Бизнест гаршиж, төрийн мөнгөөр цацаж цалгиж явдаг хөрөнгөтнүүдийн нэрс Голомтын Д.Баясгалан, Хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг, Хаан банкны Ц.Баатарсайхан, Эрэл ХХК-ын Б.Эрдэнэбат гэх мэтчилэн урт цуваа үүсгэдэг. Манай “Давстай чихэр” цуврал өмнөх дугаарт Хаан банкны Баатарсайханг онцолж байсан бол энэ удаа Эрэл компаниараа овоглосон Б.Эрдэнэбатыг цоллож байна.
ТУГЧИН ХҮН ТУГАЛ ХАРИУЛДАГГҮЙ ЮМ
“Эх орон-МАШСН” –ийг 1999 онд одоогийн Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр байгуулснаар Б.Эрдэнэбат үе үеийн Засгийн газарт нөлөөгөө мэдрүүлж, хамсан улс төрд тоглож эхэлсэн байдаг. Эрэл ХХК бол түүний уяаны үзүүр. Энэ уяаны нөгөө үзүүрт хүрэх хүртэл олон олон хууль хүчний байгууллагын зүтгэлтнүүд, гишүүд сайд нарын шударга бус, оролцоо, хандлага, дарагдсан залилан луйврын хэргүүд хөвөрдгийг хэвлэл мэдээллийн байгууллагууд удаа дараа сануулж байсныг МАРТАХ УЧИРГҮЙ.
Анх 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Эрэл” компани Хөгжлийн банкны олон улсын зах зээл дээрээс босгосон “Чингис” бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 14 сая ам.долларын зээл авсныг нь илрүүлсэн билээ. Удалгүй дахиад есөн сая ам.долларын зээл нь ил болсон бөгөөд уг компанийг УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат эзэмшдэг болж таарснаар нэгэн үе дуулиан тарьж байлаа. Түүний санаачилсан төсөл болох байшин үйлдвэрийн цогцолбор нь өмнөх нийгмийн үед буюу Улаанбаатар хотыг барилгажуулах ерөнхий төлөвлөгөөний дагуу анх 1963 онд байгуулагдсан комбинатын суурин дээр хэрэгжиж байгаа гэдгээрээ олон нийт төдийгүй шийдвэр гаргах хүрээнд итгэл төрүүлээд байсан. Орос ах нар шиг юу юугүй л барилгажуулчих төсөл танилцуулж байсан гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн барилга байгууламжийн 80 хувийг бүтээн байгуулсан түүхтэй энэхүү үйлдвэрийн цогцолборыг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат 1990 он гарсны дараа үнэ цохин авснаар өөрийн мэдлийнх болгосон аж. Үүгээрээ хуудуутай хувьчлалын хар түүхтэй нэр холбогддог улс төрч бизнесмэн. Тэр цагаас хойш нийслэлийг барилгажуулах үүргээ биелүүлэх байтугай ажилгүй зогсоосон бөгөөд Монгол Улсын Засгийн газар 2012 онд гадаадаас олон тэрбум ам.долларын зээл авах үед цаасан дээр дахин амь орсон түүхтэй.
Бондын хөрөнгөөс нэгэнт олон тэрбумын зээл аваад үнэгүйдүүлчихсэн Б.Эрдэнэбат үйлдвэрээ Хөгжлийн банкны шалгалт хууль хяналтын байгууллагын түвшинд эрчимжих үед буюу 2017 оны арванхоёрдугаар сард сүр дуулиантайгаар нээж байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотынхны хямд орон сууцанд орох мөрөөдлийг биелүүлэх нь битгий хэл нийтийн орон сууцны дорвитой бүтээн байгуулалт эхлүүлээгүй. Энэ хугацаанд Б.Эрдэнэбат “100 хүүхдийн цэцэрлэгийг 14 хоногт байгуулчихна, “Орон сууцныхаа нэг ам.метр талбайг 1.2 сая төгрөгөөс доош үнэтэй байлгана” гэх мэт үлгэрээ шат шатны дарга нарт ярьсаар л явсан. Түүний үлгэр итгэснийх үү? Эсвэл түүний үлгэрийг хамтдаа хөгжүүлж боловсруулсных уу? Төдөлгүй Б.Эрдэнэбат Хөгжлийн банкны асуудалд нэрээ цоллуулж, хүрээллийнхээ нөлөө бүхий эрхмүүдийг хөлдөө чирсэн. Гэхдээ тугчин хүн тугал хариулдаггүй ажээ.
Тэрээр Эрэл компаниараа 2013-2015 онуудад Хөгжлийн банкнаас гурван удаагийн зээл авсан бөгөөд ингэхдээ ирээдүйд олох ашигаасаа төлөх, мөнгөгүй данс барьцаалах, мөн газар доорх шугам сүлжээг барьцаалж зээл авсан. Тодруулбал,
Засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ байгуулж, санхүүжүүлэхийг зөвшөөрсний дагуу 14.0 сая ам.долларын санхүүжилтийг олгосон.
Засгийн газрын 2014 оны 113 дугаар тогтоолоор Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ХБНГУ-ын Коммерц банкнаас авах 13,115,000 еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрч, төслийн хэрэгжилт, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Барилга, Хот Байгуулалтын сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд болон Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд тус тус даалгасан. Тогтоолын дагуу 2014 онд нийт 13,047,123.50 еврогийн санхүүжилт олгосон. Тус зээлийг аккредитивын гэрээг байгуулан 2014 оны дөрөвдүгээр сараас 2019 есдүгээр сарын 29 -ний хооронд 28 удаа хэсэгчлэн санхүүжилтээр олгосон.
Засгийн газрын 2015 оны 319 дүгээр тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Олон улсын хөрөнгө оруулалтын банканд 20.0 (хорь) хүртэлх сая еврогийн зээлийн шугам нээхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрсний дагуу 2015 онд нийт 9.0 сая ам.долларын зээлийг олгосон болно. Нийт 109.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Өнөөдрийн байдлаар ам долларын зээлийн үлдэгдэл 23.0 сая ам доллар, 15.9 сая ам долларын хүү хуримтлагдаад байна. Еврогийн зээлийн үлдэгдэл 13.1 сая евро, 5.1 сая еврогийн хүү төлөгдөөгүй хуримтлагдаад байна. Нийт 39.5 сая ам доллар, 18.3 сая евро буюу 202.9 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна.
Б.Эрдэнэбатын дээрхи өрийг Монголын ард түмэн хөлс хүчээрээ төлнө гэдэг даанч харамсалтай. Учир нь “Эрэл” компани байшин үйлдвэрлэх цогцолборгүй үлдэж, Б.Эрдэнэбат ээлжит удаагаа ялагдлын ард ашиг хүртэж хоцрох уу.
ЭРЭЛ-ИЙН Б.ЭРДЭНЭБАТ, НОМИНГИЙН Ш.БАЯРСАЙХАН НАРЫН ДУУЛИАНТ ТУЛААН БУЮУ АРИГ БАНК
Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан нарын хөрөнгийн маргаан, нэгнийгээ залилсан хэргийн үндэс нь Ариг банк болон “Байшин үйлдвэрлэх комбинат-1” /БҮК-1/ үйлдвэрт хөрөнгө оруулсантай холбоотой. Тэд анх 2016 оны арваннэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулж, “Ариг” банкны хувьцааг эзэмших болсон аж.
Тэдний байгуулсан гэрээнд “Ариг” банканд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж банкны 49 хувийг, БҮК-1 үйлдвэрт 20 тэрбумыг оруулан 20 хувийг нь эзэмшүүлэх, улмаар тус үйлдвэрийн хөгжлөөс шалтгаалан нэмж хөрөнгө оруулах, эсвэл оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр Ш.Баярсайхан буцаан авах талаар гэрээ байгуулсан юм байна. Түүгээр ч зогсохгүй Ш.Баярсайханыг төөрөгдүүлж, “Эрэл” ХХК-ийн охин компани болох “БҮК-1” үйлдвэрийг улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгж гэж танилцуулахаас гадна тоног төхөөрөмжийг нь Хөгжлийн банкны барьцаанд тавьснаа ч нуусан нь хууль сахиулах байгууллагынхны шалгалтын явцад тодорхой болсон байдаг.
Ариг банк нь анх Эрэл банк нэртэй байсан. Хожим нь Ариг нэрээр үйл ажиллагаа явуулж Ш.Баярсайхантай хамтран хувь эзэмших болсон байдаг. Гэвч Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан нарын хувьцааны тулаан 2020, 2021 онуудад хүчтэй өрнөж, олны анхаарлыг татсан. Эцэст нь Ш.Баярсайхан ялж, Б.Эрдэнэбат 20 тэрбумын хохирлыг барагдуулах тогтоолтой нүүр тулав. Энд нэг учир битүүлэг зүйл эл дуулианы ард хөвөрч байсныг тухайн үед хэн ч анзаараагүй.
БОСГОСОН ОВООНЫХОО БООРЦОГИЙГ ТҮҮСЭН СХЕМ
Ш.Баярсайханаас залилсан 20 тэрбум төгрөгийг хэрхэн үрэн таран хийсэн нь нэн сонирхолтой. Энэ мөнгийг Б.Эрдэнэбат нь Ариг банкин дахь хувийн дансаараа авч, 1000 гаруй гүйлгээ хийсэн байдаг. Гүйлгээний ихэнх хэсгийг өөрийн эхнэр, хүүхдэдээ шилжүүлж, хувийн хэрэгцээндээ зарцуулсан.
Б.Эрдэнэбат Ариг банкаар тоглох замаа маш нарийн зассан нь бас л баримтаар хожим нотлогдсон. Тодруулбал өөрийн худ ураг С.Жаргалсайханыг ТУЗ-ийн даргаар, эхнэрийнхээ төрсөн дүү Д.Төмөрхүүг Гүйцэтгэх захирлаар, эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.Жаргаланг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр, итгэлт туслах Р.Наранбаатарыг Гүйцэтгэх захирлаар томилон байршуулж мөнгө залилах сүлжээгээ бат болгосон. Энэ мэт ах дүү, амраг саднаараа нийлж, санхүүгийн луйвар хийсэн хүмүүсийг бүлэглэл хэмээн тодотгох нь зүйд нийцэх бөгөөд чухамдаа уг бүлэглэлийг “Эрэл” хэмээн нэрлээд байгаа юм. Энэ бүлэглэл залилангийн сүлжээгээ бий болгосон хугацаандаа нийтдээ 11.6 тэрбум төгрөгийг Ариг банкнаас залилан авчээ.
Дээрх хадгаламж эзэмшигчдийн 11.6 тэрбум төгрөгийг Б.Эрдэнэбат болон түүний хамаарал бүхий этгээдүүд өөрсдийн хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлж, түүнийгээ зах зээлийн үнэлгээнээс өндрөөр үнэлэх замаар гаргаж аваад, авсан мөнгөнүүдээ хувийн ашиг сонирхолдоо шууд захиран зарцуулсан байна. Мөн Б.Эрдэнэбатын эхнэрийн дүү Д.Төмөрхүүд 11 тэрбум хангалтгүй санагдсан уу, Ариг банкнаас 748.0 сая төгрөгийг урамшуулал хэлбэрээр өөртөө гаргуулж авсан байдаг. Улмаар Д.Төмөрхүү Монгол Улсаас оргон зайлж АНУ руу зугтаасан.
Эцсийн дүндээ уг дуулианы хохирогч нь Б.Эрдэнэбат мэт харагдах ч энэ хүн өөрийгөө ямар түвшний шоу менежмэнттэй нөхөр болохоо ингэж баталсан. Тодруулбал:
Монголбанкнаас Ариг банк ХХК-нд Монголбанкны Хянагч томилж үе шаттай арга хэмжээ авлаа гэсэн сүржин мэдэгдлийн ард Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд тус банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 50 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “Ариг банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан явдал.
Ингэхдээ “Ариг банк” ХХК-ийн зарласан хувьцааны тоонд багтаан нэг бүр нь 21,1 сая орчим төгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцаа гаргажээ. Тус хувьцааг “Ариг банк” ХХК-ийн дүрэмд заасны дагуу “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-д 429 ширхэг буюу 9 тэрбум гаруй төгрөгөөр, “Улаанбаатар импэкс” ХХК-нд 280 ширхэг буюу 6 орчим тэрбум төгрөгөөр худалдан авах санал болгосон байдаг. Харин “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-аас санал ирүүлээгүй байсан энэ мөнгийг тогтоосон хугацаанд байршуулаагүй, байршуулахаас татгалзаж иржээ.
Улмаар “Улаанбаатар импэкс” ХХК-нд “Ариг банк” ХХК Монголбанкнаас “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн татгалзсан 429 ширхэг хувьцааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн худалдан авах эсэх талаарх саналаа 2020 оны 12 сарын 02-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэний дагуу 2020 оны 11 сарын сүүлээр мөнөөх хувьцааг худалдан авах шаардлага үүсэж, ногдох 9 тэрбум гаруй төгрөгийг Монголбанкны тусгай дансанд байршуулжээ. Ингээд хувьцаа эзэмшигчдийн хувьцааны харьцаа өөрчлөгдөж “Улаанбаатар импэкс” ХХК Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд нийт 2016 оноос хойш нийт 33,7 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 57.68%-ийн хувьцааг эзэмших болсон байна. Харин Монголбанкны шаардлагыг биелүүлж чадаагүй “Дэм Санхүүгийн Нэгдэл” ХХК нь 21,1 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 42.32 хувийн хувьцааг эзэмших болсон юм.
“Ариг” банк тойрсон толгой эргүүлмээр зохиомол бичвэрүүдийн цаана ердөө л ийм тодорхой зүйл байх аж. Хэрэг явдлыг эргээд харахад хэвлэл мэдээллээр яригдаж байсан шиг Б.Эрдэнэбат хохирчихсон зүйл харагддаггүй. Харин эсрэгээрээ хөрөнгөө эрсдэлд оруулж, банкны активыг нэмэгдүүлсэн Ш.Баярсайхан хохирч мэдэхээр нөхцөлд орж байжээ.
Ингэж л Б.Эрдэнэбат хулгайгаа нуух гэж хувьцаагаа эрсдэлд оруулсан гэх жүжгийг тогложээ. Мэдээж эл жүжгийн томоохон туслах дүр нь Монгол банк болж таарах шиг. Магадгүй өнөөдөр Чингис бонд, Ариг банк, Хөгжлийн банкны зээл болоод залилангийн асуудалд Б.Эрдэнэбат нүүр улайхгүй суугаа нь түүнийг улс төрийн нөлөө бүхий эрхмүүд бамбайлан хамгаалж байж болох хардлага төрүүлж байна. Түүнчлэн Б.Эрдэнэбатын хөгжлийн банкны өрийг татвар төлөгчид төлж барагдуулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгааг ахин онцлох нь зүйд нийцэх буй за.
Төдийгөөс өдийг хүртэл ичих булчирхайгаа элгэндээ наасан улс төрийн бүлэглэлийн ард өөрийн гэмээ чимээгүйхэн цайруулан бардамнаж байж мэдэх Эрэл-ийн эзэн сүргийн манлай Б.Эрдэнэбатын холбогдсон хэргүүд үүгээр төгсөхгүй.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна