surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Эрдэнэс Тавантолгой ХК-ний тендер хамагч Хишиг арвин индустриал ХХК-ий утасны үзүүрт...

Эрдэнэс Тавантолгой ХК-ний тендер хамагч Хишиг арвин индустриал ХХК-ий утасны үзүүрт...

Хэн хэнийгээ чирсэн уртын урт хар схемийг хэн зохиов. Шатарчилж, схемчилж төр ард түмнээ тоносон хулгайн бизнест үе үеийн их хурлын гишүүд, сайд дарга гаршиж, отголсон дүү нар, найз нөхдийнхөө хувийн хэвшлээр бялуугаа хувааж, балагаа хурааж ирлээ. Тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Нүүрсний хулгай”-н жагсаал ид өрнөх үеэр ийм нэгэн мэдэгдэл хийж байлаа. “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь өөртөө давуу байдал бий болгож, “Хишиг арвин индустриал” ХХК-тай гэрээ байгуулахдаа авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа учраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан” гэж мэдэгдэж байв.  Мөн тус компанийн захирал Б.Хишигдоржийг саатуулан шалгаж байгаа талаар ч мэдээлж байсан удаатай. Б.Ганхуяг 2016 оны есдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал, 2018 оны дөрөвдүгээр сард Гүйцэтгэх захирал болж дэвшсэн. Улмаар Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсноос хойш “Хишиг арвин индустриал” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай өндөр үнийн дүнтэй хэд хэдэн гэрээ байгуулсан байдаг.

  • Тухайлбал, 2018 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Цанхийн баруун уурхайн олборлогч сонгох” 191 тэрбум төгрөгийн төгрөгийн тендерт,
  • 2019 оны аравдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн Б хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” 796 тэрбум төгрөгийн тендерт оролцож, шалгарсан байна.
  • 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд 799 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ зурагдсан нь бий.


Тиймдээ ч Б.Ганхуягийг “Хишиг арвин индустриал” ХХК-тай гэрээ байгуулахдаа авлига авсан байж болзошгүй үндэслэлээр саатуулан шалгаж эхэлсэн. Гэтэл дахин хоёр ч тендер халааслаж дөнгөсөн баримт ил болов. Тодруулбал, “Тавантолгой” ХК-иас 2023.02.08-нд ТТХК/202301041 дугаартай, “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэгч шалгаруулах” гэх нэртэй, тус бүр 170 тэрбум төгрөгийн А, Б хоёр багцтай, нийт 340 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер зарласан байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд тендерийн дүн гарахад А багцад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ангарын “Новел лизинг” ХХК, харин Б багцад “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржийн “Кэй эй рентал сервис” ХХК тус тус шалгарчээ.
 
Мөн 2023.02.17-нд ЭТТХК/202302003 дугаартай,  “Цанхийн баруун уурхайн нүүрс ачилт”-ын 50.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер зарлагдаж, 2023.03.30-нд “Кей эй рентал сервис” ХХК шалгарсан байх жишээтэй.

УТАС БҮХНИЙ УЧГИЙГ ТАЙЛАХ ТРАФИГУРАГИЙН УРТ СХЕМ ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ ХХК-ИЙГ АЛГАССАНГҮЙ
Улсын бүртгэлд “Кэй Эй рентал сервис” компанийг “Хишиг Арвин Индустриал” ХХК эзэмшиж байгаад хожим нэрээ хасуулсан талаар бий. Харин захирлаар нь Н.Эрдэнэ-Очир бүртгэлтэй. Н.Эрдэнэ-Очирын нэрээр улсын бүртгэлд 10 гаруй хуулийн этгээд бүртгэлтэй бөгөөд тэдгээрээс Жи Би Си Ти лимитед ХХК бүртгэлтэй.
 
Эл компанийн гүйцэтгэх захирал Л.Баярхүү нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хувь эзэмшиж байгаад хожим нэрээ хасуулсан “Наро банчэн хутагт” төрийн бус байгууллага болон Трафигурагийн Монгол дахь захирал Э.Жононбаярын Ай Си Ай Си ХХК-ийн удирдлагын бүрэлдэхүүнд багтдаг нэгэн.
 
Э.Жононбаярын  нэрээр 10 орчим хуулийн этгээд бүртгэлтэй. Тэдгээрээс Э.Жононбаярын нэр дээр бүртгэлтэй Би Би Эм майнингийн захирал Г.Өсөхбаяр нь Эрдэнэс Тавантолгойн албаны дарга. Тэрбээр эл албан тушаалд 2021.08.11-нд томилогдсон байна. Мөн Монгол Хятад хөрш зэргэлдээ бүс нутгийн залуу бизнес эрхлэгчдийн клубын Удирдах зөвлөлийн дарга нь Хятад хүн байдаг бол гишүүнчлэлд нь БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат бүртгэлтэй гэхчлэн дурьдаад байвал урт жагсаалт гарна. Хамгийн ноцтой нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилоод удаж байна. Тэгвэл Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хаагуур нь энэ гэрээ зурагдав гэдэг асуудал хөндөгдөнө.
БАГАА ТАЙЛДАГГҮЙ ЗАНГАА ТАВЬДАГГҮЙ ЗАСАГЛАЛ
Эрдэнэс Тавантолгойн ХК-ны БЭТ Ж.Ганбат нь Хэнтий аймгийн Бэрх тосгоных. Илүү тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нутаг нуга, жалга довны ах. Түүний ах Ж.Ганбаатар нь Хэнтий аймаг Бэрх хотод төрсөн. Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2016 оноос Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах болсон. Харин дүү Ж.Гантулга нь Нийслэлийн Боловсролын газрын даргаар ажиллаж байгаад ажлаа өгсөн байх юм. Ийнхүү Эрдэнэс таван толгойд үүрлэсэн нүүрсний хулгайн хэргийг сөхөх болсон Ерөнхий сайдын шүгэл эзнийхээ аминд  тулж иржээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон зарим гишүүдийг нэр цохон түдгэлзүүлсэн явдал нь гэнэтийн зүйл биш бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үлээсэн шүгэл аминд нь тулмагц Ж.Ганбатыг Эрдэнэс Тавантолгойн БЭТ-өөр томилж, хэд хэдэн гишүүдийг эрх ашгийг хамгаалж, амиа хаацайлсан гэх хачирхалтай хардлага, сонирхолтой схем үүсгэж байна. Тэгвэл Ж.Ганбат Эрдэнэс Тавантолгой ХК-д хаанчлалаа өндөрлөхөд дараагийн нүүрсний хулгайчдын нэрс цоллогдох нь. Хамгийн ноцтой нь Хишиг арвин индустриалд одоог хүртэл давуу эрх олгодог нөлөө бүхий эрхмүүд одоогийн Засгийн газарт, Ж.Ганбатын хоосон сүр дор хаяагаа шуугаад салхи амсаж байгаа бололтой.  Дээр нэр дурдагдсан эрхмүүдээс Хишиг арвин индустриалын схемд Трафигурагийн Э.Жононбаяр цоллогдсоныг нэхэн сануулья. Дөрвөн Засгийн нүүр үзэж эрхэлсэн Трафигурагийн Э.Жононбаяр, Монгол Улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ нарын хамтрал уул уурхайн салбарт цахилж эхэлсэн талаарх илүү ноцтой баримтыг “БАЯЛГИЙН ХУЛГАЙ” цувралаас хүлээн авч үзнэ үү.

 

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1