surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ДЭМБ: Европт улаан бурхны өвчлөл нэг жилийн дотор 45 дахин нэмэгдсэн

ДЭМБ: Европт улаан бурхны өвчлөл нэг жилийн дотор 45 дахин нэмэгдсэн

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Европт улаан бурхнаар өвчлөгсдийн тоо 2023 онд 42 мянга бүртгэгдсэн нь 2022 онынхоос даруй 45 дахин их үзүүлэлт болсныг мэдээллээ. Улаан бурхны өвчлөл өдөр өдрөөр улам нэмэгдэж, цаашид өвчлөгсдийн тоо өссөөр байх хандлагатай тул нэн яаралтай хариу арга хэмжээ авахыг засгийн газруудад уриалсан байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын таамаглаж байгаагаар КОВИД цар тахлын жилүүдэд Европын улс орнуудын иргэд хүүхдүүдээ улаан бурхны вакцинд бага хамруулсан нь уг халдвар ингэж огцом нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна.

Энэ тивд улаан бурхнаар өвчлөгсдийн тоо 2023 онд 42 мянга 200 байсан бол 2022 онд 941 хүн л халдвар авсан байжээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Их Британийн Баруун Мидландад гоц халдварт улаан бурхан өвчин вакцинжуулалт бага явагдсан ойр орчмын хот тосгодод маш хурдацтай тархах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. Английн үндэсний эрүүл мэндийн төвийн мэдээлснээр одоогоор энэ улсад 16-аас доош насны улаан бурхны вакцин хийлгээгүй 3 сая 400 мянга орчим хүүхэд байгаа юм байна. Холбогдох байгууллагууд халдварын дэгдэлтийн сургаар хэдэн сая эцэг эхтэй шууд холбогдож, хүүхдүүдээ улаан бурхны вакцинжуулалтад хамруулахыг шаардсаар байна. Улаан бурхан, гахайн хавдар, улаан эсэргэнэ зэрэг арьс салст, булчирхайн халдварт өвчний вакциныг хүүхдэд 2 удаа хийдэг, эхнийх нь 1 ойтойд, хоёр дахийг нь 3 нас гарантайд нь хийдэг байна. Улаан бурхнаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт гэдгийг дэлхий дахинд нотолдог. Гэтэл Их Британид бага ангид шинээр элсэх хүүхдүүдийн 85 хувь нь л вакцинжуулалтад хамрагдсан байгаа юм. ДЭМБ-ын Европын бүсийн зохицуулагч Ханс Клюгийн хэлж байгаагаар энэ бүсэд улаан бурхны халдвар 30 дахин нэмэгдсэн, 21 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, улаан бурхнаар өвчилж 5 хүн нас барсан гэдэг мэдээллийг өглөө. Улаан бурхан нь нас ялгадаггүй өвчин гэдгийг мөн онцолж байна. Халдвар авсан хүн эхлээд өндөр халуурч, тууралт гардаг. Тууралт 10-аад хоногийн дараа алга болдог ч өвчин хүндэрсэн үед уушгины хатгалгаа болох, менингит болох, нүд харанхуйлах, хараагаа түр алдах, унаж татах гэсэн хүндрэлүүд үүсдэг байна. Халдварт өртөх хамгийн эрсдэлтэй бүлэгт вакцинжуулалтад хамрагдах хугацаа нь хараахан болоогүй нярай, жирэмсэн эхчүүд, дархлааны систем муудсан хүмүүс ордог байна.

Жирэмсний үед улаан бурхан тусвал дутуу төрөх, зулбах, жингийн дутагдалтай хүүхэд төрөх эрсдэлтэй. ДЭМБ-ын тайланд дурдсанаар 2023 онд улаан бурхнаар өвдсөн хүмүүст насны үечлэл байгаагүй, бүх насныхан халдвар авч байсан гэсэн судалгаа байна. Нийт халдвар авсан хүний 40 орчим хувь нь 4 хүртэлх насны хүүхэд, 20 хувь нь 20-оос дээш насны насанд хүрэгчид байжээ. Европ даяар улаан бурхны вакцинжуулалтын эхний тунг 2019 онд 96 хувийн хамруулалттай хийсэн бол энэ тоо 2022 онд 93 хувь болж буурсан гэсэн тоо баримт байна. Харин хоёр дахь тунд хамрагдалт 92 хувиас 91 хувь болж буурчээ. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд 1 сая 8 зуун мянган хүүхэд вакцинжуулалтад хамрагдаж чадаагүй гэсэн үг. КОВИД-ын үед вакцинжуулалтад хамрагдах нь эрс багасаж, КОВИД-ын дараа хөл хорио тавигдан, зорчих хөдөлгөөн нэмэгдэж, халдвараас хамгаалах, маск зүүн журам дэлхий дахинд суларснаар улаан бурхны дэгдэлт газар авах хосолмол үндсэн шалтгаан болж байна гэж ДЭМБ тайлбарлалаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1