгуй л үргэлжилнэ.
Тэнгэрээс над руу зурайсан
-тэмдэггүй гудамжны аль нэг рүү
Өгсөөд, эсвэл уруудаад очвол
Энэ цастай тэнгэрийн цаад үзүүрт
Энүүхэн хоёр өвлийн өмнөх
Чи бидэн хоёрын догдлолууд
Хэвээрээ болов уу?
Өглөө эртлэн босоод
Хүмүүсээс урьтаж үүдээ шүүрдэх дээ
Хүнийрхүү зан гаргаж
Чинийхээ мөрийг шүүрдэж л таараа даа
Цас орж байна
Цас орж байна.

Д.Нямсүрэн


Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно…


Ц.Доржсэмбэ


Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойронд
Одоо ч цас орсоор л байна.
Чамтай л харсан бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна...


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1