surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

“Ханжөү 2022”: Хүрэл медальтай, түүхэндээ анх удаа усанд сэлэлтээр финалдсан өдөр

“Ханжөү 2022”: Хүрэл медальтай, түүхэндээ анх удаа усанд сэлэлтээр финалдсан өдөр

Ханжоугийн Азийн наадам үргэлжилж байна. Өчигдөрийн байдлаар /2023.09.25/

3х3 сагсан бөмбөгийн тэмцээн явагдаж Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Хонг Конгийн эсрэг хийн 21-15 гэсэн харьцаатай хожлоо. Тус тоглолтод Ө.Индра, Б.Ариунцэцэг нар онцгой тоглолтыг үзүүлж багаа хожилд хөтөллөө. Тэд хоёул тус бүр есөн оноо авсан байна.

Ц. ЦОГТБААТАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

“ Ханжоу”19 дэх удаагийн Азийн наадмын -73 кг-ын жинд Сүлд спорт хороо, Наран мандал компаний тамирчин Токио-2020 олимпын наадмын хүрэл, дэлхийн аварга Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртлээ. Хагас шигшээд Узбекистаны Мироджон Юүлдошевт торгуулиар ялагдсан тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Даньяр Шамшаеваас хоёр вазари үнэлгээ авч цэвэр яллаа. Тун удахгүй -70кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Женко клубийн тамирчин 18 настай Батсуурийн Ням-Эрдэнэ БНХАУ-ын Фен Ен Ентэй хүрэл медалийн төлөө барилдах болно.

ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА МОНГОЛЫН УСАНД СЭЛЭГЧ АЗИЙН НААДМЫН ФИНАЛД ШАЛГАРЛАА

Нийт 10 зайд хурд сорьсон манай усанд сэлэгчдээс эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд хурд сорьсон Б.Энххүслэн 2:00.89 минутад зайгаа дуусгаснаар гараандаа гуравдугаар байр эзэлсэн юм. Нийлбэр дүнгээр 6 дугаар байрт орж, шигшээ уралдаанд оролцох эрхээ авлаа. Урьдчилсан шатанд БНХАУ-ын Ли Бин Хэ 1:58. 90 амжилтаар тэргүүлсэн юм.

Ч.МАРАЛГОО ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТЕННИСЧИНТЭЙ ӨРСӨЛДЛӨӨ

“Ханжоу 2022” Азийн Наадмын талбайн теннисийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо эхний тойрогт Саудын Арабын Яра Алхогбаниг 6:0, 6:1-ээр илүүрхсэн.

Тэрбээр хоёрдугаар тойрогт энэ тэмцээнийг чансаагаар тэргүүлэгч, БНХАУ-ын Чин Вэн Жэнтэй учраа таарч, 59 минут үргэлжилсэн тоглолтод 0:6, 0:6-гаар манай тамирчин хожигдол хүлээв.

БНХАУ нутагтаа зохион байгуулж буй Азийн Наадамд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь илгээсэн тамирчдынх нь чансаагаар мэдэж болно. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд ATP ангиллын тэмцээнд түрүүлсэн анхны Хятад теннисчин И Бин Ву өрсөлдөж байгаа билээ.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эзэн орныг төлөөлж буй Чин Вэн Жэн тивдээ төдийгүй дэлхийн шилдэг теннисчин. Өнгөрсөн сард болсон Америкийн Их Дуулга тэмцээний шөвгийн наймд шалгарч, замналынхаа оргил амжилтыг үзүүлсэн 20 настай бүсгүй өдгөө дэлхийн чансааны 23-т жагсаж буй.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд М.Бадрах Вьетнамын шилдэг теннисчин Ли Хоан Намтай учраа таарч, 1:6, 2:6-гаар дийлдлээ.

Эмэгтэй хос төрөлд эгч дүүс болох Ч.Маралгоо, Ч.Мартаа нар эхний даваанд Катарын хосод нэг ч оноо алдалгүй, 6:0, 6:0-ээр илүүрхэв. Эгч дүүс дараагийн даваанд энэ тэмцээний чансаагаар хоёрдугаарт бичигдэж буй Хятадын Тайпэй багтай өрсөлдөнө.

Н.БАЯРАА V БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд урьдчилсан шатанд манай гурван тамирчин цэц сорилоо. Н.Баяраа 630.4 оноогоор зургадугаар байрт шалгарч, шигшээд өрсөлдөх "тийзээ" авав. Харин Б.Эрхэмбаяр 622.3 оноогоор 34-т, Ц.Мөнх-Эрдэнэ 611.4 оноогоор 52-т оржээ. Энэ дасгалд БНХАУ-ын И Хао Шэн 634.5 оноо авснаар урьдчилсан шатанд Азийн Наадмын төдийгүй Азийн рекордыг шинэчилсэн байна. Түүнчлэн Энэтхэгийн гурван буудагч эхний найман байрт багтсан тул дүрэм ёсоор хоёр нь шигшээд оролцох болов. Энэ дасгалд багийн дүнгээр энэтхэгчүүд 1893.7 оноогоор тэргүүлсэн бол Монголын баг 1864.1 оноогоор 10-т жагссан юм.

Шигшээ буудлагад Н.Баяраа 187.1 оноогоор шагналт V байр эзэллээ. Энэ дасгалд И Хао Шэнийг гүйцэх тамирчин байсангүй. Урьдчилсан буудлагад Азийн рекорд шинэчилсэн тэрбээр шигшээ буудлагад 253.3 оноо авч, дэлхийн дээд амжилт тогтоов. Мөнгөн медалийг БНСУ-ын Ха Жүн Пак, хүрлийг Энэтхэгийн Томар Сингх нар хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалд Э.Даваахүү 572 оноогоор 16-д, О.Төгөлдөр 541 оноогоор 28-д жагслаа.

Д.ЦЭГЦ

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1