surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

МADCOM нэртэй шинэ допингийн төв нууцаар байгуулж байгаа юу

МADCOM нэртэй шинэ допингийн төв нууцаар байгуулж байгаа юу

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үед тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга, ахлах комиссар Э.Оюунболд “Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гийн удирдах албан тушаалтнууд болон бусад мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ авахдаа холбогдох хууль журам зөрчиж, зохион байгуулалттайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсан, түүний улмаас хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Энэ үйл ажиллагааг 2003-2008 онд МҮОХ зохион байгуулж байсан. 2009 оноос хойш Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА зохион байгуулж байгаа. Тамирчдаас авсан дээжийг солих, гаднын биет оруулах боломжгүй нь тогтоогдсон. Одоогоор хэн нэгнийг яллагдагчаар татсан асуудал байхгүй” гэлээ. Э.Оюунболд комиссарын хэлсэнчлэн “Тамирчдаас авсан дээжийг солих, гаднын биет оруулах боломжгүй” гэдэг нь тодорхой болсон. Одоо XXI зуун. ВАДА дэлхийн допингийн асуудлыг хариуцдаг байгууллага. Энэ байгууллага алдаа гаргавал дэлхий даяар алдаатай он жилүүдийг элээнэ гэсэн үг.  Ер нь ч спорт гэдэг бол дэлхийн геополитикт ч асар нөлөөтэй. Бүгд мэднэ. Тэр утгаараа тамирчдын шинжилгээний дээжийг солих хийгээд хариуг өөрчлөх ямар ч боломжгүй нь ойлгомжтой зураглал байсан. Бас ВАДА өөрөө МОНАДА руу тамирчдын шинжилгээний хариуг илгээнэ гэдэг байж боломгүй үндэслэл. Тэгэхээр МОНАДА-гийн ажилтаны хувийнх нь имэйл руу асуудлаа явуулдаг гэх яриа үндсэндээ гүтгэлэг юм. Тэгэхээр асуудал нь Допингийн эсрэг үндэсний төвд биш өөр зүйлд байсан. Өөрөөр хэлвэл, Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-г Дэлхийн допингийн эсрэг агентлаг ВАДА-гаас сануулга авах хэмжээнд хүргэсэн газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын улсын хороо, тэдгээрт ажилладаг нэр бүхий хүмүүс юм. Улсынхаа тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлэхгүй байх зэргээр МОНАДА-гийн үйл ажиллагаанд саад хийсээр ирсэн нь энэ нөхцөлд байдалд хүргэсэн. Хамгийн гол нь “цагаан туг”-ны асуудал босож ирснээр  МОНАДА-д ажиллаж байсан хэдэн хүн биш Монгол Улс хохирох эрсдэлд орсон.  

Гэвч асуудал ингээд дууссангүй. Гэтэл шинээр бас нэг Допингийн төв барих “сураг” гараад ирлээ. Энэ ажил нууцаар хийгдэж байгаа бололтой. Учир нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдааны дараа “Дэлхийн допингийн эсрэг агентлаг ВАДА-гаас манай улсад нийт 21 зөрчил арилгах шаардлага ирүүлсэн. Энэхүү зөрчлийг есдүгээр сарын 2-ны өдөрт багтаан арилгах шаардлага өгсөн ч хугацаандаа амжаагүй аж. Иймд манай улс Олимпийн наадамд “цагаан туг” дор оролцох эрсдэл үүссэн билээ. Тиймээс Б.Бат-Эрдэнэ сайд ВАДА-гийн хуралд оролцож, зөрчил арилгах хугацааг арваннэгдүгээр сарын 22 хүртэл сунгасан байна. Манайд таван зөрчил байгаа юм байна. Тэр таван шаардлагыг манай улс хангаж чадахгүй байна. Цаашид Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-г ил тод, нээлттэй болгоно” гэж байсан юм.
Тэгвэл шинээр, нууцаар байгуулж байж болзошгүй допингийн төвийг “Монголын допингийн эсрэг хороо” нэртэй НҮТББ хариуцах гэнэ. Англи нэр нь Mongolian Anti Doping Committee /MADCOM/ гэж байна. Энэхүү шинэ Допингийн төвийг байгуулах талаар албан ёсны харилцааг Дэлхийн допингийн эсрэг агентлаг ВАДА-тай тогтоосон байна. Тус агентлагийн дүрэм, стандартын албаны удирдлагад ажилладаг Эмма Симмона гэдэг хүнтэй удаа дараа имэйл-ээр харилцаж байгууллагын хийгээд үйл ажиллагааныхаа дүрмийн төслөө зохиосон талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Саяхан манайд Эмма-гаас ирүүлсэн имэйл-д “Шинээр бий болгох хууль эрх зүйн хэрэгслийн тухайд бид энэхүү эрх зүйн баримт бичгийн хүрээнд дараах зүйлийг боловсруулахыг зөвлөж байна” гээд, үүндээ “Хэлэлцэж байгаа эрх зүйн баримт бичгийг агуулгыг Монгол Улсын эрх зүйн тогтолцооны онцлог хэрэгцээ, бүтцэд тулгуурлан өөрчлөх шаардлагатай болно. Үүний зэрэгцээ Армен, Литва, Узбекстан зэрэг улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг үнэлж, бусад улс орнууд ижил төстэй хэрэгцээг хэрхэн хангаж байгааг харах нь танд ашигтай байх болно” хэмээн зөвлөжээ. Мөн “Хэрэв шаардлагатай бол бид энэ талаар холбогдох улсуудын Допингийн эсрэг үндэсний төвүүдтэй харилцах харилцааг тань ойртуулж өгөх боломжтой” хэмээжээ. Тэгээд “Шинэ хууль эрх зүйн баримт бичиг, дүрэм журмыг батлахаас өмнө ВАДА хянан үзэх ёстой” гэсэн байгаа юм.
Үүгээр манай улсын шинэ Допингийн төв хууль эрх зүйн хувьд Армен, Литва, Узбекстан зэрэг улсынхтай ижил түвшинд ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, ВАДА-д эдгээр улстай ижил түвшинд үнэлэгджээ. Гэтэл эдгээр улсуудын зарим нь эрх зүйн хувьд ямар байдгийг салбарын хүмүүсээс асууж тодруулахад “Нэр хүнд гэх юмгүй, амиа аргацаасан улсууд шүү дээ” гэх хариуг өгөв . Спортын салбарынхны хэлж буйгаар манай улсын амбицыг доогуур үнэлж байгааг онцолж байна. 

Шинэ байгуулах Допингийн төвийн дүрэмд эргэлзээтэй зүйл их байгаа талаар эх сурвалж ярьж байгаа. Ингэхдээ Удирдах зөвлөл нь 9-11 хүний бүрэлдэхүүнтэй. Жишээлбэл тус зөвлөлд Засгийн газрын нэг төлөөлөл заавал багтах ёстой гэнэ. Засгийн газраас ирүүлсэн албан тоотын огноогоор томилогдсонд тооцно. Удирдах зөвлөл нь 100 саяас дээш төгрөгийн дүн бүхий их хэмжээний хэлцэлд зөвшөөрөл олгох санхүүгийн эрхтэй. Энэ мэт бүтэц, эрх үүргийн “сонирхол” татахуйц олон зүйлийг тусгасан нь өмнөх допинг төв буюу МОНАДА-гийн алдааг давтах вий гэсэн эмээлттэй байгаа ажээ.
 

Товчхондоо бол төслөөс нь харахад төртэйгээ, “төрийн бус”-тайгаа бантан хутгаж мэдэх юм.  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1