"Нэпко" хэвлэлийн газар болон "Тагтаа" хэвлэлийн газар хамтран "Дэлхийн шилдэг зохиолчид Монголд" төслийг эхлүүлжээ. Төслийн анхны зочноор "Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолоороо Монголын уншигчдад хэдий нь танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьсан юм. Зохиолч Үй Хуа 2023 оны есдүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо уншигчидтайгаа учран золгож байна.
Харах мэлмий нээсэн харгис үнэний дууч ҮЙ ХУА
Хятадын хаа нэгтээ номын дэлгүүр таарвал та ороод орчин үеийн уран зохиолын эгнээг гүйлгээд нэг хараарай. Хавтсан дээрээ 余华 гэсэн ханз бүхий номууд нэлээд зайг эзлэн байх вий. Тэр хоёр ханз бол одоо таны унших гэж буй “Амьдрахуй” туужийн зохиолч Үй Хуагийн нэр юм шүү дээ.
Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөл Үй Хуа 1960 оны дөрөвдүгээр сарын 3-нд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. 1977 онд дунд сургуулиа төгсөөд муждаа очиж таван жил шүдний эмчээр ажиллаад Бээжин хотод ЛүШюнь утга зохиолын сургуульд элсэв. 1983 оноос Ханжөү хотын соёлын ордонд ажилд орж, уран бүтээлийн замналаа эхлүүлснээр судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэллээ. Үй Хуа одоогоор дөрвөн роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээний дөрвөн ном туурвиснаас “Амьдрахуй”, “Ахан дүүс”, “Зүс борооноор хадах дуун” романууд нь хамгийн алдартай. Бидний сонгон танд хүргэж буй “Амьдрахуй” туужаар 1994 онд нэрт найруулагч Жан Имоу кино бүтээж Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бол 1998 онд Италийн утга зохиолын ГрицанеКавур шагналыг хүртсэн юм. Түүнийг барууны хэвлэлүүд “Үй Хуа бол орчин цагийн Хятадын Бальзак, ЧарльзДеккинс” хэмээн тодорхойлсон ч түүний бичлэгийн арга барилыг хэн нэгэн зохиолчтой шууд хамаатуулж боломгүй өөрийн гэсэн тод өнгө аястай зохиолч билээ.
Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг. Их мөрөнд хөл алдан үйж яваад унжгар удны нэгээхэн мөчрөөс атгаж аврагдах адил тийм л авралын мөчрийн эрэлд зохиолынх нь дүрүүд хатаж явдаг. Жаргалд ташуурах, зовлонд бүдрэхийн алинд ч зуураад үлдэх үнэт зүйлс хүний оршихуйд хэрэгтэй. Бид зовлонт амьдрал дундаас юу эрдэг вэ? гэсэн асуултаар уншигчаа алхам тутамд нь “шамдуулдаг” билээ. Тэрхүү этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан бүтээл нь “Амьдрахуй” тууж. Хятад хүний бусдын өмнө ил гаргахыг хүсдэггүй эсвэл давын өмнө гайхуулахыг эрмэлздэг төрөлх зан авир туужийн дүрүүдээс “ханх татна”. Уг туужийг уншиж эхэлмэгц барагдашгүй хэцүү бэрх хэмээн өөртөө итгүүлж явсан зовлон шаналал хуруунд орсон өргөс төдий санагдаж, даруй илаар болох вий. Төгсгөл рүүгээ дөтөлж буй нэгэн насны амьдралын чинь хамгийн үнэ цэнтэй зүйл эд хөрөнгө ч, эрх мэдэл ч, аз жаргал ч биш зөвхөн амь нас гэдгийг мэдэх буй за. Гэхдээ чиний амь нас зөвхөн чинийх биш эцэг эхийн чинь өвлүүлж өгсөн, ирээдүйд үр ачдаа хүлээлгэн өгөх эрдэнэ юм. Тиймээс л амиа хайрлах эрх байхаас амиа бодох ёсон үгүй. Амьдралын утга учир бол ердөө амьд байх гэдгийг Үй Хуа зохиолынхоо мөр, шад бүхэн шившсэн байнам. Өвдөж зовох, өр ширэнд баригдах, өт хорхой болсон ч амьд л явбал оршихуйн гол утга гэдгийг “Амьдрахуй” тууж уран зохиолын хэлээр танд учирлаж байна.
Түүний бичлэгийн өнгө аяс ч эгэл борог, энгийн хүүрнэл таныг амьдралын үнэн бодит, балчиг намагтай нуга руу хөтөлнө. Үг бүр нь эгэл амьдралын бодит дүр төрхийг бүтээдэгт уг туужийн онцлог оршино. Зохиолын гол дүр Фу Гүй энх тайван цаг үе, эх орны тусгаар тогтнолын төлөөх дайн дажинт үе, шинэ ардчилсан хувьсгал, соёлын хувьсгал гэсэн дөрвөн нийгмийн нүүр үзэж, ороо бусгаа он жилүүдийг өөрт тохиосон өвчин зовлон, үхэл хагацалтай хамт даваад амьд үлдэж буй нь дотор зангирч буй аргуу гуниг шаналлыг зөөлрүүлж дэвтээх шиг болдог. Зохиолч Үй Хуа шүдний эмч мэргэжилтэй. Тусгай багажаараа хорхойтой шүдийг суга татаж орхидог шигээ хүмүүний дотор буй зангирсан зүдгүүр зовлонг ч туужийн гол дүр Фу Гүйтэй хамт гэтэлгэн орхих бөлгөө. Зовлон зүдгүүр хүнийг хайр найргүй талхисаар эцэстээ амьдралын утга учир, зорилго, үнэт зүйлс гээд цөмийг мартууллаа ч гагцхүү “Чи амьд байгаа шүү” хэмээн ахин ахин сануулж хоржоонтойгоор тарчилган буйг энэхүү зохиолд дурайтал бичиж, зурайтал дүрсэлсэн ажгуу
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ