surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ч.Сайханбилэг Н.Удаанжаргал  нарын өмгөөлөл хамгааллын том дээлийг тайлах гэж тамираа барах вий 

Ч.Сайханбилэг Н.Удаанжаргал  нарын өмгөөлөл хамгааллын том дээлийг тайлах гэж тамираа барах вий 

Өнгөрөгч долоо хоногт сайд асан Т.Бадамжунайг Филиппиний Сэбү АТМ-аас мөнгө авах гэж явахад нь баривчилж авч ирсэн гэх шуугиантай мэдээллээр түүнийг угтсан. Гэхдээ манай талаас очсон хуулийн байгууллагын гурван хүн Т.Бадамжунайн утсыг олж ярьж уулзаад, өөртэйн болон тухайн улсынхантай тохиролцож байж авч ирсэн талаарх мэдээлэл Филиппиний хэвлэлүүд мэдээлсэн. 
Одоо "Монголын төмөр замын дарга" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг мөнгөн гуйвуулгаар нь Аргентин улсад бүгж байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр дараагийн ангийн шувуу нь Н.Удаанжаргал байх ч магадлалтай. 
Түүний хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” компаниуд сонгогдон ажилласан хэрэгт нэр холбогдож байна. Өөрөөр хэлбэл тэрбээр “Бодь групп”-ийн зарцуулсан хөрөнгө, мөнгийг хянах үүрэгтэйгээр ажиллаж байв. Тэгэхээр Бодь группийн Д.Баясгалан Н.Удаанжаргалын араас зарлагдах учиртай нэр гэгддэг ч өдгөө ч таг чиг байгаа нь экс ерөнхийлөгч Х.Баттулга энэ Засгийн газарт ч ямар хэмжээний нөлөөтэй эрхэм болохыг баталж байна. Мэдээж Х.Баттулга, Д.Баясгалан нарын араас З.Энхболд, Н.Алтанхуяг гээд ардчилсан намын цагаан захтай гэгээнтнүүд зарлагдах буй за.
Н.Удаанжаргал шууд утгаараа нүүрсний хулгайтай холбогдож буй нь “Хишиг арвин инлустриал” ХХК-ийн Б.Хишигтогтох, ЭТТ ХК-ийн дарга асан Б.Ганхуяг нарын хамаарал бүхий Хан-Уул дүүрэгт байрлах "Regis Place"-аас авлигын байж болзошгүй мөнгөөр оффис авч мөнгө угаасан тухай баримт ил болсон. Бид Н.Удаанжаргалын нүүрсний хулгайтай холбоотой баримтыг “ДАВСТАЙ ЧИХЭР” буландаа онцолж байсан.  Энд дарж уншина уу.  Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү мөнгө гуйвуулдаг схем ч ил болжээ. 
Ч.Сайханбилэгийн хувьд АНУ-ын Бостонд өндөр үнэтэй, баячуудын хороололд амьдарч байгаа нь тогтоогдсон. Тухайн хороололд амьдрахад их хэмжээний зардал гардаг тул чухам ямар эх үүсвэрээр амьдраад байгааг судалжүзэхэд тэрбээр маш үнэтэй гэгддэг "Amsterdam and Partners" хуулийн фирмээр өмгөөлүүлж байна.
Хуулийн фирмийн төлбөрийн асуудал хамгийн анхаарал татдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд өмгөөлөх үйлчилгээгээ огт таслаагүй гэхээр ихээхэн өндөр дүнтэй төлбөр төлж байгаа нь сонирхолтой.
Тэгвэл, хөшигний ард Ч. Сайханбилэгийн хаанчлал ил далд хэлбэрээр өрнөж байна. Тодруулбал Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх компанийн сонгон шалгаруулалтад ялсан "Jacobs Engineering" компани Ч.Сайханбилэгийн хамаарал бүхий компани ажээ. Тухайн компани 2016 оны үес, Дубайн гэрээ зурагдсаны дараахан "Туркоиз Хилл Ресурсес" компанийн зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж байв. Энд нэгэн сонирхолтой процесс болж өрнөжээ. Тодруулбал  Оюу  толгойн далд уурхайд үйл ажиллагаа явуулж буй  “Уорли инженеринг” ХХК нь улсын бүртгэлд 5990009 регистрийн дугаартай байна. “Worley Engineering Singapore” компани хувьцаа эзэмшдэг, гадаадын хөрөнгө оруулалттай компани гэсэн үг. Харин хувьцаа эзэмшигчдийн дунд “Jacobs Engineering” компани байж байгаад хасагджээ. Энэ сэжиг бүхий үйлдлийг хайлт хийн судалж үзвэл   “Jacobs Engineering” нь 2018 онд өөрийн 3.3 тэрбум ам.долларын хувьцааг “Worley Engineering”-д худалдсан байдаг аж. Үүний дараа буюу 2019 онд Монгол дахь “Жэйкобс инженеринг” компани нь нэрээ “Уорли инженеринг” болгож өөрчилсөн байна. Үүнийг, тус хоёр компанийн Opendatalab.mn сайт дээр бүртгэлтэй регистрийн дугаар нь нэг байгаагаар бататгаж байгаа юм.


Улмаар Далд уурхайн бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж, тээвэрлэлт болон дэд бүтцийн асуудлыг 5-7 жилийн дотор хийх хүрээнд хамтран ажиллахаар болсон байдаг. Түүнчлэн Дубайн гэрээг үзэглэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Amsterdam and Partners” хуулийн фирмд төлж буй төлбөрийг “Jacobs Engineering” одоог хүртэл санхүүжүүлдэг ажээ.
Тэгэхээр Ч.Сайханбилэгийн одоогийн мөнгөний эх үүсвэр болж байгаа Уорли инженеринг компанийг нэхэн судлах, шалгах хэрэгтэй нөхцөл байдал үүсч байна.  Учир нь баялгийн хулгайн асуудлын ард эрх мэдлээ урвуулан ашигласан сайд, гишүүдийн урт хар цувааны оньсыг Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Багабанди нар л тайлах магадлал өндөр байна. Тиймээс бид Баялгийн хулгай цувралын дараагийн дугаарт  баялгийн наймаан мафижилтын загалмайлсан эцэг, Т.Бадамжунайн нууц ноён, Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабандийн авлигалын сүлжээ, мөнгө угаалт, газрын наймаан талаарх баримтыг дэлгэх болно.  
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1