Таавар эвдэж, 2020 оны Өмнөговийн наадмын өнгөнд тодорсон, идэр арслан Цэндээгийн Лувсан-Адъяа. Хорь шүргэж явсан насандаа хорьж дийлдэхийн аргагүй цойлсоор сумын заан цолноос шууд аймгийн арслан хэмээх эрхэм цолны эзэн болсон. Томхон зүрхтэй, аюулын барилдаантай. Тэр өөртөө итгэж байгаа, өөрийгөө мэдэрч байгаа нь цаанаа л нэг өөр харагддаг сан. Үзэгчдийн алга ташилт, уухайн дунд салхи шиг сэнгэнээд эрэмгий, дайчин барилдаанаар хурсан олны мэлмийг баясгах өндөр хувьтай аавын хүү Лувсан-Адъяа. Хөнгөн шингэн, уян хатан гэж жигтэйхэн. Түүнээс “Барилдах явцдаа юун дээр анхаардаг вэ” гэж асуухад “Өрсөлдөгч бөхдөө л голчилж анхаардаг. Энэ хүн яаж барилдаж байна. Ямар мэх яаж орохоор байна. Сэрвүү барьцаас хаячихаар байна уу. Золгож барилдаж давахаар байна уу. Барилдахаар гарч ирсэн үедээ тэрийгээ мэдэрч байж л барилдана даа” гэсэн юм. Иймдээ ч баруун, зүүн барилдааны хоёр талтай. Суйлах, хөл авах, хутгах мэхийг голлон хийж, шуугиулсан шиг шуугиулдаг түүнтэй ярилцсан яриагаа уншигч танд хүргэж байна .
БӨХ БОЛОХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
Ц.Лувсан-Адъяа арсланг төрөхөд өвөө нь их бэлгэшээж байжээ. Учир нь тэрбээр луу жилд төрсөн. Түүний бага нас Сэврэй суманд өнгөрсөн. Багадаа хурдан морь их унадаг, зуны цагт хөдөө голдуу байдаг өвөөгийн хүүхэд байжээ. “Багадаа ямар хоолонд дуртай байсан бэ” гэж асуухад “Өвөөтэйгөө хоёулхнаа байх үе их гардаг байсан. Тэгээд л өвөө амархнаар нь шөлтэй хоол хийгээд л хоёулаа идчихнэ. Хоолоо идчихээд бас орой нь монгол архи халааж уулгана /Инээв/. Би шөлтэй хоол, будаатай хуурганд дуртай байсан. Одоо ч дуртай” . Түүнчлэн, холын зэрэглээт Сэврэйн нутагт сахилгагүй, хөдөлгөөнтэйгөөрөө цуутай хүүхэд байж. Хэрэг мандуулчхаад л ирдэг түүнийг ээж нь чөлөөт бөхийн секцэд явуулжээ. Тэр л үеэс “Спорт хэзээ ч хүнийг буруу замаар явуулдаггүй” гэдэг ёсоор хүн байх ухаан, хүндлэх, мэндлэх ёс, төлөв даруу байдлаас эхлээд бүхнийг суралцжээ. Үүгээр зогсохгүй заалны барилдаан бүрийг алгасахгүй үзэж, бөх ах нарын барилдахыг харж байгаад “Барилдах гоё юм байна” гээд бөхөд бүр илүү дурласан. Тэр үеэс л бөхийн замнал нь эхэлж шантрах, өөр замыг сонгох олон боломжууд байсан ч яагаад гэдгийг нь мэдэхгүй ч замналаасаа хазайж зүрхлээгүй. Тухайлбал, арван жилийн сургуулиа төгсөөд “Цэргийн сургуульд орно” гээд бодсон ч нас нь хүрээгүй нэг жил өнжсөн. Дараа жил нь цэргийн сургуульд орох гэсэн ч яагаад ч юм болимоор санагдаад намар нь “Аварга” биеийн тамирын дээд сургуульд оржээ. Тэгээд анх хотод оюутан болж ирээд, эхний жилдээ заалны барилдаанд ганц ч даваагүй. Тэгсэн ч шантрахгүй цүнхээ үүрээд л барилдахаар явна
.
Ээж нь түүнд “Миний хүү олигтой амжилт үзүүлэхгүй бол хичээл номоо бод” гэсэн удаа цөөнгүй ч өөр замыг сонгож, бууж өгөөгүй урагшилсаар байсан. Тамирчин хүний хувьд бэртэл, гэмтэл хамгийн том дайсан. Харин түүний хувьд “Би бэртлээ гээд бөхөө орхилоо гэхэд өөр юу хийх вэ. Өөр юм хийлээ гэхэд урсгалаараа л амьдарна. Бэлтгэлээ хийгээд, амжилт гаргаж байвал надад илүү хэрэгтэй. Сонгосон ганцхан замтай юм чинь бэртэл гэмтлээ давж гараад, хурдхан бэлтгэлдээ орохоо л боддог” гэж хичээсээр иржээ. Хамгийн гол нь юу ч тохиолдсон дэмжиж, урамшуулж, зөв чиглүүлдэг багш нар, гэр бүлийнхэн, ах, эгч нар ард нь асаалттай “танк” шиг байдаг болохоор эргэлт буцалтгүйгээр монголын нэг өв соёлыг тээж яваагаараа бахархдаг.
ЭР ӨСӨЖ, ЭСГИЙ СУНАНА
Тэрбээр 2018 онд 18 настайдаа сумандаа түрүүлж, сумын заан болоод, 19 настайдаа цолоо батлаад, 20 насандаа аймгийн арслан болсон. Төрийн наадамд хэний хүүгийн аз, од гийхийг тааварлахад бэрх. “Тухайн үеийн мэдрэмж, болсон үйл явдлаас хуваалцаж болох уу” гэхэд “Аймгийн арслан болоход үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн. Үзүүр, түрүүний барилдаан эхлэхэд л ээж маань цол, тэмдгээ авахад минь амжиж ирэх гээд гэрээсээ яарч гарч ирсэн юм билээ. Цол, тэмдгээ гардаж авахад ээж уйлаад л гүйгээд ирсэн. Тэгээд тэврэлдээд л , ээжийгээ хараад дагаад уйлчихсан”. Аймгийн арслан хэмээх олон аавын хөвгүүдийн дундаас онцгойрон ялгарч, гуйж биш гуядаж авдаг цолонд олон хүний тусламж, дэмжлэгийн хүчээр хүрсэн нь мэдээж. Тэр дундаас түүний хамгийн анхны багш Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн начин Ц.Ганзориг, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, улсын начин Б. Сумьяа болон Говь-Алтай аймгийн харьяат, улсын начин С.Багахүү, улсын начин Б.Адъяахүү зэрэг багш нарынх нь зэмлэл, магтаал, тусламж байгаагүй бол тэр өнөөдрийн энэ амжилтад хүрээгүй ч байж магадгүй. Багш хүн бурхан ухаантай гэдэг дээ. Аймгийн арслан цол хүртэлх барилдаануудад “Ханах болоогүй шүү. Алдах зүйл байхгүй. Бүх хүчээ дайчлан барилдаарай” гэсэн багшийнхаа үгийг дагасаар цолондоо хүржээ. Амны билгээс ашдын бэлэг гэгчээр найзтайгаа тоглоом, шоглоомоор “Би энэ наадамд түрүүлнэ” хэмээн ярьж байсан нь биеллээ олж, одоо харин цолондоо эзэн байхыг эрмэлзэж, холын амжилт руу зүтгэсээр явна. “Монголчууд бөх хүн гэхээр гүндүүгүй сайхан ер нь хүний дээд, эр хүнд байх хамгийн сайхан чанар юу байна тэр болгоныг агуулсан хүн” хэмээн хүндэтгэдэг. Тиймээс “Аймгийн арслан цолондоо хэр дасаж байна вэ” гэж асуухад “Сумын заанаас аймгийн арслан болсон бас жаахан хүүхэд байсан болохоор ч тэр үү цолоо авсны дараа надад ирэх үүрэг, хариуцлага өндөр байсан. Анх шинэ цолтой барилдаж байхад хүмүүс надад итгэл хүлээлгэж байгаа байх гэж бодоод заримдаа биеэ барьж байсан үеүд бий. Одоо харин хүмүүс дэмжиж байхад би итгэлийг нь алдахгүй сайн барилдахыг хичээдэг”. Ц. Лувсан-Адьяа арслан том цолтой бүх бөхчүүдийн барилдааныг харж явдаг бөгөөд тэр дундаа дайчин, гоё барилдаантай улсын арслан Р. Пүрэвдагваас үлгэр дуурайлал авч явдаг. Түүнчлэн, цаашдаа бөхөөсөө шантрахгүй, улам илүү хичээж, Өмнөговийнхоо нэрийг өндөрт өргөж, улсын том цолонд хүрэхээр зорьж байна. Залуу хүчтэн таны Монгол наадмын зүлэг ногоон дэвжээг чимэн барилдаж, чихцэлдэн аралцах өдрүүд айсуй. Үлгэрлэдэг бөхийнхөө цолонд хүрэхийн тулд урагшаа….
СЭТГҮҮЛЧ Г.ХЭРЛЭН
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ