surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Тэрүнофүжи Г.Ган-Эрднэнийн амьдралын түүхийг өгүүлсэн ном Монголд нээлтээ хийнэ

Тэрүнофүжи Г.Ган-Эрднэнийн амьдралын түүхийг өгүүлсэн ном Монголд нээлтээ хийнэ

Мэргэжлийн сүмо бөхийн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн сүмоч болсон замнал, унаж, боссон түүх, сүмо бөхийн саад бартааг хэрхэн даван туулсан тухай, дотны хүмүүсийнх нь дурсамж яриа, өөрийнх нь чин сэтгэлийн үгс багтсан намтарчилсан ном 7-р сарын 25-нд Интерном дэлгүүрийн төв салбарын 2-р давхарт нээлтээ хийх аж. Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр Их аваргатай биечлэн уулзаж, гарын үсэгтэйгээр номыг нь авах боломжтой юм. 

Тус үйл ажиллагаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон "Ангалын ёроолоос өгсөх маргааш" номыг орчуулсан “Өдрийн сонин”-ны япон дахь сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг, номын редактор Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, зохиолч М.Уянсүх нар оролцох юм. 

 Уг ном нь 2021 онд японд анх хэвлэгдэн гарсан агаад өдгөө хамгийн их борлогдож буй тамирчны хөрөг дурсамж номд багтах болжээ.

Түүний хэлснээр, “долоо дордож, найм сэхсэн” түүний унаж боссон түүх энэ номд бий. Ганц хүний түүхийг хүүрнэн өгүүлэх боловч уншсан хүмүүс харин сүмогийн бүхэл бүтэн амьдрал, ёс жаяг, дэг журам, үзэл бодлыг бас гүн гүнзгий ойлгох болов уу. Тэр гүн хар ангалаас өөрөө мацаж, өгсөж, авирч газар дээр гарч ирээд зогсохгүй сүмогийн хамгийн өндөр цовх оргил “Ёкозүна” хэмээх алдарт хүрч чадсан юм. Түүний туулсан энэхүү замнал олон хүнд амьдрах хүсэл, урам зориг өгчээ. Японы нийгмийн хатуу хөтүү урсгалд амь тэмцэн, цөхрөх хүн цөөнгүй байдаг. Амьдрах хүслээ гээж, гадаа гарахаа байж, гэртээ бүгэж байсан нэгэн залуу Терунофүжи аварга хамгийн доод зиндаанаас барилдаж эхлэхийг зурагтаар хараад гайхан цочирдож, өөрийн эрхгүй өөдөө харж, урагшлах, амьдрахын тэмүүллийг ухааран аажим аажмаар сэргэж, гадаа гарч бас олны дунд ажиллахаар шийдсэн гэдэг. Ердөө л энэ биз дээ? Бидний амьдрахын учир, хүсэн тэмүүлж, урагшаа зүтгэхийн учир. Түүний нөр их хичээл зүтгэл, шантаршгүй их сэтгэлийн тэвчээр хүнд амьдрах хүсэл бэлэглэж байна. Ийм нэгэн халуун дулаан, “амьд” түүх өрнөсөн ном yншигч таны гар дээр тун удахгүй очно. 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1