surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ДАЯАР ДУУРСАГДАХ ДАЛАЙ, ДАЯН, ДАРХАН АВАРГА Д.ДАМДИН

ДАЯАР ДУУРСАГДАХ ДАЛАЙ, ДАЯН, ДАРХАН АВАРГА Д.ДАМДИН

  “Гарлаа, Өрлөө, Давлаа” гэсэн гурван үгээр бөх тайлбарлагч, бөх сонирхогчдын дунд алдаршсан, МУГЖ, Хөдөлмөрийн баатар, ХХ зууны дархан аварга Дарийн Дамдин. “Би шалихгүй ээ. Хоёр гараараа 850 килограммыг өргөдөг байсан. Бөх хүн гэдэг барилддаг байж л бөх байна. Барьж зуураад зогсоод байвал ямар барилдаан байх вэ. Хаявал хаядаг, унавал унадаг л байх учиртай. Уяа бөхийг ямар бөх гэх вэ дээ. Цээжээрэээ тулаад зогсоод байвал үзэгч олон хэрхэн таалах вэ” хэмээн ярьж байсан түүний түүх бөх сонирхогчдын дунд домог мэт одоог хүртэл яригдсаар л байна.

          ШУУРХАЙ БАРИЛДААНТАЙ, ШУДАРГА БӨХ

    Д.Дамдин аварга Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голын хөндийд Пүрэвийн хүү болон мэндэлжээ. Түүнийг зургаан настай байхад аав нь нас барсан тул ээж Дариараа овоглон монгол бөхийн түүхийн хуудсанд дархлагджээ. Түмнээ хүндлэгдсэн аваргуудын өлгий нутгийн хүү арван хэдхэн наснаасаа эхлэн сумын наадмын аманд гардаг болсон ч, хорин нас хүртлээ гурваас илүү давж чадаагүй.  Арван таван наснаасаа Ханх, Цагаан-Үүр сумын хооронд шар тэргээр жин тээх, барилгын дүнз зүсэх зэрэг хатуу, хүтүү ажил хийж эхэлсэн нь бяр сууж, тэнхээ ороход нь ихээхэн үүрэг болж, ирээдүйн хэнд ч дийлдэхгүй их аварга болох үүд хаалгыг нь нээж өгчээ.

Цэрэгт явдаг жилдээ сумын наадамд барилдахаар бэлтгэж хуучин даалимбан дээлээ угааж байтал ээж нь шинэ даалимбан дээл хийж өгчээ. Саарал давуун тэрлэг өмсөж, бүрх малгай хэлтгий тавьсан Д. Дамдин хүү гурав даваад “Даваа ханалаа” гэж бодтол дөрвийн даваанд сумын сайн бөх Сандагтай таарч ганц дугтартал өнхрөөд өгчээ. Тэр өдөр Д. Дамдин хүүгийн гарт өртөх ганц сайн бөх байгаагүй юм шиг түүртэлгүй түрүүлж, 20 насандаа Монгол бөхийн эхний цол болох "Сумын заан"-ыг хүртсэн байна. Дараа нь Чандмань-Өндөр сумын наадамд мөн л түрүүлж, бөхийн гараагаа эхэлжээ. Удалгүй Улаанбаатарт цэргийн албанд татагдан ирсэн нь улсын томчуудтай гар зөрүүлэх сайхан боломж байлаа. Тэр оныхоо өвөл циркийн томоохон барилдаанд анх удаагаа барилдаж “Эсгий гуталтай гарч ирдэг ямар хачин бөх вэ” гэж үзэгчдэд хэлүүлж байсан ч уг барилдаанд үзүүрлэж, улсын томчуудын хараанд өртөж эхэлсэн гэдэг. Хойтон зун нь буюу 1952 оны улсын наадамд шууд зургаа давж долоогийн даваанд Ц. Чимэд-Очир аваргад унаж, "Улсын начин" цол хүртжээ. Энэ үеэс эхлэн Д. Дамдингийн сэнжигнээс барих бөх ховор болжээ. 1953, 1954 онуудад тав, зургаа давав.

1955 оны наадмын өмнө Д. Дамдин түрүүлнэ,  эсвэл улсын заан болно гэж амтай бүхэн хэлж байлаа. Гэтэл хоёрын даваанд унажээ. Энэ нь аваргын хамгийн аз дутсан барилдаан байсан ба үүнээс хойш 29 жил барилдахдаа ийм дор даваанд унаагүй юм.

ТУНААНААС ТУНАСАН АВАРГА

    Тунаа барилдаан бөхийн жинхэнэ шалгуур, сорилт болж өгдөг гэдэг. Ж.Мөнхбат аваргын бөх багш гэгддэг Тангад гуай нэгэн цагт “Дамдингийн биед өчүүхэн ч хонхорхой байхгүй, мөн ч олон жил сайн барилдана даа” гэсэн нь биеллээ олж төрийнхөө их баяр наадамд жаран насыг давтал хүч үзсэн. Д.Дамдин аварга тунаанаас тунаа дамжин аварга болсон.

1956 оны улсын наадам Өвөрхангай аймгийн С.Самданжигмэд, Г.Цоодол арслангууд, шинэ заан У.Мижиддорж, Д.Дамдин нар үлдэж хоёр арслан, хоёр заан хоорондоо барилдав. Дарийн Дамдин С.Санданжигмэд арслантай үзүүр түрүүнд үлдэж, тун ч торсонгүй түрүүлжээ. Үүнээс хойш 1957 онд дархан аварга Ш.Батсуурийг, 1958 онд улсын арслан Ж.Чойжилсүрэнг, 1959 онд улсын арслан Ц.Бадамсэрээжидийг, 1960 онд улсын заан Ц.Гомбодоржийг тус тус үзүүр түрүүнд орхин таван жил дараалан хэний ч аавын хүүд тахимаа өгөлгүй түрүүлж, ардын хувьсгалын баяр наадамд шинэ амжилт тогтоожээ. Түүнчлэн, аварга цолоо гурван улсын наадамд барилдан түрүүлж, гуйж биш гуядаж авсан.

1959 оны улсын их баяр наадамд түрүүлэн даян аварга, мөн өдрийнхөө орой Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын үндэсний бөхийн барилдаанд 37 бөх тойргоор барилдахад нэг ч уналгүй 36 даван түрүүлж, дархан аварга цол хүртэн, Монгол бөхийн түүхэнд нэгэн өвөрмөц амжилт тогтоосон билээ.

Тэрээр 1961 оны наадмын баярын жагсаалд наадмын өмнө машин дээр зогсоод, мөрөн дээрээ 200 килограммын штанг өргөчихсөн явж байтал аажуухан явж байсан машин гэнэт зогсоод Д.Дамдин аварга штангтайгаа тэнцвэр алдаад, золтой л штангаа шидчихсэнгүй. Газар шидэх гэтэл хажууд жагсаж яваа хүүхдүүд харагдахаар нь штангтайгаа машинаас үсэрч буухдаа хөлдөө гэмтэл авч, өсгий нь бяцарчихсан. Гэсэн хэдий ч бөх хүний тэвчээр зааж, шууд цэнгэлдэх хүрээлэнд барилдаад, үзүүрлэжээ. Үзүүрлэсэн ч гэж яг тухайн наадмын бичлэгийг үзвэл өвдөг шороодоогүй. Үзүүр, түрүүний барилдаанд С.Цэрэн аваргын мэхэнд нь тэнцвэр алдаад, нэг гараараа тулаад тогтсон. Үүнээс хойш улсын наадамд дахин түрүүлээгүй ч, таван удаа үзүүрлэж, улсад 37 жил барилдаж, 23 шөвгөрсөн алдарт аварга юм. Түүний бөхийн түүхэнд үлдээсэн мөр, амжилтыг дурдаад байвал дуусашгүй, нэгэн эринг эзэлсэн хүчтэн.

ГҮНДҮҮГҮЙ, ГҮНДЭСХЭН ЭР БОР ХАРЦАГА

   Хэнд ч нэг л зангаараа, яриа хөөрөө өрнүүлж, жинхэнэ монгол эр хүний зангарагтай, ханагар хүн. Аливаа зүйлийг алиа хошин талаас ёжилж ярьж, ард түмнийхээ өмнө элэгсэг найрсаг зан, инээж буй төрөхөөрөө сэтгэлд нь хоногшсон дулаахан инээмсэглэлтэй, циркийн Д.Дамдин жүжигчин. Цэргээс шууд циркт орж, амьдралынхаа ихэнх цаг хугацааг зориулсан.

Энэ цуут бөх улсад үзүүрлэсэн тоогоороо тэргүүлдэг, шөвгөрсөн тоогоороо Баянмөнх аваргын дараа ордог, бөхөөс гадна циркийн сайн жүжигчин, хүндийн өргөлтийн спортын мастер, олон жил өөрийн орны рекордыг хамгаалсан алдартай тамирчин. Циркийн талбарт 850 килограмм өргөх үзүүлбэрийг олон жил үзүүлэн дэлхийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж байсан Монгол Улсын Гавьяат Жүжигчин, Хөдөлмөрийн баатар. Түүний өрүүл дайрч хонгоддог дархан мэхэнд унаагүй өрсөлдөгч байхгүй.

Дархан мэхнийхээ талаар нэгэн ярилцлаганд “Миний энэ мэх чинь манай сумын Гонгор зааны мэх шүү дээ, намайг багад манай багийн наадамд ирж барилдан өрсөлдөгч болгоноо энэ мэхээр орхиж байсан юм. Үүнээс хойш Уйлган голын хөвгүүд бид хоорондоо барилдахдаа энэ мэхийг хийцгээдэг болсон. Тэгж сурсан бүр багын маань унаган мэх юм” гэж дурссан нь бий. Түүний Монгол бөхийн хөгжилд оруулсан хувь нэмэр, байгуулсан гавьяаг мартах учиргүй. Монгол бөхийн хийморь үеийн үед бадран мандаг ээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1