surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Үлгэрийн юм шиг хэрнээ орхигдсон паркууд

Үлгэрийн юм шиг хэрнээ орхигдсон паркууд

Дэлхий даяар хэдэн зуун парк идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ янз бүрийн нөхцөл шалтгааны улмаас дахин хэзээ ч үүдээ нээхгүй болсон парк мөн л олон бий. Энэ нь байгалийн гамшиг, санхүүгийн хүндрэл, эсвэл зүгээр л хүмүүс сонирхохоо байсан гэх мэт янз бүрийн шалтгаантай. Ийм паркуудыг хот судлаачид, сошиал одод болон дурсамжаа сэргээхийг хүссэн хүмүүс зорьдог.

"Бид паркийг чимээ шуугиантай, хөгжилтэй, өнгөлөг, эрч хүчтэйгээр төсөөлдөг. Гэвч орхигдсон паркууд энэ ойлголтын эсрэг туйл байдаг" гэж Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн түүхийн нийгэмлэгийн мэргэжилтэн хэлэв.

Дэлхийн өнцөг булан бүрт орших хамгийн сэтгэл татам атлаа орхигдсон 10 паркийг доор онцолж байна. 

1. Герман дахь Спрепарк. Энэхүү паркийг зүүн Германы коммунистууд ажилчин ангийнхныг зугаацуулах зорилгоор бүтээсэн. Ойролцоох Спре голын нэрээр нэрлэгдсэн тус парк нь 1969-2001 он хүртэл идэвхтэй ажиллажээ. Өдгөө алсыг харагч, галзуу хулгана гэх мэт тоглоом нь зэвэрч муудсан бөгөөд алхаж, зугаалдаг цэцэрлэгт хүрээлэн зориулалтаар ашиглаж байна.

2. Малайзын Мималанд. Куала Лумпурын захад байрлах Мималанд нь 1975-1994 онд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Зүүн өмнөд Азидаа анхдагч гэж тооцогддог уг паркийг аюулгүй байдлын асуудлаас болоод хаажээ. Бодит мэт хэмжээтэй үлэг гүрвэлүүд тэргүүтэй балар эртний амьтдын баримлууд, асар том усан гулгуур зэрэг үзмэр нь өдгөө өвс, хагдад эзлэгдэн, ширэнгэн ой болсон байна.

3. Английн Кэймлот парк. Навчит Ланкаширийн хөндийд байрладаг Кэймлотын хаант улсаас сэдэвлэн бүтээсэн уг парк нэгэн цагт хүн зоноор дүүрэн байв. Энд Кэймлотын хаант улсын үеийн морьт баатрууд, ид шидийн үзүүлбэр, нисдэг луу гэх мэт олон сонирхолтой зүйлийг үзэж сонирхон, турших боломжтой байжээ. Өдгөө ашиглахаа больсон ч гэлээ аймшгийн балгас сонирхсон хүмүүс очиж сонирхдог.

4. Луйзиана дах Зургаан туг парк. Энэ парк бусад хаагдсан парктай харьцуулбал харьцангуй залуу. Тодруулбал, 2000 онд анх нээгдсэн боловч ердөө таван жил ажиллаад л Катрина хар салхины улмаас хаагджээ. Хар салхины үеэр парк бараг 200 см орчим усанд автсан бөгөөд ус бүрэн шавхагдаж дуусах хүртэл сар гаруй хугацаа өнгөрсөн. Угтаа бол тус парк нь зургаан төрлөөр сэдэвчилсэн зохион байгуулалттай байжээ. Энэ оны гуравдугаар сард Нью Орлеансын захиргаа паркийг кино студи, спорт цогцолбор, гэр бүлийн соёл амралтын төв болгон дахин тохижуулахаар хувийн компаниудтай гэрээ байгуулсан байна.

5. Японы Нара дахь Мөрөөдлийн парк. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг 1961 онд нээсэн бөгөөд Диснейн хүүхэлдэйн кинонуудаас санаа авсан үзмэрүүдтэй байсан. Гэвч 1983 онд Токиогийн Диснейлэнд нээгдсэнээр Мөрөөдлийн паркийг зорих хүмүүсийн тоо эрс цөөрчээ. Үйлчлүүлэгчийн тоо цөөрсөн ч 2006 он хүртэл ажиллаад, албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоосон байна.

6. Франц дахь Тиволи цэцэрлэгт хүрээлэн. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг тэртээ 18 дугаар зууны сүүл үед Саймон Габриэль Бутин гэх эрхэм бүтээн байгуулжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнд усан сан, дуурийн театрын үзүүлбэр, амьтны хүрээлэн, үнэт чулууны цуглуулга зэрэг зүйл байдаг байсан. Гэвч Францын хувьсгалын үед Саймон Габриэль Бутин хуурамч үнэт эдлэлийн хэрэгт холбогдсоноор парк шинэ эзэнтэй болсон. Улмаар 1842 онд хотын хуваагдлын хохирогч болж, парк хаагджээ.

7. Украины Припят парк. Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс үүдэн Припят хот эзгүйрснийг мэдэхгүй хүн үгүй. Парк нь атомын цахилгаан станцаас тав орчим км зайд байсан. Өдгөө алдарт цахилгаан станцаас илүүтэй Припятийн эзгүйрсэн парк л аймшигт гамшгийг эргэн сануулдаг зүйл болжээ.

8. Өмнөд Солонгосын Ионма ланд. Энэ парк нь 1980-2011 онд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Орхигдсон ч гэлээ орчин үеийн цоо шинэ функцүүдийг хэрэгжүүлдэг паркуудын нэг бол Ионма ланд. Тодруулбал, тус паркад өдгөө телевизийн бүтээлүүд, хуримын зураг авалт гэх мэт сонирхолтой зүйлсийг хийж байна. Үйлчлүүлэгчид орхигдсон парк руу нэвтрэхийн тулд 10 мянган вон төлдөг.

9. Флорида дахь Кипрес гарден. 1932 онд нээгдсэн тус паркад очиж аварга том амьтад, усан цанын үзүүлбэр зэрэг сонирхолтой зүйлийг үзэх боломжтой байсан. Гэвч орчин үеийн паркуудын өрсөлдөөн ихэссээр Кипрес гарден 2009 онд хаагджээ.

10. Вьетнамын Хо Ту Тиен парк. 2004 онд нээгдсэн тус парк санхүүгийн асуудлаас болж 2011 онд хаагдсан. Жуулчид заримдаа тус паркийг зорьдог ч 21 дүгээр зууны үзмэр гэхээсээ илүү мянган жилийн өмнөх балгас шиг харагддаг.

 

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1